Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2024/0314

 

 

 

 

 

 

 

 

 

“Э а з” ХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

                                             

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа     

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгчийн төлөөлөгч В.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.С, Э.Б

Нэхэмжлэгч: “Э а з” ХК

Хариуцагч: Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Орхон аймгийн Орон сууц хувьчлах товчоо

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч В.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б, О.С, хариуцагч Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, хариуцагч Орхон аймгийн Орон сууц хувьчлах товчооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд Орон нутгийн өмчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, гуравдагч этгээд Б.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 119/2023/0012

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Э а з” ХК-иас  “Орхон аймгийн Орон сууц хувьчлах товчооны 2001 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 39 тоот тогтоолын хавсралтын 49-64 дүгээрт бүртгэгдсэн Орхон аймгийн Баян-Өндөр сум, Говил баг, Зам 1 дүгээр байрны 1-8 тоот, Зам 2 дугаар байрны 1-8 тоот, нийт 16 айлын орон сууцыг хувьчилсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”

Б.Б-ийн нэр дээр бүртгэлтэй Ү-2101009591 дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Илгээлтийн 1 дүгээр байрны 1-8 тоот орон сууцны 240 м.кв бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газрын нэр дээр бүртгэлтэй Ү-2101010784, Ү-2101006015, Ү-2101010228, Ү-2101005685, Ү-2101011445,Ү-2101005651, Ү-2101010857, Ү-2101010260 дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Илгээлтийн  2 дугаар байрны 1-8 тоот орон сууцны 240 м.кв бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг тус тус хүчингүй  болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Орон сууц хувьчлах тухай хууль /1996/-ийн 6 дугаар зүйлийн 4, 7 дугаар зүйлийн 1, 7 дугаар зүйлийн 3, 11 дүгээр зүйлийн 6, 17 дугаар зүйлийн 1, 18 дугаар зүйлийн 1, Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2018 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 19 дүгээр зүйлийн 19.4.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э а з” ХК-ийн Орхон аймгийн Орон сууц хувьчлах товчоонд холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Орон сууц хувьчлах товчооны 2001 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 39 тоот тогтоолын хавсралтын 49-64 дүгээрт бүртгэгдсэн Орхон аймгийн Баян-Өндөр сум, Говил баг, Зам 1 дүгээр байрны 1-8 тоот, Зам 2 дугаар байрны 1-8 тоот, нийт 16 айлын орон сууцыг хувьчилсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Б.Бат-Эрдэнийн нэр дээр бүртгэлтэй Ү-2101009591 дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Илгээлтийн 1 дүгээр байрны 1-8 тоот орон сууцны 240 м.кв бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газрын нэр дээр бүртгэлтэй Ү-2101010784, Ү-2101006015, Ү-2101010228, Ү-2101005685, Ү-2101011445,Ү-2101005651, Ү-2101010857, Ү-2101010260 дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Илгээлтийн  2 дугаар байрны 1-8 тоот орон сууцны 240 м.кв бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч В.О түүний өмгөөлөгч О.С, Э.Б нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд: ...

3.1. Шүүх манай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо буюу Орон сууц хувьчлалын товчооны тогтоолыг зөвтгөж шийдвэрлэхдээ тухайн үеийн Засгийн газрын Авто замын газрын 1998 оны 06 дугаар сарын 05-н өдрийн 3/300 тоот албан бичиг, тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 1998 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 04 тогтоол, мөн өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, хурлын тэмдэглэл зэрэг баримтуудыг үндэслэсэн нь нотлох баримтуудыг буруу, бүрэн эргэлзээгүйгээр үнэлж чадаагүй гэж үзэж байна.

3.2. Учир нь, 2001 оны орон сууц хувьчлах үйл ажиллагаанд дээрх 1998 оны тогтоол, тэмдэглэлийг үндэслэх ёсгүй байсан бөгөөд тухайн үедээ төрийн өмчит аж ахуйн нэгж байхдаа дээрх тогтоол шийдвэр нь Төрийн өмчийн хороогоор хянуулж, баталгаажиж хууль ёсны хүчин төгөлдөр болох шаардлагыг хангаагүй байсан. Түүнчлэн “Э а з” ХК-ийн төрийн мэдлийн хувьцаа хувьчлагдаж, компанийн удирдлага өөрчлөгдсөн байсан атал 3 жилийн өмнөх, хүчин төгөлдөр болоогүй байсан хурлын шийдвэрийг үндэслэн орон сууцуудыг хувьчлах ажиллагааг хийсэн нь Орон сууц хувьчлах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг буюу “Энэ хууль төрийн өмчийн орон сууцыг хувьчлахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад үйлчилнэ” гэсэн заалт болон мөн хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Төрийн өмчит хуулийн этгээдийн эзэмшилд байгаа орон сууцыг энэ хуулийн дагуу хувьчлах тухай шийдвэрийг Засгийн газар гаргах бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ тухайн хуулийн этгээдийн саналыг харгалзан үзнэ. Шийдвэр гарсан тухай бүр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага уг орон сууцыг хувьчлах ажлыг зохион байгуулна” гэсэн заалтыг зөрчсөн, илт хууль бус болсон.

3.3. Иргэн В.О нь нэхэмжлэгч компанийн төрийн мэдлийн хувьцааг худалдаж авах үед тухайн орон сууцууд компанийн өмчлөлд нь бүртгэлтэй байсан нь хувьчлах талаарх баримтууд болон дараа нь гаргасан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын тодорхойлолт зэрэг баримтуудаар нотлогдож байхад нэхэмжлэгч талыг “орон сууцны хууль ёсны өмчлөгч болохоо шүүхэд нотлоогүй” хэмээн илт үндэслэлгүй дүгнэсэнд гомдож байна.

3.4. Хариуцагч Орон сууц хувьчлалын товчоо нь Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1, 11 дүгээр зүйлийн 3, 12 дугаар зүйлийн 1, 161 дүгээр зүйлийн 1 болон 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтуудыг зөрчиж орон сууц хувьчилсан гэрчилгээ олгоогүй, харин эзэмших гэрчилгээ олгосон нь мөрдөх ёстой хуулиа илт зөрчсөн, хууль бус болсон. Тодруулбал орон сууц хувьчлалын товчоо нь орон сууц эзэмших эрхийн бичиг олгох ёсгүй бөгөөд гагцхүү хууль ёсоор эзэмшиж байгаа буюу “Орон сууц эзэмших эрхийн гэрчилгээ”-тэй, бусад шаардлагыг хангасан хүнд тогтоолоо үндэслэн “Орон сууц хувьчлалын гэрчилгээ” олгох үүргээ зөрчсөн гэж үзэж байна.

3.5. Нэхэмжлэгч компани нь зөвхөн нэг биш олон хувьцаа эзэмшигчтэй Хувьцаат компани бөгөөд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ тэдний эрх хөндөгдөж байгааг дүгнэсэнгүйд харамсаж байна. Түүнчлэн төрийн мэдлийн хувьцааг худалдаж авсан В.Огийн тухайн үед хувьцааны төлбөрт төлсөн төлбөр нь “яагаад энэ компанийн хувьцааг худалдаж авсан бэ гэдэгт үнэлэлт, дүгнэлт хийж чадсангүй. Мэдээж, энэхүү орон сууцууд компанийн өмчлөлд нь байсан болохоор худалдаж авах хүсэл зориг төрж, хуулинд зааснаар шударгаар өмчтэй болсон. Тиймээс ч нэхэмжлэгч талын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ байгааг анзаарч ойлгосонгүй.

Иймээс дээрх үндэслэлээр хэргийг бүхэлд нь хянан үзэж, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдриийн 10 дугаартай шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд холбогдох баримтыг дутуу цуглуулж, талуудын маргаж буй асуудлаар болон бодит нөхцөл байдалд эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

2. Нэхэмжлэгч “Э а з” ХК-ийн Орхон аймгийн Орон сууц хувьчлах товчоонд холбогдуулан “Орхон аймгийн Орон сууц хувьчлах товчооны 2001 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 39 тоот тогтоолын хавсралтын 49-64 дүгээрт бүртгэгдсэн Орхон аймгийн Баян-Өндөр сум, Говил баг, Зам 1 дүгээр байрны 1-8 тоот, Зам 2 дугаар байрны 1-8 тоот, нийт 16 айлын орон сууцыг хувьчилсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Б.Бат-Эрдэнийн нэр дээр бүртгэлтэй Ү-2101009591 дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Илгээлтийн 1 дүгээр байрны 1-8 тоот орон сууцны 240 м.кв бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, Орхон аймгийн Орон нутгийн өмчийн газрын нэр дээр бүртгэлтэй Ү-2101010784, Ү-2101006015, Ү-2101010228, Ү-2101005685, Ү-2101011445,Ү-2101005651, Ү-2101010857, Ү-2101010260 дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Илгээлтийн  2 дугаар байрны 1-8 тоот орон сууцны 240 м.кв бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3. Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын маргаж буй нэхэмжлэлийн шаардлагын зарим үндэслэлтэй холбогдуулан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтуудыг бүрэн дүүрэн цуглуулаагүй, хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй ...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж тус тус заасантай нийцээгүй байна.  

4. Нэхэмжлэгчээс “...Баянцагаан баг ...16 айлын орон сууц 288 м.кв конторын зориулалттай 324 м.кв  146.305.300 төгрөгийн үнэ бүхий барилгыг Ү-2101005255 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгосон” гэж, гуравдагч этгээдээс “16 айлын орон сууцны байршил Говил, Баянцагаан гэж 2 яригдаад байна. Иргэний хэрэг дээр газрын байршлын талаар маргадаг, В.О гуайн нэхэмжлээд байгаа Говилын 16 айлын орон сууцны байр Ү-2101005222 дугаартай биш, Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах авто замын хуучин баранк байшин” гэж, хариуцагчаас “...2 өөр газар байрлалтай хөрөнгөд нэг гэрчилгээ олгосон, ...16 айлын орон сууц, контор Говилд байгаа, нийлүүлээд нэг гэрчилгээ гаргасан гэж үзэж байна” гэж тус тус тайлбарлан маргажээ.

5. Хэрэгт нотлох баримтаар авагдсан 1994 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн “БНМАУ Эрдэнэт хотын АДХ-ын Тэргүүлэгчдийн” 14 дүгээр тогтоолын Нэг. “Баян-Өндөр, Жаргалант суманд дор дурдсанаар баг байгуулахаар тогтоосугай” гээд, тус тогтоолын 12-т Говил баг –“Говилын илгээлтийн сууц, гэрийн хороолол, цэргийн анги”, 13-т Баянцагаан баг- “Төмөр замын орон сууц, нарлаг геологчдын тосгон” гэж тус тус зааснаас үзэхэд маргаан бүхий 16 айлын орон сууц нь аль багт байрлаж байсан, одоо аль багт байгаа талаарх баримтуудыг цуглуулж, дүгнэлт өгөх шаардлагатай.

6. Түүнчлэн нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...1998 оны 3/300 тоот албан бичиг, 03, 04 тоот тогтоол, Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, тэмдэглэл зэрэг баримтууд нь хууль ёсны хүчин төгөлдөр байх шаардлагыг хангаагүй, ...3 жилийн өмнөх хүчин төгөлдөр болоогүй байсан шийдвэрийг үндэслэн орон сууцыг хувьчилсан нь илт хууль бус” гэж тайлбарлан маргаж буй энэ тохиолдолд нэхэмжлэгч нь дээр дурдсан Хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарсан шийдвэрүүдтэй аливаа байдлаар маргаж буй эсэхийг тодруулсны үндсэн дээр уг үйл баримтад дүгнэлт өгч хэргийг нэг мөр шийдвэрлэхээр байна.

7. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл зөрүүтэй, нэхэмжлэгчээс “...хууль ёсны хүчин төгөлдөр байх шаардлагыг хангаагүй, ...хүчин төгөлдөр болоогүй шийдвэрийг үндэслэсэн” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлан маргаж байх атал шүүхээс уг нөхцөл байдлыг тодруулаагүй, аливаа байдлаар хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

8. Иймд нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах ...” гэж заасан нэхэмжлэлийн аль төрлийг үндэслэн нэхэмжлэл гаргаж байгааг, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4-т заасан аль шийдвэрийг гаргуулахаар шүүхэд хандсаныг тодруулах нь зүйтэй байна.

9. Мөн Монгол Улсын Төрийн өмчийн хорооноос 2002 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “... “Э а з” ХК-ийн нийт хувьцаа гаргах хөрөнгөд 16 айлын орон сууц орсон болохыг тодорхойлжээ. Иймд дээрх 16 айлын орон сууцны хувьчлалын асуудлыг эргэн хянаж, эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй” гэх 2/149 тоот албан бичгийг Орхон аймгийн Орон сууц хувьчлах товчоонд хүргүүлсэн байх бөгөөд хариуцагч Орхон аймгийн Орон сууц хувьчлах товчооноос уг албан бичгийн дагуу ямар ажиллагаа явуулж, хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...хэрхэн шийдвэрлэснийг мэдэхгүй” гэж тайлбарлаж буйгаас үзэхэд шүүхээс дээрх эргэлзээ бүхий нөхцөл байдлыг бүрэн гүйцэт тодруулах шаардлагатай.

10. Ийнхүү анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, хэргийн үйл баримтыг бүх талаас нь, эргэлзээгүйгээр бүрэн тогтоогоогүй, нэхэмжлэлийн  шаардлагын үндэслэлийг тодруулалгүй орхигдуулсан байхад давж заалдах гомдолд дурдсанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй юм.

11. Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөж, эдгээр нөхцөл байдлуудыг тодруулах хууль зүйн боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

        ШҮҮГЧ                                       Г.МӨНХТУЛГА

           ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА

           ШҮҮГЧ                                                            Н.ДОЛГОРСҮРЭН