Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2019/ШЦТ/473

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэжаргал,

Улсын яллагч: Т.Оюунжаргал,

Шүүгдэгч: Ч.Ц- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.Ц-т холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1905021320573 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ч.Ц-, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Ч.Ц- нь 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 13 цагийн орчим Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандантэгчилэн хийд дээр баригдаж байгаа барилгын ажлын өрөөнд иргэн Э.М- зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэх судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Ц-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч хохирогчид эмчилгээний зардлыг цалингийн хамт өгсөн байгаа. Цалингаа авна гэхээр нь хэд хоног хүлээх талаар хэлэхэд өөдөөс хүлээж чадахгүй гээд уурлаад байхаар нь нэг удаа цохьсон” гэв.

Хохирогч Э.М-мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 15 цагийн үед хамт ажилладаг байсан Л-, М- нарын хамт хуучин ажлынхаа цалин мөнгийг асуух гээд захирал Ц-тай Гандантэгчлэн хийдийн хашаан дотор баригдаж байгаа “Батцагаан дугана” барилгын оффист захирлын өрөөнд орсон. Тэгээд цалингаа асуухад ирэх долоо хоногт орж магадгүй гэж хэлж байсан. Тэгэхэд захирал Ц- “пизда минь юу гээд байгаан” гэхэд би юу ч дуугараагүй “та буруу сонссон байна” гэхэд уурлаад байсан. Тэгээд уншиж байсан сонингоо нүүр рүү шидээд босч ирээд нуруу руу түлхээд эргээд хартал нүүр рүү 1 удаа гараараа цохьсон. Тэгээд хамарнаас цус гарч үүдэн дээд 2 шүд хугарч ширээн дээр унасан. Тэгээд би 102-т дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 10-12/,

Гэрч Г.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгэхэд захирал уурлаад та нар түр хүлээж бай, бид нар болгох гээд үзээд байна гэхэд амьдрал хэцүү байна, цалин мөнгөө авъя гэхэд захирал Тулгаагийн нүүр рүү гараараа 1 удаа цохиход Тулгаагийн 2 шүд нь ширээн дээр унаж амнаас нь цус гарсан. Тулгаа 102-т дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 13-14/,

Гэрч Л.Л- мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгэхэд захирал бага зэрэг уурлаад Тулгаа руу “чи чанга, чанга ярьлаа, чи над руу муухай харлаа” гээд босож ирээд Тулгаагийн нүүр ам хэсэг рүү 1 удаа гараа зангидаж байгаад цохьсон. Тэгэхэд Мөнхтулгын 1 шүд нь ширээн дээр, 1 шүд нь газар унасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 15-16/,

Шинжээчийн 5749 тоот дүгнэлтэд: “...Э.М-биед гурван шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэдэнэ, хэзээ үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 20/,

Яллагдагчаар Ч.Ц-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...тухайн үед Ц- цалингаа нэхээд ороод ирэхээр нь хүндэтгэлтэй хандсан. Тэгэхэд Мөнхтулга “амьдрал хэцүү байна, та дандаа худлаа ярьж байдаг, би хүлээж чадахгүй” гээд өөдөөс чанга дуугараад нүд нь эргэлдээд байсан. Тэгээд уншиж байсан сонингоо шидээд дараа нь босч очоод цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 31-32/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Хохирогчийн өргөдөл /хх-н 3/, хохирлын баримтууд /хх-н 23-24/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 40-54/, хохирогчийн хүсэлт /хх-н 61/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ч.Ц- нь 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 13 цагийн орчим Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандантэгчилэн хийд дээр баригдаж байгаа барилгын ажлын өрөөнд иргэн Э.М- зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Э.М-: “...захирал Ц- “пизда минь юу гээд байгаан” гэхэд би юу ч дуугараагүй “та буруу сонссон байна” гэхэд уурлаад байсан. Тэгээд уншиж байсан сонингоо нүүр рүү шидээд босч ирээд нуруу руу түлхээд эргээд хартал нүүр рүү 1 удаа гараараа цохьсон. Тэгээд хамарнаас цус гарч үүдэн дээд 2 шүд хугарч ширээн дээр унасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 10-12/, гэрч Г.М-ын: “...Тэгэхэд захирал уурлаад “та нар түр хүлээж бай, бид нар болгох гээд үзээд байна” гэхэд “амьдрал хэцүү байна, цалин мөнгөө авъя” гэхэд захирал Тулгаагийн нүүр рүү гараараа 1 удаа цохиход Тулгаагийн 2 шүд нь ширээн дээр унаж амнаас нь цус гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 13-14/, гэрч Л.Л-: “...Тэгэхэд захирал бага зэрэг уурлаад Тулгаа руу “чи чанга чанга ярьлаа, чи над руу муухай харлаа” гээд босож ирээд Тулгаагийн нүүр ам хэсэг рүү 1 удаа гараа зангидаж байгаад цохьсон. Тэгэхэд Мөнхтулгын 1 шүд нь ширээн дээр 1 шүд нь газар унасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 15-16/, шинжээчийн 5749 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ч.Ц-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.Ц- нь хохирогч Э.Мөнхтулгатай цалингаа авмаар байна гэснээс маргалдан цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс хохирол төлбөрт 3.990.000 төгрөг авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 61/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Ч.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

  Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ч.Ц-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ц-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ц-т хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.ОТГОНБАЯР