Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2021/0255

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийж,

Гомдол гаргагч: НД ХХК

Хариуцагч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

Гомдлын шаардлага: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 0000000 тоот зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг болон мөн өдрийн албан даалгаврыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, өмгөөлөгч Э.У, хариуцагч Д.М, гэрч У.Б, нарийн бичгийн дарга У.П нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Гомдол гаргагч З.А шүүхэд гаргасан гомдолдоо: Манай НД шүдний эмнэлэг нь 2019 онд байгуулагдсан цагаас хойш шүдний гажиг оношилгоо эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн ба тус үйл ажиллагаанд хэрэглэгдэх тоног төхөөрөмжийг баяжуулах зорилгоор 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 00/000000тоот Эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулан 8 500 000 төгрөгийн үнэ бүхий жижиг оврын зөөврийн Va tech EzRay Air P рентген аппаратыг худалдан авсан. Тус аппаратыг худалдан авахад худалдагч талаас тухайн аппаратын ашиглалтын онцлогийн талаар бидэнд холбогдох ямар нэг мэдээлэл өгөлгүйгээр дээрх гэрээг байгуулан үнийг шаардан авсан. Энэ үетэй зэрэгцээд коронавирусийн халдвар тархаж, манай эмнэлэг мөн үүдээ барьж ажиллаагүй. Ингээд бид уг аппаратыг үйл ажиллагаандаа ашиглаагүй байтал 2020 оны 09 дүгээр сарын 04-нд НМХГ-ын улсын Цөмийн болон цацрагийн хяналтын хэлтсээс шалгалт ирж шалгах явцдаа дээрх аппаратыг хүлээн аваад 3 хоногийн дотор хяналтын болон тагнуулын байгууллагад бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй тул Цөмийн энергийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1 дэх заалтыг зөрчсөн буруутай байна гэсэн. Ингээд 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хяналтын улсын байцаагч Д.М манай байгууллагыг 5 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахдаа мөн өдрөө зөрчлийн үр дагаварыг арилгах арга хэмжээ авахуулах тухай даалгаврыг Арилгах арга хэмжээ авахуулах тухай даалгаврыг хамтад нь өгсөнийг эс зөвшөөрч бид НМХГ-ын даргад гомдол гаргасан.Энэ гомдлоо шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу өгсөн тул дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна. Цөмийн энергийн тухай хуулийн 15.3-т зааснаар Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Төрийн захиргааны байгууллагаас урьдчилан олгосон тусгай зөвшөөрлийн хадгалах эрх үүссэн этгээд байна. Тодруулбал мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Цацрагийн үүсгүүр, цацрагийн үүсгүүртэй багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг энэ хуулийн 15.3-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэйгээс бусад этгээд худалдах, худалдан авахыг хориглоно гэсэн зохицуулалттай ажээ.

Цөмийн энергийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1-д зааснаар цацрагийн үүсгүүрийг хүлээн авах эрхтэй этгээд нь дээр заасанчлан тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх бөгөөд түүнийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор цацрагийн хяналтын болон тагнуулын төв байгууллагад мэдэгдэж бүртгүүлэх үүрэгтэй байна.

Цацрагийн үүсгүүрийг худалдах худалдан авах гэрээний талуудын хэн аль нь тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд байхыг шаардаж байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 12.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан цацрагийн үүсгүүрийг хүлээн авсан тухайгаа тогтоосон хугацаанд төрийн захиргааны байгууллагад мэдээлж бүртгүүлээгүй нь тухайн цацрагийн үүсгүүрийг худалдан авах тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд хамаарах заалт тул НД ХХК нь дээрх хариуцлагаас чөлөөлөгдөх бүрэн үндэслэлтэй байна.

Нөгөөтэйгүүр энэхүү зөрчил нь бусдад ямар нэг гэм хор учруулаагүй байх бөгөөд өмнө мэргэжлийн шалган туслах эрхтэй этгээдээс уг аппаратыг худалдан авахын тулд тусгай зөвшөөрөл байхыг шаардах тухай ямар ч мэдээлэлгүй байв. Гэтэл худалдагч буюу импортлогч тал түүнийг хүссэн бүхэнд худалдах эрхтэй байгаа нь зөрчил үүсэх нөхцөлийг бүрдүүлснээр байхад НМАХ үүнийг үл хайрхан зөрчил оногдуулахдаа энэ талаар урьдчилсан ямар ч арга хэмжээ аваагүй атлаа шийтгэл оногдуулахтай зэрэгцэн албан даалгавар өгсөн нь буруу гэж үзэж байна.

Иймд НМХГ-ын Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 09 сарын 18-ны өдрийн 0000000 тоот зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас болон мөн өдрийн Зөрчлийн үр дагавар арилгах арга хэмжээ авхуулах тухай эрх бүхий албан тушаалын даалгаврыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нийслэлийн мэргэжлийн хяналтын цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 0000000 тоот зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас болон мөн өдрийн албан даалгаврыг хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргасан.

Үндэслэл нь НД ХХК нь 2019 оны 5 дугаар сарын 09-ны өдөр үүсгэн байгуулагдсан. Нүүр амны эмчилгээ, согог гажиг заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Эмнэлэг байгуулагдсан үетэй давхцаж 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр амаржсан тул ажлаа тогтмол явуулж чадаагүй. Манай байгууллага нэг эмч, нэг сувилагчтай хүний нөөцийн хомсдолтой байсан. 2020 оны 01 дүгээр сараас эхлэн коронавирус дэлгэрч эмнэлгийн үйл ажиллагаа тогтворгүйжсэн. Рентген аппаратын шаардлага гарсан учир 2020 оны 1 дүгээр сард худалдан авч, ашиглаж чадаагүй байтал цар тархлын улмаас тодорхойгүй хугацаагаар эмнэлгийн үйл ажиллагаа зогссон. Тухайн үед нялх биетэй, хүний нөөцийн дутагдалтай байсан учир богиносгосон цагаар үйл ажиллагаа явуулж, энэ хугацаанд рентген аппарат ашиглаагүй ба засвар хийх шаардлагатай гээд СХ ХХК нь аппаратыг аваад явсан байсан. 2020 оны 7 дугаар сард рентген аппарат засвар дуусаад ирсэн. Туршилтын зураг авч үзэхэд бүдэг гаралттай байсан. Үйлчлүүлэгчийн карт нээгээд туршилтаар авсан зургийг хадгалдаг байсан. Саарал, бүдэг гараад байсан учир эмчилгээнд ашиглаагүй. Энэ тухай 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр мэргэжлийн хяналтын байцаагч шалгалтаар ирэхэд тайлбарлаж хэлж байсан. Шалгалтаар ирэхдээ энгийн хувцастай, ажлын үнэмлэх үзүүлэлгүйгээр рентген зураг авдаг уу гэж сувилагчаас асуухад нь манай байгууллагад рентген аппарат бол байгаа гэхдээ зураг авч эхлээгүй байгаа гэсэн. Намайг өрөөнөөс гарч ирэхэд рентгений аппаратыг үзүүл гээд дагуулж явж үзүүлсэн. Туршилтын байдлаар авсан зургийг нотлох баримтаар баталгаажуулан авч явж байсан. 2020 оны 9 дүгээр сарын 04-ны өдрийн өглөө 09 цагаас Мэргэжлийн хяналтын ажлын албанд ирэхийг даалгасан. Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх бичиг баримтыг манай цахим шуудангаар явуулсан байсан. Тусгай зөвшөөрөл авах тухай баримтыг Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Д.М гэж хаяглаад аваачиж үзүүлэхэд хэрэг шийдвэрлэгдсэний дараа өгөх ёстой гэж хэлсэн. Байцаагч эмнэлэгт ирээд рентгений аппаратыг лацадсан. 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр эрх бүхий албан тушаалтны албан даалгавар, шийтгэлийн хуудас хоёрыг өгсөн. Тухайн үед шинэ байгуулагдсан эмнэлэгт зөвлөн туслах байдлаар хандаж болохгүй юм уу гэдэг байдлаар удаа дараа тодруулж байсан. НД ХХК нь зөрчлийг арилгах тал дээр ганц нэг зүйлд маргаж байгаа ч бусдыг нь хүлээн зөвшөөрч байна. гэв.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 0000000 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.11 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан үндэслэл нь Цөмийн энергийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1-т Тагнуулын төв байгууллага болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт 3 хоногийн дотор рентген аппаратыг бүртгүүлэх ёстой гэсэн шаардлагыг хангаагүй мөн тусгай зөвшөөрлийг аваагүй гэдэг үндэслэлээр торгосон байдаг. Цөмийн энергийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т энэ хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 16 дугаар зүйлийн 16.1-т заасан компаниас бусад шаардлагатай аж ахуйн нэгжид олгож болно. Тодруулбал шүдний эмнэлэгт рентген аппарат гэдгийг нарийвчлан тусгаж өгөөгүй. Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны үндсэн дүрмийн 2.3.3-т цацрагийн хамгаалалт аюулгүй ажиллагааг хангах үндсэн үүргийг зөвшөөрөл шаардаагүй цацрагийн үүсгэвэр үүсгэгч хүлээнэ гэсэн нь НД ХХК-д хамаарна, шууд утгаараа үүрэг хүлээлгэсэн зохицуулалт биш гэж ойлгож байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Тагнуулын ерөнхий газраас ирүүлсэн албан бичигт рентген аппарат нь цацрагийн үүсгэврийг агуулаагүй учир гурав хоногийн дотор бүртгүүлэх шаардлагагүй, бүртгүүлэх зохицуулалт одоогоор байхгүй, цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны үндсэн дүрмийг баримлана гэсэн байна. тусгай зөвшөөрлийг авах чиглэлээр холбогдох баримтыг мэргэжлийн хяналтын газарт өгсөн. Маргаан гарсан учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дууссаны дараа хүлээн авна гэсэн хариу өгсөн. Худалдан авагч талд хамаарах асуудлыг зохицуулаагүй талаар дурдах нь зүйтэй гэж үзэж байна. гэв.

Хариуцагчийн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч Д.М шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ:

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын хэлтсийн Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч Д.М би, мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр баталсан Тусгай зөвшөөрөлгүй цацрагийн үүсгүүрийг илрүүлэх урьдчилан сэргийлэх хяналт хийх тухай 00/00 дугаартай удирдамжийн дагуу Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 0000000 регистрийн дугаартай НД ХХК-ийн шүдний эмнэлэгт 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр тус эмнэлгийн ерөнхий эмч Б.Н-ыг байлцуулан, урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийхэд тус эмнэлэгт СХ ХХК-иас 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээлцэж, худалдан авсан акт бүхий Vatech үйлдвэрлэгчийн VEX-P250 загварын 000000000000 хувийн дугаартай хэсгийн шүдний рентген зураг авах зориулалт бүхий тусгай зөвшөөрөлгүй зөөврийн рентген аппарат байсан.

Илэрсэн зөрчилд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 0000000000 хэргийн дугаартай зөрчлийн хэрэг нээж, прокурорын 00 дугаартай тогтоолыг үндэслэн, тусгай зөвшөөрөлгүй ашиглаж байсан цацрагийн үүсгүүрийн ашиглалтыг 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа дуустал түр зогсоож, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахад тус эмнэлэг нь рентген аппаратыг хүлээн авсан тухайгаа цацрагийн хяналтын болон тагнуулын төв байгууллагад мэдэгдэж бүртгүүлээгүй, мөн рентген аппаратыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашиглаж, цацрагийн аюулгүй байдлын шаардлагуудыг хангуулаагүй нөхцөлд өвчтөнүүдийн рентген зургийг авсан байсан нь зөрчлийн хэрэг бүртгэлийн явцад илэрсэн бөгөөд энэ нь Цөмийн энергийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3, 36 дугаар зүйлийн 36.1.1 дэх заалтыг тус тус зөрчсөн байна.

Иймд холбогдогч НД ХХК-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 12.11 дэх зүйлийн 5-д заасны дагуу 5.000.000 /таван сая/ төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгах талаар эрх бүхий албан тушаалтны 10 заалт бүхий албан даалгаврыг хүргүүлэн, холбогдогч НД ХХК-ийн ерөнхий захирал З.А-ын хүсэлтийн дагуу торгох шийтгэлийг 2020 оны 09 дүгээр сарын 25-аас 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 3 хувааж, барагдуулахаар хэсэгчлэн төлөх хуваарь гаргасан.

Холбогдогч НД ХХК нь Цөмийн энергийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3, 36 дугаар зүйлийн 36.1.1 дэх заалтыг тус тус зөрчсөн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 12.11 дэх зүйлийн 5-д заасны дагуу торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд НД ХХК-ийн ерөнхий захирал З.А-д оногдуулсан торгох шийтгэлийг биелүүлээгүй тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.12-т Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд шийтгэл оногдуулсан шийдвэрийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, зөрчлийн үр дагавар арилгахтай холбоотой зардлыг нөхөн төлөөгүй бол албадан гүйцэтгүүлэхээр шүүхэд хүсэлт гаргах мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 8-д Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд тогтоосон хугацаанд шийдвэрийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэхээр эрх бүхий албан тушаалтан харьяалах шүүхэд хүсэлт гаргана гэж тус тус заасан иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 ҮНДЭСЛЭХ нь:

НД ХХК нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 0000000 тоот шийтгэлийн хуудас 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 00-000/0000 тоот албан даалгаврыг тус тус хүчингүй болгох-ыг хүссэн гомдлыг гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлээр гомдол гаргагчийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан хяналт шалгалтын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 00/00 дүгээр Тусгай зөвшөөрөлгүй цацрагийн үүсгүүрийг ирүүлэх урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай удирдамжийн дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч Д.М НД ХХК-ийн шүдний эмнэлэгт хяналт шалгалт хийж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасныг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 00-000/0000 дугаар зөрчил арилгах тухай хугацаатай албан даалгавар бичсэн хэрнээ мөн өдрөө НД ХХК-ийг Цацрагийн үүсгүүрийг хүлээн авсан тухайгаа мэдээлж бүртгүүлээгүй, ашигласан зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0000000 тоот шийтгэлийн хуудсаар НД ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 12.11 зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 5 000 000 /таван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь нэхэмжлэгчийг нэг зөрчилд хоёр шийтгэл ногдуулж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн гэж үзэв.

Учир нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд даргын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 00/00 дүгээр Тусгай зөвшөөрөлгүй цацрагийн үүсгүүрийг илрүүлэх урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай удирдамжийн гол зорилго нь аж ахуй нэгжийн илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготойгоор гарсан удирдамж бөгөөд удирдамжийн биелэлтийг хангуулахаар хийгдсэн хяналт шалгалт байна.

Гэтэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч дээрх хяналт шалгалтыг хийхдээ Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд даргын баталсан удирдамжийн гол зорилготой уялдуулалгүйгээр хяналт шалгалтыг хийсэн гэж үзэхээр байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д Хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж, удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх бөгөөд улсын байцаагч албаны үнэмлэхээ үзүүлнэ, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг нь хангуулах үүрэгтэй байна.

Бодит байдал дээр мэргэжлийн хяналтын улсын байцаагч хяналт шалгалтыг хийхдээ иргэн, аж ахуй нэгжид ажлын үнэмлэхээ үзүүлсэн хэдий ч шалгалт хийх удирдамж, шалгалтын зорилгоо танилцуулж нэг хувийг нь гардуулаагүй улс оронд үүсээд байгаа Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг буруулуулах зорилгоор улсын хэмжээнд нийтээр дагаж мөрдөхөөр анх 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын Засгийн Газараас Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоол гарч уг тогтоол нь 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгагдаж өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байхад хариуцагчаас бодит нөхцөл байдлыг үнэлж дүгнэлгүйгээр НД ХХК шүдний эмнэлэгт Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 12.11 дэх зүйлийн 5-д заасны дагуу 5 000 000 /таван сая/ төгрөгөөр торгож байгаа нь хуульд нийцээгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж хуульчилсан бөгөөд хуулийн энэ зохицуулалтаас үзвэл захиргааны байгууллагаас гаргаж байгаа аливаа нэг шийдвэр нь бодит нөхцөл байдалд тохирсон, зорилгодоо нийцсэн байхыг шаарддаг байна.

Мөн Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 11 дүгээр зүйлд Эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, арга хэмжээнд тавих шаардлагыг зааж өгсөн бөгөөд 11.4-д Цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор гаргах шийдвэр, арга хэмжээ нь иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хамгийн бага хязгаарласан, бодитой, тохирсон байна гэх хуулийн зохицуулалтаас үзвэл захиргаан байгууллагын шийдвэрийн нь иргэний эрхийг зөрчихгүй байхаас гадна тухайн шийдвэр нь бодитой тухайн нөхцөл байдалд тохирсон биелүүлэх боломжтой байхыг ойлгохоор байна.

Цөмийн энергийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-д Дараах үйл ажиллагааг мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлнэ, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1-д цацрагийн үүсгүүрийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор цацрагийн хяналтын болон тагнуулын төв байгууллагад мэдэгдэж бүртгүүлэх гэж заасны дагуу нэхэмжлэгч гаргасан зөрчлөө 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дотор арилгах бүрэн боломжтой байсан байна.

Тодруулбал Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох СХ ХХК-ийн мэргэжлийн хяналтын ерөнхий газарт гаргаж өгсөн манайхаас 2020 оны 01 дүгээр сарын 17-ний өдөр НД ХХК 000000000000 тоот серийн дугаартай Vatech Ezray Air аппаратыг худалдан авсан уг аппаратыг бид тухайн үед нийлүүлсэн боловч зургийн чанарыг сайжруулах шаардлагатай гэж үзсэн учраас оффис дээрээ буцаан авсан Covid-19-тэй холбоотойгоор засварлах хугацаа удааширсаар НД эмнэлэгт 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр уг рентген аппаратыг хүлээлгэн өгсөн гэх тодруулга, гэрч СХ ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Б-ийн НД ХХК эмнэлэг нь манайхаас зөөврийн рентген аппарат худалдаж авсан нь үнэн бөгөөд зургийн чанарыг сайжруулах шаардлагатай болж бид буцаан авч засварласан засварлахад хугацаа орсон учраас 7 сарын 6-нд буцааж өгсөн гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн Нийслэлийн эрүүл мэндийн газраас 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Шүдний өвчний оношилгоо, эмчилгээ, согог, гажиг заслын чиглэлээр шүдний эмнэлгээ анх байгуулсан манай эмнэлэг боловсон хүчин дутмаг байдаг 2 эмч 1 сувилагчтай ажлын байраа түрээсэлж үйл ажиллагаагаа явуулдаг, би өөрөө эмнэлэгтээ их эмчээр ажилладаг яг энэ цаг үетэй давхцаад 2019 оны 4 дүгээр сарын 08-нд би төрсөн нялх биетэй, Коронавирусийн улмаас хол хорио тогтоосон нярай хүүхэдтэй зэргээс болж манай эмнэлэг багасгасан цагаар ажиллаж байсан, уг аппаратыг худалдаж аваад засуулснаас хойш дөнгөж 2 сар болж байсан, албан шаардлага бичиж өгсөн, албан шаардлагад дурдсаны дагуу зөрчлөө арилгахаар мэргэжлийн хяналтын байгууллагад очиход шүүхэд нэхэмжлэл гаргасан түүнийхээ дараа бол гэсэн хариуг байцаагч өгсөн, нэг өдөр энэ цаг үед 5 000 000 /таван сая/ төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж байгаа нь хохиролтой байна гэх тайлбар, Тагнуулын ерөнхий газраас ирүүлсэн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Цөмийн энергийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1-д цацрагийн үүсгүүрийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор цацрагийн хяналтын болон тагнуулын төв байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх хуулийн зохицуулалттай байдаг ч уг хуулийн зохицуулалтын хүрээнд цацраг идэвхт бодис, материалыг агуулсан бол Тагнуулын байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх, шаардлагатай. Харин Vatech үйлдвэрлэгчийн VEХ-250 загварын шүдний рентген зураг авах зориулалт бүхий зөөврийн рентген аппарат болон эмнэлгийн зориулалттай ашиглагддаг бусад рентген аппарат, төхөөрөмж нь цацраг идэвхтэй бодис, материал агуулдаггүй тул Тагнуулын байгууллагад мэдэгдэж бүртгүүлэх шаардлагагүй гэх албан бичиг нэхэмжлэгч хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс дүгнэвэл нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийтгэлийн хуудсыг ногдуулсан гэж үзэхээр байна.

Улсын байцаагчийн албан даалгавар гэдэг нь заавал биелэгдэх шинжтэй захиргааны шийдвэр бөгөөд уг албан даалгаварт 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн зөрчлийг арилгаж, даалгаврыг биелүүлж, биелэлтийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны дотор ирүүлэхийг НД ХХК-д даалгаж, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсэн хэрнээ албан даалгаварт дурдсан зөрчлийг арилгах боломжийг олголгүйгээр нэг өдөр шийтгэлийн хуудсаар торгууль ногдуулсан нь нэг зөрчилд хоёр арга хэмжээ авч байгаатай ижил бөгөөд захиргаа хуулийн сонголтыг хийхдээ нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан бодит нөхцөл байдалд тохироогүй шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

Иймд гомдол гаргагчийн гомдлын шаардлага болох Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 0000000 тоот зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 00-000/0000 дугаар албан даалгаврыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6, 10 дугаар зүйлийн 10.9.8, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засаг үзүүлэх сөрөг нөлөөллийг сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засаг үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, Цөмийн энергийн тухай хуулийн 15 дугаар зүйл мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 12.11 дэх зүйлийн 5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйл, 7.6 дугаар зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон НД ХХК-ийн гаргасан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 0000000 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, харин Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын хэлтсийн улсын байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 00-000/0000 дугаар албан даалгаврыг хүчингүй болгуулахыг хүссэн НД ХХК-ийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулж гомдол гаргагч НД ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

        

 

ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