Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2019/ШЦТ/445

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэжаргал,

Улсын яллагч: Д.Пүрэвдагва,

Шүүгдэгч: Г.Н- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Н-т холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1905021390572 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.Н-, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Г.Н- нь 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэмүүлэл хотхоны хажуугийн саравчинд А-ын нүүрэн тус газар нь мөргөх, гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэх судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Н-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч А-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Н-аас зээлсэн мөнгөө авахаар 10 дугаар хорооллын Велл Марттай байрны хажуу талын саравчинд очиход Ц-, Соёмбо, Н- 3 сууж байсан. Намайг очиход Н- хэл амаар доромжлоод байхаар нь зөрүүлээд “би чамд мөнгөө зээлчихээд, чамд доромжлуулах ёстой юм уу, зээлсэн мөнгөө авах гэж ирлээ” гэхэд Н- намайг заамдахаар нь би Н-ын 2 гарыг цааш нь түлхээд өөрөөсөө холдуулах гэтэл Н- толгойгоороо миний хамар руу 2 удаа мөргөсөн. Н-т мөргүүлээд тонгойтол толгой руу 2, 3 удаа гараараа цохьсон. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан санал хүсэлт байхгүй. Уг гэмтлийг Н- намайг мөргөснөөс болж учирсан. Би эмчилгээ хийлгээгүй, эмчилгээний баримт байхгүй. ЭМЖЖ эмнэлэг дээр хамрын хагалгаанд ороход 559.000 төгрөг шаардлагатай байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 10-11, 33/,

Гэрч О.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...А- ирээд Н-тай муудалцаад тэр хоёр хоорондоо хэрэлдэж байснаа зууралдаж нилээн удсан. Тэгэхээр нь утсаа оролдоод тонгойгоод сууж байтал так гэх чимээ дуугарахаар нь хартал Насаа А-ыг цохиж байсан. А-ын хамраас цус гарсан тэгээд цусаа цүнхнээсээ салфетка гаргаж ирж арччихаад Н-т зээлсэн 10.000 төгрөгөө аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 8/,

Шинжээчийн 5781 тоот дүгнэлтэд: “...А-ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт тогтоогдлоо Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-н 12/,

Яллагдагчаар Н-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр би Тэмүүлэл хотхоны хажуу талын Велл Март хотхоны хашаан дотор байдаг саравчин дотор найз Ц-, Соёмбо нарын хамт сууж байгаад А-т өгөх ёстой байсан 10.000 төгрөгөө өгье “ирээд авчих” гэж ярьсан. А- “очиж чадахгүй шилжүүл” гэсэн би тэгэхээр нь “шилжүүлэх боломж алга ирээд авчих” гэсэн. Утсаар ярьснаас хойш 30 орчим минутын дараа буюу 18 цагийн орчимд А- саравчинд ганцаараа ирсэн. А-ыг ирэхээр нь “ганц хоёр хоног хүлээчиж болсонгүй юу, байгаа бүх мөнгөө чамд өглөө, үхлээ юу” гэтэл “би мөнгөө авмаар байна үхлээ” гээд бид хоёр маргалдсан. А-ын дух руу 2 удаа толгойгоороо мөргөөд гараараа толгой руу нь 2 удаа цохьсон. Намайг мөргөсний дараа А-ын хамарнаас цус гарсан цүнхнээсээ салфетка гаргаж ирээд цусаа арчсан” гэсэн мэдүүлэг /хх-н 30-31/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 2/, компьютерт томографийн оношилгоо /хх-н 11/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 19-25/, хохирлын баримтууд /хх-н 37/, хохирогчийн хүсэлт /хх-н 42/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Н- нь 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэмүүлэл хотхоны хажуугийн саравчинд А-ын нүүрэн тус газар нь мөргөх, гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч А-ын: “...Н- намайг заамдахаар нь би Н-ын 2 гарыг цааш нь түлхээд өөрөөсөө холдуулах гэтэл Н- толгойгоороо миний хамар руу 2 удаа мөргөсөн. Н-т мөргүүлээд тонгойтол толгой руу 2, 3 удаа гараараа цохьсон. ...Уг гэмтлийг Н- намайг мөргөснөөс болж учирсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 10-11, 33/, гэрч О.Ц-ын: “...А- ирээд Н-тай муудалцаад тэр хоёр хоорондоо хэрэлдэж байснаа зууралдаж нилээн удсан. Тэгэхээр нь утсаа оролдоод тонгойгоод сууж байтал так гэх чимээ дуугарахаар нь хартал Насаа, А-ыг цохиж байсан. А-ын хамраас цус гарсан тэгээд цусаа цүнхнээсээ салпетка гаргаж ирж арччихаад Н-т зээлсэн 10.000 төгрөгөө аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 8/, шинжээчийн 5781 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.Н-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Н- нь хохирогч А-тай хувийн харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар мөргөж, гараараа толгой руу нь цохих зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс хохирол төлбөрт 400.000 төгрөг авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 42/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Г.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г.Н-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Н-т хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.ОТГОНБАЯР