Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/00593

 

Б.Б-ын хүсэлттэй иргэний

хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 156/ШШ2019/00702 дугаар шийдвэртэй,

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 226/МА2020/00001 дүгээр магадлалтай,

Б.Б-ын /РД:СБ42021518/-ын хүсэлттэй,

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөх олговор 40,000,000 төгрөг гаргуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, прокурор Б.Б, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Хүсэлт гаргагч Б.Б-ын шүүхэд гаргасан хүсэлтэд: Миний аав Г-ын Д буюу Б нь улс төрийн хэрэгт 1933 оны 8 дугаар сард баригдаж Дотоод явдлын яамны дэргэдэх Тусгай комиссын 1933.11.03-ны өдрийн 06 дугаар хурлын тогтоолоор 10 жилийн хорих ялаар шийтгэгдсэн бөгөөд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн газрын дэргэдэх Цагаатгах ажлыг эрхлэх комиссын 1962.02.13-ны өдрийн 79 дүгээр хурлын тогтоолоор цагаатгагдсан. Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд заасны дагуу нөхөх олговор 40,000,000 төгрөгийг Б-ийн хүү болох Б-д надад олгож өгнө үү гэжээ.

 Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: О-ын Д нь өөрийн нөхөр н.Х, хүү Г, ач хүү Г.Д 1933 онд хилс хэргээр алдсан. О.Д нь Г-ын эхнэр болох н.Д, Б-ийн эхнэр болох н.Д нарыг төрхөмд нь буцааж, 1943 онд нөхрийнхөө хамаатан Р-ийн Д гэх хүнээс Б-ыг 5 сартай байхад нь өргөж авсан байдаг. О.Д нь өргөж авсан хүү болох Б.Б-тай хамт амьдарч байгаад 1953 онд нас барсан. А шоронд Г.Д-тай /Б/ хамт хоригдож байсан С-ийн Д гэдэг хүн Б.Б-тай 1972 онд аймгийн холбоон дээр таараад ...Д нас барчихсан байсан, хана түшүүлээд тавьсан байсан... гэж хэлсэн байдаг. Б.Б нь 1963-1966 онуудад цэргийн алба хааж ирээд төрсөн эх Д-нд амьдарч байсан бөгөөд нэгдэлд тракторчин, комбайнч, монтёр, агентаар ажиллаж байсан. 2015 онд мотоциклоос унаж түнхний бэртэл авч одоогоор гэртээ байдаг. Иймд Б-ийн хүү болох Б-д Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд заасны дагуу нөхөх олговор 40,000,000 төгрөгийг олгож өгнө үү гэжээ.

 Прокурорын тайлбарт: Б.Б нь 1942 онд төрсөн бөгөөд О.Д нь Г.Д ял шийтгүүлснээс хойш Б.Б-ыг үрчилж авсан, Б.Б-д нь Г.Д-ийн төрсөн хүүхэд биш учир Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговрыг олгох үндэслэлгүй гэжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 156/ШШ2019/00702 дугаар шийдвэрээр: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Б.Б-ын нөхөх олговор 40,000,000 төгрөгийг гаргуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар энэ хүсэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 226/МА2020/00001 дүгээр магадлалаар: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 156/ШШ2019/00702 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.Б-д нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: …Хэлмэгдэгч Г.Д буюу Б нь хилс хэрэгт 1933 онд баривчлагдаж 10 жилийн хорих ял аваад явсны дараа түүний эх О-ын Д нь Б.Б-ыг хүү Б 5 сартай байхад нь үрчлэн авч өсгөсөн бөгөөд Б-ийн Б гэж одоо хүртэл овоглож байгаа.  1933 оны хүн амын тооллогоор Г.Д нь эхнэр н.Д, эцэг н.Х нарын хамт бүртгэгдсэн. О.Д нь хүү Г.Д баригдсаны дараа бэр н.Д-ыг төрхөмд нь буцаасан гэдэг. 1944 оны хүн амын тооллогоор О.Д 73 настай, Б-ийн Б эрэгтэй 2 настай гэж бүртгэгдсэн, Б.Б-ын төрсөн эх нь Р-ийн Д бөгөөд 2019.10.14-ний Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаанд Б.Б-ын эцэг нь Г-ын Б, эх Р-ийн Д гэж бүртгэгдсэн байгаа. Тухайн үеийн хүн амын тооллогыг мөр төдий хийж байсныг харуулдаг учир нь Г-ын Б нь өргөж авсан эцэг нь, Р-ийн Д төрсөн эх нь байтал, эхнэр, нөхөр мэтээр харагдуулж байна. Мөн хэлмэгдэгч Г.Д буюу Б нь цаазлуулаагүй 10 жилийн хорих ял авсан, хэзээ нас барсан, шоронгоос хэзээ суллагдсан талаарх баримт байхгүй гэсэн албан бичгүүд хэрэгт авагдсан. Тэгэхээр хэлмэгдэгч Б.Б-ыг үрчлэн авах үеэр нас барсан байсан гэж үзэх боломжгүй, 2005 онд Б.Б нь тус шүүхийн шийдвэрээр өвөө аав н.Х-ны Г, аав Г-ын Б нарынхаа хэлмэгдлийн 2,000,000 авч байсан байдаг. Мөн Цагаатгах ажлыг удирдан байгуулах комиссоос Б.Б-ыг нэхэмжлэх эрхтэй гэж үзэн сонинд мэдээлсэн зэргээс үзэхэд хэлмэгдэгчийг амьд байх үед түүний нэр дээр эх нь үрчлэн авч өсгөсөн байх боломжтой байна. Учир нь түүний өргөж авсан эмэг эх О.Д нь их хэлмэгдүүлэлтийн үед аавыгаа, нөхрөө, хүүгээ алдаж, улмаар ганц үлдсэн ач хүүгээ баривчлагдаад явахад нь амьд эргэж ирнэ гэх найдвар тээн хүүгийнхээ нэр дээр хүүхэд үрчлэн авч хүлээсэн байдаг. Мөн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалтад “хэлмэгдэгчийг амьд байхад нь...үрчлэн авсан.... хүүхэд...” гэдэгт Б.Б нь хамаарна гэж ойлгож байна. Мөн заалт нь хэлмэгдэгч өөрөө амьд байхдаа үрчилж авч өсгөсөн байхыг ойлгохгүй, амьд байх үед нь түүний гэр бүлийн хүн хэлмэгдэгчийн нэр дээр үрчлэн авч өсгөсөн нь хамаарна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байгаа тул гомдлыг хүлээн авч хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй. Б.Б-аас Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-ийн дагуу “40 сая төгрөгийн нөхөх олговор гаргуулах”-аар шаардсаныг хоёр шатны шүүхээс “хүсэлт гаргагч нь тухайн олговрыг авах буюу шаардах эрхгүй этгээд” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Шүүхүүдийн дүгнэсэнчлэн, “хэлмэгдэгч Г.Д /Б/ нь 10 жилийн хорих ялыг эдэлж хэзээ суллагдсан, хэзээ нутаг орондоо эргэж ирсэн, хүсэлт гаргагч Б-тай амьдарсан эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, харин хэлмэгдэгчийг 10 жилийн хорих ял шийтгүүлсний дараа түүний /эмэг/ эх Д нь Б-ыг Д буюу Б-ийн нэр дээр үрчилж авсан /1944 оны бүртгэлээр Д нь 73 настай, Б 2 настай байсан/, Д-ийг нас барсны дараа төрсөн эх Д нь өсгөсөн” үйл баримт тогтоогджээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг” олгохоор зохицуулахдаа тухайн нөхөн олговрыг авах эрхтэй этгээдийг нарийвчлан буюу хуулийн бусад зүйл, заалтаас тухайлбал, хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг зэргээс тусгайлан заасан байх тул уг заалт дахь “...хэлмэгдэгчийн ...үрчилж авсан хүүхэд...” гэдгийг үгчлэн тайлбарлавал, “хэлмэгдэгч өөрөө буюу амьд байхдаа үрчилж авсан хүүхэд” гэж ойлгох боломжтой ба ийнхүү тайлбарлах нь тухайн хуулийн зорилго /зорилгоор тайлбарлахад/ болон бусад зүйл, заалттай /жишээ нь 10 дугаар зүйлийн 10.1.4-тэй системчлэн тайлбарлахад/ зөрчилдөхөөргүй байна.

Тодруулбал, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн зорилго нь хилс хэрэгт хэлмэгдэж амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирсон, нэр төр, алдар хүндээ алдсан хэлмэгдэгчийг цагаатгаж, нэр төрийг нь сэргээх, хэлмэгдэгч болон түүний гэр бүлийн гишүүдэд хэлмэгдүүлэлтийн улмаас учирсан хохирол, бусад үр дагаврыг арилгахад орших ба ийнхүү үр дагаврыг нь арилгахдаа өөрийг нь юмуу эцэг/эхийг нь хэлмэгдүүлсний улмаас сэтгэл санаа, эд хөрөнгөөр илүү хохирч, шууд үр дагаврыг нь амссан хэлмэгдэгч өөрөө, хэлмэгдэгчийн эхнэр/нөхөр, төрсөн юмуу түүнтэй адил үрчилж авсан хүүхдэд нь гэр бүлийн бусад гишүүдээс илүү хэмжээний нөхөх олговрыг олгох /13 дугаар зүйлийн 13.2, 22, 23/-оор зохицуулсан гэж үзэх үндэслэлтэй, иймд уг хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийг хууль тогтоогчоос 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмж оруулжээ.

Иймээс хэрэгт авагдсан баримтаар “Б.Б-ыг хэлмэгдэгч Г.Д /Б/ нь үрчилж авсан гэх үйл баримт тогтоогдоогүй тул Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т заасан нөхөх олговрыг шаардах эрхгүй” гэж үзсэн шүүхүүдийн дүгнэлтийг буруутгах боломжгүй. Шүүхийн энэхүү дүгнэлт нь урьд нь шүүхийн шийдвэрээр /Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 599 дугаар/ хүсэлт гаргагч Б.Б-ыг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-ийн дагуу “гэр бүлийн гишүүн”-ийн хувиар /сая төгрөгийн/ нөхөх олговор авсныг үгүйсгэж буй хэрэг биш юм.  

Дээрх үндэслэлээр “...хэлмэгдэгч Б-г Б-ыг үрчлэн авах үеэр нас барсан гэж үзэх боломжгүй, өмнө нь шүүхийн шийдвэрээр нөхөх олговор авч байсныг үгүйсгэсэн, хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь заалтыг хэлмэгдэгч өөрөө амьд байхдаа үрчилж авсан гэж ойлгохгүй, харин уг заалтад хэлмэгдэгчийг амьд байх үед нь түүний гэр бүлийн хүн нь хэлмэгдэгчийн нэр дээр үрчлэн авч өсгөсөн нь хамаарна...” гэсэн утгатай хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй байх тул шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 156/ШШ2019/00702 дугаар шийдвэр, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 226/МА2020/00001 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар хүсэлт гаргагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Х.СОНИНБАЯР

                              ШҮҮГЧИД                                                      Г.БАНЗРАГЧ

                                                                                                      П.ЗОЛЗАЯА

                                                                                                                                     Д.ЦОЛМОН      

                                                                                                              Х.ЭРДЭНЭСУВД