| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 102/2016/3090/И |
| Дугаар | 1390 |
| Огноо | 2018-06-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 1390
| 2018 оны 06 сарын 26 өдөр | Дугаар 182/ШШ2018/01390 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ш ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А, О газарт холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд 53,767,476 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Шижирбаатар, хариуцагч О газрын төлөөлөгч М.Мөнхбат, С.Байгалмаа, Г.Алтансүх, шинжээч Д.Шийрэв, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар З.Баярцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь О газар , Ггазартай 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “Гбүтээгдэхүүний улсын нөөцийг худалдан борлуулж, хөрөнгийг улсын нөөцийн бараа борлуулсан орлогын дансанд төвлөрүүлэх” 121-19 тоот гэрээ байгуулсан. Уг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т ”... худалдан авагч нь нийт төлбөрийг 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор буюу гэрээ хэрэгжих хугацаанд багтаан бүрэн төлж барагдуулна. Худалдан авагчийн худалдан борлуулж О газрын төсвийн сангийн улсын нөөцийн барааны борлуулалтын орлогын дансад төвлөрүүлэх дүн нь НӨАТ орсон үнэ байх бөгөөд худалдагч тал НӨАТ төлөгч бус учир худалдан авагчид НӨАТ-аас хөнгөлөлт чөлөөлөлт хийлгэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөөгүй тохиолдолд худалдан авагч тал орлогын нийт дүнгээс НӨАТ-ыг хасаж төвлөрүүлнэ ...” гэж заасан байдаг. Бид гэрээний үүргээ биелүүлж төлбөрийг бүрэн төлсөн, харин хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлээгүй бид холбогдох эрх бүхий байгууллагад хандаж, асуудлыг шийдэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Хариуцагч талууд НӨАТ төлөгч биш учир манай компани өөрийн худалдан борлуулсан улсын нөөцийн шатахуундаа НӨАТ-ыг давхардуулан төлөөд байна. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Өөрөөр хэлбэл манай байгууллагаас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар зардал гарч НӨАТ төлөгдсөн байх тул хохиролд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар 53,767,476 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч О газар , түүний төлөөлөгчид шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх Засгийн газрын Эрсдлийн сангийн төсөв хөрөнгөөр Уул уурхайн яам шатахууны нөөц бүрдүүлсэн. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Г газар нь О газар т хандаж, уг нөөцөд байгаа шатахууныг зарж борлуулахаар болсон. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 111 дүгээр тогтоол гарсан. Уул уурхайн яамны багцаас зарцуулсан шатахуун байгаа бөгөөд улсын нөөцийн Г бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан 1,5 тэрбум төгрөгийг тус газрын 900031005 тоот дансанд төвлөрүүлж, улсын төсөвт оруулсан. Мөн Г газар хариуцаж, тодорхой хэмжээний /8,2 мянган тонн/ шатахуунаа борлуулсан ба энэ борлуулах ажилд О газар оролцоогүй. Шатахуун борлуулсан орлогоо О газрын дансанд төвлөрүүлж ... уг мөнгөөр буцаан шатахуун авч, шатахуунаа Ггазарт өгсөн. Тухайн үед Ггазарт шатахуун худалдан борлуулах хууль эрх зүйн орчин байхгүй байсан учраас О газрын худалдан борлуулах эрхийг нь ашиглаж, гэрээ хэлэлцээр хийсэн. Улсын нөөцийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар “... Стратегийн болон гамшгийн нөөцийн бараа, материалыг Засгийн газраас тогтоосон байршил, нэр төрөл, тоо хэмжээнд бүрдүүлэх ажлыг Онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зохион байгуулна” гэсэн байдаг. Гэрээний агуулгыг Иргэний хуулийн 198.1-т зааснаар уншбал нэхэмжлэгч Ш ХХК нь тухайн үедээ НӨАТ суутган авах боломжтой байхад аваагүй байна. Тэгээд ч энэ НӨАТ-ын асуудлаар манай байгууллагад огт хандаж байгаагүй, А газартай харилцаж явсан байдаг. Уг газар шатахууныг нэхэмжлэгчид нийлүүлж, талууд тооцоо нийлсэн байдаг нь хэрэгт авагдсан баримтаас харагдана. Уг үйл ажиллагаанд бид огт оролцоогүй болно. Хэдийгээр бид гэрээний тал боловч зөвхөн орлогыг л төвлөрүүлэх, хуульд заасны дагуу нөөц бүрдүүлэх үүрэгтэйгээр оролцсон, гэрээнд ямар нэгэн ашиг сонирхолгүй этгээд юм. Нэхэмжлэгч НӨАТ-ын тухай хуульд зааснаар татвар төлөх үүрэгтэй, энэ үүргээ өнөөдөр хохирол гэж нэхээд байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, манай байгууллагыг хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэв.
Хариуцагч А газар, түүний төлөөлөгчид шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 92 дугаар тогтоол, 10 дугаар сарын 27-ны өдрийн 111 дүгээр тогтоол, Монгол Улсын шадар сайд, Уул уурхайн сайдын хамтарсан 11 дүгээр сарын 08-ны өдрийн 34/57 тоот тушаалын дагуу Г газар нь О газар , “Ш” ХХК-тай 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “Гбүтээгдэхүүний улсын нөөцийг худалдан борлуулж, хөрөнгийг улсын нөөцийн бараа борлуулсан орлогын дансанд төвлөрүүлэх” гэрээг харилцан тохиролцож байгуулсан. Гэрээний дагуу “Ш” ХХК-д 303.4 тн автобензин, дизелийн түлшийг тухайн үеийн жижиглэн худалдаалах үнээр худалдан, борлуулалтын орлого нийт 591 442 241 төгрөг /НӨАТ-тай үнэ/-ийг О газрын Төв төрийн сангийн улсын нөөцийн барааны борлуулалтын орлогын дансанд төвлөрүүлсэн болно. Гэвч тус гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу Ггазар НӨАТ-ын хөнгөлөлт чөлөөлөлт хийлгэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөөгүй гэдэг шалтгааны улмаас “Ш” ХХК нь улсын нөөцийг сэлгэн нөхөн бүрдүүлэх үүрэгтэйгээр 2013 онд хүлээн авсан 700.0 тн АИ-92 авто бензинээс 64,5 тн-ыг нь НӨАТ-ын үнэ болох 53 767 476 төгрөгийн барьцаанд авч, маргаан үүсгэж байсан. Гэрээний 4.2-т НӨАТ хөнгөлөлт, чөлөөлтийн асуудлыг тусгайлан зохицуулсан бөгөөд нэхэмжлэгчид НӨАТ-ыг суутган авах эрх байсан. Мөн улсын нөөцийн шатахууныг НӨАТ шингэсэн үнээр борлуулан НӨАТ-ыг давхардуулан төлсөн гэдгийг нотлох баримтгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчид болон шинжээчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ш ХХК нь хариуцагч А газар, О газарт тус тус холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд 53,767,476 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг бид худалдах, худалдан авах гэрээний 4.2-д зааснаар хариуцагч талаас НӨАТ хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх баримтуудыг авч чадаагүй, үүнтэй холбоотой эрх бүхий байгууллагад хандан шийдвэрлүүлэхээр өнөөдрийг хүрсэн боловч үр дүнд хүрээгүй, үүний улмаас бид давхар татвар төлж хохирсон тул хариуцагч талуудаас хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж тайлбарлав.
Хариуцагч О газар нь дээрх тайлбарыг зөвшөөрөхгүй байх бөгөөд бид хэдийгээр гэрээний оролцогч байх боловч зөвхөн улсын нөөцийн шатахууныг бүрдүүлэх эрх хэмжээнийхээ хүрээнд л оролцсон, нэхэмжлэгчид нийлүүлсэн шатахууны нөөцийг бид бүрдүүлээгүй, бид хүлээлгэн өгөөгүй, нэхэмжлэгч нь шатахуунаа А газраас хүлээн авсан нь баримтаар харагддаг бөгөөд бидний хувьд нэхэмжлэгчээс төлсөн мөнгийг дансандаа хүлээн авч, буцаагаад худалдан авалт хийн А газарт хүлээлгэн өгсөн учир нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй гэж мэтгэлцсэн.
Харин хариуцагч А газар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа гэрээний 4.2-т заасны дагуу нэхэмжлэгч нь хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх материалыг бүрдүүлж өгөөгүй тохиолдолд төлөх төлбөрөөсөө суутган авах боломжтой байхад ийм үйлдэл хийгээгүй, мөн улсын нөөцийн шатахууныг НӨАТ шингэсэн үнээр борлуулан НӨАТ-ыг давхардуулан төлсөн гэдгийг нотлох баримтгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Зохигчдын хооронд байгуулагдсан 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 121-19 дугаартай “Гбүтээгдэхүүний улсын нөөцийг худалдан борлуулах” тухай гэрээгээр А газар /хуучин нэрээр Ггазар/, О газар нь 1,978,670 төгрөгийн нэгж үнэтэй 100 тонн, бүгд 197,867,000 төгрөгийн үнэ бүхий регуляр-92 автобензин,
1,933,740 төгрөгийн нэгж үнэтэй 200 тонн, бүгд 386,748,000 төгрөгийн үнэ бүхий зуны дизель түлш,
нийт 584,615,000 төгрөгийн үнэ бүхий 92 автобензин болон дизель түлшийг 2012.10.30-ны өдрөөс 2012.11.15-ны өдрийн хооронд Ш ХХК-нд нийлүүлэх, Ш ХХК нь заасан хугацаанд төлбөрийг төлөх, төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1%-тай тэнцэх хэмжээний алданги тооцох, уг алданги нь нийт гүйцэтгээгүй үүргийн 8%-иас хэтрэхгүй байхаар тус тус тохиролцжээ.
Уг гэрээний дагуу 2012.11.28-ны өдөр Ш ХХК, Ггазрын холбогдох эрх бүхий ажилтан, албан тушаалтнууд байлцаж улсын нөөцийн бүтээгдэхүүн хүлээлцсэн актуудыг үйлдсэн байх бөгөөд уг актуудаар Ш ХХК нь нийт 232,265 литр, 196,905 тонн дизель түлш,
нийт 141,965 литр, 106,474 тонн АИ-92 автобензинийг Ггазраас буюу М-Ойл ХХК-ийн агуулахаас хүлээн авч, төлбөрт 582,985,698 төгрөгийг 2012.11.29-ний өдөр, 12,810,522 төгрөгийг 2012.12.12-ны өдөр тус тус хариуцагч О газрын Төрийн сангийн 900031005 дансанд тушаасан байх боловч О газраас 4,353,979 төгрөгийг илүү төлсөн шалтгаанаар нэхэмжлэгч Ш ХХК-нд буцаан шилжүүлсэн байна.
Өөрөөр хэлбэл Ггазар нь гэрээнд заасан 584,615,000 төгрөгийн үнэ бүхий дизель түлш, АИ-92 автобензинээс илүү хэмжээгээр АИ-92 автобензиныг нэхэмжлэгч Ш ХХК-нд шилжүүлсэн, Ш ХХК нь 584,615,000 төгрөг төлөх байснаас 591,442,241 (582,985,698 + 8,456,543/12,810,522-4,353,979/) төгрөг буюу 6,827,241 төгрөгийг илүү төлжээ.
