Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2024/0313

 

    

  

 

 

 

 

 

      “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л

Нэхэмжлэгч: “Э” ХХК

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 237 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л, Р.Б нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Номуунаа

Хэргийн индекс: 123/2023/0506/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Э” ХХК-аас нийслэлийн Засаг даргад холбогдуулан  “Нийслэл Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/555 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Газар албадан чөлөөлөх тухай” А/640 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 237 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж “Нийслэлийн Засаг даргын, 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/555 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Газар албадан чөлөөлөх тухай А/640 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбатаас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

3.1. ... Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн "Газар албадан чөлөөлөх тухай" А/640 дүгээр захирамжийг Газрын тухай хуульд нийцсэн, Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох, мэдэгдэх ажиллагааг явуулсан байна. Нэхэмжлэгч эрх бүхий байгууллагаас нөхөх олговрыг нэхэмжлэн авах нь нээлттэй гэх зэргээр дүгнэж Захиргааны ерөнхий хуульд заасан илт хууль бус акт биш байна гэж үзжээ. Гэтэл энэхүү захирамжийн 1 дэх заалт буюу гол утга агуулгад "Нийслэлийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Чингисийн өргөн чөлөөнөөс Баруун үйлдвэрийн гудамж хүртэлх 1,2 км авто зам, гүүрний ажлын нөлөөлөлд өртсөн "Э" ХХК-ийн эзэмшиж байсан газрыг чөлөөлөх" гэсэн үндэслэлийг дурьдсан байдаг. А/640 дүгээр Захирамжаар чөлөөлөх 1,2 км газар дээр "Э" ХХК-ийн Ү-2206046790 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөлийн гэрчилгээтэй төмөр зам байдаг болно. Өөрөөр хэлбэл: "Э" ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/555 дугаар захирамжийг үндэслээгүй, энэ захирамжийн биелэлтийг хангуулах чиглэлээр гараагүй шал өөр үндэслэл, утга агуулгатай буюу авто зам, гүүр барих зорилгоор гарсан.

3.2. Газар эзэмших эрхийг хүчингүй болгосон А/555 дугаар захирамж нь "дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмыг хэрэгжүүлээгүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй" гэсэн үндэслэлээр гарсан бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар шүүхэд энэ асуудлаар маргаан өрнүүлж хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба болон өөр ямар нэг байгууллагаас "Э" ХХК-ийн эзэмшлийн аюулгүйн зурвас газар нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөлийн Ү-2206046790 дугаартай гэрчилгээтэй талаар болон төмөр замыг авто зам, гүүр барих нөлөөлөлд өртсөн талаар гаргасан мэргэжлийн дүгнэлт, шийдвэр байхгүй. Хэргийн материалд ч ийм баримт авагдаагүй. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбар зэргээс үзэхэд Э" ХХК-ийн эзэмшлийн төмөр замын аюулгүйн зурвас газар нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөлийн Ү-2206046790 дугаартай гэрчилгээтэй байдаг ба Улаанбаатар хотын эзэмшилд огт байгаагүй, ямар нэг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдах хууль зүйн боломжгүй газар байсан байдаг.

Өөрөөр хэлбэл: Социализмын үеэс "Улаанбаатар төмөр зам" ХХН-ийн эзэмшил, өмчлөлд байж байгаад манай компани 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн үйлдвэрлэлийн технологийн зориулалттай төмөр замыг өмчилж, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2206046790 дугаартай гэрчилгээтэй болсноор Төмөр замын тухай хуулийн дагуу төмөр замын хамгаалалтын зурвасаар ашиглаж ирсэн.

3.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-т захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох" гэж заасан ба шүүх манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн гэдгийг тогтоосон атлаа илт хууль бус захирамжийг хэвээр үлдээсэн нь өөрийн шийдвэрээ үгүйсгэсэн хууль зүйн логикийн зөрчилтэй шийдвэр гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т "Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна" гэж заасныг шүүх зөрчсөн.

3.4. Хэрэгт авагдсан баримтаас харахад авто зам, гүүр барих талаар манай газрыг цуцлаагүй, ийм төлөвлөгөөг манай компанид танилцуулж байгаагүй, энэ талаар сонсох ажиллагааг хийгээгүй ба сүүлд цагдаагийн байгууллагад хандаж, прокурорын албан бичгээс газар албадан чөлөөлөх захирамж гарсныг бид мэдсэн. Өөрөөр хэлбэл: Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн "Газар албадан чөлөөлөх тухай" А/640 дүгээр захирамжийг гаргахдаа эрх ашиг нь хөндөгдсөн "Э" ХХК-д огт мэдэгдээгүй ба мэдэгдсэн талаархи баримтууд нь хавтаст хэрэгт байхгүй. Мөн маргаан бүхий газраар "ТЭЦ-3" ТӨХК-ийн эзэмшлийн дулааны уурийн шугам дамжин өнгөрдөг ба "ТЭЦ-3" ТӨХК-тай авто зам, гүүрний ажлын нөлөөлөлд өртсөн талаар зөвшилцөөгүй болох нь хэрэгт авагдсан “ТЭЦ-3” ТӨХК-ийн албан бичгээс тодорхой харагддаг. 

3.5. Уг тушаалыг гаргахаас өмнө Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 27, 29 дүгээр зүйлд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдэд сонсох, мэдэгдэх, бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагаа зэргийг огт хийгээгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5-т "Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй" гэж заасан. Манай компанийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангасан. Өөрөөр хэлбэл: Нийслэлийн засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/555 дугаартай захирамжид дурьдсан дуудлага худалдаанд ороогүй, төлбөрөө төлөөгүй гэдэг нь үндэслэлгүй ба төлбөрөө бүрэн төлсөн, дуудлага худалдаанд орох шаардлагагүй байсан гэдэг нь тогтоогдсон. Газрын тухай хуулийн газар албадан чөлөөлөх зохицуулалтууд нь хууль бусаар газар эзэмшиж, ашиглаж байгаа тохиолдолд хамаарах ёстой бөгөөд энэ талаар гарсан шийдвэрийг биелүүлэх зорилготой. Гэтэл манай компанийн уг газар дээрх байгууламж болох төмөр зам нь 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2206046790 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй бөгөөд төмөр замын тээврийн тухай хуулийн дагуу төмөр замын аюулгүйн зурвасыг хууль ёсны дагуу эзэмшдэг "Э" ХХК-ийн өмчлөлийн төмөр замыг эвдэн сүйтгэж, нурааж, авто зам барих хууль эрх зүйн хувьд ямар ч боломжгүй юм.

3.6. Хариуцагчийн зүгээс авто зам барих нөлөөлөлд өртсөн, ийм төлөвлөгөө гарсан талаар ямар нэг баримт шүүхэд гаргаагүй байхад шүүх энэ талаар дүгнэлт гаргаж байгаа нь хууль зөрчиж байгаа бөгөөд хуулийг илтэд буруу хэрэглэж тайлбарлаж байна. Иймд манай нэмэгдүүлсэн шаардлага буюу Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн "Газар албадан чөлөөлөх тухай" А/640 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хангаж, шүүхийн шийдвэрт өрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Лувсанданзанжанцангаас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

4.1. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 05 сарын 31-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/555 дугаар захирамжаар “Э” ХХК-ийг  ...дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмыг хэрэгжүүлээгүй, газар эзэмшигч нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг дуусгавар болгож шийдвэрлэсэн.

4.2. ..."Э ХХК" нь 2019 оны шинэчилсэн үнэлгээгээр газрын төлбөр 3.236.280 төгрөг төлөхөөс огт төлөөгүй болох нь хавтас хэрэгт авагдан нотлох баримтаар бүрэн тогтоогдож байх бөгөөд энэ тал дээр нэхэмжлэгч тал маргаагүй. Мөн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр огноолсон 6.472.360 төгрөгийг 2021 оны газрын төлбөрт С.Батболд, мөн өдрийн огноотой Хаан банкны шилжүүлгийн баримтаар М.Сарангарвуу нэрээр 2022 оны газрын төлбөрт 6.472.360 төгрөгийг тус тус төлсөн баримт нэхэмжлэгчийн төлөөлөгч нарын зүгээс шүүхэд ирүүлсэн бөгөөд тус данс нь Төрийн сангийн данс биш харин хувь хүний данс болох нь тогтоосон байтал анхан шатны шүүхээс газрын төлбөрийг төлсөн мэтээр тайлбарлаж байгаа нь хэт нэг талыг барьсан шийдвэр юм.

4.3. ...Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/150 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Э" ХХК-д төмөр замын хамгаалалтын зурвасын зориулалтаар 22790 м.кв газрыг эзэмшүүлж шийдвэрлэсэн байдаг бөгөөд тухайн үед Засийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Газар өмчлүүлэх эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам-ыг хэрэглэх боломжтой хэдий байсан боловч тухайн үеийн Засаг дарга хуульд заасан ажиллагааг хийгээгүй орхигдуулсан байсан бөгөөд Нийслэлийн Засаг Дарга хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд 2023 оны 05 сарын 31-ний өдрийн А/555 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг. 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасан үндэслэлээр Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааны мэдэгдлийг 3 удаа хүргүүлсэн бөгөөд энэ талаар хавтас хэрэгт авагдсан болно. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “Э” ХХК-аас нийслэлийн Засаг даргад холбогдуулан  “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/555 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Газар албадан чөлөөлөх тухай” А/640 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/555 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

3.1. Маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2023 оны А/555 дугаар захирамжаар ... “Э” ХХК-д төмөр замын хамгаалалтын зурвасын зориулалтаар 22790 м.кв газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг зөрчиж дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмыг хэрэгжүүлээгүй, газар эзэмшигч нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэжээ.

3.2. Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 2.2-т “Газрын төлбөрийн хэмжээ 3.008.280 төгрөг” гэж, 2.3-т “Газрын төлбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны дотор газар эзэмшүүлэгчийн Улаанбаатар банкны 2611009722 тоот дансанд шилжүүлж байна” гэж тус тус зохицуулсан байна.

3.3. 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн №0201800035 тоот “Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт”-аас үзэхэд нэхэмжлэгч нь 2018 оны 2, 3, 4-р улиралд 2.256.210 төгрөг төлөхөөс 3.008.280 төгрөг төлж, үлдэгдэл -752.070 төгрөг, 2019 оны шинэчилсэн үнэлгээгээр 3.236.180 төгрөг төлөхөөс огт төлөөгүй, 2020 онд 6.472.360 төгрөг төлж 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар төлбөрийн үлдэгдэлгүй гэж, мөн нэхэмжлэгчээс 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 6.472.360 төгрөгийг 2021 оны газрын төлбөрт С.Батболд, мөн өдрийн огноотой М.Сарангаравуу нэрээр 2022 оны газрын төлбөрт 6.472.360 төгрөгийг тус тус төлсөн талаарх шилжүүлгийн баримтыг шүүхэд нотлох баримтаар ирүүлжээ.

3.4. Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч "Э ХХК" нь 2019 оны шинэчилсэн үнэлгээгээр газрын төлбөр 3.236.280 төгрөг төлөхөөс огт төлөөгүй, 2020 онд нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчээс тус үйл баримттай маргаагүй, мөн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр огноолсон 6.472.360 төгрөгийг 2021 оны газрын төлбөрт С.Батболд, мөн өдрийн огноотой Хаан банкны шилжүүлгийн баримтаар М.Сарангарвуу нэрээр 2022 оны газрын төлбөрт 6.472.360 төгрөгийг тус тус төлсөн талаарх баримтыг нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн байх бөгөөд төлбөр төлсөн гэх данс нь гэрээнд заасан Төрийн сангийн данс биш харин Худалдаа хөгжлийн банкны 495089309 тоот дансанд тушаасан байх атал анхан шатны шүүхээс тус нөхцөл байдлыг анхаарч үзэлгүйгээр “газрын төлбөрийг төлсөн, энэ тохиолдолд талууд гэрээг дүгнэсний үндсэн дээр төлбөрийн хугацаа хэтрүүлсний алдангийн асуудал яригдахаас бус энэ үндэслэлээр газар эзэмших эрхийг дуусгавар болгох хууль зүйн боломжгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...6.472.360 төгрөгийг тус тус төлсөн баримт нэхэмжлэгчийн төлөөлөгч нарын зүгээс шүүхэд ирүүлсэн бөгөөд тус данс нь Төрийн сангийн данс биш харин хувь хүний данс…” гэх давж заалдах гомдлыг шүүх хүлээн авах үндэслэлтэй.

3.5. Түүнчлэн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ” гээд, 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын 1.2-т “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдааг аймаг, нийслэл, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хотын болон чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн тухайн шатны Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч зохион байгуулна” гэж тус тус заасан.

3.6. Анх нийслэлийн Засаг даргын 2017 оны А/150 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Э" ХХК-д төмөр замын хамгаалалтын зурвасын зориулалтаар 22790 м.кв газрыг эзэмшүүлж шийдвэрлэхдээ “...Улаанбаатар төмөр зам” Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “...танай харъяа үйлдвэрийн зүүн талд байрлах хуучин төмөр зам ба даланг танай мэдэлд шилжүүлэв” гэх 09/366 тоот албан бичиг, холбогдох бусад материалыг үндэслэн олгосон” гэснээс үзэхэд хариуцагч нь тус маргаан бүхий газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж болохоор тус тус зохицуулсан боловч уг хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т “Энэ хуулийн 35.1.4, 35.1.6-д заасан эрх төрийн байгууллагад хамаарахгүй” гэж зааснаас үзвэл газар эзэмшиж, ашиглаж буй төрийн байгууллага тухайн газраа бусдад шилжүүлэх, ашиглуулах эрхгүй байхаар зохицуулсан хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлээгүй,  мөн Засийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Газар өмчлүүлэх эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ыг хэрэгжүүлээгүй, тухайн жилийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгалгүйгээр газар эзэмших эрх олгосон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул нийслэлийн Засаг дарга нь өөрт хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд 2023 оны 05 сарын 31-ний өдрийн А/555 дугаар захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

3.7. Учир нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд, нэхэмжлэгчид газар эзэмших эрх хуулийн дагуу үүсээгүй, зөвхөн өргөдөл болон “Улаанбаатар төмөр зам” Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 09/366 тоот албан бичгийг үндэслэж эзэмшүүлсэн буюу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын журмыг хэрэглээгүй нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд хууль зөрчсөн шийдвэрээ хүчингүй болгох эрхээ захиргааны байгууллага хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.

4. “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Газар албадан чөлөөлөх тухай” А/640 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

4.1. Маргаан бүхий А/640 дүгээр захирамжаар “...нийслэлийн 2023 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингисийн өргөн чөлөөнөөс Баруун үйлдвэрийн гудамж” хүртэлх 1.2 км авто зам, гүүрийн ажлын нөлөөлөлд өртсөн “Э” ХХК-ийн эзэмшиж байсан газрыг холбогдох хууль тогтоомжийн дагуу албадан чөлөөлөхийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд, тус үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хэв журам сахиулж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газарт тус тус даалгаж шийдвэрлэжээ.

4.2. Нэхэмжлэгчээс “...Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай” 47.1.5-д “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан” 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж тус тус заасныг зөрчсөн, ...авто зам, гүүр барих талаар манай газрыг цуцлаагүй, ийм төлөвлөгөөг манай компанид танилцуулж байгаагүй, энэ талаар  сонсох ажиллагааг хийгээгүй...” гэж тайлбарлан маргасан.

4.3. Хэрэгт авагдсан баримт талуудын тайлбар зэргээс үзэхэд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 03-11/391 тоот албан бичиг, 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 03-11/2044 тоот албан бичгүүдээр “...Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, түгжрэл саатлыг багасгах ажлын хүрээнд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр нэгж хороолол дунд батлагдсан авто замын зургийн дагуу хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг мөрдлөг болгон өөрийн эзэмшлийн газраа чөлөөлж, авто зам барих ажлыг дэмжиж ажиллана уу” гэх албан бичиг, 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай” 01-08/3379 тоот албан бичгүүдийг нэхэмжлэгчид хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...авто зам, гүүр барих талаар манай газрыг цуцлаагүй, ийм төлөвлөгөөг манай компанид танилцуулж байгаагүй, энэ талаар сонсох ажиллагааг хийгээгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

4.4. Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргаж болно”, 46.1-д “Засгийн газар аймаг, сум, нийслэлийн Засаг дарга газар эзэмшигч, ашиглагчтай урьдчилан тохиролцож, гэрээ байгуулсны үндсэн дээр бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг тодорхой хугацаатайгаар нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглаж болно” гэж тус тус заасан нь газрыг улсын тусгай хэрэгцээнд авах эсхүл нийтийн эдэлбэрт авах асуудлаар “санал гаргах”, “газар эзэмшигчтэй харилцан тохиролцож гэрээ байгуулах”-аар шийдвэр гаргах эрхийг захиргаанд олгосон агуулгатай буюу захиргааны байгууллагын өөрийн шийдвэрлэх, шийдвэр гаргах эрх хэмжээнд хамаарах зохицуулалт байх тул “...авто зам, гүүрний ажлын нөлөөлөлд өртсөн талаар зөвшилцөөгүй...” гэх давж заалдах гомдлын дагуу маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй.

4.5. Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан “утга агуулгын илэрхий алдаатай” захиргааны акт гэж уг актыг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны хүсэл зориг тухайн актад бүрэн гүйцэд илэрхийлэгдээгүй, найруулга зүйн болон үг, үсэг, тооны илэрхий алдаа нь үр дагаврын хувьд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихөөр байвал тухайн актыг утга агуулгын хувьд илэрхий алдаатайд тооцох бөгөөд уг алдаа нь хэн ч харсан илэрхий тодорхой байна.

4.6. Илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж буй нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/640 дүгээр захирамжаас үзэхэд “...нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингисийн өргөн чөлөөнөөс Баруун үйлдвэрийн гудамж” хүртэлх 1,2 км авто зам, гүүрийн ажлын нөлөөлөлд өртсөн “Э” ХХК-ийн эзэмшиж байсан газрыг холбогдох хууль тогтоомжийн дагуу албадан чөлөөлөхийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгаж шийдвэрлэсэн үйл баримт ойлгогдож байх бөгөөд нэхэмжлэгчээс ямар нэгэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардаагүй, хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн “...нэхэмжлэгч “Э” ХХК-ийн хууль ёсоор эзэмшиж байсан газрыг авто зам, гүүр барих ажлын хүрээнд албадан чөлөөлсөн нь нийтийн эрх ашигт нийцсэн шийдвэр байх ба уг Нийслэлийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн А/640 дүгээр “Газар албадан чөлөөлөх тухай” захирамжийг “утга агуулгын илэрхий алдаатай”, “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”, “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, бодит байдалд биелүүлэх боломжгүй” гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэх дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 237 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 35 дугаар зүйлийн 35.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 42 дугаар зүйлийн 42.1, 46 дугаар зүйлийн 46.1, 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-аас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэл Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/555 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Газар албадан чөлөөлөх тухай” А/640 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, үлдэх хэсгийг хэвээр үлдээн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг  хангасугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    ШҮҮГЧ                                                   Г.МӨНХТУЛГА

     ШҮҮГЧ                                                   Д.ОЮУМАА

     ШҮҮГЧ                                                    Н.ДОЛГОРСҮРЭН