Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/293

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0266/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд,

Шүүгдэгч С.П- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б- овогт С-ийн П-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2218000000283 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, яс үндэс халх, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сумын ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б- овогт С-ийн П- /РД:/, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.П- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.П- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 зүгээр багийн нутаг дэвсгэр, “Р-” зочид буудлын ... тоот өрөөнд Э.М-тэй маргалдаж түүний хацрыг хазах, бугуй хэсэгт нь цохих, базах, түлхэх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Хохирогч Э.М-ийн өгсөн: “...тэр өдөр ажлаа тараад орой 18:00 цагийн үед П-, Б- хоёртой караоке ороод 1 цаг дуулж суусан, би 3 хундага архи уусан нэг мэдэхэд буудалд сэрсэн, миний утасны сим байхгүй, Б- гэх залуугаас утсаараа яриулчхаач гээд зөндөө гуйж байж дүү рүү гээ ярьсан, дүү шөнийн 2:00 цагт намайг ирж авсан, цагдаагийн газарт очиход эхлээд эмнэлэгт үзүүлчих гээд шүүх шинжилгээнд үзүүлсэн, ... сэрээд П-аас мөнгөө нэхсэн, гэтэл миний дээр гарсан байдалтай хувцас тайлах гээд хүзүү боогоод байсан, маргааш нь явахад миний бие жаахан хөндүүр байсан, шүүх шинжилгээгээр хүчиндсэн шинж тэмдэг байхгүй байна гэж эмч хэлсэн” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад:

Хохирогч Э.М-ийн өгсөн: “...Б- П- ах бид гурав тэр караокед орж 0.5 литрийн хэмжээтэй “Хар экс" нэртэй архи аваад хувааж ууцгаасан. Тэр үед би текен дээр гар утсаа цэнэглүүлчхээд буцаж орж ирээд уугаад сууж байгаад тасарчихсан байна лээ. Нэг сэрсэн чинь Дархан сумын 11 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Р-" зочид буудалд сэрж ирсэн бөгөөд П- ах миний гар утсыг өгөхгүй, гар утасны сим картыг гаргаад хааш нь хийсэн нь мэдэгдэхгүй алга болгочихсон байсан ба миний гар утсыг өгөхгүй байсан юм. Энэ асуудлаас болоод П- ахтай маргалдсан ба П- ах миний хоолойг боож байгаад намайг зодоод эхэлсэн... Сүүл рүүгээ Б- ирж салгасан ба би Б-гийн гар утсыг гуйж дүү рүүгээ залгаад манай дүү болох А- ирж намайг шөнийн 02 цагийн үед авсан. Мөн П- ах миний өчигдрийн ажлын орлого болох 60.000 төгрөгийг бас аваад явчихсан байна лээ... Эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байна. Хуульд заасан арга хэмжээ авч өгнө үү... Мөн би тус өдөр надтай хамт байдаг С.П-, Б- нартай бэлгийн харьцаанд орсон асуудал байхгүй, миний биед ямар нэгэн өөрчлөлт гараагүй, тухайн үед би архи уугаад согтсон байсан учир сайн санахгүй байна. Би энэ талаараа эмэгтэй хүний хувьд өөрийнхөө бие эрүүл мэндийг бодоод мазокийн шинжилгээ өгсөн. Шинжилгээний дүгнэлтээр ямар нэгэн зүйл илрээгүй, уг дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-18 дугаар тал/,

Гэрч П.А-гийн өгсөн: “...би шууд “Р-” зочид буудалд ороод ... тоот өрөөнд ороход эхлээд хаалга нь цоожтой байж байсан, хаалгыг нь тогшиход М- эгч уйлчихсан хаалга тайлсан юм. Би М- эгчийг дагуулаад Дархан-Уул аймаг Дархан сум, 9 дүгээр баг 4-3-ын 04 тоотод байх гэртээ ирээд М- эгч хувцсаа тайлтал бие нь хөх няц болчихсон байсан, би гайхаад М- эгчээс асуутал намайг зодсон бараг алах гэж байлаа гэж хэлэхээр нь би М- эгчийг дагуулаад Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газар ирсэн юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар тал/,

Гэрч Л.Э-ийн өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 16-ны орой 20 цаг өнгөрч байхад манай буудалд 1 эмэгтэй, 2 эрэгтэй залуухан хүмүүс орж ирээд буудлын хүлээлгийн танхимд тэр гурав хоорондоо буудлын мөнгөө нийлүүлэх гээд хоорондоо ярилцаж сууж байгаад М- гэсэн иргэний үнэмлэхээр бүртгэлээ хийлгүүлээд бэлнээр 60,000 төгрөгөөр манай буудлын 203 тоот өрөө лүү орцгоосон, ...Буудалд ороод тэдгээр хүмүүс байж байгаад шөнө 01 цаг өнгөрч байхад гаднаас 1 охин орж ирээд манай буудлын 203 тоот өрөө лүү орсон М- гэх охиныг дагуулаад гараад явсан. Би 203 тоот өрөөг өглөө 09 цагийн үед орж хүлээж аваад дараагийн үйлчлэгчдээ хүлээлгэж өгөхөд өрөөний ширээн дээр 1 ширхэг архины шил харагдаж байсан ба архи уусан бололтой архи үнэртэж байсан. Орны бүтээлэг болон дэвсгэр даавуун дээр ямар нэгэн цус нөж болсон зүйлгүй байсан ба дээр нь хүн суусан юм уу хүн хэвтэж унтсан ч юм уу үрчийж хорчийгоод хураалга нь хөндөгдсөн байдалтай байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр тал/,

Гэрч Ж.Б-ын өгсөн: “... П- ах, М- бид гурав 2022 оны 06 дугаар сарын 16-ны орой 20 цагийн орчимд Дархан сумын 11 дүгээр багт үйл ажиллагаагаа явуулдаг Р- гээд зочид буудал руу орцгоосон... тэр хоёр шөнийн 00 цаг өнгөртөл юм ярьцгаагаад архиа хувааж ууж дуусгасан, ... М- нь зээлсэн 60,000 төгрөгөө П- ахаас нэхэж эхэлсэн ба П- ах гэнэт уурлаад М-тэй зууралдаад тэр хоёр бие биеэ түлхэж эхэлсэн ба би тэр үед салгаад болиулж байсан. Гэтэл П- ах М-тэй орон дээр зууралдаж маргалдаж байх явцдаа М-ийн хацраас нь хазчихсан юм... мөн хоёр гараараа М-ийн гарын бугалга дээрээс нь чанга базаж барьсан мөн гарын булчин хэсгээс нь базаад ор руу түлхэх гэх мэт үйлдэл гаргасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дугаар тал/, 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 638 дугаартай “...Э.М-ийн биед дух, хацар, бугуйнд зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, хүзүү, хэвлийд зулгаралт, зүүн мөр, баруун эгэм, баруун, зүүн бугалга, зүүн шуу, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих, базах, хазах үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 37-38 дугаар тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 10-11 дүгээр тал/,

Бичмэл нотлох баримт хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 12-13 дугаар тал/,

Яллагдагч С.П-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна, санал хүсэлт байхгүй. Би үйлдсэн гэмт хэрэгтээ маш ихээр гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-н 53 дугаар тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Шүүгдэгч С.П-ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч С.П-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Э.М- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд шүүгдэгч С.П-аас 1,200,000 төгрөгийг авсан, хацар дээрх сорив арилаагүй байгаа, хавтаст хэрэгт гаргаж өгсөн баримтын хүрээнд хохирлоо авсан гэж мэдүүлж байх ба хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хортой холбоотой, цаашид гарах зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч С.П-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “учруулсан материалллаг хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд шүүгдэгч С.П- нь эхнэр, 6-12 насны 4 хүүхдийн хамт амьдардаг, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг сарын орлогын хэмжээг харгалзан 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сА-улж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Б- овогт С-ийн П-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.П-д 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.П-д оногдуулсан 800,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 8 сарын хугацаанд, сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сА-улж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болохыг тус тус дурдаж, хохирогч Э.М- нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хортой холбоотой, цаашид гарах зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД