Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
Хэргийн индекс | 101/2017/03521/И |
Дугаар | 22 |
Огноо | 2017-12-25 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 22
“ТП” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/03315 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “ТП” ХХК-ийн, хариуцагч “ВК” ХХК-д холбогдуулан гаргасан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 32 508 000 төгрөг, алданги 16 254 000 төгрөг, нийт 48 762 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.
Нэхэмжлэгч “ТП” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ТП” ХХК, “ВК” ХХК-тай 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр СР/А1/06/16 тоот худалдах-худалдан авах гэрээ байгуулж, манай байгууллага нь гэрээний хавсралт 1-д заасан бүтээгдэхүүнийг нийлүүлэх, худалдан авагч тал нийт бүтээгдэхүүний төлбөр болох 245 000 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Захиалгын дагуу ТР-20 стандарт, 12 000 нэгж бүхий 240 000 000 төгрөгийн, ТР-10 стандарт, 5000 нэгж бүхий 5 000 000 төгрөгийн, нийт 245 000 000 төгрөгийн бүтээгдэхүүнийг нийлүүлсэн. 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 2 компанийн нягтлан бодогч нар тооцоо нийлэхэд 37 548 000 төгрөгийг “ВК” ХХК төлөхөөр гарсан. Үүнээс хойш 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр М250 хэмжээстэй, 8.50 хэмжээтэй, 160 000 төгрөгийн нэгж үнэтэй 1 360 000 төгрөгийн үнэ бүхий дайрга, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр М250 хэмжээстэй, 23.00 хэмжээтэй, 160 000 төгрөгийн нэгж үнэтэй 3 680 000 төгрөгийн үнэ бүхий дайрга буюу нийт 5 040 000 төгрөгийн бүтээгдэхүүнийг “ВК” ХХК бартераар шилжүүлж, үлдэгдэл нь 32 508 000 төгрөг болсон. Худалдан авагч тал тээвэрлэлтээ бүрэн хариуцдаг. 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн тооцоо нийлсэн баримтад тамга, тэмдэг дарсан. Тооцоо нийлсэн баримтуудаа бид и-мэйл хаягаар сканердаад явуулдаг байсан. 45 ширхэг баримт байхгүй гэж байгаа нь үндэслэлгүй. Дайрга ачиж ирж хүлээлгэн өгсөн жолооч нар нь гарын үсгээ зурдаг. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.2-т зааснаар 0.3 хувийн алданги төлөхөөр тохиролцсон бөгөөд гэрээгээр тохиролцсон үүргээ зөрчиж байгаа тул алдангид 16 254 000 төгрөг, нийт 48 762 000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч “ВК” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч 37 548 000 төгрөгт тооцоо нийлсэн гэх боловч үүнийгээ нотлоогүй. Учир нь хариуцагч тал гарын үсэг зураагүй. Нэхэмжлэгчээс хэрэгт 120 ширхэг санхүүгийн баримт ирүүлсэн. Эдгээрийг манай компанид байгаа баримтуудтай тулгахад 45 ширхэг баримт нь ирээгүй байна. М.кубийг тооцоход 900 м.куб хайрга, дайрга манай компанид ирээгүй, тооцоо нийлээгүй. Үүнийг 12 000 төгрөгөөр тооцоход 10 800 000 төгрөгийг манай компани үндсэн төлбөрийн үлдэгдлээс хасагдах ёстой. 120 санхүүгийн баримтаас хоёр баримт нь хүлээн авсан талаарх баримт байдаг бөгөөд зарим баримтад хүлээн авсан жолоочийн гарын үсэг тодорхойгүй. Манай үйлдвэрийн харуул бүртгэл хийдэг учраас үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин сүүлд бартераар дайрга нийлүүлсэн. Үүнийг бид хүлээн зөвшөөрч байна. Иймд нийлүүлсэн бүтээгдэхүүний хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч “ВК” ХХК-иас төлбөрийн үлдэгдэл 30 883 000 төгрөг, алданги 15 441 500 төгрөг, нийт 46 324 500 /дөчин зургаан сая гурван зуун хорин дөрвөн мянга таван зуун/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2 437 500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 401 760 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ВК” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 389 572 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ТП” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Би шүүхэд талуудын тооцоо нийлсэн актыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ тайлбарлаж, “ТП” ХХК-иас санхүүгийн анхан шатны баримтыг гаргуулах тухай хүсэлтийг гаргасан. Учир нь уг баримтад зөвхөн “ТП” ХХК-ийн төлөөлөгч гарын үсэг зурж, санхүүгийн тэмдэг дарсан. Шүүх дээрх хүсэлтийг хүлээн аваагүй боловч нэхэмжлэгч нь санхүүгийн баримтуудаа нотлох баримтаар өгсөн. Уг 124 ширхэг нотлох баримтыг нэг бүрчлэн хянаж үзэхэд 900 м.куб бараа бүтээгдэхүүнийг “ВК” ХХК аваагүй болох нь нотлогдсон. Өөрөөр хэлбэл “ВК” ХХК-иас хүлээн авсан хүний гарын үсэг зурагдаагүй, тээвэрлэсэн гэх жолоочийн нэр тодорхойгүй байсан. Энэ талаар шүүх хуралдаанд хэлж, 900 м.куб бараа, бүтээгдэхүүний үнэ болох 10 800 000 төгрөг, алданги 5 400 000 төгрөг, нийт 16 200 000 төгрөгийг төлөх боломжгүй болохоо илэрхийлсэн. Гэтэл шүүх татгалзлалаа нотлоогүй гэх дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийн шаардлагыг 46 324 500 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд 46 324 500 төгрөгөөс 16 200 000 төгрөгийг хасаж, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 30 224 500 төгрөгөөр хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулж, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн боловч зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйг залруулан өөрчлөх боломжтой байна.
Нэхэмжлэгч “ТП” ХХК, хариуцагч “ВК” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 32 508 000 төгрөг, алдангид 16 254 000 төгрөг, нийт 48 762 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч тооцоо нийлсэн актыг зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч 900 м.куб дайрга дутуу нийлүүлсэн, түүний үнэ 10 800 000 төгрөг, алданги 5 400 000 төгрөг, нийт 16 200 000 төгрөгийг төлөх боломжгүй гэж тайлбар гарган маргаж, энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.
Зохигчдын хооронд 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр бараа бүтээгдэхүүн худалдах-худалдан авах тухай СП/А1/06/16 тоот гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар талууд маргаангүй.
Нэхэмжлэгч “ТП” ХХК нь дээрх гэрээнд заасан ТР-20, ТР-10 төрлийн 21 000 м.кубын хэмжээтэй 245 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий дайрга нийлүүлсэн, мөн хоёр компанийн нягтлан бодогч нар хэд хэдэн удаа тооцоо нийлсэн акт үйлдэн баталгаажуулж байсан болох нь хэрэгт авагдсан тооцоо нийлсэн акт, бүтээгдэхүүн нийлүүлсэн тухай баримтаар тогтоогдсон байна. /хх-7-9, 50-90 дүгээр тал/
Хариуцагч тал, “... 45 ширхэг баримт манайд ирээгүй, 900 м.куб дайрга хүлээж аваагүй... ” гэж маргах боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй, нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтыг няцаагаагүй тул хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй байна. Анхан шатны шүүх, энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хариуцагч “ВК” ХХК-иас худалдан авсан бүтээгдэхүүний үлдэгдэл үнэд 30 883 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцжээ.
Харин Иргэний хуульд заасан алданги тооцох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ хууль болон гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй тохиолдолд хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тодорхой хувиар алданги тооцон төлүүлэхээр гэрээний талууд тохиролцох нь үүргийн гүйцэтгэлийг хангах нэг арга юм.
Зохигчид гэрээгээр төлбөрийн нөхцөл, төлбөр барагдуулах хуваарийг баталсан байх бөгөөд уг нөхцлийн 3а-д зааснаар худалдан авагч буюу хариуцагч нь худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрийг дараа төлбөрт хэлбэрээр буюу сар бүрийн 30-нд тооцоо нийлж, худалдагчийн нэхэмжлэхийн дагуу 5 хоногийн дотор бүтээгдэхүүний үнийг бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон байна. Уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд мөн гэрээний 4.2 дахь заалтаар худалдагчийн заасан хугацаанд нэхэмжилсэн төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.3 хувийн алдангийг худалдагчид төлөх хариуцлага хүлээжээ.
Хэргийн 8 дугаар талд авагдсан 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2 талын нягтлан бодогчийн гарын үсэг, санхүүгийн тамга, тэмдгээр баталгаажсан тооцоо нийлсэн актаар хариуцагч нь 37 548 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан байх бөгөөд үүнээс хойш нэхэмжлэгч тал, 3 удаа буюу 2016 оны 11 дүгээр сарын 09, 2017 оны 6 дугаар сарын 23, 7 дугаар сарын 04-ний өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн боловч хариуцагч талд танилцуулж, баталгаажуулаагүйн гадна, гэрээний 1-р хавсралтын төлбөрийн нөхцөл, төлбөр барагдуулах график хэсгийн 3а-д заасны дагуу худалдан авагч компанид “төлбөрийн нэхэмжлэх” хүргүүлж байсан гэдэг нөхцөл байдал баримтаар тогтоогдохгүй байна. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргийг хууль болон гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх учиртай. Талуудын гэрээгээр худалдан авагч төлбөр төлөх хугацааг “нэхэмжлэх хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор” гэж тодорхойлсон байна. Хэрэгт төлбөрийн нэхэмжлэхийг хариуцагчид өгсөн баримт байхгүй байх тул гэрээний үүргийг зөрчсөн гэж үзэх хугацааг тодорхойлох боломжгүй байна. Иймд нэхэмжлэгч “ТП” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас хугацаа хэтрүүлсний алданги шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/03315 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ВК” ХХК-иас 30 883 000 төгрөг /гучин сая найман зуун наян гурван мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ТП” ХХК-д олгож, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 17 879 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “389 572” гэснийг “312 365” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Ч.ЦЭНД