Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 125/2023/0043/З |
Дугаар | 221/МА2024/0275 |
Огноо | 2024-04-24 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2024/0275
Э.Х-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Мөнхтулга
Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан:
Нэхэмжлэгч Э.Х, өмгөөлөгч Ж.Э
Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Дуут сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 04 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Дуут сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөхийг даалгах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 14 дүгээр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Э.Х, өмгөөлөгч Ж.Э
Хариуцагчийн өмгөөлөгч Д.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Номуунаа
Хэргийн индекс: 125/2023/0043/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Х-өөс Ховд аймгийн Дуут сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдуулан “Ховд аймгийн Дуут сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 04 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Дуут сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөхийг даалгуулах”-аар маргасан байна.
2. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 14 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.8, 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.1.7, 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Х-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
Нэхэмжлэгч Э.Х нь Төрийн албаны тухай хуульд заасан болзол, шаардлагыг хангаж Ховд аймгийн Дуут сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/02 дугаартай “Э овогтой Х-ийг ажилд томилох тухай” тушаалд “... Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын мэргэжилтнээр Э овогтой Х-ийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн томилсон ...” гэх тушаал хавтаст хэрэгт авагджээ.
Ховд аймгийн Дуут сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 04 дугаартай “Ажлаас халах тухай” тушаалд “...Э овогтой Х нь 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 13 дугаар хуралдааны үеэр архидан согтуурч төлөөлөгчдийг хэл амаар доромжлон, хуралдааны үйл ажиллагааг саатуулж хуралдах нөхцөл боломжгүй болгосон, улс төрийн намын үйл ажиллагаанд ямар нэгэн хэлбэрээр оролцохгүй байх, улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахих, аливаа хэлбэрээр оролцохгүй байх хуулийн заалтыг зөрчин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарыг огцруулахыг шаардан хуралдааны үйл ажиллагааг таслан зогсоосон, Улс төрийн намын гишүүн бол намын гишүүнээс түдгэлзэж төрийн албан тушаалд томилогдсон өдрөөс хойш долоо хоногийн дотор байгууллагын захиргаа болон харьяалах намдаа бичгээр албан ёсоор мэдэгдээгүй, Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, дэг журмыг сахиж төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэхгүй ажлын цагаар архидан согтуурсан, албан үүргээ гүйцэтгэж байхдаа төрийн болон албаны, байгууллагын хувь хүний хуулийг хамгаалагдсан нууцыг чандлан хамгаалах, хувийн болон бусдын ашиглахгүй байхыг зөрчин олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэр хүндийг унагах зүйл бичих үйлдэл удаа дараа гаргасан, албан тушаалынхаа зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангаж ажиллагаагүй, Төрийн албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулах, тэдгээрт оролцох хориглосон заалтыг зөрчсөн, ажлын албаны бичиг хэргийн компьютерыг эвдэж төрийн байгууллагын эд хөрөнгийг зөв, гамтай ашиглаагүй, ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэн бүдүүлэг зан авир гарган, төрийн байгууллагаас явуулж байгаа хууль ёсны үйл ажиллагааг эсэргүүцсэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үеэр ажлаас халагдах тухай өөрийн биеэр амаар асуудал тавьсан тул төрийн албанаас 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс тасалбар болгон ажлаас халах шийтгэл ногдуулсан...” гэх тушаал хавтаст хэрэгт авагджээ.
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ”, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно” гэжээ.
2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн нэхэмжлэгч Э.Х-т сонсох ажиллагаа явуулсан тэмдэглэлд “...хурлын дарга, нарийн бичгийн дарга, Э.Х нарын тэмдэглэл байдаг. Сонсох ажиллагааг анхнаасаа явуулаагүй бөгөөд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.О нь нэхэмжлэгч Э.Х-ийг өрөөндөө дуудаж ярилцсан ярилцлагаа сонсох ажиллагаа хийсэн мэтээр тэмдэглэл үйлдүүлж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Д.С-ээр шивүүлж гаргасан байна. Шүүх хуралдаанд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.О бид нарын ярилцсан яриаг хариуцагч Д.С нь гар утсандаа нууцаар бичлэг хийж байсан бичлэгээ шүүх хуралдаанд судлуулсан. Нэхэмжлэгч Э.Х нь тухайн үед бичлэг хийгдэж байгааг мэдээгүй бөгөөд дээрх бичлэгт сонсох ажиллагаа явуулж байгаа талаар нэг ч үг үсэг өгүүлбэр байгаагүй. Харин бичгийн хэлбэрт оруулахдаа нарийн бичгийн дарга түр орлон гүйцэтгэгч Д.С нь сонсох ажиллагаа явуулсан үеийн тэмдэглэл гэж бичээд сонсох ажиллагааны үеийн бичлэгийн баталгаажуулсан талаар нэмж хуурамч нотлох баримтыг бичгийн хэлбэрээр үйлдэж өгсөн байдаг. Дээрх бичлэгийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч нь нэхэмжлэгч Э.Х, Ц.О нар хоорондоо ярилцсан би сонсох ажиллагаа явуулаагүй бичлэгээ нууцаар явуулсан талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн байдаг.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д “Захиргааны хэргийн шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах бөгөөд уг баримтыг шаардан гаргуулж болохгүй” гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх нь дээрх нотлох баримтыг үнэлсэнд гомдолтой байна.
Ховд аймгийн Дуут сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 13 дугаар хуралдааны тэмдэглэлд “...төсвийн тодотгол, ОНХС-ийн тодотголыг тус тус тогтоол гарган олонхын саналаар батлах хуралдааны бусад асуудлыг нээлттэй орхиод 87.5% саналаар 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хуралдахаар тогтоосон ...” тэмдэглэл хавтаст хэрэгт авагджээ.
Ховд аймгийн Дуут сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 19 цаг 51 минутад Засаг даргын Тамгын газрын иргэний хэргийн танхимд 53.3% ирцтэйгээр хурал эхэлсэн “...одоо нэг нээлттэй орхиод дараа асуудлаа хэлэлцэх, эсвэл хуралдаанаар хэлэлцэх асуудлыг цаг үеийн байдлаас хэлэлцэхийг болих тэртээ тэргүй 12 сард тайлангууд тавигдах учир санал хураалт явуулаад хуралдааны хаая” гэх хурлын тэмдэглэл хавтаст хэрэг авагджээ. Дээрх хурлын тэмдэглэл нэхэмжлэгч Э.Х-өөс болж завсарласан гэж шийдвэрлэсэнд нь үндэслэлгүй юм.
Гэрч Ц.О-ын 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн мэдүүлэгт “...Тэр өдрийн орой ажил тарах үеэр байхаа хуралдаан эхлэхээр болж ажлын албыг дуудаж хуралдааны бэлтгэл ажлыг хангуулахаар хурлын ажилтан Э.Х-ийг утсаар дуудахад Э.Х “... наад хуралдаан чинь хэдэн цагаас эхлээд байгаа юм, ажлын цагаар хуралддаг хурал яагаад ажлын бус цагаар эхэлж байгаа юм бэ, хуралдаанаа хийж чадахгүй ...” гэх мэдүүлэг хавтаст хэрэгт авагджээ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.9-д “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож, тогтоолоор батална” гэж заасан. Нэхэмжлэгч Э.Х та нар хурлын дэгээ барьж ажлын цагаар хуралдсангүй гэж маргаан үүсгэсэн байна. Гэтэл анхан шатны шүүх нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэгийг нотлох баримтаар авах албан бичгийг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өгсөн боловч 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны дэгийг өгөөгүй бөгөөд 2022 оны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэг явуулсан тулсан байна. Үүнээс шалтгаалаад Э.Х-ийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тавьсан шаардлага нь хууль ёсны эсэх, эсхүл хууль бус байсан талаарх нотлох баримтыг цуглуулах үүргээ захиргааны хэргийн шүүх гүйцэтгээгүй байна.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 258 дугаартай “төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” тогтоолд “...төрийн албан хаагч албан томилолтын явцад, ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх явдлыг таслан зогсоох, өөрийн байгууллагын байр, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис, галт болон хүйтэн зэвсэг, тэсэрч дэлбэрэх болон шатамхай бодис, хэрэгслийг нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэх, ашиглахыг байгууллагын дотоод журамд тусган хориглож, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооно ...” гэжээ.
Гэрч Д.Б-ын гэрчийн мэдүүлэгт “... Хишигтөмөртэй 07 дугаар сарын 18-ны өдрийн уулзаж ярилцаж байгаад 1 пиво, уусан 2 цаг орчим Дуут сумын төвд миний машинтай дэлгүүр орж 1 пиво авсан, ингээд Засаг даргын Тамгын газрын үүдэнд зогсоол дээр уусан...” гэх мэдүүлэг хавтаст хэрэгт авагджээ. Дээрх мэдүүлгээс харахад ажлын бус цаг байсан байна. Нөгөө талаас ажлын байр биш байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 84 дүгэр зүйлийн 84.1-д “Долоо хоногийн ердийн ажлын цаг 40-өөс илүүгүй байна, 84.2-т “Ердийн ажлын өдрийн үргэлжлэл найман цагаас илүүгүй байна” гэжээ. Дээрх Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 258 дугаартай тогтоолыг зөрчсөн нь тогтоогдоогүй байна.
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 125/ШШ2024/0014 дугаартай шийдвэрийн үндэслэх нь хэсгийн “... Нэхэмжлэгчийн гаргасан сахилгын зөрчлийн тухайд шалгалт явуулж шалган тогтоох шаардлагагүй нийтэд илэрхий үйлдэл байх тул сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй ...” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь Ховд аймгийн Дуут сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 04 дугаартай “Ажлаас халах тухай” тушаалд “...улс төрийн намын үйл ажиллагаанд ямар нэгэн хэлбэрээр оролцохгүй байх, улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахих, аливаа хэлбэрээр оролцохгүй байх хуулийн заалтыг зөрчин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарыг огцруулахыг шаардан хуралдааны үйл ажиллагааг таслан зогсоосон, Улс төрийн намын гишүүн бол намын гишүүнээс түдгэлзэж төрийн албан тушаалд томилогдсон өдрөөс хойш долоо хоногийн дотор байгууллагын захиргаа болон харьяалах намдаа бичгээр албан ёсоор мэдэгдээгүй, албан үүргээ гүйцэтгэж байхдаа төрийн болон албаны, байгууллагын хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг чандлан хамгаалах, хувийн болон бусдын ашиглахгүй байхыг зөрчин олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэр хүндийг унагах зүйл бичих үйлдэл удаа дараа гаргасан, албан тушаалынхаа зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй, Төрийн албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулах, тэдгээрт оролцох хориглосон заалтыг зөрчсөн, ажлын албаны бичиг хэргийн компьютерыг эвдэж төрийн байгууллагын эд хөрөнгийг зөв, гамтай ашиглаагүй зэрэг олон үндэслэлээр халах шийтгэл оногдуулсан байдаг. Гэтэл анхан шатны шүүх нь сахилгын шийтгэл ноогдуулах шийтгэлийг өөрт нь мэдэгдэх шаардлагагүй гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаар тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ноогдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.3-д “Төрийн жинхэнэ албан хаагчид Төрийн албаны тухай хууль, энэхүү журмын тэдгээрт нийцүүлсэн төрийн байгууллагын дотоод журмыг баримтлан дараахь үндэслэлээр сахилгын шийтгэл ноогдуулна”, 1.3.1-д “Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийг зөрчсөн” гэж, 1.6-д “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, өөрт нь бичгээр мэдэгдсэн байна”, 2.1-д Сахилгын зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйн талаар гомдол гаргасан, мэдээлсэн эсхүл холбогдох баримтыг ирүүлсэн нь шалгалт явуулах үндэслэл болно. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийг зөрчсөн нь төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулан үндэслэл болох ба үндэслэлийг шалган тогтоож өөрт нь мэдэгдсэн байхыг шаардана.
Гэтэл анхан шатны шүүх нь сонсох ажиллагаа болон сахилгын шийтгэл оногдуулсан шийтгэлийг шалган тогтоож өөрт нь мэдэгдсэн байх үүрэгтэй байтал шаардлагагүй мэтээр дүгнэж журам болон хуулийг зөрүүтэйгээр тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна.
Нэхэмжлэгч Э.Х нь Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах, зохион байгуулах чиг үүрэг бүхий дараахь албан тушаал хамаарна”, 12.1.7-д “аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын олон Засаг даргын ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаал хамаарч байна.
Нэхэмжлэгч Э.Х нь тус албан тушаалд ажиллах хугацаанд төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөөгүй, гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлуулаагүй байх ч сул орон тоонд хууль, журмын дагуу нэр дэвшигдэн томилогдсон тул тангараг өргөсөн эсэхээс үл хамааран төрийн жинхэнэ албан хаагчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллаж байсан нь тогтоогддог.
Нэхэмжлэгч Э.Х нь Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Төрийн албаны эрхэм зорилго нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэхэд оршино. Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна дараахь зарчмыг баримтална” мөн хуулийн 7.1.8-д захирах, захирагдах ёсыг баримтлан ажиллаж байсан нь тогтоогддог. Нэхэмжлэгч Э.Х нь дээрх хуулийг зөрчсөн нь нотлох баримтуудаар тогтоогдоогүй байтал анхан шатны шүүх нь дээрх хуулийг зөрчиж сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ”, 37.1.3-д “эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх”, 37.1.4-д “улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх”, 37.1.5-д “хэрэв улс төрийн намын гишүүн бол намын гишүүнээс түдгэлзэж, тухайн төрийн албан тушаалд томилогдсон өдрөөс хойш долоо хоногийн дотор байгууллагын захиргаа болон харьяалах намдаа бичгээр албан ёсоор мэдэгдэх”, 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 37.1.9-д “албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон тухайн албан тушаалыг эрхлэхээ зогсоосноос хойшхи хугацаанд төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг чандлан хадгалах, хувийн болон бусдын ашиг сонирхлын төлөө ашиглахгүй, албан ёсны аливаа мэдээллийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр тараахгүй байх”, 37.1.10-д “албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахих, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр төр, засгийн бодлоготой холбогдсон асуудлаар зөвхөн албан ёсны байр суурийг илэрхийлэх”, 37.1.13-д “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Төрийн албан хаагч хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.5-д “улс төрийн намын гишүүн байх, улс төрийн нам, хөдөлгөөн, улс төрийн намын дэргэдэх төрийн бус байгууллага болон шашны байгууллагын үйл ажиллагаанд хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа хэлбэрээр оролцох”, 39.1.7-д “ажил хаялт болон төрийн албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн бусад арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцох” гэж заасныг нэхэмжлэгч Э.Х нь зөрчсөн талаар нөхцөл байдал тогтоогдоогүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.
Анхан шатны шүүх нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 37.1.5, 37.1.9, 37.1.10-д заасан үүргийг биелүүлээгүй, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.5, 39.1.7-д заасан хориглох үйл ажиллагаа явуулан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шийдвэрлэсэн байтал Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ноогдуулна”, 48.1.4-д “төрийн албанаас халах” гэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулсан нь зөв гэдэг байдлаар хууль зүйн үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлага хангаагүй байна.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нь хэргийн үйл баримт нотлох баримтуудыг үнэлэх хууль зүйн дүгнэлт хийхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Мөн анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгаагүйд гомдолтой байна.
Иймд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 14 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч Э.Х-өөс “Ховд аймгийн Дуут сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 04 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Дуут сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2.2. Маргаан бүхий Ховд аймгийн Дуут сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 04 дүгээр тушаалаар “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны мэргэжилтэн Э.Х нь 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 13 дугаар хуралдааны үеэр архидан согтуурч төлөөлөгчдийг хэл амаар доромжлон, хуралдааны үйл ажиллагааг саатуулж хуралдан нөхцөл боломжгүй болгосон, улс төрийн намын үйл ажиллагаанд ямар нэгэн хэлбэрээр оролцохгүй байх, улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахих, аливаа хэлбэрээр оролцохгүй байх хуулийн заалтыг зөрчин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарыг огцруулахыг шаардан хуралдааны үйл ажиллагааг таслан зогсоосон, Улс төрийн намын гишүүн бол намын гишүүнээс түдгэлзэж төрийн албан тушаалд томилогдсон өдрөөс хойш долоо хоногийн дотор байгууллагын захиргаа болон харьяалах намдаа бичгээр албан ёсоор мэдэгдээгүй, Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, дэг журмыг сахиж төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэхгүй ажлын цагаар архидан согтуурсан, албан үүргээ гүйцэтгэж байхдаа төрийн болон албаны, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг чандлан хадгалах, хувийн болон бусдын ашиг сонирхлын төлөө ашиглахгүй байхыг зөрчин олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэр хүндийг унагах зүйл бичих үйлдэл удаа дараа гаргасан, албан тушаалынхаа зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй, Төрийн албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулах, тэдгээрт оролцох хориглосон заалтыг зөрчсөн, ажлын албаны бичиг хэргийн компьютерыг эвдэж төрийн байгууллагын эд хөрөнгийг зөв, гамтай ашиглаагүй, ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэн бүдүүлэг зан авир гарган, төрийн байгууллагаас явуулж байгаа хууль ёсны үйл ажиллагааг эсэргүүцсэн, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны үеэр ажлаас халагдах тухай өөрийн биеэр амаар асуудал тавьсан” гэсэн үндэслэлүүдээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан байна.
2.3. Нэхэмжлэгчээс “сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, ажлын бус цагаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг зохион байгуулсан, намайг анх ажилд ороход компьютер эвдэрхий байсан, ажилд томилогдсон цагаас хойш олон нийтийн сүлжээнд ямар нэгэн гутаан доромжилсон зүйл бичсэн зүйлгүй, мөн ажлын цагаар архидан согтуурсан зүйл байхгүй” гэх зэргээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлан маргажээ.
2.4. Төрийн албаны тухай 37 дугаар зүйлийн 37.1-д “Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ”, 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2.1-д “Төрийн албан хаагч нь үйл ажиллагаандаа дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг сахин мөрдөнө”, 2.1.4-д “ард түмэндээ чин сэтгэлээс үйлчилж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдэлнэ”, 2.1.7-д “захирах, захирагдах ёсыг сахин биелүүлнэ”, 3.1-д “Төрийн албан хаагч нь төрийн бодлого, байгууллагын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлж, төрийн үйлчилгээ үзүүлэхдээ дор дурдсан ёс зүйн шаардлагыг биелүүлэх үүрэгтэй”, 3.1.4.д-д “албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэх, этгээд байдлаар хувцаслах, бүдүүлэг зан авир гаргахыг цээрлэж, олон нийтийн газарт мөрдөх дэг журмыг сахих” гэж тус тус заасан байна.
2.5. Гэтэл нэхэмжлэгч Э.Х-ийн хувьд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 13 дугаар хуралдааны үеэр, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, ажлын байран дээрээ хурлын үйл ажиллагаанд саад учруулсан байх төдийгүй захирах, захирагдах ёсны зарчмыг үл биелүүлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай маргалдсан зэрэг үйл баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Х.С, Т.Б, Ц.О, Г.Ц, А.О, Ж.Б, Д.Б, мөн сумын хэсгийн цагдаа Э.У нарын мэдүүлгүүдээр хангалттай тогтоогджээ.
2.6. Түүнчлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 13 дугаар хуралдаан нь завсарлага авсантай холбоотойгоор 19 цаг 51 минутад эхэлсэн болох нь тогтоогдож буй энэ тохиолдолд нэхэмжлэгчийн “ажлын бус цагаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг зохион байгуулсан, ажлын цагаар архидан согтуурсан зүйл байхгүй” гэх гомдлыг хүлээн авч, түүний нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй.
2.7. Нөгөөтээгүүр нэхэмжлэгчээс “... Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийг зөрчсөн нь төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болох ба үндэслэлийг шалган тогтоож өөрт нь мэдэгдсэн байхыг шаардана. Гэтэл анхан шатны шүүх сонсох ажиллагаа болон сахилгын шийтгэл оногдуулсан шийтгэлийг шалган тогтоож өөрт нь мэдэгдсэн байх үүрэгтэй байтал шаардлагагүй мэтээр дүгнэж журам болон хуулийг зөрүүтэйгээр тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна” гэх боловч дээр дурдсанчлан нэхэмжлэгч Э.Х-ийн ёс зүйн зөрчил нь нэгэнт бүрэн дүүрэн тогтоогдож буй энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-д зааснаар төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан нь түүний гаргасан зөрчлийн шинж байдалд тохирсон гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Хэдийгээр анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх боловч шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт үг, үсгийн алдаа гаргасан байсныг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 14 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН