Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2019/ШЦТ/513

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэжаргал,

Улсын яллагч: Г.Хатанцэцэг,

            Шүүгдэгч: Ю.А-, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ю.А-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905000960127 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ю.А-, .....

Шүүгдэгч Ю.А- нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Номин Их дэлгүүрийн 2 давхарт байрлах бэлэн хувцасны кассны ард байсан иргэн А.Н-гийн хар өнгийн цүнхтэй нөтбүүк, хэтэвч, бичиг баримт, 40.000 төгрөгийн хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 594.940 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ю.А-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

Хохирогч А.Н-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 30-ны өглөө 08 цаг 30 минутын үед өөрийн ажил болох Номин Их дэлгүүрийн 2 давхарт байрлах Котон дэлгүүрийн зохион байгуулагчийнхаа ажил дээр ирээд өөрийн ажлын нөүтбүүкийг хар цүнхэнд хийгээд кассын араар тавьчихсан юм. 12 цагийн үед байх би 1 давхраас 2 давхарт гарах үед манай ахлах О- миний урдаас “сая чиний цүнхийг аваад явж байхаар нь авлаа шүү дээ, тэр хүмүүс нь доошоо буугаад явсан” гэж хэлэхээр нь би доошоо буухад хамгаалалтын албаны хүн нэг үл таних эрэгтэй, эмэгтэйг бариад авчихсан байсан. Тэр хоёр хүн согтуу байсан. Манай ахлах О- хэлэхдээ эрэгтэй нь аваад гарсан гэж хэлсэн. Би өөрийн хар цүнхтэй нөүтбүүк, хэтэвч дотор нь бичиг баримт, 40.000 төгрөгийн хамт алдсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-н 11-14/,

Гэрч О- мөрдөн байцаалтад өгсөн: “...кассан дээр зогсож байхад гэнэт миний ард шалан дээр юм унах шиг болохоор нь би манай ажилчид юм болов уу гэж бодоод эргээд харахад хүн байхгүй байсан. Тэгэхээр нь жаахан цаашаа яваад харахад нэг үл таних согтуу эрэгтэй хүн манай ажилчин Нэргүйгийн нөүтбүүкний цүнхийг газар чирчихсэн, аминдаа цүнхийг согтуудаа өргөж даагаагүй юм шиг байгаан урсдаг шатны тэнд явж байхаар нь би араас нь гүйж очоод Нэргүйгийн цүнхийг аваад явж байхаар нь барьж авсан. ...миний урсан цамцны хохирол бүрэн барагдуулсан байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-н 16-17/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...бор малгай, ногоон хүрэн куртик, хар өнгийн бээлий, бор шаргал өмд, хар өнгийн гуталтай үл таних хүн кассны ар талын тавиур дээрээс хар өнгийн цүнхтэй нөүтбүүк авч байх үед унасан ягаан өнгийн зүйл рүү худалдагч харж байгаа...” гэжээ. /хх-н 8-10/,

Яллагдагчаар Ю.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...яллагдагчаар татаж байгаа зүйл хэсэгтэй танилцаж ойлголоо, энэ зүйл хэсгийг хүлээн зөвшөөрч байна. ...манай эхнэр бид хоёр 0.5 грамм Хараа авч уугаад 11 цагийн үед байх Номин Их дэлгүүрийн рүү орж цахилгаан тогоо авах санаатай орсон. Тэр үед би нилээн согтуу байсан. Тэгээд би эхнэрийнхээ ард явж байгаад 2 давхарын кассын ард байрлах хөр өнгийн цүнхийг олж хараад авчихсан юм. Тэгсэн чинь дэлгүүрийн худалдагч нь миний араас гүйж ирээд намайг бариад авчихсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Хийсэн бүхэндээ гэмшиж байна, дахиж ийм зүйл хийхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 50-51/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Хохирогчийн өргөдөл /хх-н 2/, Эд зүйлийн үнэлгээ /хх-н 27-28/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 33-41, 55-63/, Хохирогчийн хүсэлт /хх-н 64-66/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Ю.А- нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Номин Их дэлгүүрийн 2 давхарт байрлах бэлэн хувцасны кассны ард байсан иргэн А.Н-гийн хар өнгийн цүнхтэй нөтбүүк, хэтэвч, бичиг баримт, 40.000 төгрөгийн хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 594.940 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч А.Н-гийн: “...манай ахлах О- миний урдаас “сая чиний цүнхийг аваад явж байхаар нь авлаа шүү дээ тэр хүмүүс нь доошоо буугаад явсан” гэж хэлэхээр нь би доошоо буухад хамгаалалтын албаны хүн нэг үл таних эрэгтэй, эмэгтэйг бариад авчихсан байсан. Тэр хоёр хүн согтуу байсан. Манай ахлах О- хэлэхдээ эрэгтэй нь аваад гарсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 11-14/, гэрч О-: “...жаахан цаашаа яваад харахад нэг үл таних согтуу эрэгтэй хүн манай ажилчин Нэргүйгийн нөүтбүүкний цүнхийг газар чирчихсэн, аминдаа цүнхий согтуудаа өргөж даагаагүй юм шиг байгаан урсдаг шатны тэнд явж байхаар нь би араас нь гүйж очоод Нэргүйгийн цүнхийг аваад явж байхаар нь барьж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 16-17/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд /хх-н 8-10/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 27-28/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ю.А-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ю.А- нь хохирогч А.Н-гийн нөүтбүүкийг, цүнхний хамт  хулгайлан авч 554.940 төгрөгийн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч нь нөүтбүүк, хэтэвч, нөтбүүкний цүнхээ буцааж авсан гомдол саналгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 64-66/ тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Ю.А-гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 01 жил 01 сар хорих ял оногдуулах ял, шүүгдэгчийн өмгөөлөгч нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал тус тус гаргасан ба шүүх шүүгдэгч Ю.Амирлангийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн эд зүйлийг буцаан өгсөн, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Ю.А- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ю.А-г “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.А-г 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.А- нь шүүхээс оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ю.А-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР