Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 23

 

Б.Зын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/02688 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Зын, хариуцагч “КБ” ХХК, “МФ” ХХК нарт холбогдуулан гаргасан “КБ” ХХК, “МФ” ХХК нарын хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Бльюскай” хотхоны 44А, Б, В, Г дугаар байрны зоорийн давхарт байрлах, иргэн Б.Зын өмчлөлийн 34, 35 тоот гараашуудад холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хууль бус хэлцлийн үр дагаврыг арилгаж, барьцаанаас чөлөөлөхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч “КБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Я,

Хариуцагч “КБ” ХХК-ийн өмгөөлөгч Г.Ч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

            Нэхэмжлэгч Б.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “КБ” ХХК нь “МФ” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээг байгуулсан. Ингэхдээ “МФ” ХХК нь 44А, Б, В, Г байрны зоорийн давхрын авто зогсоол тус бүрээр нь өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд энэхүү улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэж, “КБ” ХХК нь захиалагч Б.З миний хөрөнгөөр баригдаж, захиалагч нь эзэмшиж, ашиглаж эхэлсэн авто зогсоолыг хууль зөрчиж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан байна. Би 2008 оны 6 дугаар сарын 21-ний өдөр “МФ” ХХК-тай автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Б” хотхоны 44А, Б, В, Г байрны зоорийн давхрын 34, 35 тоот авто зогсоолуудыг захиалан бариулж, төлбөр тооцоог бүрэн төлсөн боловч “МФ” ХХК-иас авто зогсоолуудын өмчлөх эрхийг хууль ёсны өмчлөгчийн нэр дээр бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй.

            Би дээрхтэй холбоотойгоор Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “МФ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргааныг эвлэрлийн журмаар шийдвэрлэсэн бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2016/01312 дугаар захирамжаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч “МФ” ХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт заасныг зөрчиж, иргэн миний хөрөнгө оруулалтаар бий болсон авто зогсоолыг захиалагч Б.Зын нэр дээр шилжүүлэлгүй, 90 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй барилгын өмчлөх эрхийн улсын бүртгэлийг өөрийн нэр дээр гаргуулсан. Улмаар 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр “КБ” ХХК-тай Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээг байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд миний өмчлөлийн авто зогсоолуудыг барьцаалсан нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасныг болон Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх шаардлагыг тус тус зөрчсөн байна.

            “КБ” ХХК нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 23.4 дэх хэсэгт заасныг зөрчиж, барьцааны хөрөнгийг биечлэн үзэлгүйгээр, иргэн Б.Зын эрх ашгийг зөрчсөн хэлцэл байгуулсан. Иймд “МФ” ХХК болон “КБ” ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Б” хотхоны 44А, Б, В, Г дугаар байрны зоорийн давхарт байрлах, иргэн Б.Зын өмчлөлийн 34, 35 тоот авто зогсоолуудад холбогдох хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хууль бус хэлцлийн үр дагаврыг арилгаж, барьцаанаас чөлөөлөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч “МФ” ХХК-ийн төлөөлөгч Б.Ч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Б.З нь 2008 оны 6 дугаар сарын 21-ний өдөр манай компанитай автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу дахь “Бльюскай” хотхоны 44А, Б, В, Г байрны зоорийн давхарт байрлах 34, 35 тоот 2 ширхэг авто зогсоолыг захиалж, төлбөр тооцоог бүрэн барагдуулсан бөгөөд авто зогсоолоо эзэмшиж ашиглаж байгаа. Нэгэнт тухайн авто зогсоол нь иргэн Б.Зын өмч хөрөнгөөр бий болсон тул түүнийг өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2016/01312 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон. Тус компани Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Б” хотхоныг 2007 оноос эхлэн барьж, 2010 оны 10 сард ашиглалтад оруулж дуусгасан бөгөөд уг хотхоныг барихын тулд “МФ” ХХК болон түүний нэгдэлд хамаарах 10 компани “КБ” ХХК-иас нийт 15 тэрбум орчим төгрөгийн эргэлтийн зээл авч, орон сууцнуудыг иргэдэд худалдан борлуулах замаар төлж барагдуулахаар харилцан тохиролцож, иргэдэд худалдан борлуулсан орлого болон дээрх хотхоноос үл хөдлөх эд хөрөнгүүдийг төлбөрт шилжүүлэх замаар үндсэн зээл 15 тэрбум төгрөгийг болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд 12 тэрбум, нийт 27 орчим тэрбум төгрөгийг төлсөн.

            “МФ” ХХК нь “КБ” ХХК-тай 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот зээлийн гэрээ, Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээг тус тус байгуулж, 205 автомашины гараашийг зээлийн барьцаанд барьцаалуулахаар тусгасан боловч тухайн үед уг үл хөдлөх хөрөнгө бий болоогүй байсан тул хуулийн шаардлага хангасан барьцааны гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй. Харин дээрх зээлийн барьцаанд тус компанийн захирал Б.Б-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хатан туул хотхоны 17 тоот 3 өрөө орон сууцыг хуулийн шаардлага хангаж барьцаалсан. Үүний дараа 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээг байгуулж, 1 560 966 000 төгрөгийн зээлийн үлдэгдлийг төлөх эргэн төлөлтийн хуваарийг баталсан бөгөөд энэхүү зээлийн гэрээгээр зээлийн барьцааны асуудал хэвээр, өөрөөр хэлбэл 205 автомашины гарааш нийтэд нь барьцаалсан хэвээр байсан. Харин “КБ” ХХК-ийн шаардлагаар 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээг шинэчлэн байгуулж, авто зогсоолуудыг 90 хувийн гүйцэтгэлтэйгээр өмчлөх эрхийн гэрчилгээг компанийн нэр дээр бүртгүүлэн “КБ” ХХК-д барьцааны үүргийн гүйцэтгэлд барьцаалах явцдаа 44А, Б, В, Г байрны 34, 35 тоот зогсоолыг иргэн Б.Зд мэдэгдэлгүйгээр барьцаалснаа манай компани бүрэн хүлээн зөвшөөрч байна.

            Гэвч “КБ” ХХК нь зээлийн барьцаанд авто зогсоолуудыг барьцаалахдаа Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасныг зөрчиж, барьцааны хөрөнгийг биечлэн нягтлан шалгаж үзэлгүйгээр зээлийг олгосон. Учир нь тухайн авто зогсоолуудыг барьцаанд бүртгүүлэх үед буюу 2010 оны 9 сард орон сууц болон авто зогсоолууд нь 90 хувийн гүйцэтгэлтэй биш, бүрэн хэмжээгээр баригдсан, /хэдийгээр 10 сард улсын комисс хүлээн авсан хэдий ч/ иргэд 2009 оны 12 сараас тухайн байрандаа нүүн орж байр болон авто зогсоолуудаа эзэмшиж, ашиглаж байсан бөгөөд иргэн Б.З тэдний нэгэн адил авто зогсоолоо ашиглаж байсан. Уг хотхоны орон сууцнуудад 2009 оны 9 сараас холбогдох газруудтай нь гэрээ хийж, дулаан, ус, цахилгаанаа авч эхэлсэн тул гэрээ хийж захиалга өгсөн айлуудаа 2009 оны 12 сараас байранд оруулсан. Учир нь айлууд гэрээ хийж, төлбөр мөнгөө бүрэн төлж, хугацаанд нь байрандаа оруулахыг шаардсан тул ийнхүү ашиглалтад орохоос өмнө айлууд орсон байсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

            Хариуцагч “КБ” ХХК-ийн төлөөлөгч Л.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “КБ” ХХК нь “МФ” ХХК-тай 2007 оны 8 дугаар сарын 10-ны өдөр T07/141 тоот зээлийн гэрээг байгуулж, 1 400 000 ам.долларыг жилийн 20.4 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай зээлсэн. Мөн “МФ” ХХК-тай 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн T07/141 тоот барьцааны зээлийн гэрээг байгуулан, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд зээлээр санхүүжүүлэн барих 5 блок 120 айлын сууцны барилга, газар, дэд бүтцийн хамт, 205 автомашины гарааш, 3 өрөө орон сууц, гараашийн хамт, зээлээр санхүүжүүлэн авах барилгын материал болон “МФ” ХХК-ийн бараа материалын үлдэгдэл, түүнчлэн 2010 оны 5 дугаар сарны 13-ны өдөр “МФ” ХХК-ийн өмчлөлд 44А, Б, В, Г дүгээр байрны тоот тус бүрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсон учир тус банк өмнө байгуулсан гэрээг шинэчлэн байгуулж, 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр T07/141 тоот зээлийн барьцааны гэрээгээр 44А, Б, В, Г дүгээр байрны 1-205 тоот авто зогсоолыг тоот тус бүрээр нэг бүрчлэн барьцаалсан. “КБ” ХХК-ийн “МФ” ХХК-тай байгуулсан дээрх барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтууд болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу бүртгэгдсэн, хүчин төгөлдөр гэрээ юм.

            Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 болон 12 дугаар зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн, баталгаажуулсан байх ёстой. Ийнхүү бүртгүүлж баталгаажуулсан тохиолдолд Иргэний хуульд зааснаар тус гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. “КБ” ХХК-ийн хувьд T07/141 тоот барьцааны гэрээг 2010 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд хуульд заасан зохих журмын дагуу бүртгүүлсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу бүртгэлийн байгууллага нь хуулиар тогтоосон журам зөрчсөн гэрээг бүртгэхээс татгалзах, буцаах эрхтэй байх ба үүнээс бусад тохиолдолд гэрээг бүртгэх үүрэгтэй. Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг бүртгэлийн байгууллагын зүгээс бүртгэсэн нь банк болон барьцаалуулагч хуульд заасан зохих журмыг зөрчөөгүй. Нэхэмжлэгч Б.З нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ өөрийн хөрөнгөөр баригдсан үл хөдлөх хөрөнгийг “МФ” ХХК нь “КБ” ХХК-тай барьцааны гэрээг байгуулахдаа хууль ёсны өмчлөгчөөс нь зөвшөөрөл аваагүй гэж байна. Нэхэмжлэгчийн маргаж буй авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр “МФ” ХХК нь 2007 оны 8 дугаар сарын 20-ны өдөр болон 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 55 хувийн гүйцэтгэлтэйгээр, 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 90 хувийн гүйцэтгэлтэйгээр бүртгэгдэж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасны дагуу өмчлөх эрхээ баталгаажуулж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан.

            Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.4-т ...үл хөдлөх хөрөнгө бол улсын бүртгэлийн гэрчилгээг хувийн хэрэгт нь хавсаргаж бүрдүүлбэрт тусгахаар хуульчилсан байна. Энэ зохицуулалтын дагуу банкны зүгээс барьцаа хөрөнгийн гэрчилгээг шалгасны үндсэн дээр зээлийг олгох үйл ажиллагааг явуулах нэг үндэслэл болдог. “КБ” ХХК нь “Бльюскай” хотхоны 44А, Б, В, Г дугаар байрны 34, 35 тоот авто зогсоолыг зээлийн барьцаанд барьцаалах үед тус орон сууцны өмчлөгчийн гэрчилгээ нь “МФ” ХХК-ийн нэр дээр байсан тул банкны зүгээс тус компанийг хууль ёсны өмчлөгч гэж үзэж, дээрх барьцааны гэрээнүүдийг байгуулсан. Мөн “МФ” ХХК дээрх орон сууцыг зээлийн барьцаанд барьцаалах үед тус барилгын өмчлөгч гэдгээ нотолж авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ, газар ашиглах тухай гэрээ, газрын гэрчилгээ, барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл болон бусад шаардлагатай баримтуудыг гаргаж өгч байсан. Барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт, бусад баримтад тус барилгын захиалагчаар “МФ” ХХК, гүйцэтгэгч компаниар “Вилмар” ХХК байхаар эрх олгосон нь тус барилгын өмчлөгч нь захиалагч болох “МФ” ХХК мөн байна гэж үзэж, итгэх нэг үндэслэл болсон.

            Дээрх авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээнүүд хүчин төгөлдөр хэвээр бөгөөд нэхэмжлэгч нь дээр дурдсан авто зогсоолын өмчлөгчөөр улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг өнөөдрийг хүртэл аваагүй. Харин иргэн Б.З нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2016/01312 тоот захирамжаар тус авто зогсоолын өмчлөгчөөр тогтоогдсон. Үүнээс харахад “МФ” ХХК нь 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 44А, Б, В, Г байрны 34, 35 тоот авто зогсоолын өмчлөгчөөр бүртгүүлж, гэрчилгээ авсан, “КБ” ХХК нь 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр T07/141 тоот зээлийн барьцааны гэрээг хууль ёсны өмчлөгч этгээд болох “МФ” ХХК-тай байгуулж, зохих журмын дагуу бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Харин иргэн Б.З нь барьцааны эрхээс хойно иргэний хэргийн шүүхээр өмчлөгчөөр тогтоолгосон байх тул “КБ” ХХК нь нэхэмжлэгчээс тухайн үед зөвшөөрөл авах, мэдэгдэх нөхцөл бүрдээгүй байсан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т зээлийн хувийн хэрэгт зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтыг бүрдүүлнэ, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн, хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг зээлдүүлэгч банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн эрх бүхий хүмүүсээс газар дээр нь очиж, нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна гэж заасны дагуу тус банкны эрх бүхий этгээд болох хөрөнгийн үнэлгээчин 2007 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 44А, Б, В, Г байрны 55 хувийн гүйцэтгэлтэй баригдаж байх үед барилгыг газар дээр нь очиж шалгасан. Түүнчлэн барьцаа үл хөдлөх хөрөнгийг газар дээр нь очиж шалгаж, танилцах үед тухайн авто зогсоолыг ашиглах нөхцөл бүрдээгүй байсан учраас улсын комисс 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсан. Иймд барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл бүрдээгүй байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэлгүй тул “МФ” ХХК болон “КБ” ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Бльюскай” хотхоны 44А, Б, В, Г дугаар байрны зоорийн давхарт байрлах, иргэн Б.Зын өмчлөлийн 34, 35 тоот гараашуудад холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хууль бус хэлцлийн үр дагаврыг арилгаж, барьцаанаас чөлөөлөхийг даалгуулах тухай Б.Зын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Заас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 346 077 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Зын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх 2008 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээ гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь уг гэрээгээр нэхэмжлэгч нь газар доорх байгууламж буюу авто зогсоолыг захиалж, “МФ” ХХК нь газар доорх байгууламжийг барьж дуусгах үүргийг хүлээсэн, ажлын биет үр дүнг бий болгох зорилготой байгуулсан. Иймд дээрх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ бөгөөд гүйцэтгэгч болох “МФ” ХХК нь мөн хуулийн 343.3 дахь хэсэгт заасны дагуу 34, 35 тоот авто зогсоолуудын өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэгтэй байсан. Гэтэл шүүх барилгыг 55 хувийн гүйцэтгэлтэй буюу орон сууцны зориулалтаар ашиглах боломжгүй хөрөнгө байсан болох нь хэрэгт авагдсан “КБ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан болон талуудын тайлбар, бусад баримтаар нотлогдсоор атал “... барилгын суурийн ажлын хамт гүйцэтгэгдэх гараашийн шалны будаг, тэмдэглэгээнээс бусад хэсэг нь бэлэн болсон” гэж үзэж, худалдах-худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй дээрх баримт нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан бус 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдсан.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ирээдүйд бий болох хөрөнгийг барьцаалсан нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт нийцсэн, улмаар барьцааг төгс болгон баталгаажуулах үүднээс 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр барьцааны гэрээг шинэчилж байгуулсан гэж дүгнэсэнд гомдолтой байна. Учир нь 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 156.3 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус гэрээ юм. Иймд 2010 оны 9 дүгээр сарын зээлийн барьцааны гэрээ нь шинэчлэн байгуулсан гэрээ бус шинээр байгуулсан гэрээ юм.

Хариуцагч “МФ” ХХК нь тус авто зогсоолуудын өмчлөх эрхийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэлгүй, “КБ” ХХК-тай 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр барьцаалсан нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт барьцаалуулагч барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн түрээслэх болон бусад хязгаарлагдмал эрхийн талаар барьцаалагчид бичгээр мэдэгдэх гэснийг мөн Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т заасан шаардлагыг зөрчсөн атал шүүх анхаарч үзсэнгүйд гомдолтой байна.

