Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 395

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

        Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Мандал-Овоо сум, ...............  оршин суух, ******* овогт Ш.Э /РД:КД................../

Ажилласан байдал тогтоолгох нэхэмжлэлийг 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М , нарийн бичгийн дарга Ө.Мөнхзаяа нар  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын ******* нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Э ийг 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын ******* нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэгч өөрөө хэвтэрт байдаг тул ирэх боломжгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Э 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын “*******” нэгдэлд малчнаар ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт:  

1.Нэхэмжлэгч Ш.Э ийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, оршин суугаа багийн Засаг даргын тодорхойлолт,

2.Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын “*******” нэгдлээс нэхэмжлэгчид олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

3.Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 808 дугаар албан бичгээр Ш.Э нь Өмнөговь аймгийн *******ын эмчилгээ тэжээлийн цэгт 1981-1983 онуудад санитарчаар, 1985-1990 онуудад Баянхошуу бригадад малчнаар ажиллаж байхдаа авч байсан цалингийн лавлагаа,

4.2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Ш.Э ээс Ш.М т олгосон итгэмжлэл,

5.Гэрч Д.Х  шүүхэд өгсөн “Ш.Э нь Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд 1980 онд илгээлтээр малчин болж байсан. 1980 оноос Өмнөговь аймгийн *******ад 4 жилийн турш малын эмчээр ажиллаж байгаад 1984 оноос хойш одоог хүртэл мал маллаж байгаа” гэх мэдүүлэг,

6.Гэрч Д.А шүүхэд өгсөн “Ш.Э нь 1980 онд сургуулиа төгсөөд 1984 оноос Батмөнх гэж хүнтэй хамт амьдарч байгаа. 1984 оноос хойш одоог хүртэл мал маллаж байгаа малчин хүмүүс” гэх мэдүүлэг,

7.Гэрч Д.Х , Д.А нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, оршин суугаа багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримт авагджээ.

Нэхэмжлэгч Ш.Э нь 1985 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 сарын 31-ний  өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын “*******” нэгдэлд малчин, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын “*******” нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Харин нэхэмжлэгчийн 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 04 дүгээр сарын 01, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын “*******” нэгдэлд ажиллаж байсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд дээрхи нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгч Ш.Э ийг 1985 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын “*******” нэгдэлд малчин, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын “*******” нэгдэлд малчнаар ажилласан байдлыг тогтоож, тогтоогдохгүй байгаа хэсгийг хэрэгсэхгүй болгон, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 -д зааснаар нэхэмжлэгч ******* овогт Ш.Э /РД:КД................../-ийг 1985 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын “*******” нэгдэлд малчин, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын “*******” нэгдэлд малчнаар ажилласан байдлыг тогтоож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

        2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.Э ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

        3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                А.ЭНХТӨР