Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2019/ШЦТ/525

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Буянхишиг

Улсын яллагч: Г.Ганхөлөг,

Шүүгдэгч: М-, Б-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт М-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б- нарт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1905010010563 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... тоот регистртэй,

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б-, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч М-, Б-нар нь 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 37а байрны гадаа иргэн А.О-, Б- нартай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар яллагдагч М- нь хохирогч Б-гийн биед халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Б-нь хохирогч А.О-ы биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэх судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 20-ны орой 22 цагийн үед миний төрсөн эгч Н- түүний нөхөр О- нар манай гэрт усанд орохоор ирсэн. Тэгээд гарахдаа тухайн байрны иргэн Б-тай машин зөрөлцөх асуудлаас болж маргалдсан. Б- нь өөрийн хүү О- руу утасдаж “миний хүү гараад ир, ээжийг нь хүн дээрэлхээд зодох гээд байна” гэж хэлсэн. Манай эгч бид нар руу залгахаар нь манай нөхөр гарсан, араас нь манай хүү Б- гарсан. Би гэртээ байж байгаад хэсэг хугацааны дараа араас нь гарахад О- манай хүүг хоёр гараараа боосон байсан. Би очоод “хүүхэд тавь” гээд гарыг нь тавиулсан. Б- гэх эмэгтэй эхэлж манай эгч рүү дайрахаар нь би эгчийгээ өмөөрч түүнтэй маргалдсан. Маргалдсаны үндсэн дээр намайг хэл амаар доромжилсон, над руу салаавч гаргасан учраас хариу үйлдэл үзүүлж харилцан цохилцож үсдэлцсэн. Би Б-г үсдэхдээ шилбэ рүү нь өшиглөхөөс шагай руу нь өшиглөсөн гэж бодохгүй байна. Тэгээд намайг түүний шагайг хугалсан гэх дүгнэлт гарсан. Удалгүй Б-тай байрны гадна тааралдахад шагай хугарсан гээд гипстэй байсан ч машинаа жолоодож байсан. Би нөхөр хүүхэдтэйгээ нийлээд Б-, О- нарыг зодсон юм шиг мэдүүлэг өгсөн байсан. Байцаагч Ганчулуун камерын бичлэг байгаа гэхээр нь үзье гэхэд надад үзүүлээгүй. Хохирогчийн талаас гэрчлэх хүн байгаа гэсэн боловч тэр гэрчтэй нь уулзуулаагүй. Б-гийн дүү, нөхөр, эгч нь гэх хүмүүс байсан. Түүний эгч нь манай нөхөр рүү дайраад, гар утсыг нь хүртэл газар шидээд орилоод байсан. Үнэхээр камерын бичлэг байгаа бол үзмээр байна. Надад одоо хүртэл үзүүлээгүй. Үүн дээр би гомдолтой байна...” гэв.

Шүүгдэгч Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр аавын араас би гарахад О- намайг боосон. Тэгж байтал ээж гарч ирээд салгасан. О- манай ээжийг бариад түlхэж байсан ба ээж хөл муутай болохоор би ээжийгээ хамгаалж цохисон. Удалгүй О- намайг цохисон. Тэгээд аав намайг гэр рүү оруулсан ба Гэмтлийн эмнэлэг ороод Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс орж мэдүүлэг өгсөн...” гэв.

Хохирогч Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Жолооч эмэгтэй дайраад байсан бөгөөд байрнаас гарч ирсэн хажууд нь байсан улаан куртиктэй эмэгтэй намайг үсдэж аваад зүүн хөлийн шагай хэсэг рүү өшиглөөд байсан. Хэдэн удаа өшиглөснийг мэдэхгүй байна. Машины жолооч эмэгтэй бол намайг цохиж зодоогүй. Намайг доошоо дарсан байсан. Би гарыг нь тавиулах санаатай хувцаснаас нь зуурах үйлдэл гаргасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 32/,

Хохирогч А.О-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...Би салгах санаатай хажуунаас нь очоод гарыг нь тавиулах үед Б- араас ирээд миний толгойны дагз хэсэгт гараараа цохьсон. Тэгэхээр нь би эргэж хараад тэвэрч аваад хоорондоо ганц нэг цохилцсон. Тэгээд аав нь гэх хүн намайг тэвэрч аваад салгасан чинь Б- хүрч ирээд миний нүүр хэсэгт 2 гараараа нүүр рүү 6-7 удаа цохиод авсан. Тэгээд хамарнаас цус гарсан. Тэгэхээр нь би явж очоод Б-ын нүүр рүү нь нэг удаа цохьсон. ...Манай ээжийг Б-ын ээж гэх хүн хөл рүү нь өшиглөөд гэмтээсэн гэж ээж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 39/,

Гэрч нарын мэдүүлгүүдээс нь бичээрэй

Шинжээчийн 2692 тоот дүгнэлтэд: “...Б-гийн биед зүүн шагайн үений гадна хачаар ясны далд хугарал, зүүн нүдний доод зовхи, зүүн шагайн үеэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 44/,

Шинжээчийн 2689 тоот дүгнэлтэд: “...А.О-ы биед баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, уруулын няцарсан шарх, хамрын ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх-н 48/,

Яллагдагчаар М-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Б-гийн зүүн хөл рүү өшиглөсөн. Өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 54-57/,

Яллагдагчаар Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ...О- явж очоод ээжийг хажуу талаас нь түлхэхээр нь би араас нь очоод зүүн гараараа дагз хэсэгт нь 1 удаа цохьсон. Тэгтэл эргэж хараад намайг заамдаад авсан. Энэ үед аав Г-, О- нар ирээд салгасан. Тэгэхээр нь би гүйж очоод О-ы нүүр нь тус газар нь 1 удаа хүчтэй цохьсон. Тэгтэл тэр залуугийн хамарнаас нь цус гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 62-63/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, хохирогчийн өргөдөл /хх-н 5/, Хохирлын баримтууд /хх-н 49-50/, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 68-91/, хохирогч нарын хүсэлт /хх-н 97, 99/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч М-, Б-нар нь 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 37а байрны гадаа иргэн А.О-, Б- нартай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар яллагдагч М- нь хохирогч Б-гийн биед халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Б-нь хохирогч А.О-ы биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б-гийн: “...Жолооч эмэгтэй дайраад байсан бөгөөд байрнаас гарч ирсэн хажууд нь байсан улаан куртиктэй эмэгтэй намайг үсдэж аваад зүүн хөлийн шагай хэсэг рүү өшиглөөд байсан. Хэдэн удаа өшиглөснийг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 32/, хохирогч А.О-ы: “...Б- араас ирээд миний толгойны дагз хэсэгт гараараа цохисон. Тэгэхээр нь би эргэж хараад тэвэрч аваад хоорондоо ганц нэг цохилцсон. Тэгээд аав нь гэх хүн намайг тэвэрч аваад салгасан чинь Б- хүрч ирээд миний нүүр хэсэгт 2 гараараа нүүр рүү 6-7 удаа цохиод авсан. Тэгээд хамарнаас цус гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 39/, шинжээчийн 2692, 2689 тоот дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч М-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан”, шүүгдэгч Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргүүдийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгч нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М- нь хохирогч Д.Баяраатай маргалдаж түүнийг үсдэж, өшиглөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б-нь хохирогч А.О-тай маргалдаж түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан нь өөрсдийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Хохирогч Б- нь шүүгдэгч М-ээс 200.000 төгрөг нэхэмжилсэн, хохирогч А.О- нь шүүгдэгч Б-оос 219.800 төгрөг тус тус нэхэмжилсэн бөгөөд хохирогч, шүүгдэгч нар хохирлыг 6 сарын 21-ний дотор төлж барагдуулахаар тохиролцож бичгээр хүсэлт /хх-н 97-100/ гаргасан тул шүүгдэгч М-ээс 200.000 төгрөг гаргуулж хохирогч Б-д, шүүгдэгч Б-оос 219.800 төгрөг гаргуулж хохирогч А.О-д тус тус олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж эвлэрсэн баталгааг өгсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах, “шүүгдэгч Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгч нарт танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болно.                                                             

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч М-ийг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд

- Шүүгдэгч Б-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-ийг 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. Шүүгдэгч нар нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  2. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-ээс 200.000 төгрөг гаргуулж хохирогч Б-д, шүүгдэгч Б-оос 219.800 төгрөг гаргуулж хохирогч А.О-д тус тус олгосугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М-, Б-нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.ОТГОНБАЯР