Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 128

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч А.Цэрэнханд даргалж

Нарийн бичгийн дарга Энхмөрөн

Улсын яллагч Б.Батбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Замын Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141  дүгээр зүйлийн 2141.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт  үйлдэж ирүүлсэн

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд сумын харъяат, 1966 оны 06 сарын 16-нд төрсөн, 50 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 10, эхнэр, 8 хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг, Жинчингийн 1-17 тоотод оршин суух, энэ хэрэгт татагдахдаа хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл Сэрээтэр овогт Сумъяагийн Энхтөрд /РД: ЕС66061638/ холбогдох эрүүгийн 201610010143 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/

Шүүгдэгч С.Энхтөр нь 2016 оны 06 сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Замын Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 79-17 СҮА улсын дугаартай УАЗ-31512 маркийн  тээврийн хэрэгслээр 1,017025,5 төгрөгийн үнэ бүхий 241,5 кг химийн аюултай бодис болох борын хүчлийг зохих зөвшөөрөлгүйгээр импортолсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Энхтөрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ” Тэр өдөр Эрээнд ачаа ачих гэж  байхад нэг өвөрмонгол 10 шуудай зүйл ачиж явуулъя гэсэн юм. Монголд очихоор чинь би араас чинь очоод авъя гэж хэлэхээр нь хүүхдийн тоглоомтой хамт ачсан. Тэр зүйл нь нунтаг цагаан зүйл байсан, би барилгын материал байх гэж бодсон. Ингээд 10 шуудай зүйл, мөн хүүхдийн тоглоом зэргийг ачаад монголын хил дээр ирж гаалийн шалгалтанд шалгуулсан, мөн мэргэжлийн хяналтанд шалгуулсан. Тэгэхэд хилээр гаргаж болохгүй зүйл байна гэж хэлсэн. Энэ зүйлийг анхнаасаа хилээр нэвтрүүлж болохгүй зүйл гэдгийг мэдэж байж санаатайгаар хилээр оруулж ирсэн асуудал байхгүй юм. Буруу зүйл хийсэн гэдгээ ойлгосон, хөнгөн шийтгэж өгнө үү” гэсэн мэдүүлэг

Шүүгдэгч С.Энхтөрийн мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн “... өдөр 15 цагийн орчимд  гадуур ачаа хайж яваад нэр хаяг тодорхой бус каргоны газарт ажилладаг өвөр Монгол  танихгүй  хүнээс 600 юаниар / 1 ширхэг нь 60 юань/ 10 шуудайтай юм авсан. Тухайн үед зарим нэг шуудай цоорчихсон  байхаар нь хайрцаганд хийсэн байсан...тэгээд гаалийн улсын байцаагчид ачаагаа шалгуулах гэсэн боловч орой болсон байна, маргааш шалгуул гэж хэлсэн.  Маргааш өглөө нь ачаагаа үзүүлээд улсын хилээр гарах гэтэл улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан бараа байна гээд саатуулсан” гэсэн мэдүүлэг

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургууд /хх-ийн 4-6/

Мөрдөн байцаагчийн 2016 оны 07 сарын 27-ны өдрийн 79-17 СҮА улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 9-10/

10 шуудай борын хүчил химийн бодисыг эд мөрийн баримтаар хурааж, хэрэгт хавсаргах тогтоол  /хх-ийн 16/

Гэрч Х.Цогбадрахын мөрдөн байцаалтад өгсөн “ 2016 оны 06 сарын 05-ны өдөр 19-20 цагийн орчимд импортын чиглэлээр 79-17 СҮА улсын дугаартай УАЗ-469  маркийн автомашин  гаалийн хяналт шалгалтанд  хамрагдсан.  Машиныг шалгахад  жолоочоос өөр хүн байгаагүй бөгөөд  машины багаж хэсэгт нэг ижил 5 хайрцагтай барааг  нэгэн жигд өрж байрлуулсан байсан.  Тэгээд би жолоочоос ямар ачаа ачсан талаар тодруулж асуухад  хүүхдийн тоглоом байгаа гэсэн.  Ингээд хайрцагнуудын нэг нэгээр нь задалж үзэхэд голын нэг хайрцагнаас 10 шуудай Boric Acid гэсэн нэртэй нунтаг зүйл гарч ирсэн. Жолоочоос шуудайтай бодисын талаар асуухад  төмрийн хүдэр гэхээр нь танд улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл байна уу? байхгүй бол  энэ зүйлийг төмрийн хүдэр гэж яаж мэдэх вэ, наад зүйлийг чинь тусгай лабротарид шинжилгээ хийлгэж байж мэднэ гэж хэлээд тээврийн хэрэгслийг нь гаалийн хяналтын бүсэд хонуулсан” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 18/

Гэрч А.Ганчимэг мөрдөн  байцаалтад өгсөн” ...79-17 СҮА улсын дугаартай УАЗ-469 машиныг хяналт шалгалт хийхэд ил байгаа 2 хайрцагтай зүйлийг булангаас нь цоолж  үзэхэд нэг ижил  хүүхдийн тоглоомууд байсан. Ингээд импортын хяналтад хамрагдсан  мэдэгдлийг дугуй гэж бичээд  жолоочид өгсөн. Гэтэл орой хил хаах үед гаалийн байцаагч Цогбадрах дуудаад чиний шалгасан машинд шуудайтай зүйл байна гэхээр нь очиж харахад 10 шуудай Борын хүчил нэршилтэй химийн бодис нуух зорилготой ачсан байсан тул гаалийн хяналтын бүсэд саатуулсан. Маргааш өглөө нь дээрхи машины жолооч Энхтөрийг дуудаж уулзаад та улсын хилээр химийн бодис нууж оруулж ирсэн байна, энэ үйлдэлд чинь торгуулийн арга хэмжээ авч, хятад руу буцаах арга хэмжээ  авна гэж хэлтэл юм ярилгүй яваад 2-3 цаг алга болоод ирсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20/

Шинжээчийн 2016 оны 06 сарын 23-ны өдрийн “ 2016 оны 06 сарын 08-ны өдрийн гаалийн  итгэмжлэгдсэн  лабораторийн 0001459 тоот сорилтын  дүнгээр  Борын  хүчил мөн болох нь тогтоогдсон байна.

1.Борын хүчил нь нунтаг цагаан  өнгөтэй битүүмжлэл сайтай хуурай сэрүүн агааржуулалт бүхий газар сайтар хамгаалж  хадгална. Борын хүчил нь  хүний нөхөн үржихүйд хортой бөгөөд эхийн  урагт хор хөнөөл  үзүүлнэ, залгих амьсгалахад хортой.

2.Борын хүчил нь монгол улсад ашиглахыг хязгаарласан, хориглосон бодисын ангилалд хамаарахгүй.

3.Борын хүчил нь  химийн их аюултай бодисын жагсаалтанд  ордог. Химийн хортой  болон аюултай  бодисын тухай хуулийн 15.4 заалт зөрчигдсөн. /15.4-т Зохих зөвшөөрөлгүйгээр химийн хорт болон аюултай бодисыг улсын хилээр  нэвтрүүлэхийг хориглоно/

4.Борын хүчлийг  ариутгал,  цэвэрлэгээний, хүйтэн гагнуур, бясаа жоомны устгалын зориулалтаар  ашигладаг.

5. Хадгалалтын  горимын  дагуу  зөв  хадгалж цаашид  ашиглах боломжтой” гэсэн 72 тоот дүгнэлт  /хх-ийн 29/

Гаалийн итгэмжлэгдсэн лабораторийн 2016 оны 06 сарын 08-ны өдрийн “ мэдүүлсэн дээж сорьц 150 гр, цагаан өнгийн нунтаг, шинжилгээний аргачлал MNS JIS K 0117:2003. / SOS 02:2012/. Шинжилгээний дүн Boric acid /0.836/ Борын хүчил “ гэсэн 0001459 тоот дүгнэлт /хх-ийн 31/

Шүүгдэгч нь ял шийтгэлгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас  /хх-ийн 40/

Химийн хорт болон аюултай  бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон  үйлдвэрлэх, худалдах журам /хх-ийн 89-90/

Химийн их аюултай бодисууд-Химийн аюулын лавлах мэдээлэлийн “II.2.35-д борын хүчил гэсэн жагсаалт /хх-ийн 92-24/

Гэрч Б.Ганбаатарын мөрдөн байцаалтад өсгөн “ 2016 оны 06 сарын 08-ны өдрийн дүгнэлт гаргах үед Ж.Сарантуяа нь ээлжийн амралттай байсан болохоор гарын үсэг зураагүй юм, уг дүгнэлтийг албан ёсны гэж үзнэ. Борын хүчил нь олон улсын химийн бодисын хор аюулын зэрэглэлээр их аюултай химийн бодисын ангилалд багтдаг бөгөөд Монгол Улсын хилээр  экспортлох, импортлох, хил  дамжуулан  тээвэрлэх болон үйлдвэрлэх худалдахад  тусгай зөвшөөрөл шаардагддаг” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 132/

Гэрч Ж.Сарантуяагийн мөрдөн байцаалтад өгсөн “ ...гаалийн байцаагчийн эрх, үүргийнхээ дагуу дүгнэлт гаргах эрхтэй. Уг дүгнэлтийг албан ёсны гэж үзнэ. Борын хүчил нэршилтэй химийн бодисыг  эрх бүхий байгууллага болох БОНХАЖЯ-наас тусгай зөвшөөрөл  авсан аж, ахуй нэгж байгууллагууд  улсын хилээр импортлох эрхтэй, харин иргэн улсын хилээр зөвшөөрөлгүйгээр  нэвтрүүлэхийг хориглодог “ гэсэн мэдүүлэг  /хх-ийн 133-134/

2016 оны 06 сарын 05-ны өдрийн байдлаар АНУ доллар 1,984,44 төгрөг гэсэн Монгол банкнаас зарласан ханшийн тодорхойлолт /хх-ийн 136/

Шинжээчийн 2016 оны 10 сарын 18-ны өдрийн “ Борын хүчлийн гаалийн нэгж үнийг Гаалийн Ерөнхий газрын үнийн мэдээллийн баазаас 03-2091005-15-I30386 дугаарын мэдүүлэгт мэдүүлсэн, борын хүчлийн үнэтэй харьцуулан үнэлгээг тодорхойлов. Үүнд:  1 кг борын  хүчлийг 2,05 ам.доллар буюу 4068,1 төгрөг” гэж үнэлгээ тогтоосон 1 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 158/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч С.Энхтөр нь 2016 оны 06 сарын 05-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотоос 10 шуудай нунтаг цагаан өнгөтэй эд зүйлийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхээр 1 шуудай нунтаг цагаан зүйлийг тээвэрлэсэний хөлсөнд 60 юань, нийт 600 юань авч тээвэрлэн Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн байна.

Шүүгдэгчийн дээрх нэвтрүүлсэн эд зүйлийг гаалийн үзлэг шалгалтаар химийн бодис гэж үзэн Гаалийн газрын итгэмжлэгдсэн лобарторид шинжлүүлэхэд уг бодис нь 2016 оны 06 сарын 08-ны өдрийн 0001459 тоот дүгнэлтээр  /хх-ийн 31/ Борын хүчил  болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн улсын хилээр нэвтрүүлсэн борын хүчил нь химийн их аюултай бодист хамаардаг, түүнчлэн уг бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийн тулд хуульд зааснаар эрх бүхий байгууллагаас зохих зөвшөөрлийг авдаг болох нь хх-ийн 29 дүгээр хуудсанд авагдсан шинжээчийн 2016 оны 06 сарын 23-ны өдрийн 72 тоот дүгнэлт, Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон  үйлдвэрлэх, худалдах журам /хх-ийн 89-90/ зэрэг нотлох баримтаар хэрэгт тогтоогдсон байна.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч С.Энхтөрийнг 241,5 кг борын хүчлийг  Монгол Улсын хилээр зөвшөөрөлгүйгээр итпортлосон гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь шүүгдэгч нь Замын-Үүд Эрээн хотын хооронд зорчигч, тээврийн үйлчилгээ эрхэлдэг бөгөөд уг борын хүчлийг өөрөө ашиглах, бусдад худалдах гэх мэт зорилгоор улсын хилээр нэвтрүүлээгүй, харин 10 шуудай борын хүчлийг БНХАУ-ын Эрээн хотоос Монгол Улс руу нэвтрүүлэхээр хөлсөнд нь 600 юань авч тээвэрлэсэн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч С.Энхтөрийг химийн аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр хил дамжуулан тээвэрлэсэн гэж дүгнэв.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141  дүгээр зүйлийн 2141.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжийг агуулсан байх тул түүнийг химийн аюултай бодисыг хил дамжуулан тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Энхтөрийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон гэрч Х.Цогбадрах, А.Ганчимэг, Б.Ганбаатар, Ж.Сарантуяа нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шинжээчийн 2016 оны 06 сарын 23-ны өдрийн 72 тоот дүгнэлт  /хх-ийн 29/, гаалийн итгэмжлэгдсэн лабораторийн 2016 оны 06 сарын 08-ны өдрийн 0001459 тоот дүгнэлт /хх-ийн 31/, химийн хорт болон аюултай  бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон  үйлдвэрлэх, худалдах журам /хх-ийн 89-90/, химийн их аюултай бодисууд-Химийн аюулын лавлах мэдээлэлийн “II.2.35-д борын хүчил гэсэн жагсаалт /хх-ийн 92-24/ зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.

Иймд Дорноговь аймгийн Замын Үүд дэх Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч С.Энхтөрийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгчийг тухайн хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл болно.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа дээрх хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эд мөрийн баримтын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 241,5 кг борын хүчил нь цаашид ашиглах боломжтой болох нь шинжээчийн 2016 оны 06 сарын 23-ны өдрийн “...2.Борын хүчил нь монгол улсад ашиглахыг хязгаарласан, хориглосон бодисын ангилалд хамаарахгүй...4.Борын хүчлийг  ариутгал,  цэвэрлэгээний, хүйтэн гагнуур, бясаа жоомны устгалын зориулалтаар  ашигладаг. 5. Хадгалалтын горимын дагуу зөв хадгалж цаашид ашиглах боломжтой” гэсэн 72 тоот дүгнэлтээр /хх-ийн 29/ тогтоогдож байх тул 982,446,1 төгрөгийн үнэ бүхий /4,068,1х241,5=982.446.1/  241,5 кг борын хүчлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4-т зааснаар улсын орлого болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

2016 оны 10 сарын 18-ны өдрийн 01 тоот шинжээчийн дүгнэлтэнд /хх-ийн 158/ 1 кг борын хүчлийг 2,05 ам.доллар буюу 4068,1 төгрөг гэж үнэлгээ тогтоосон, АНУ доллар нь 2016 оны 06 сарын 05-ны өдрийн байдлаар Монгол банкнаас зарласан ханшийн тодорхойлолтоор 1,984,44 төгрөг гэсэн  /хх-ийн 136/ байх тул уг үнэлгээ, ханшийг үндэслэн 241,5 кг борын хүчлийн үнийг тооцсон болно.

Эд мөрийн баримтаар хураагдсан 10 шуудай буюу 241,5 кг борын хүчил нь Замын-Үүд дэх Гаалийн газрын баталгаат агуулахад хадгалагдаж байгаа болно.

Мөн хх-ийн 9-10 хуудсанд мөрдөн байцаагчийн 2016 оны 07 сарын 25-ны өдрийн тогтоолоор 79-17 СҮА улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн байх ба уг тээврийн хэрэгсэлийг шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн, ашигласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд мөрдөн байцаагчийн хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, 79-17 СҮА улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгсэлийг шүүгдэгчид буцаан олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284-286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Сэрээтэр овогтой Сумъяагийн Энхтөрийг химийн аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр хил дамжуулан тээвэрлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141  дүгээр зүйлийн 2141.1-т зааснаар шүүгдэгч Сумъяагийн Энхтөрийг 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч С.Энхтөрд оногдуулсан 1 жил 2 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч С.Энхтөр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх, төлбөргүй болохыг дурдаж, 0126278 тоот Монгол, Хятадын  хил орчмын нутаг дэвсгэрт зорчих үнэмлэхийг шүүгдэгчид буцаан олгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 982,446,1 төгрөгийн үнэ бүхий 241,5 кг борын хүчлийг улсын орлого болгосугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар мөрдөн байцаагчийн 2016 оны 07 сарын 25-ны өдрийн 79-17 СҮА улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч С.Энхтөрд буцаан олгосугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч С.Энхтөрд оногдуулсан 1 жил 2 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг цагдаагийн байгууллагад даалгасугай.

7.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол ялтан С.Энхтөрд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ   А.ЦЭРЭНХАНД