| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
| Хэргийн индекс | 134/2018/00115/И |
| Дугаар | 134/ШШ2018/00152 |
| Огноо | 2018-08-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 134/ШШ2018/00152
Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1970 онд төрсөн, 48 настай, эрэгтэй, ГСА, С сум, 2 дугаар баг Зараагийн 24 тоотод оршин суух, ИМ ХХК-ийн захирал ажилтай, М.Д /РД:ЕЙ70081310, утас: 98110946/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ГСА ШШГГ-425 дугаар нээлттэй хорих ангид холбогдох
Шийдвэр гүйцэтгэгчийн үнэлгээ тогтоосон шийдвэрийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
ГСА ШШГГ 22-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч дэслэгч М.Х 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 16060206/06 дугаар албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох мэдэгдлийг 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гардан аваад дараах хүсэлтийг гаргаж байна. Төлбөр төлөгч М.Т миний өмчлөлийн Говьсүмбэр аймаг, Сүмбэр сумын 2-р баг, Зараагийн 24 тоотод байрлах Улсын бүртгэлийн Ү-1902001879 дугаартай 36 м2 талбайтай орон сууц, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум 2 дугаар баг, Зараагийн 24 тоотод байрлах 000425113 гэрчилгээний дугаартай 443 м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний эзэмшлийн газрыг шинжээчийн үнэлгээгээр 12 199 849 төгрөгөөр үнэлсэнийг зөвшөөрөхгүй байна.
Үндэслэл нь: Миний бие М.Т нь анх Хас банк ХХК-иас зээл авахад 18 000 000 үнэлж авч байсан орон сууц, газар зэргийг харин өнөөдрийн байдлаар үл хөдлөх, эд хөрөнгийн зах зээлийн үнэ нэмэгдэж байгаагаас буурч байгаа зүйл байхгүй.
Иймд, 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 16060206/06 дугаартай шүүхийн шийдвэрийн газрын гаргасан шийдвэр, үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 134/ШШ2016/00072 дугаартай шүүхийн шийдвэрээр М.Т /ЕЙ70081310/, Б.П /ЗГ730222505/ нараас 12 059 896 төгрөгийг гаргуулж Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бүртгэлийн 16060206 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн баримт бичигт дараах ажиллагааг хийж гүйцэтгэсэн байна.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс эхэлсэн бөгөөд холбогдох байгууллагаас лавлагааг авсан. Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 636 дугаартай албан бичигт Улсын бүртгэлийн Ү-1902001879 дугаартай, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 2 дугаар баг, Зараа гудамжны 24 тоот хаяганд байрлах 36 м2 талбайтай 2 өрөө хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэлтэй. Энэ үл хөдлөх эд хөрөнгө нь Хас банк ХХК-ийн зээлийн барьцаанд бүртгэлтэй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу үзлэг, нэгжлэг хийж битүүмжлэн улсын бүртгэлийн байгууллагад битүүмжилсэн шийдвэрийг хуулийн хугацаанд хүргүүлсэн.
2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 16060206/9 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийг хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийг үнэлгээчнээр томилсон. “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайлангаар үл хөдлөх эд хөрөнгийг 12 199 849 төгрөгөөр үнэлсэнийг талуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар мэдэгдэх хуудсаар танилцуулсан.
Төлбөр төлөгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо шүүхэд гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4 дэх хэсэгт зааснаар түдгэлзүүлж өгөхийг Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргасны дагуу шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн болно. Нэхэмжлэгч М.Т нь шүүхийн шийдвэр гарснаас хойш хэсэгчлэнгээр 1 080 000 төгрөг төлсөн, үлдэгдэл 10 979 896 төгрөг байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг албан ёсны зөвшөөрөлтэй үнэлгээчнээр хийлгэсэн, зах зээлийн бодит үнэ ханштай нийцэж байна гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд төлбөр төлөгч өөрийн хөрөнгөө худалдан борлуулахаар заасан бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь удаашралтай, төлбөр төлөгдөхгүй олон жил болсон гүйцэтгэх баримт бичгийн бодит биелэлтэд саад учруулж зориудаар хугацаа хожиж байгаа гэх үндэслэлтэй.
Иймд, хуулийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч М.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Анх банкинд 18 000 000 төгрөгөөр хашаа байшин үнэлэгдсэн. Манай хашаа, байшинг авна гээд үнэлгээ хийлгэтэл хамаагүй доогуур үнэлгээ гарч ирэхээр нь би хүлээн зөвшөөрөөгүй. Урьд нь банкнаас суллаж өг гэж удаа дараа шахаж шаардахаар нь бид суллан гарч банкинд хүлээлгэн өгсөн. Нэгэнт авч чадахгүй бол бид буцаж хашаа, байшиндаа оръё гээд буцаад орсон. Боломжоороо зээлээ төлөөд явж байсан. Одоогоор эхнэрийн цалингаас төлж байгаа. Хэрвээ банкинд өртэй байгаа үнэлгээнд тохируулаад хашаа, байшинг авъя гэхийн бол өгөх бодолтой байсан. Хашаа байшингаа өгчихөөд өрөө төлөх ямар ч боломжгүй. Би өөрөө группт байдаг. Саяхан ажилтай болсон учраас зээлээ төлөх боломжтой гэв.
Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
М.Т нь Говьсүмбэр аймаг дахь ШШГГ-425 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан шийдвэр гүйцэтгэгчийн үнэлгээ тогтоосон шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч М.Т “... анх Хас банкнаас зээл авахад 18 000 000 төгрөгөөр үнэлж байсан. Манай хашаа, байшинг авна гээд үнэлгээ хийлгэтэл хамаагүй доогуур үнэлсэн учраас би хүлээн зөвшөөрөөгүй” хэмээн маргана.
Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 134/ШШ2016/00072 дугаар шүүхийн шийдвэрээр М.Т, Б.П нараас нийт 12 059 896 төгрөгийг гаргуулан Хас банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Улмаар шийдвэр гүйцэтгэлийн баримт бичиг бичигдсэнээр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж эхэлсэн ба шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулахын тулд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх арга хэмжээг авчээ.
Дээрх арга хэмжээг авахын тулд шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч буюу М.Т мэдэгдэх хуудас хүргүүлж, эрх үүргийг нь тайлбарлан өгч, тэмдэглэлд гарын үсэг зуруулж, төлбөр төлөгчөөс эд хөрөнгийн мэдүүлэг авч, бүртгэлийн байгууллага болон холбогдох байгууллагаас эд хөрөнгийн бүртгэлтэй эсэх талаар лавлагааг гаргуулжээ. Энэ талаар талууд маргаагүй.
Лавлагаагаар улсын бүртгэлийн Ү-1902001879 дугаартай, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 2 дугаар баг, Зараа гудамжны 24 тоот хаяганд байрлах 36 м2 талбайтай, 2 өрөө хувийн орон сууц, тус тоотод байрлах 443 м2 газрын өмчлөгчөөр М.Т бүртгэлтэй болох нь тогтоогдсон ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу дээрх эд хөрөнгийг 16060206/04 дүгээр тогтоолоор битүүмжилж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийг үйлджээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.7-д “Үл хөдлөх эд хөрөнгө болон өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг нь бүртгүүлбэл зохих бусад хөрөнгийг битүүмжилсэн тухай шийдвэрийг улсын бүртгэлийн байгууллагад битүүмжилснээс хойш ажлын 3 өдрийн дотор хүргүүлнэ” хэмээн заасны дагуу 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 03/638 дугаар албан бичгээр хуулийн хугацаанд Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Говьсүмбэр аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн хөрөнгийг худалдан борлуулах, эсхүл гүйцэтгэх баримт бичигт заасан тохиолдолд төлбөр авагчид шилжүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг хураан авна гэж заасны дагуу 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 16060206/05 дугаар тогтоолоор эд хөрөнгийг хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авах тухай мэдэгдлийг тус тус хүргүүлсэн байна.
Улмаар талууд үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчээс ахлах шийдвэр гүйцэтгэгчид шинжээч томилуулах хүсэлтийг гаргаж, 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Шинжээч томилох тухай 05 дугаар тогтоолоор дээрх үл хөдлөх хөрөнгүүдэд үнэлгээ тогтоолгохоор Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийг шинжээчээр томилж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуулийн дагуу явуулсан байна.
Дээрхээс дүгнэхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд зааснаар явуулсан байх ба тодруулбал, шүүх “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө үнэлсэн тухай үнэлгээнд дүгнэлт өгөхгүй ба харин шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхэд дүгнэлт өгөх нь хуульд нийцнэ.
Түүнчлэн шинжээчид шинжээчийн дүгнэлт өгөхөөс зайлсхийх, татгалзах, санаатайгаар худал дүгнэлт гаргах тохиолдолд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг сануулж дүгнэлтийг гаргуулдаг ба “Ашид билгүүн” ХХК-д хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 344 дүгээр тушаалаар 3 жилийн хугацаатай олгосон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-48/
Нэхэмжлэгчээс “... Говьсүмбэр аймгийн хэмжээнд эд хөрөнгийн үнэлгээ ийм байна гэсэн баримт одоогоор байхгүй, гэхдээ нотолж болно гэж” шүүх хуралдаанд тайлбарлах боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.
Иймд, шийдвэр гүйцэтгэгчийн үнэлгээ тогтоосон шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн үнэлгээ тогтоосон шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй олгосугай.
2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА