Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 495

 

 Л.Хэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Ш.Хосбаяр,

            шүүгдэгч Л.Хийн өмгөөлөгч Д.Наранбулаг,

            нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 234 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Хийн өмгөөлөгч Д.Наранбулагийн гаргасан давж заалдах гомдлоор Л.Хэд холбогдох эрүүгийн 1909000320075 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

            ................, 1999 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр баг, Мандал Уйлантын 9 дүгээр гудамжны 3 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................/;

            Л.Х нь 2018 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 3-4 цагийн үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Санзай” амралтын газрын 1 давхарт байрлах зохион байгуулагчийн өрөөний цонхыг түлхэн нэвтэрч, орлогын 375.000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Л.Хийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ....................... ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Л.Хийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Хийг шийтгэсэн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Л.Х цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Хэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч Л.Хийн өмгөөлөгч Д.Наранбулаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Лувсандоржийн Хонгорсүх нь 2018 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө “Санзай” амралтын газарт найз Т.Отгонтуяа, О.Олзболд, Батбилгүүн, Сувд-Эрдэнэ, Гантуяа, М.Нарангэрэл, Энхбаясгалан нарын хамт амрахаар очсон. Энэ үед амралтын газрын зохион байгуулагч нь О.Олзболд, Гантуяа, Л.Х нарын иргэний үнэмлэхийг хураан авсан. Шөнө явах болоод О.Олзболдтой муудалцаж үнэмлэхээ нэхэхэд амралтын газрын зохион байгуулагч Ч.Ганзориг үнэмлэхийг өгөхгүй байсан учир цонхыг нь түлхэн үнэмлэхээ авах зорилгоор орсон. Зохион байгуулагчийн өрөө рүү анх орохдоо хулгай хийх санаагүй орсон. Ороод О.Олзболд, Гантуяа хоёрын үнэмлэхийг авч, өөрийнхөө үнэмлэхийг үлдээхдээ тэнд байсан 375.000 төгрөгийг авсан боловч маргааш нь буюу 2018 оны 12 дугаар сарын 28-нд зохин байгуулагч Д.Болдбаатараас уучлалт гуйж 375.000 төгрөгийг өгсөн. Анх Л.Х нь зохион байгуулагчийн өрөөнд орохдоо хулгай хийх санаа зорилгогүй орсон. Ороод үнэмлэхээ авах явцад мөнгө байсныг аваад буруу үйлдэл хийснээ ухамсарлан буцаан авчирч өгсөн. Энэ үйлдлийг сайтар судлаж хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 1 хэсэгт зааснаар өөрчилж, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо бүрэн барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзаж, оногдох ялыг тэнсэн харгалзаж өгнө үү.” гэв.

            Прокурор Ш.Хосбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Л.Х нь бусдын орон байранд нэвтэрч, бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар хууль бусаар авч, өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Л.Х нь 2018 оны 12 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 3-4 цагийн үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Санзай” амралтын газрын 1 давхарт байрлах зохион байгуулагчийн өрөөний цонхыг түлхэн нэвтэрч, орлогын 375.000 төгрөгийг хулгайлсан болох нь:

хохирогч Д.Болдбаатарын “...2018 оны 12 дугаар сарын 27-ны үүрийн 04 цагийн орчим 4 залуу манай дүү Ганзоригтой маргаан үүсгэсэн байсан. Тэгээд Ганзориг уг залуучуудыг болиулж амралтнаас гаргах хойгуур 1 залуу нь зохион байгуулагчийн өрөөний цонхыг нь түлхэж ороод ширээний шургуулганд байсан орлогын 375.000 төгрөгийг хулгайлан авсан байсан. ...Манай амралтын газрын өрөөнөөс хулгай хийсэн залуу болох Л.Х өнөөдөр хулгай хийсэн 375.000 төгрөгийг бэлнээр буцаан өгсөн. Би хулгай хийсэн Л.Хийг хяналтын камерын бичлэгийг үзээд таньсан. Л.Х нь ганцаараа өрөөний вакум цонхоор орж ирээд ширээний шургуулга дотроос эд зүйл аваад гарч байсан бичлэг байсан. ...” /хх21-24/,

гэрч Ч.Ганзоригийн “...шөнө 04 цагийн үед бичиг баримтаа авна, явна гээд надтай хэрүүл маргаан хийсэн. Би одоо бичиг баримтыг чинь өгөхгүй, өглөө ав гээд хэлээд өрөөнд нь оруулаад бичиг баримт болон орлогын 375.000 төгрөгийг Болдбаатар ахын өрөөний ширээний шургуулганд хийгээд өрөөний хаалгыг түгжээд гарсан. Тэгээд зарим эмэгтэйчүүд болон залуучууд явсан бөгөөд Олзболд гэх хүүхэдтэй цуг гадаа тамхи татаж байгаад ойр орчмыг шалгаад яваад ирсэн чинь тэр хэд алга болсон байсан. Тэгээд өөрийнхөө харуулын өрөө рүү явж амраад өглөө орлогын мөнгөө хүлээлгэж өгөх гэсэн чинь алга болсон байсан. ...” /хх26-27/,

гэрч О.Олзболдын “...жижүүр ахтай гадаа тамхи татаад миний бичиг баримтыг өгчих гээд гуйж байхад Хонгорсүх алга болсон байсан. Жижүүр ах тамхи татаж дуусаад өрөө рүүгээ орсон чинь хэн ч байхгүй байсан болохоор буцаад гарахад Хонгорсүх миний хажуугаар гүйж гараад бичиг баримтаа авсан, одоо явъя гэсэн. Тэгээд бид 2 машинд суугаад явж байхад миний бичиг баримтыг өгсөн. Надад Хонгорсүх бичиг баримт хулгайлан авсан талаар хэлсэн. Өнөөдөр болохоор бичиг баримтыг авах үедээ бэлэн мөнгө авсан талаараа хэлсэн. ...” /хх33-34/ гэх мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх8-10/, гэрэл зургийн үзүүлэлт /хх11-12/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх14/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч Л.Хийг “хулгайлах” гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

            Шүүгдэгч Л.Хийн хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Шүүхээс Л.Хэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил хорих ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул “оногдуулсан хорих ялыг тэнсэж, хөнгөрүүлж өгнө үү” гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Наранбулагийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэхээр хуульчилжээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Наранбулаг нь шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг эс зөвшөөрч гомдол гаргасан байх боловч шүүгдэгч Л.Х нь мөрдөн байцаалтын шатанд хохирлын 375.000 төгрөгийг хохирогчид хүлээлгэн өгснийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэн анхан шатны шүүх дээрх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан тухайн зүйлд зааснаас доогуур ял оногдуулсныг хөндөхгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 234 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Хийн өмгөөлөгч Д.Наранбулагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 234 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Хийн өмгөөлөгч Д.Наранбулагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

 

 ШҮҮГЧ                                                        Л.ДАРЬСҮРЭН

 

 ШҮҮГЧ                                                        Д.МЯГМАРЖАВ