Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 134/ШШ2018/00145

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Э.О ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ГСА, Б сумын ЕБС  /РД:4611225/-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гэрч Ж.М, О.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Э.О миний бие нь тус сургуулийн гал тогоонд тогоочоор тасралтгүй 8 жил ажиллаж байна. Ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй төдийгүй хүүхдүүдэд хоёргүй сэтгэлээр хандаж ажиллаж ирсэн. Гэтэл Р.С сургуулийн захирлаар томилогдож ирсэн цагаасаа ямар нэгэн байдлаар гадуурхаж ирсэн. 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр сургуулийн захирал, дотуур байрны багш нар гал тогоонд үзлэг хийсэн. Шарах шүүгээнд сурагчдын идээгүй орхисон боорцогны үлдэгдэл, гурилын үлдэгдлийг үзээд юу ч хэлэлгүй гараад явсан. 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр захирал намайг өрөөндөө дуудаж өөрөө халагдах өргөдлөө бичиж өг, энэ нь чамд ашигтай шүү гэж хэлсэн. Би ямар алдаа гаргаад, ажлаас гарах болсон тухай асуухад боорцог хийж хүүхдийн хоолноос гурил илүү гаргаж хувьдаа завших гэж байсныг бид илрүүлсэн.

Иймээс чамайг ажлаас хална гэсэн. Би ажлаас халах саналыг хүлээн зөвшөөрөхгүй, тэр өдөр өглөөний цайны боорцгоо аваагүй 6 хүүхдийн боорцог үлдсэн байсан хоолноос илүү гарсан гурилыг няравт буцааж өгөхөөр цааш нь тавьсан гэж тайлбарласан. Гэтэл захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан хоёрыг өрөөндөө дуудаж гал тогоог шалгахад цайны боорцог, гурил илүү гарсан байсныг сумын Засаг даргад танилцуулсан учир би тогоочийг ажлаас халах саналтай байна. Та хоёр ямар саналтай байна вэ? гэж асуухад нөгөө хоёр бид ч гэсэн хөдөлмөрийн гэрээг цуцлах саналтай байна гэж хариу хэлсэн. Би та нар хүний амьдралыг шийдэх гэж байж яагаад очиж үзээгүй санал нэгтэй хөдөлмөрийн гэрээг цуцлах гээд байгаа юм бэ гэж хэлсэн. Сургуулийн захирал ажилтантайгаа ёс зүйгүй харьцаж, битгий хуц, битгий худлаа яриад бай гэж үг тайлбар хэлүүлэхгүй дарамталж, доромжилсон. Тэгээд намайг чи өөрөө ажлаас гарах өргөдлөө өг гээд дахин дарамталсан. Тэгэхээр нь би таны саналыг хүлээн зөвшөөрөхгүй, хэрвээ надад тушаал гаргах гэж байгаа бол өөрөө мэд гэж хэлээд өрөөнөөс нь гарсан. 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ажил хүлээлцэх комисс  гээд 5 хүн орж ирээд захирлын 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 тоот тушаалыг танилцуулахад, хүлээн зөвшөөрөхгүй гээд захиралтай уулзах гэтэл ажилдаа ирээгүй сургалтад явсан байсан.

Жич: 2017 онд сургуулийн дотуур байранд 25-30 хүүхэд амьдарч байсан. Хоолны өдөрлөгийг тухайн өдрийн хүүхдийн тоогоор өдөр бүр надаар гарын үсэг зуруулж баталгаажуулдаг байсан. Гэвч хуурамчаар өдөрлөгийн 40 хүүхдээр бодож хамгийн сүүлд хүүхдийн хүнсний материалыг надад олгож, миний гарын үсгийг хуурамчаар зурдаг байсныг би сүүлд мэдсэн. Сургуулийн захирал ер нь багш, ажилчдыг байнга өөрсдөө өргөдлөө өгөөд ажлаас халагд, та нарын оронд ажиллах хүн зөндөө байна гэж загнадаг. Намайг халах шалтгаан нь урьд өмнө нь хүнсний материал зарлагадуулж байсан, мөн хүүхдийн хоолны өдөрлөгт хүүхдийн тоог нэмж баталгаажуулахад татгалзсан, ажилчдын цалинг буруу бодож олгосон байна гэж байснаас болж өнөөдрийн энэ тушаал гаргасан болов уу гэж бодож байна. Хэдийгээр өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байсан нь ажлаас халах хэмжээнд хүрэх ёсгүй. Миний зүгээс хүүхдийн хоолноос болон хүүхдийн хоолны материалаас хувьдаа завшиж байсан удаа байхгүй, зөрчил гаргаж, арга хэмжээ ч авагдаж байгаагүй, өөрийн хариуцсан ажилдаа хариуцлагатай хандаж ирсэн. Сургуулийн захирал хууль бус шийдвэр гаргаж, хөдөлмөрийн хуулинд заасан хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрхийг ноцтойгоор зөрчиж намайг хохироож байгаа учраас хууль бус гэж үзэж байна.

Иймд, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр дунд сургуулийн тогоочийн ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Р.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Э.О нь Хөдөлмөрийн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, боловсролын байгууллагын ажилтны ёс зүйг тус тус ноцтой зөрчсөн. Түүний уг үйлдэл нь гэм хэргийн шинжтэй үйлдэл байсан ч захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцээд ажлаас халах шийдвэр гаргасан. Э.Од нь ажиллаж байх хугацаандаа дотуур байрны хүүхдийн хоолны нормт бүтээгдэхүүнийг удаа дараагийн үйлдлээр байнга завшдаг байсан. Энэ талаар бид тухайн үед шүүх, цагдаа гээд яахав гээд чамайг ажлаас халлаа гэхэд би буруугаа хүлээж байна, миний буруу захирлаа гээд захирлын өрөөнд орж ирээд уучлалт гуйж, энэ үед манай сургуулийн багш ажилчид байсан бөгөөд түүний ярьсан яриаг бичлэг хийж хадгалсан. Ирээдүй хойч үедээ сурган хүмүүжүүлдэг боловсролын байгууллагад ажилладаг хүн ёс зүй болон бусад байдлаар бусдыг үлгэрлэх ёстой байтал хулгай хийж, албаны бараа бүтээгдэхүүнийг хувьдаа завшдаг гэмт үйлдэл гаргасан ажилтантай миний бие цаашид хамтран ажиллаж боломжгүй бөгөөд Э.О ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Э.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Говьсүмбэр аймгийн 4 дүгээр дунд сургуульд 2009 оноос 8 жил ажиллаж байгаа. Нэхэмжлэлийн утга нь 01 дүгээр сарын 29-нд захирал гал тогоонд орж ирж шалгалт хийсэн. Захирал шалгалт хийж байхдаа дотуур байрны үлдэгдэл боов, хоол хийгээд үлдсэн гурил гал тогоонд байсан. Тэрийг үзчихээд чи гал тогооны гурил, боовноос илүү гаргаж хувьдаа завшиж, байнга зөөдөг юм байна гэж намайг загнасан. Би өөдөөс нь захирлаа угаасаа ингэж үлддэг шүү дээ гэж хэлэхэд, битгий солиороод, хуцаад бай гээд загнахад нь би юу ч хэлээгүй. Дараа нь намайг өрөөндөө дуудаад чамайг ажлаас хална гэсэн. Тэгэхээр нь би ямар зөрчил гаргасан юм бэ? гэхэд, чи ер нь дандаа хүүхдийн боов, гурил илүү гаргаж завшдаг гэхээр нь үгүй шүү дээ захирлаа угаасаа хүүхдийн боовноос илүү гардаг, тэгээд хүүхдүүддээ тараагаад өгчихдөг гэсэн чинь битгий солиороод, хуцаад бай гээд загнасан. Тэгээд би чамайг хална, захирлын дэргэдэх зөвлөлөөр оруулна гээд 2 хоногийн дараа нийгмийн ажилтан, эрхлэгч хоёртой гурвуулаа сууж байгаад, нийгмийн ажилтан, эрхлэгч хоёроос Э.О ажлаас халмаар байна, Э.О ажлаас халах санал байна уу гэхэд халах саналтай байна гэсэн. Би ямар зөрчил гаргасан юм бэ? гэж асуухад чи хүүхдийн боов, гурил илүү гарган хувьдаа завших гэж байсан гэхээр нь би тэгдэггүй шүү дээ захирлаа гэсэн чинь өөдөөс уурласан. Дараа нь ахиад дуудаад хоёулаа уулзахад чи яг үнэнээ хэл гэсэн, тэгэхээр нь нярваас би норм, стандартынхаа дагуу гурил, хүнсээ авдаг, та намайг хүүхэд өлсгөж болохгүй гэсэн шаардлага тавьдаг, би таны хэлснээр л хийдэг гэсэн чинь битгий хуцаад солиороод бай, дандаа худлаа хуцаж байхын гэсэн. Тэгээд утсаар ярьж байснаа босоод цонхон дээр утсаар ярьсан. Тэгээд би захирлаа, та нар тэгвэл миний гарын үсгийг яах гэж хуурамчаар зурсан юм бэ гэсэн. Тухайн үед 25-30 хүүхэдтэй байсан. Тэр үед туслах тогооч надад, нярав 30 хүүхэдтэй байхад 40 хүүхэд болгоод таны өмнөөс гарын үсгийг чинь зурсан байна лээ. Дараа нь няравт хэлсэн чинь ингээд болоод байдаг шүү дээ гэхээр нь би 40 хүүхдийн тоон дээр гарын үсэг зурахгүй шүү гэж хэлсэн. Иймэрхүү юмнаас болоод ажлаас халах шалтаг гаргасан байх. Тэгээд тэр гурил аваад шүүгээндээ хийсэн гэсэн, би захирлыг цонхоор хараад, намайг загнана гэж бодоод айж, сандарсандаа шүүгээ рүүгээ хийчихсэн. Тэр боовны хувьд бол том шарах шүүгээндээ л байж байсан. Намайг 2 өдрийн өмнө гурил авч боов хийсэн гэсэн байсан. Тухайн өдөр тийм зүйл байгаагүй. Тухайн өдөр хүүхдүүд цөөхөн ирээд боов илүү гарчихаар нь цагаан хоолны дараа хүүхдүүдэд 2, 3 ширхгээр нь өгөөд дуусгачихдаг. Гэрээсээ хол байгаа хүүхдүүд чинь өлсөнө, захирал тэрийг ойлгохгүй, чи боов завшдаг юм байна гэсэн. Би нөхөртэйгөө, хүүхэдтэйгээ 3-лаа амьдардаг. Тэгээд ажлаас халагдсанаас 2 сарын дараа Р.С захирал намайг сургуулийн хүнснээс хулгай хийдэг гээд Баянтал сумын Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан байсан. Төлөөлөгч намайг дуудаад байцаалт авсан. Би хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн чинь надад мэдүүлгээ өгчихөөд, прокурор дээр очоод асуудлаа шийд гэсэн. Тухайн үед би өмгөөлөгч аваагүй, хуулийн талаар мэдлэггүй болохоороо 500 000 төгрөгөөр торгуулсан. Халагдсаны дараа шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 6 сарын дотор цагдаад өгсөн байсан. Хулгай хийж байгаад баригдсан гэхэд нь би цагдаа дээр очтол Зөрчлийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар намайг 500 000 төгрөгөөр торгосон. Торгуулийн хуудас нь 5 дугаар сарын 4-нд ирсэн.  Би 8 жил ажиллахдаа хүүхдүүдтэй муухай харьцаж, ёс зүйн алдаа гаргаж байгаагүй. Би ажилдаа эргэн орж, ажилгүй байсан хугацааны цалингаа тогтоолгож, эрүүл мэндийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрээ бөглүүлж, Зөрчлийн тухай хуулиар торгуулсан 500 000 төгрөгөө авмаар байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний үйлчлүүлэгч Э.О нь 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Б сумын ЕБС 4 дүгээр дунд сургуулийн захирлын тушаалаар тогоочийн ажилд томилогдсон. Үүнээс хойш 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 8 жил тогтвортой ажилласан нь нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтрээр нотлогддог. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргасан гээд хариуцагч тайлбар дээрээ хэлсэн байдаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргээ сайн ойлгохгүй байх шиг байна. 2018 оны 02 дугаар сарын 01-нд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасны дагуу ажлаас чөлөөлсөн байна. Ажлаас халах үндэслэл нь 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл ноцтой зөрчил гаргасан. Мөн байгууллагын дотоод журмын 9.3.1, 9.3.3, 9.5-ийг зөрчсөн гэж үзсэн. Үүнээс харахад энэ олон зөрчлийг нэг дор гаргасан юм шиг харагдаж байна. Ямар үндэслэлээр халагдсаныг тайлбар дээрээс нь харахад хүүхдийн хоолны гурил, боорцгийг хулгайлсан гэж үзээд байгаа. Шинжээчийн дүгнэлтээр хохирол гаргасан. Уг дүгнэлтэд 1.665 гр гурил, эзэмшигчийн үнэлгээгээр 1730 төгрөг, 225 гр боорцог 7780 төгрөг, нийлээд 9510 төгрөгийн бүтээгдэхүүн ажлын байран дээр нь байсан. Үүнийг авч гарах гэж байсан, завших гээд шүүгээнд хийсэн гэсэн тийм зүйл байхгүй. Нэхэмжлэгч маань үүнийг тайлбарлахдаа өмнө нь ажлаас хална гэдэг байсан, гарын үсэг зур гээд шаарддаг байхад нь би зурдаггүй байсан энэнээс л болоод  намайг халсан байх. Ноцтой зөрчил гээд байгаа нь 9510 төгрөгийн хохирол учирсан гэж харагдаад байгаа боловч байгууллагад хохирол учраагүй байгаа. Хүүхдийн хүнснээс илүү гарсныг нь авч яваад байгууллагад хохирол учруулсан зүйл хавтаст хэргийн нотлох баримтуудаас харагдаагүй. Хохирол учирсан гэх үндэслэл байхгүй. 2017 оны 09 дүгээр сарын 01-нээс 2018 оны 02 дугаар сарын 01-нийг хүртэлх хүүхдийн хоолны өдөрлөгийн санхүүгийн баримтан дээр тогоочийн гарын үсэг байхгүй. Тус сургуулийн захирал хуурамч бичиг баримт бүрдүүлээд, тогоочоор гарын үсэг зуруулах гэхэд нь тогооч нь хууль бус гээд зураагүй гээд ажлаас халсан. Хариуцагч нь өөрөө шүүх хуралдаанд ирдэггүй. Шүүх хуралдаан 03-нд байхад 02-нд цэргийн госпиталд хэвтэж байгаа гээд акт ирүүлсэн байсан. Ерөнхий эмчийн гарын үсэг байхгүй. Би госпиталаас асуусан, 2 жилийн өмнө хүчингүй болсон магадлагаан дээр гарын үсэг зураад, тамга дарчихсан байсан. Ер нь хариуцагч дандаа хууль бус юм хийгээд яваад байгаа. Үүнийг Авилгатай тэмцэх газар өгнө гэж бодож байгаа. Өмнө нь сахилгын шийтгэл гаргаад түүнийгээ давтан гаргасан гэхэд хавтаст хэрэгт нотлох баримт байхгүй, ноцтой зөрчил гаргасан үндэслэл байхгүй. Тэгэхээр үндэслэлгүйгээр ажлаас халагдсан гэж өмгөөлөгчийн зүгээс ойлгож байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар нэхэмжлэгч Э.О Баянтал сумын 4 дүгээр сургуулийн тогоочоор эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны олговорт 2 886 786 төгрөгийг гаргаж өгнө үү гэж хүсээд, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Э.О нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтрийн шимтгэлийг нөхөн төлж, даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг Баянтал сумын 4 дүгээр сургуульд даалгаж өгөхийг шүүхээс хүсч байна гэв.

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Захирлын гаргасан 2018 оны 02 дугаар сарын 01-нд гарсан ажлаас халах тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Өөр ярих зүйлгүй гэв.

 

Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Э.О нь ГСА, Б сумын ЕБС 4 дүгээр дунд сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагчаас “... Э.О нь тус сургуулийн тогоочоор ажиллаж байх хугацаандаа ...боловсролын байгууллагын ажилтны ёс зүйг ноцтой зөрчсөн, ирээдүй хойч үеэ сурган хүмүүжүүлдэг боловсролын байгууллагад ажилладаг хүн ёс зүйн болон бусад байдлаар үлгэрлэх ёстой байтал хулгай хийж, албаны бараа бүтээгдэхүүнийг хувьдаа завшсан гэмт үйлдэл гаргасан ...” хэмээн маргана. 

Ажилтан Э.О ГСА Б сумын ЕБС 4 дүгээр дунд сургуулийн захирлын 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 29 дүгээр тушаалаар тус сургуулийн тогоочийн албан тушаалд томилжээ.

Улмаар ГСА Б сумын ЕБС 4 дүгээр дунд сургуулийн захирлын 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар нэхэмжлэгч Э.О Байгууллагын дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.3.3, 9.3.4, 9.5d, 11 дүгээр зүйлийн 11.22.2.5, 13 дугаар зүйлийн 13.4.1, хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3.9 дэх заалтыг тус тус үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

Учир нь, Б/02 дугаар тушаалаар Э.О сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас чөлөөлөхдөө нэхэмжлэгч ямар зөрчил гаргасан нь тодорхойгүй, тогтоогоогүй байж ажлаас чөлөөлсөн нь буруу болжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...хариуцсан эд хөрөнгөө санаатайгаар шамшигдуулсан ноцтой зөрчил гаргасан, түүнийг  Цагдаагийн байгууллага тогтоож, Зөрчлийн тухай хуулиар 500 000 төгрөгөөр торгосон ...” гэх боловч 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар сахилгын арга хэмжээ авахад хүргэсэн зөрчлийг нэхэмжлэгч гаргасан эсэх нь тодорхойгүй байна.

Учир нь, цагдаагийн эрх бүхий албан тушаалтан 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Зөрчлийн тухай хуулиар торгох арга хэмжээ авсан боловч /хх-32/ Б/02 дугаар тушаалын үндэслэл болсон зөрчилд хамааралтай эсэх нь тогтоогдохгүй байх ба хариуцагч нь зөрчлийг шалгасан, нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэх талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “.... 2017 оны 09 дүгээр сарын 01-нээс 2018 оны 02 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд хүүхдийн хоолны өдөрлөгийн тайлан тооцоо гаргасан санхүүгийн баримтууд дээр тогооч Э.О гарын үсэг байхгүй. Тус сургуулийн захирал хуурамч бичиг баримт бүрдүүлээд, тогоочоор гарын үсэг зуруулах гэхэд нь тогооч нь хууль бус гээд зураагүй гээд ажлаас халсан. 20 хүүхдийн хоолны материал авахад 30-40 хүүхдийн хоолны материал авсан юм шиг зур гэдэг шаардлага тавьсан. Сургуулийн захирал төрийн өмчийг ашиглан шамшигдуулаад дундаас нь хүүхдүүдийн мөнгөнөөс үндсэндээ 30 хоногт 600 000-700 000 төгрөг завшиж байгаа нь харагдаж байна. Шинжээчийн дүгнэлтээр Э.О гарын үсэг биш болохыг тогтоосон. Шүүх хуралдаан хойшлуулах гээд 2 жилийн өмнө хүчингүй болсон магадлагаан дээр гарын үсэг зураад, тамга дарчихсан байсан. Ер нь захирал Р.С нь дандаа хууль бус юм хийгээд яваад байгаа учраас Авилгатай тэмцэх газарт өгнө ...” гэж маргана.

 Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Хавтаст хэрэгт авагдсан CD-н дээр бичигдсэн яриагаар нэхэмжлэгч Э.О хулгай хийснээ хүлээн зөвшөөрсөн гэх боловч CD нь нотлох баримтын шаардлага хангахгүй байсан ба шүүх үнэлээгүй болно.

Түүнчлэн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байх ёстой ба хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, нэхэмжлэгч дээрх хуулийн аль заалтыг зөрчсөн болохыг тушаалдаа баримтлах нь хуульд нийцнэ.

Иймд, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг ГСА Б сумын ЕБС 4 дүгээр дунд сургуулийн тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар нэхэмжилснийг түүнийг ажлаас чөлөөлсөн буюу 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах буюу 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаагаар тооцов.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалинг тооцохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-ын А-д "... ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно" гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь нэг сард үндсэн цалин 412 398 төгрөг авч байсан нь түүний 053692 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх57-60/, 2017 оны цалингийн картаар /хх11-13/ тогтоогдож байх ба нэг сард дунджаар 412 398 төгрөгийн цалинтай ажилласан, үүнийг 21.5 хоногт хуваахад /412 398:21.5=19 181/, 1 хоногт 19 181 төгрөгийн цалинтай байна.

Ажилгүй байсан хугацааг тооцвол: Үүнд:2018 оны 02 дугаар сард ажлын 19 хоног, 03 дугаар сард ажлын 21 хоног, 04 дүгээр сард ажлын 21 хоног, 05 дугаар сард 23 хоног, 06 дугаар сард 20 хоног, 07 дугаар сард 19 хоног, 08 дугаар сард 10 хоног, нийт ажлын 133 хоног, 1 хоногийн цалин болох 19 181х133 хоног=2 551 073 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, мөн хуулийн 46.2-д “ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” хэмээн тус тус заажээ.

Иймд, нэхэмжлэгч Э.О нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба харин хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 55 767 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Э.О ГСА Б сумын ЕБС 4 дүгээр дунд сургуулийн тогоочийн ажилд эгүүлэн тогтоосугай,

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ГСА Б сумын ЕБС 4 дүгээр дунд сургуулиас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2 551 073 /хоёр сая таван зуун тавин нэгэн мянга далан гурван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Хөдөлмөрийн  тухай   хуулийн   46  дугаар   зүйлийн  46.1-д  зааснаар нэхэмжлэгч Э.О ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч ГСА Б сумын ЕБС 4 дүгээр дунд сургуульд даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 55 767 /тавин таван мянга долоон зуун жаран долоон/ төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЦОГЗОЛМАА