Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 1564

 

 

 

 

 

 

     2018 оны 08 сарын 09 өдөр

        Дугаар 182/ШШ2018/01564

              Улаанбаатар хот

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х-ын нэхэмжлэлтэй                                 

Хариуцагч: У-т холбогдох 

          Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 7,500,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х, түүний өмгөөлөгч Д.Очирваань, хариуцагч У, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Байгалмаа нар оролцов.

 

  ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие зарын дагуу У тай холбогдож 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Баянгол дүүрэгт байршилтай 20 м.кв талбайтай зөөврийн сэндвичэн ТҮЦ-ийг 7,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, төлбөрийг бэлнээр төлсөн юм. Тухайн үедээ би У-аасэнэ ТҮЦ ямар нэгэн байдлаар нүүж, хөдлөхгүй биз дээ, энэ байршилдаа байна биз дээ гэдгийг нэлээд сайн асуусан, энэ хүн ч надад нүүхгүй гэдгийг хэлсэн. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хугацаа дууссан байсан боловч өөрөө сунгуулах гээд материалаа өгсөн байгаа гэж хэлсэн. Тийм учраас би ТҮЦ болон түүн доторх тавилгыг хамтад нь худалдан авсан юм. Ингээд үйл ажиллагаа явуулж эхлээд 10-аад хонож байхад Баянгол дүүргийн тамгын газар, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын хамтарсан хууль бусаар байршиж байгаа ТҮЦ буулгаж, газар чөлөөлөх аяны хүрээнд манай ТҮЦ-н дээр шалгалт ирсэн. Тухайн үед бид учир байдлаа хэлээд өнгөрсөн, үүний дараа би Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газар дээр очиж тусгай зөвшөөрлийн талаар асуухад 2016 оноос олгогдохгүй болсон талаар мэдсэн юм. Ингээд У-дэнэ талаар хэлж, мөнгөө буцааж авья гэсэн боловч У сүүлдээ утсаа авахгүй холбогдохгүй болсон. Үүний дараа дахин шалгалт ирсэн, бид шүүх дээр маргаан явж байгаа гэж хэлээд ТҮЦ буулгагдаагүй өнөөдрийг хүртэл байж байгаа. ТҮЦ нь тусгай зөвшөөрөлгүй бол үйл ажиллагаа явуулах ямар ч шаардлагагүй. Нэгэнт тусгай зөвшөөрөл олгохгүй байхад би ТҮЦ ажиллуулах боломжгүй, цаашлаад надад ямар ч үр ашиггүй, эрхийн доголдолтой хөрөнгө болсон. Тийм учраас би худалдах, худалдан авах гэрээнээсээ татгалзаж, өгсөн 7,500,000 төгрөгөө буцаан авах хүсэлтэй байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв. 

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ТҮЦ худалдах талаар зар тавьсан байсан. Зарын дагуу Х-тэй холбогдсон. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Х-д Баянгол дүүрэгт байршилтай зөөврийн ТҮЦ, хөргөгч, лангуу, тоног төхөөрөмжийн хамт нийт 10,000,000 төгрөгний үнэ бүхий хөрөнгийг яаралтай мөнгөний хэрэг гарсан тул 7,500,000 төгрөгөөр худалдсан. ТҮЦ-ийг зөвшөөрөлтэй нь хамт худалдаагүй. Дүүргээс олгогддог худалдаа, үйлчилгээ явуулах зөвшөөрлийн хугацаа 2017 оны 08 дугаар сард дууссан. Өөрийнхөө нэр дээр шинээр аваарай гэж би Х-д хэлж байсан. Түүнээс биш сунгуулах гээд өгсөн байгаа гэж хэлээгүй. Худалдаа, үйлчилгээ явуулах зөвшөөрлийн үйл ажиллагаа явуулах хүн өөрийн нэр дээр дүүргээс авах ёстой юм. Наймаа хийснээс 10-аад хоногийн дараанаас миний утас руу наймаагаа буцаая гэж залгаж эхэлсэн. Надад мөнгөний нэн шаардлагатай байсан тул буцаах ямар ч боломжгүй, мөнгө нь байхгүй болсон. Би биет байдлын доголдолгүй, бусад этгээдэд барьцаалагдаагүй өөрийн эд хөрөнгийг Х-д худалдсан тиймээс энэ нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар талуудын тайлбар түүнд хавсаргасан нотлох баримтууд, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Хнь хариуцагч У-дхолбогдуулж худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 7,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байх бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг би 20 м.кв ТҮЦ-ийг зөвшөөрөлтэй гэж ойлгон, байгаа байршлаасаа хөдлөхгүй гэсэн учраас худалдан авсан, тухайн үед хариуцагч тусгай зөвшөөрлөө сунгуулах гээд материалаа өгчихсөн байгаа гэж хэлсэн боловч улсын хэмжээнд ТҮЦ-нд тусгай зөвшөөрөл олгохоо больсон байсныг сүүлд мэдсэн, тэгээд хариуцагчид хэлж, мөнгөө буцааж авья гэсэн боловч зөвшөөрөөгүй, тусгай зөвшөөрөлгүйгээр ТҮЦ ажиллуулах боломжгүй, надад ямар ч ашиггүй учир гэрээнээсээ татгалзаж, мөнгөө буцааж авмаар байна гэж тайлбарлав.

 

Хариуцагч уг тайлбарыг зөвшөөрөхгүй байх бөгөөд би ТҮЦ-ийг дангаар нь худалдсан, тусгай зөвшөөрөлтэй нь хамт худалдаагүй, улсын хэмжээнд тусгай зөвшөөрлийг 2016 оны 12 сараас олгохоо больсон гэдгийг нэхэмжлэгчид хэлсэн,  манай тусгай зөвшөөрлийн хугацаа 2017.08.24-ний өдөр дууссан гэдгийг ч нэхэмжлэгч мэдсэн, тэгээд ч надад мөнгөний хэрэгцээ маш их байсан учир би ТҮЦ-ээ хямд зарсан, одоо мөнгө нь байхгүй, гэрээг буцаах боломжгүй гэж мэтгэлцсэн.

 

Нэхэмжлэгч Хнь 2017.12.07-ны өдөр хариуцагч У тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Хнь хариуцагч У-аасБаянгол дүүргийн 10 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Голден  парк  хотхоны  дотор  байрлах  худалдаа үйлчилгээ эрхлэх зориулалттай  20 м.кв  талбай  бүхий  зөөврийн  сэндвичэн  байшинг /цаашид  ТҮЦ гэх/ 7,500,000 төгрөгөөр худалдан авч, төлбөр төлөх үүрэг хүлээжээ.

 

          Нэхэмжлэгч Хнь дээрх гэрээний дагуу хариуцагч У-д7,500,000 төгрөгийг 2017.12.07-ны өдрөө бэлнээр өгсөн, ТҮЦ-ийг ажиллуулж эхэлснээс хойш 10 хоногийн дараа эрх бүхий байгууллагын хамтарсан шалгалт ирж зөвшөөрөлгүй ТҮЦ-ийг буулгах шаардлага тавьсан, үүний дараа нэхэмжлэгч Хнь Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газраас ТҮЦ эрхлэх зөвшөөрлийн талаар лавлаж, 2016 оны 12 сараас хойш ТҮЦ ажиллуулах гэрчилгээ олгогдохгүй болсон талаар мэдэж, энэ талаар хариуцагч У-дхэлж өгсөн 7,500,000 төгрөгөө буцаан авах тухайгаа мэдэгдсэн, хариуцагч У нь мөнгийг буцаан өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн үйл баримтууд зохигчдын тайлбар, худалдах, худалдан авах гэрээгээр тогтоогдов.

 

Хариуцагч Унь Баянгол дүүргийн 5 дугаар хороонд мах, ногоо, жимсний чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар Баянгол дүүргийн Засаг даргын дэргэдэх худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс 2016.08.24-ний өдрөөс 2017.08.24-нийг хүртэлх хугацаатай гэрчилгээг авсан байх бөгөөд уг гэрчилгээ хэрэгт хуулбараар авагдсан, нэхэмжлэгч Х-гийнхүсэлтээр шүүх 2018.06.13-ны өдрийн 5670 дугаартай шүүгчийн захирамжаар Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсээс дээрх байдлын талаар тодруулахаар захирамж хүргүүлсэн, тус байгууллагаас 2018.06.19-ний өдөр “иргэн У-д2016.08.24-ний өдрөөс 2017.08.24-ний өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх гэрчилгээ олгосон тухай баримтыг шүүн үзэхэд байхгүй байх тул нотлох баримт гаргаж өгөх боломжгүй” гэсэн хариуг ирүүлжээ.

 

          Дурдсан үйл баримтууд, зохигчдын тайлбараас үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд хариуцагч У нь хуулийн уг заалтын дагуу нэхэмжлэгч Х-дбиет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг шилжүүлэх, 243 дугаар зүйлийн 243.2-т зааснаар худалдаж байгаа эд хөрөнгийнхөө талаар үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй байжээ.

 

          Гэтэл хариуцагч У нь зөөврийн  сэндвичэн  байшин буюу ТҮЦ ажиллуулах гэрчилгээг ТҮЦ-ийн хамт нэхэмжлэгч Х-дшилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй, 2016.08.24-ний өдөр түүнд олгосон гэрчилгээ нь 2017.08.24-ний өдөр дууссан, Баянгол дүүрэгт ТҮЦ ажиллуулах зөвшөөрлийг 2016.12.09-ний өдрөөс эхлэн олгохоо больсон байхад энэ талаар үнэн зөв мэдээллийг нэхэмжлэгч Х-дөгөөгүй, харин “би гэрчилгээгээ сунгуулах гээд материалаа өгчихсөн байгаа, та очоод аваарай” гэж хэлсэн болох нь зохигчдын тайлбар, Баянгол дүүргийн Засаг даргын 2018.03.06-ны өдрийн 06/460 тоот албан бичгээр тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

          Өөрөөр хэлбэл зохигчид худалдах, худалдан авах гэрээгээр ТҮЦ-ийн дагалдах бичиг баримт буюу ТҮЦ ажиллуулах гэрчилгээний талаар тусгайлан тохиролцоогүй байх боловч Эрх бүхий байгууллага /Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газар/-аас олгосон худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх гэрчилгээний үндсэн дээр ТҮЦ ажиллуулах эрх нээгдэх учиртай.

 

          Харин нэхэмжлэгч Хнь уг гэрчилгээгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжгүй, эрх бүхий байгууллагаас түүний худалдан авсан ТҮЦ-ийг зөвшөөрөлгүй шалтгаанаар буулгах шаардлага тавьж байгаа нь тухайн ТҮЦ Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-д заасан эрхийн доголдолтой хөрөнгө болохыг нотолж байна.

 

          Хариуцагч У нь нэгэнт эрхийн доголдолтой ТҮЦ худалдсан, үүнээс шалтгаалж нэхэмжлэгч Хцаашид уг ТҮЦ-ийг ажиллуулах боломжгүй болж, гэрээнээс татгалзан өгсөн мөнгөө буцаан авах талаар хариуцагч У-дИргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т зааснаар мэдэгдэж байжээ.

 

Тодруулбал гэрээнээс татгалзах нь нэг талын, субъектив шинжтэй эрх бөгөөд гэрээний харилцаа нэг талын хүсэл зоригоор хэдийд ч буцаагдаж болдог, татгалзах тухай нөгөө талдаа мэдэгдэхэд хэлбэрийн шаардлага тавигддаггүй онцлогтой бөгөөд нэхэмжлэгч Х-дИргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, өгсөн 7,500,000 төгрөгөө буцаан шаардах эрх үүссэн, хариуцагч У нь гэрээний дагуу шилжүүлэн авсан 7,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Х-дбуцаан төлөх үүрэгтэй болно.

           

Иймд хариуцагч У-аас7,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х-долгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч У-аас7,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х-долгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Х-ээс тэмдэгтийн хураамжид төлсөн 135,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч У-аас135,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Т.ЭНХТУЯА