Харин “КБ” ХХК нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 23.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн атал дээрх үйл баримтыг үнэлэлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. “КБ” ХХК нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 23.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн атал дээрх үйл баримтыг үнэлэлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн төлбөр мөнгөө бүрэн төлж, өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж байгаа авто зогсоолуудыг түүнд хамааралгүй зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчмыг зөрчиж байгаагаас гадна нэхэмжлэгч Б.Зын өмчлөх эрх 7 жилийн турш зөрчигдөж байгааг анхаарч үзнэ үү. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Б.З нь хариуцагч “КБ” ХХК, “МФ” ХХК-иудад холбогдуулан тэдгээрийн хооронд байгуулагдсан 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Бльюскай” хотхоны 44А, Б, В, Г дугаар байрны зоорийн давхарт байрлах, өөрийн өмчлөлийн 34, 35 тоот автозогсоолд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хууль бус хэлцлийн үр дагаврыг арилган барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “... хууль ёсны өмчлөгчөөс зөвшөөрөл аваагүй, мэдэгдээгүй, барьцааны хөрөнгийг биечлэн үзэлгүйгээр гэрээ байгуулсан ...” гэж тайлбарласнаар хариуцагч “МФ” ХХК нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн, хариуцагч “КБ” ХХК нь эс зөвшөөрч маргасан байна.  

 

“МФ” ХХК, “КБ” ХХК-тай 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот зээлийн гэрээ байгуулан 1 400 000 ам.долларын хөрөнгө оруулалтын зээл авч, барьцаанд нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 5 блок 120 айлын орон сууцны барилга, газар, дэд бүтцийн хамт, 205 автомашины зогсоол зэргийг барьцаалсан байжээ. Улмаар 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр гэрээг шинэчлэн Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулахдаа дээрх 205 автомашины зогсоолыг улсын бүртгэлд бүртгэгдсэн дугаар, талбайн хэмжээ, хаяг тус бүрээр нь нэрлэн заасан байх бөгөөд уг барьцаа хөрөнгөд нэхэмжлэгч Б.Зын өмч болох 44А, Б, В, Г байрны зоорийн давхрын 34, 35 тоот зогсоолууд орсны улмаас маргаан үүсч, шүүхэд ханджээ. /хх-30-37 дугаар тал/

1.Талууд 2010 оны зээлийн барьцааны гэрээнд тавигдах хэлбэрийн шаардлагын хувьд маргаагүй, харин эд хөрөнгийг барьцаалахдаа хуульд заасан гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрхийг зөрчсөн гэж марган, мэтгэлцэж байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч Б.З нь хариуцагч “М” ХХК-тай 2008 оны 6 дугаар сарын 31-ний өдөр автомашины зогсоол захиалгаар бариулах гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Блюскай хотхоны 44А, Б, В, Г байрны зоорийн давхрын 34, 35 тоот авто зогсоолыг 10 000 ам.доллараар худалдан авахаар тохиролцон, төлбөрийг мөн оны 8 дугаар сарын 26-ны өдөр төлж барагдуулжээ. /хх-14-15 дугаар тал/

Зохигчдын хооронд хэлцэл хийгдэх үед гэрээний зүйл болох 120 айлын орон сууц нь 55 хувийн гүйцэтгэлтэй байсан ба нэхэмжлэгч нь автозогсоолыг сонгож, гэрээ байгуулан төлбөр төлөхөөр хариуцагчтай тохиролцсон нь хэргийн баримтаар тогтоогдсон байна. Мөн хариуцагч нар 2008 оны зээлийн барьцааны гэрээг 2010 онд шинэчлэн, барьцаа хөрөнгө тус бүрийг нэрлэн зааж, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт нийцжээ. Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн, шүүх талуудын харилцааг буруу тодорхойлсон, барьцааны гэрээг шинээр байгуулсан гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

2.Нэхэмжлэгч нь барьцааны гэрээнд тусгагдсан 2 автозогсоолын өмчлөгчөөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн /хуучин нэрээр/ шүүгчийн 2016 оны 01312 дугаар захирамжаар тогтоогдсон, харин хариуцагч “Мфикскапитал” ХХК нь тус үл хөдлөх эд хөрөнгийг 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлэн хууль ёсны өмчлөгч болсон байжээ. /хх-67, 68 дугаар тал/

Иймээс барьцааны гэрээ байгуулах үед нэхэмжлэгч Б.Зд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх үүсээгүй байсан учир барьцааны гэрээний талууд түүнээс зөвшөөрөл авах хууль зүйн үндэслэлгүйн гадна тухайн эд хөрөнгүүдийн өмчлөгч болох хариуцагч “М” ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар автозогсоолуудыг барьцаалсныг буруутгах боломжгүй юм. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/02688 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 346 077 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                           Д.ЦОГТСАЙХАН

                                              Ч.ЦЭНД