Дурдсан үйл баримтууд нь зохигчдын тайлбар, 2012.11.08-ны өдрийн гэрээ, түүний хавсралтууд, 2012.11.28-ны өдрийн улсын нөөцийн бүтээгдэхүүн хүлээлцсэн актууд, Ш ХХК-ийн харилцагчийн өглөгийн дэлгэрэнгүй гүйлгээ, 2012.11.29-ний өдрийн төлбөрийн даалгавар зэрэг баримтуудаар тогтоогдов.
Дээрх үйл баримтуудыг үндэслэн шүүх зохигчдын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа байна гэж дүгнэлээ.
Зохигчдын хооронд байгуулагдсан 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т “... худалдан авагч нь нийт төлбөрийг 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор буюу гэрээ хэрэгжих хугацаан багтаан бүрэн төлж барагдуулна. Худалдан авагчийн худалдан борлуулж О газрын төв төрийн сангийн улсын нөөцийн барааны борлуулалтын орлогын дансанд төвлөрүүлэх дүн нь НӨАТ орсон үнэ байх бөгөөд худалдагч тал НӨАТ төлөгч бус учир худалдан авагчид НӨАТатвараас хөнгөлөлт чөлөөлөлт хийлгэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөөгүй тохиолдолд худалдан авагч тал орлогын нийт дүнгээс НӨАТ-ыг хасаж төвлөрүүлнэ ...” гэж заажээ.
Нэхэмжлэгч нь гэрээний уг заалтын дагуу худалдан авсан 591,442,241 төгрөгийн АИ-92 автобензин, дизель түлшинд 53,767,476 төгрөгийн нэмэгдсэн өртөгийн албан татвар төлж, үүнийгээ байгууллагын тайланд авлага хэлбэрээр тусгасан, уг авлагын талаар 2014.12.31-ний өдөр Ггазартай тооцоо нийлсэн акт үйлдсэн байх бөгөөд энэ нь тус шүүхээс 2018.01.09-ний өдрийн 331 дугаартай шүүгчийн захирамжаар шинжээчээр томилогдсон Шонхор үнэлгээ аудит ХХК-ийн 2018.04.20-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлтээр зохигчдын байгуулсан худалдах, худалдан авах гэрээний хүрээнд нийлүүлсэн 591,442,241 төгрөгийн шатахууны НӨАТ-тай борлуулалтын НӨАТ болох 53,767,476 төгрөг нэхэмжлэгч Ш ХХК-ийн 2012 оны 11 сарын НӨАТ-ын тайланд тусгагдсан, түүнчлэн нэхэмжлэгч Ш ХХК нь улсын нөөцийн шатахууныг НӨАТ-тай үнээр худалдан авч үнийг бүрэн шилжүүлсэн, нөөцийн шатахууныг НӨАТ-тай үнээр борлуулж улсаас буцаан авах НӨАТ-аас хасалт хийсэн, тухайн худалдан авалтанд ногдох НӨАТ-ыг 2 дахин төлснийг харуулж байгааг тогтоожээ.
Тодруулбал нэхэмжлэгч Ш ХХК нь гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан үүргээ биелүүлж төлбөрийг төлсөн байхад хариуцагч нар нь үүргээ биелүүлээгүй, хэдийгээр нэхэмжлэгч Ш ХХК нь хариуцагчид төлөх төлбөрөөсөө суутган авах эрхтэй байх боловч ийм үйлдэл хийгээгүй, төлбөрийг бүрэн хэмжээгээр О газрын дансанд шилжүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгч Ш ХХК нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар тухайн худалдан авсан улсын нөөцийн шатахуунд НӨАТ төлж, өөрөөсөө зардал гаргасан үйл баримт тогтоогдож байх тул НӨАТ-ын 53,767,476 төгрөгийг хохиролд тооцон Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч А газраасшаардах эрхтэй гэж үзнэ.
Нэхэмжлэгч Ш ХХК нь 53,767,476 төгрөгийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж 2012 оны 12, 2013 оны 11 саруудад тус тус Ггазарт хандан албан бичиг хүргүүлж байсан, Ггазар нь тус асуудлаар 2013 онд Уул уурхайн яаманд, Уул уурхайн яам нь 2015 онд Сангийн сайдад гэх мэтээр тус тус эрх бүхий байгууллагуудад удаа дараа хандан бие биедээ албан бичиг хүргүүлж байсан байх боловч асуудлыг шийдвэрлээгүй байх тул нэхэмжлэгч Ш ХХК нь 2016.03.22-ны өдөр шүүхэд хандсан болох нь дурдсан албан бичгүүдээр тогтоогдож байх бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх гурван жилийн хугацаа нь мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар тасалдаж, 79.7-д зааснаар хугацааг дахин шинээр тоолох үндэслэл болж байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ш ХХК нь улсын нөөцийн шатахуун, дизель түлшийг тухайн үеийн Ггазар буюу одоогийн Ашигт малтмалын газраас хүлээн авч, түүнтэй тооцоо нийлж, түүнээс НӨАТ-ын 53,767,476 төгрөгийн хөнгөлөлт, чөлөөлөлтийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж, удаа дараа албан бичиг хүргүүлэн өөр хоорондоо харилцаж байсан байдал, уг маргаанд Ашигт малтмал Ггазрын оролцоо өргөн байгааг харгалзан нэхэмжлэгч Ш ХХК-нд учирсан хохирол болох 53,767,476 төгрөгийг А газар хариуцан төлөх үүрэгтэй гэж шүүх дүгнэлээ.
Харин хариуцагч О газрын хувьд гэрээний нэг тал байх боловч уг гэрээгээр хүлээсэн түүний үүрэг нь хязгаарлагдмал, нэхэмжлэгч Ш ХХК-ийн төлсөн мөнгийг л хүлээн авч, өөрийн дансанд байршуулсан байх бөгөөд уг мөнгийг буцаагаад Ашигт малтмал Ггазарт хүлээлгэн өгсөн, үүнээс хойш нэхэмжлэгч Ш ХХК нь хариуцагч О газар тай маргаантай асуудлаар дахин харилцаа үүсгэж байгаагүй болох нь зохигчдын тайлбар, О газар , Ггазрын даргын хамтарсан 2013.08.01-ний өдрийн А/588-125 дугаартай ажлын хэсэг томилох тухай тушаал, О газраас Ггазарт шилжүүлж буй улсын нөөцийн шатахууныг хүлээлцсэн тухай протокол, Монгол улсын шадар сайд, уул уурхайн сайдын хамтарсан 2012.11.08-ны өдрийн 34/57 дугаартай улсын нөөцийн Гбүтээгдэхүүнийг худалдан борлуулж, нөхөн бүрдүүлэх тухай тушаалаар нотлогдсон.
Иймд хариуцагч А газраас53,767,476 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш ХХК-нд олгож, нэхэмжлэлээс хариуцагч О газар т холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч А газрын төлөөлөгч Л.Төмөр, О.Баярмаа, С.Дашдаржаа нар нь өмнөх шүүх хуралдаан хойшилсон 2018.06.12-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэж, хурлын мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан байх боловч шүүх хуралдаанд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй, шинээр цугларсан хэргийн баримтыг танилцаж мэдсэн ч баримтанд гарын үсгээ зураагүй байх бөгөөд шүүх тэдний эрхийг албадан эдлүүлэх боломжгүй, эрхээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн байдлаар саад болоогүй болно.
Иймд нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч А газрын төлөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Тухайн үеийн Ггазар нь Монгол улсын Засгийн газрын 2016.07.27-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор А газар болсныг, түүнчлэн НИК ХХК-иас ирсэн 2018.06.22-ны өдрийн 1/717 дугаартай албан бичиг, түүний хавсралтууд нь хэрэгт хамааралгүй байх тул уг баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч А газраас53,767,476 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш ХХК-нд олгож, нэхэмжлэлээс хариуцагч О газарт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Ш ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 426,788 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч А газраас426,788 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА