Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2019/ШЦТ/524

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

Улсын яллагч: Б.Батнасан,

Шүүгдэгч: А.Н-, түүний өмгөөлөгч Ш.Сарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Н-т холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1905018480603 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А.Н-, .... тоот регистртэй,

Шүүгдэгч А.Н- нь 2019 оны 4 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Sea” /Си/ нэртэй бааранд үүдэнд иргэн Г.М- толгойн тус газарт пивоны шилээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэх судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Н-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Тухайн үед пиво уугаад барьж байсан ба маргалдаж байсан хүнийг андуураад хохирогчийг цохьсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Хохирогч Г.М- мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Си” бааранд найз Ц-тэй утсаар ярьж очихоор болсон. Тэгээд шөнийн 01 цагийн орчим би ганцаараа очсон....Тэгээд баар хаах үед манай найз Б- тус баарны DJ /Дижи/-тэй маргалдаад байхаар нь би хориод найз Б-ыг гар гээд гаргасан чинь араас нь DJ /Дижи/ залуу гараад үүдний гарах хаалганы хэсэгт очиж маргалдаад байхаар нь би DJ /Дижи/ залууг салгаад урдаас нь тэврээд байж байхад миний толгойны ар хэсэгт цохих шиг болоод би эргэж царайг нь хараад ухаан алдаад унаад өгсөн... Үйл явдал болсны дараа тус баарны бармен Ц- “цагаан футболк өмссөн, зүүн булчин хэсэгт шивээтэй залуу чамайг цохьсон” гэсэн мэдүүлэг /хх-н 10-12/,

Гэрч В.Ц-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...03 цаг 30 минут гэхэд манайх дотор үйлчлүүлж байсан хүмүүсээ гаргаж байсан чинь манай DJ /Дижи/ Д-, Б-тай маргалдаад Б- түрүүлээд гараад явахад Д- араас нь гарах гээд дотор шатаар доошоо гадагшаа гарах гэхэд М-, Билгүүн хоёр хориод байхад нь би араас нь шатаар гараад иртэл гаднаас танихгүй 3 залуу орж ирээд хар хантааз, саарал цамц өмссөн залуу нь DJ /Дижи/ Д-г цохих гэж дайрахад хамт ирсэн цагаан футболк өмссөн залуу зүгээр байж байсан. Мөнх-Эрдэнийн толгой руу барьж байсан 0.5 литрийн Нийслэл пивоны шилээр цохихоор нь би барих гээд баарнаас гарсан... М- баарны үүдний хэсгийн дотор талд шатан дээр ухаан алдаад унасан байхаар нь би санитоль эм үнэртүүлж сэргээсэн... Манай найз Мөнх-Эрдэнийн толгойны зүүн дээд хэсэгт хагараад цус гарсан байснаас өөр ямар нэгэн гэмтэл байхгүй байсан... DJ /Дижи/ Д-, Б- нар хоорондоо маргалдаад байснаас биш зодоон хийгээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 15-16/,

Гэрч Б-ий мөрдөн байцаалтад өгсөн: “...Б- гараад явсны дараа нөгөө маргалдсан гэх эрэгтэй араас нь уурлаад тус баарны гарах шатны хэсэгт дайраад байхаар нь М- бид хоёр салгаад байж байтал гэнэт 2-3 залуугийн нэг нь барьж байсан пивоны шилээр Мөнх-Эрдэнийн толгойд цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 18/,

Шинжээчийн 4925 тоот дүгнэлтэд: “...Г.М- биед зүүн зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, духанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 23/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...нарийн хар жижиг цүнх үүрсэн цайвар жинсэн өмд, улаан өнгийн пүүз өмссөн эрэгтэй баруун гартаа барьсан хүрэн бор өнгийн пивоны шилийг далайж байгаад малгайтай саарал цамц, хар куртик, хар бараан өмд, хар гуталтай эрэгтэйн толгой тус газарт нь цохих үед толгойгоо дарж доошоо суухад дээрх хүмүүс хоорондоо нэг нэгтэйгээ барилцаж авахад дотроос хар ханцуйгүй хойно нь “SEA” гэсэн бичигтэй фодвалк, хар өмд, саарал пүүзтэй эмэгтэй хүрэн бор өнгийн пивоны шилээр цохьсон залуутай зодолдож, үсдэлцэх үед хүмүүс салгасан. ...11 цаг 30 минутанд дуусав...” гэжээ /хх-н 37-39/,

Яллагдагчаар А.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолд дурдсан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... Би хохирогчоос гаргаж өгсөн 300.000 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулна. ...хэргийг шуурхай хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-н 66-68/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Хохирогчийн өргөдөл /хх-н 3/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 42-62, 76-77/, Хохирлын баримтууд /хх-н 71-73/, хохирогчийн хүсэлт /хх-н 83-84/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч А.Н- нь 2019 оны 4 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Sea” /Си/ нэртэй баарны үүдэнд иргэн Г.М- толгойн тус газарт пивоны шилээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Г.М-: “...Б-ыг гар гээд гаргасан чинь араас нь DJ /Дижи/ залуу гараад үүдний гарах хаалганы хэсэгт очиж маргалдаад байхаар нь би DJ /Дижи/ залууг салгаад урдаас нь тэврээд байж байхад миний толгойны ар хэсэгт цохих шиг болоод би эргэж ...царайг нь хараад ...ухаан алдаад унтаад өгсөн... Үйл явдал болсны дараа тус баарны бармен Ц- “цагаан футболк өмссөн, зүүн булчин хэсэгт шивээтэй залуу чамайг цохьсон гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 10-12/, гэрч В.Ц-ийн: “...би араас нь шатаар гараад иртэл гаднаас танихгүй 3 залуу орж ирээд хар хантааз, саарал цамц өмссөн залуу нь DJ /Дижи/ Д-г цохих гэж дайрахад хамт ирсэн цагаан футболк өмссөн залуу зүгээр байж байсан. Мөнх-Эрдэнийн толгой руу барьж байсан 0.5 литрийн Нийслэл пивоны шилээр цохихоор нь би барих гээд баарнаас гарсан... М- баарны үүдний хэсгийн дотор талд шатан дээр ухаан алдаад унасан байхаар нь би санитоль эм үнэртүүлж сэргээсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 15-16/, гэрч Б-ий: “...Б- гараад явсны дараа нөгөө маргалдсан гэх эрэгтэй араас нь уурлаад тус баарны гарах шатны хэсэгт дайраад байхаар нь М- бид хоёр салгаад байж байтал гэнэт 2-3 залуугийн нэг нь барьж байсан пивоны шилээр Мөнх-Эрдэнийн толгойд цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 18/, шинжээчийн 4925 тоот дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 37-39/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч А.Н-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.Н- нь согтуурсан үедээ хохирогч Г.М- толгойн тус газар пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 83-84/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч А.Н-ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр зааж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д “...Шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор ...торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй.” гэж заасан тул өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.                                                             

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч А.Н-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-ийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Н-т хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.ОТГОНБАЯР