Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2019/ШЦТ/442

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж, шүүгч Т.Батжаргал, Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэжаргал,

Иргэдийн төлөөлөгч: Л.Баяраа,

Улсын яллагч: Б.Бямбадагва,

Гэрч: Б.Ж-,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.О-, түүний өмгөөлөгч Л.Азжаргал,

Шүүгдэгч: Б.Т-, түүний өмгөөлөгч Т.Даваажав нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт Б.Т-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905012930313 дугаартай хэргийг  2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Т-, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Т- нь 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны 127 тоотод оршин суух гэртээ 4 настай, эрэгтэй О.Э-ыг биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж, зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Т-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.О-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр би 2 хүүгээ үлдээгээд бага хүүхдээ аваад Дархан хот руу явсан. Тэр орой манай аав манайд ирж хоноод өглөө нь ажилдаа явсан гэж ярьсан. Тухайн үед 3 дугаар сарын 10-наас 13-ны хооронд Т-тай утсаар ярьж байхад хоёр хүүгээ сургуульд хүргэж өгөөд авч байна гэж ярьсан. Тэр үед манай авга эгч Х- болон төрсөн ах Батболд хоёр очъё гэж ярьж байхад эгч Солонгос улсаас хоёр хүүхэдтэйгээ ирчихсэн байгаа гээд очуулаагүй. Би 3 дугаар сарын 13-ны орой 17-18 цагийн орчим гэртээ очоод хаалга нүдэхэд хаалгаа онгойлгохгүй байсан. Тэгээд би утас руу нь нилээн удаан залгахад утсаа авч хаалга онгойлгосон. Гэрт ороход хүү маань орон дээр хэвтчихсэн нүүр нь хөхөрчихсөн, хамрын хоёр тал нь зурагдсан, ам нь шалбарчихсан байдалтай байсан. Би Т-д яагаад хүүхэд зодсон талаар асуухад оронд шээсэн гэж хэлсэн. Би өөрөө л хүүхдээ загнъя, миний хүүхдэд битгий гар хүр гэж хэлэхэд би чамайг иртэл шээсийг нь хадгалаад байж байх юм уу гэсэн. Тухайн үед бид хоёр нилээн маргалдаж байгаад би 3 хүүхдээ аваад таксигаар гэмтлийн эмнэлэг рүү явсан. Гэмтлийн эмнэлэг дээр очиход эмч хүүгийн гарыг нилээн хугаралтай байна, хадуулах уу, гипсдүүлэх үү гэсэн. Тэгээд зургийг нь авахуулахад яаралтай эмнэлэгт хэвтэж хадуулах шаардлагатай гэсэн. 3 дугаар сарын 13-ны өдрөө хэвлийн эход харуулж, тархины томографикт харуулахад хэвлийн дотор шингэн байна гэсэн. Тэгээд би тэр шөнө хоёр бага хүүхдээ аваад эмнэлэгт хэвтсэн. Эмнэлэгт хэвтээд 3 дугаар сарын 14-нд өнжөөд, 15-ны өглөө гарны хагалгаанд орсон. Норкозтой 1 цаг гаран хагалгаанд орсон. Хагалгаанаас гарч ирээд норкоз нь гарахад гэдсээ бариад өвдөөд байна гээд уйлаад байсан. Хүндэрмээр байна гэхээр нь хүндрүүлэх гээд тосоход хүндрэхгүй байсан. Ер нь 3 дугаар сарын 15-н хүртэл хоол идээгүй. Тэгээд хэвлийн хагалгаанд яаралтай орсон. Уг хагалгаанд 6-7 цагийн хугацаатай орсон. Хагалгаанаас гарч ирээд гэмтлийн эмнэлгийн эрчимт эмчилгээнд аппаратанд орсон. Тухайн үед эмчийн яриагаар нарийн гэдэснээс нь 20 см тайрсан. Үхжилт явагдсан, задарсан, цэвэр зодуураас хамааралтай гэж байсан...” гэв.

Гэрч Б.Ж-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би зурагт аваачиж өгч байсан. Тэгээд хүүгээсээ миний хүү зурагтаа үзэж байна уу гэж асуухад зурагт үздэггүй гэж байсан. Тухайн үед би юм бодоогүй, аав нь олон цагаар зурагт үзүүлдэггүй байх гэж бодсон. Ер нь хүүхэд маань нилээн турчихсан байсан. Би яагаад тураад байгаа талаар асуудаг байсан. Урьд нь Т- манай хашаанд байхад хэрүүл уруул байдаггүй байсан. Миний хажууд хүүхдийг зодож байгаагүй. Би аймгуудаар явж ажилладаг болохоор тэр бүр мэдээд байх боломж байхгүй байсан. Би хувийн байгууллагад үйлчилгээний ажил хийдэг. Одоо 46 настай, намайг өөр газар ажилд авах газар олдохгүй. Би энэ ажлыг хөөцөлдөж байж орсон. Ажилд ороод 14 хонож байсан. Хүүгээ ингэчихлээ гэхээр хөдөөнөөс ирээд ажлаа хийхгүй, хүүхдээ байнга сахисан. Хүүхдээ эмчлүүлэх гэж өөрт байсан бүх зүйлээ зарж, зарцуулсан. Би энэ хэдэн хүүхдийг тэжээдэг. Сэтгэл санааны хохирол маш их байна. Миний өөрийн даралт ихсээд бие өвдөж байхад би хүүхдээл гэж байсан. Цаашдаа миний хүү хөл дээрээ босох үгүй нь мэдэгдэхгүй байгаа. Оёдол нь нэг см задрахад л ямар ч найдваргүй гэсэн. Цаашид дахин хагалгаанд орох эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Үнэхээр гомдолтой байна. Эмч нар зүрх нь байн байн зогсоод байгаа та нар ойрхон байж байгаарай гэдэг байсан болохоор бид нар байнга ээлжлээд сахидаг байсан. Одоо болтол хүүгийн минь тэр үеийн байдал нүдэнд харагддаг. Одоо хүүгийн минь сэтгэл санааны байдал байнгын айдастай байгаа. Хажуунаасаа хүн холдуулдаггүй, аав ирээд намайг зодвол яанаа гээд айдаг, хаалга дугарахаар л айж эмээдэг. Том ах нь ч гэсэн бал хараад айдаг. Хичээлээч хийж чаддаггүй. Хүүгийн биеийн байдал маш муу байгаа. Хамгийн үнэтэй тариа хэрэглэж байдаг. Хүүгийн оёдол нь идээлэх магадлалтай байгаа. Толгойгоор нь маш их юм гарч байгаа. Эгэм нь хугаралтай, гар нь хадаастай болохоор босож явж чаддаггүй. Би Т-г хүргэнээ биш өөрийнхөө хүүгээ гэж хайрладаг байсан. Миний хүү одоо насан туршдаа эрэмдэг болсон, хоёр хүү минь хоёулаа сэтгэл санааны айдастай болсон байна. Хоёр хүүг минь загнаж болно, зодож болохгүй шүү гэж гуйж байсан. Үнэхээр их гомдолтой байна..” гэв.

Насанд хүрээгүй хохирогч О.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Т- аав миний гэдэс рүү цохьсон, гар луу цохьсон, хөл рүү цохьсон. Хөл гэмтээд явж чадахгүй болсон, томоотой суу гээд гараараа толгой руу цохьсон, тэлээгээрээ хөл рүү, гар руу цохьсон. Өөр газар руу цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 184/,

Насанд хүрээгүй хохирогчийн төлөөлөгч Ч.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр би Дархан-Уул аймаг руу явах хэрэгтэй болсон. ...2019 оны 3 дугаар сарын 12-нд Т-тай ярихад “нааш яараад яах вэ? Дарханы ажлаа амжуулаад ир” гэсэн. 2019 оны 3 дугаар сарын 13-ны орой 18 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 12 дугаар байрны 127 тоот гэртээ ирсэн. Манай 2 айл дундаа коридорт 1 хаалга хийсэн. Би гадна хаалгаа нүдээд тайлаагүй. Утсаар хэд хэдэн удаа залгахад утсаа авсан. Би уурлаад хаалгаа онгойлго гэсэн. Гэртээ ороход манай хүү Э- орон дээр хөнжлөө нөмөрчихсөн бие нь муу царай нь цонхийсон байдалтай хэвтэж байсан. Би Э-ын нүүрийг харахад хоёр хацар нь хөхөрсөн, хамар нь хавдаад зурагдсан байхаар нь Т-гаас “энэ хүүхэд яасан юм бэ” гэхэд Т- надад хэлэхдээ “Э- орондоо шээсэн. Би хацар руу нь алгадсан. Хамрыг нь мэдэхгүй” гэхээр нь уурлаад хамрыг нь цохьсон байна гэж хэлсэн. Тэр үед Т- би хамар руу нь цохиогүй, өглөө босоод ирэхэд хамраа маажсан байсан гэж хэлсэн. Хүү Э-ыг аваад тэврэх үед “ёооё гар” гэж хэлсэн. Зүүн гарыг нь даавуугаар боочихсон байсан. Даавууг аваад харахад зүүн гарын тохой хэсэг нь хавдчихсан, хувцсыг тайлахад баруун гар хөхөрсөн, гэдэс хэсэгт 3 том хөхрөлт, бөөрний хэсэгт хөхрөлт, бөгс хөх, улаан эрээн, хоёр гуяны дотор гадна тал хөх, шилбэ бас хөх байсан. Би Т-тай нилээн хэрүүл хийж байгаад гурван хүүгээ аваад гэмтлийн эмнэлэг рүү такситай явсан. ...гэмтэлд очиход Э-ын тохойн яс, үе хэсэгт хугаралттай гэсэн. Хэвлийн эход харуулахад хэвлийн хэсэг дотор шингэнтэй байна, хэд хоног харна гэсэн. Хүү Э-ыг хэвтэж эмчлүүл гэсэн. Би хүүгээ аваад хэвтсэн. 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хүү юм уумаар байна гээд хоол идээгүй, зүүн гарын хагалгаанд орсон. 3-4 цагийн дараа хэвлий өвдөөд байна гээд уйлсан. Тэгээд хэвлий хэсгийн хагалгаанд орсон. Биеийн хоёр шанаа хамар зулгарсан, уруулны хажууд шалбарсан, баруун гар, бөгс, нуруу, гэдэс хоёр хөл хөхөрсөн. Зүүн гарын тохойны яс хугарсан. Одоогийн байдлаар зүүн гарын болон хэвлийн хагалгаанд орсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 70-71/,

Насанд хүрээгүй гэрч Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Э- орондоо шээсэн байсан. Аав дүүг зодсон. Аав өөрийнхөө тэлээгээр хөл рүү нь цохисон, хусуураар цохисон, төмөр шугамаар дүүгийн хамрыг зүссэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 85/,

Гэрч Х-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...би орой 22 цагийн үед Т-гийн гэрт орсон. Э- орон дээр буруу хараад унтаж байх шиг байсан. Э- газар гудас дэвсээд хүүхэлдэйн кино үзээд хэвтэж байсан. Би Э-ийг сэрүүн болохоор нь үнсээд Э- дээр очоогүй. Т-д 10.000 төгрөг өгчихөөд гараад явсан. 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 11-12 цагийн хооронд байх би Т-гийн гэрт очоод хувцсаа угаах гээд ярьсан чинь бид 3 ахын гэрт ирээд хоол хийгээд байж байна гэхээр нь хэзээ харих вэ, гэртээ очоод надад хэлээрэй гэсэн. ...18 цаг өнгөрч байхад би дахин Т- руу ярихад эгч Солонгосоос 2 хүүхэдтэйгээ ирж байгаа манайд 2-3 хонох байх гэхээр нь хувцсаа угаахаа больсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 77-78/,

Гэрч Б.Ж-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө өглөөгүүр Э-ыг зодуулсан байна  гэж хэлсэн. Яагаад хэн зодсон бэ гэхэд Т- зодсон байна гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 80-81/,

Шинжээчийн 3572 тоот дүгнэлтэд: “...О.Э-ын биед хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний дээд хэсгийн чацархайн задрал, тэр хэсгийн гэдэсний ханын үхжил, нарийн гэдэсний задрал /урагдал/, хэвлийн хөндийд цус хуралдалт, зүүн атгаал ясны далд хугарал, тархи доргилт, хоёр хацар, баруун бугалга, хэвлийн өмнөд хэсэг, нуруу, баруун өгзөг, хоёр гуянд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх нарийн гэдэсний дээд хэсгийн чацархайн задрал, тэр хэсгийн гэдэсний ханын үхжил, нарийн гэдэсний задрал, хэвлийн хөндийд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн атгаал ясны далд хугарал гэмтэл нь 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Тархи доргилт, хоёр гуя, баруун өгзөгний цус хуралт гэмтэл нь тус тусдаа 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь нийлээд хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлээс хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна...” гэсэн дүгнэлт /хх-н 87-89/,

Шинжээч эмч Т.Номинцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...чацархайн задрал нь гэмтлийн гаралтай бөгөөд мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох үед үүснэ. Чацархайн задрал үүссэн үед тэр хэсгийн гэдэсний цусан хангамж байхгүй болсноос гэдэсний ханын үхжил үүснэ. ...О.Э-ын хэвлийн битүү гэмтэлд нарийн гэдэсний дээд хэсгийн чацархайн задрал, тэр хэсгийн гэдэсний ханын үхжил, нарийн гэдэсний задрал урагдал, хэлийн хөндийд цус хуралт орно. О.Э-ын хэвлийн өмнөд хэсгийн хэсэг цус хуралт нь мохоо зүйлийн тус тус нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэвлийн битүү гэмтэл болон хэвлийн өмнөд хэсгийн цус хуралт гэмтлүүд нэг цаг хугацаанд үүсэх боломжтой. ...өтгөн хаталт бүдүүн гэдэс хэсэгт явагдаж байгаа. О.Э-ын гэдэсний битүү гэмтэл нь нарийн гэдсэнд явагдаж байна ...шингэн дутагдах үед нарийн гэдэсний үхжил үүсэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 104-105/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 685 дугаар дүгнэлтэд: “...О.Э- нь F43.1 буюу Сэтгэл зүйн гэмтлийн дараах стрессийн эмгэгтэй байна. Энэ нь олдмол эмгэг юм. О.Э-ын F43.1 буюу Сэтгэл зүйн гэмтлийн дараах стрессийн эмгэг нь хүүхдэд стресс үүсгэх хүчин зүйл буюу ойр дотны хүнээ алдах хүчирхийлэлд өртөх, юмнаас айж цочирдох зэргийн улмаас үүсдэг эмгэг юм. О.Э-ын дээрхи эмгэг нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхийг манай комисс тогтоох боломжгүй юм...” гэсэн дүгнэлт /хх-н 185-187/,

Яллагдагчаар Б.Т-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр өглөө 09 цагийн үед би том хүү Э-, дунд хүү Э-   нарын хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 12 байр 127 тоотод гэртээ байхдаа дунд хүү Э-ыг орондоо шээсэн байхаар нь хоолны модон хусуураар цохиж, хоёр хацар луу нь алгадсан. Э- ер нь орондоо шээдэг хүүхэд байсан. ...Би шийтгэл оногдуулж гар болон бөгс рүү нь алгадаж, гарыг нь өргүүлэх, томоотой суулгах арга хэмжээ авдаг байсан. ...би  яагаад шээсэн гэж асуухад дахин шөнө босоод уус уучихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад хусуураар бөгс рүү нь цохисон дараа нь гуя руу нь цохисон. Тэгтэл Э- доош суусан би дахин цохиод шилбэ рүү нь цохичихсон хусуур хугарсан. Хусуур хугарсан байхаар нь галын өрөөнд оруулж тавиад эргэж Э- дээр ирээд битгий уйлаарай гэхэд уйлаад байхаар нь хоёр хацар руу нь нэг, нэг алгадаад авсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 144-145/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 6-11/, Хохирогчийн өргөдөл /хх-н 12/, Хүүхдийн 108 дугаар утаснаас ирсэн дуудлагын дагуу хийсэн ажлын илтгэх хуудас /хх-н 24-28/, Хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-н 29-30, 63-65/, Насанд хүрээгүй хохирогч О.Э-ын гэмтэл авсан фото зургийн үзүүлэлтүүд /хх-н 32-35, 38/, Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-н 41/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 42-43/, Гэр бүлийн нөхцөл байдал, хэрэгцээний үнэлгээ /хх-н 47-62/, насанд хүрээгүй хохирогчийн өвчний түүх /хх-н 91-103/, Насан хүрээгүй хохирогчийн эмнэлэгт байх үеийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 108-109/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 122, 167/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.Т- нь 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны 127 тоотод оршин суух гэртээ 4 настай, эрэгтэй О.Э-ыг биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж, зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, насанд хүрээгүй хохирогч О.Э-ын: “...Т- аав миний гэдэс рүү цохьсон, гар луу цохьсон, хөл рүү цохьсон. Хөл гэмтээд явж чадахгүй болсон, томоотой суу гээд гараараа толгой руу цохьсон, тэлээгээрээ хөл рүү, гар руу цохьсон. Өөр газар руу цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 184/, насанд хүрээгүй хохирогчийн төлөөлөгч Ч.О-ийн: “...Гэртээ ороход манай хүү Э- орон дээр хөнжлөө нөмөрчихсөн бие нь муу царай нь цонхийсон байдалтай хэвтэж байсан. Би Э-ын нүүрийг харахад хоёр хацар нь хөхөрсөн, хамар нь хавдаад зурагдсан байхаар нь Т-гаас “энэ хүүхэд яасан юм бэ” гэхэд Т- надад хэлэхдээ “Э- орондоо шээсэн. Би хацар руу нь алгадсан. Хамрыг нь мэдэхгүй” гэхээр нь уурлаад хамрыг нь цохисон байсан гэж хэлсэн. Тэр үед Т- би хамар руу нь цохиогүй, өглөө босоод ирэхэд хамраа маажсан байсан гэж хэлсэн. Хүү Э-ыг аваад тэврэх үед “ёооё гар” гэж хэлсэн. Зүүн гарыг нь даавуугаар боочихсон байсан. Даавууг аваад харахад зүүн гарын тохой хэсэг нь хавдчихсан, хувцсыг тайлахад баруун гар хөхөрсөн, гэдэс хэсэгт 3 том хөхрөлт, бөөрний хэсэгт хөхрөлт, бөгс хөх, улаан эрээн, хоёр гуяны дотор гадна тал хөх, шилбэ бас хөх байсан. Би Т-тай нилээн хэрүүл хийж байгаад гурван хүүгээ аваад гэмтлийн эмнэлэг рүү такситай явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 70-71/, насанд хүрээгүй гэрч Э-ийн: “...Э- орондоо шээсэн байсан. Аав дүүг зодсон. Аав өөрийнхөө тэлээгээр хөл рүү нь цохисон, хусуураар цохисон, төмөр шугамаар дүүгийн хамрыг зүссэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 85/, гэрч Х-ын: “...би орой 22 цагийн үед Т-гийн гэрт орсон. Э- орон дээр буруу хараад унтаж байх шиг байсан. Э- газар гудас дэвсээд хүүхэлдэйн кино үзээд хэвтэж байсан. Би Э-ийг сэрүүн болохоор нь үнсээд Э- дээр очоогүй. ...2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 11-12 цагийн хооронд байх би Т-гийн гэрт очоод хувцсаа угаах гээд ярьсан чинь бид 3 ахын гэрт ирээд хоол хийгээд байж байна гэхээр нь хэзээ харих вэ, гэртээ очоод надад хэлээрэй гэсэн. ...18 цаг өнгөрч байхад би дахин Т- руу ярихад эгч Солонгосоос 2 хүүхэдтэйгээ ирж байгаа манайд 2-3 хонох байх гэхээр нь хувцсаа угаахаа больсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 77-78/, гэрч Б.Ж-гийн: “...2019 оны 3 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө өглөөгүүр Э-ыг зодуулсан байна  гэж хэлсэн. Яагаад хэн зодсон бэ гэхэд Т- зодсон байна гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 80-81/, шинжээчийн 3572 тоот дүгнэлт, шүүх сэтгэц эмгэг судлалын 685 дугаар дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Т-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Т- нь насанд хүрээгүй хохирогч О.Э-ыг орондоо шээлээ гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогч О.Э-ыг бага насны буюу 4 настай, бие хамгаалах чадваргүй болохыг мэдэж байсан буюу хамт амьдарч байсан хойд эцэг нь тул дээрх гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Мөн өөрийн гэр бүлийн гишүүний буюу Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заасан тул гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнд хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзлээ.

Түүнчлэн, бага насны хохирогчид шүүгдэгчийн үйлдлийн улмаас хүнд хохирол учирсан, уг гэмтлийн улмаас 9 удаа хагалгаанд орсон, мөн F43.1 буюу Сэтгэл зүйн гэмтлийн дараах стрессийн эмгэгтэй болж, бие махбодын, сэтгэл  санааны шаналал, зовиуртай болсон нь нотлох баримтуудаар тогтоогджээ.

Шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч Б.Т-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч О.Э-ын биед хүнд хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс эмчилгээний зардалд 1.979.359 төгрөг, насанд хүрээгүй хохирогчийг асарч, сахиж байсан өөрийн ээжийнх авах ёстой байсан 2 сарын цалин 1.400.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөг, нийт 8.379.359 төгрөг нэхэмжилснээс шүүх эмчилгээ, сувилгааны зардалд 1.745.250 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Харин насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс хоол, хүнс авсан 234.109 төгрөгийг хохирлоос хасч тооцсон болно.

Хохирогч нь гэмтэл авсан эсэхээс үл шалтгаалан хоол, хүнс хэрэглэх тул дээрх хохирлыг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд оруулан тооцох үндэслэлгүй гэж үзнэ.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.О- нь бага насны буюу 9 сартай хүүхэдтэй тул насанд хүрээгүй хохирогчийг эмнэлэгт сахих боломжгүй байсан байх ба насанд хүрээгүй хохирогчийн эмээ болох Б.Ж-гийн авах ёстой байсан 2 сарын цалин 1.400.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт Монруд ХХК-ниас 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ирүүлсэн 094 тоот албан бичигт “Б.Ж- тус компанид 2019.02.28-ны өдрөөс хойш ажиллаж байгаа бөгөөд нэг сарын цалин 700.000 төгрөг болно. 3 дугаар сарын 14-ний өдрөөс ар гэрийн гачигдлын улмаас хуваарийн дагуу ажиллах боломжгүй тул чөлөө авсан болно” гэсэн албан бичиг болон түүний компанидаа гаргасан өргөдөл, эмнэлгийн магадлагааг үндэслэн дээрх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэн нийт 3.145.250 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарт олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэл санааны хохиролд 5.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд энэ талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.Т-г гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй, шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 10 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэсэн санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч Б.Т-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, насанд хохирогчийн биеийн байдал, Шүүх сэтгэц эмгэг судлалын 685 дугаар дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогч О.Э- нь F43.1 буюу Сэтгэл зүйн гэмтлийн дараах стрессийн эмгэгтэй. Энэ нь олдмол эмгэг. О.Э-ын F43.1 буюу Сэтгэл зүйн гэмтлийн дараах стрессийн эмгэг нь хүүхдэд стресс үүсгэх хүчин зүйл буюу ойр дотны хүнээ алдах хүчирхийлэлд өртөх, юмнаас айж цочирдох зэргийн улмаас үүсдэг эмгэг гэсэн дүгнэлт зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д шүүхээс оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, учирсан хор уршиг зэрэг нөхцөл байдлыг харгалзан хаалттай дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчийн урд энэ хэрэгт цагдан хоригдсон хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 25.5 см урттай бор иштэй 1 ширхэг хугархай модон хусуурыг устгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Т-г “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэжүйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар Б.Т-г 10 жил хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Т-д оногдуулсан 10 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар Б.Т-гийн урьд цагдан хоригдсон 78 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
  5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-гаас 3.145.250 төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчид олгосугай.
  7. Насанд хүрээгүй хохирогч О.Э-, түүний хууль ёсны төлөөлөгч нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хугархай модон хусуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР

 

   ШҮҮГЧИД                                    Т.БАТЖАРГАЛ