Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 1584

 

 

 

 

 

 

 

     2018 оны 08 сарын 21 өдөр

     Дугаар 182/ШШ2018/01584

              Улаанбаатар хот

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С ББСБ -ийн нэхэмжлэлтэй

  Хариуцагч: Ц-д холбогдох

Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 2,800,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Ганболд, Б.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Байгалмаа нар оролцов.

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

          Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Цнь 2015.05.20-ны өдөр манай байгууллагатай цалин барьцаалсан зээлийн гэрээ байгуулж 2,000,000 төгрөгийн цалингийн зээлийг 12 сарын хугацаатай эхний 6 сард 3,55%, дараагийн 5 сард 4,55%, сүүлийн нэг сард 8,5%-ийн хүүтэй байх нөхцөлтэй зээлсэн. Зээлдэгч нь 2018.05.22-ны өдрийг хүртэл үндсэн зээлээс нэг ч төлөлт хийгээгүй бөгөөд хүүд 780,000 төгрөг төлсөн. Зээлээ төлөхийг удаа дараа шаарддаг боловч ямар ч төлбөр төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн болно. Иймд бид Ц-ээсүндсэн зээл 2,000,000 төгрөг, хүү 4,434,533 төгрөг, нийт 6,434,533 төгрөг болсноос 1,434,533 төгрөгийг хасч 5,000,000 төгрөг нэхэмжилсэн. Харин шүүх хуралдааны явцад 5,000,000 төгрөгийг 2,800,000 төгрөг болгон багасгаж байгаа бөгөөд үндсэн зээл 2,000,000 төгрөг, хүү сарын 3,55%-иар гэрээний хугацаа дууссан 2016.05.20-ны өдрөөс 2017.05.20-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тооцож 800,000 төгрөг болно. Иймд хариуцагч Ц-ээсзээл, хүүд 2,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч талын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                       ҮНДЭСЛЭХ НЬ:

 

  Нэхэмжлэгч С ББСБ ХХК нь хариуцагч Ц-дхолбогдуулж зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 5,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдааны явцад шаардлагаа багасгаж 2,800,000 төгрөг болгосныг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Цнь СББСБ ХХК-тай 2015.05.20-ны өдөр цалин барьцаалсан зээлийн гэрээ байгуулж, 2,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, эхний 6 сард 3,55%, дараагийн 5 сард 4,55%, сүүлийн нэг сард 8,5%-ийн хүүтэй байх нөхцөлтэй зээлж авсан байх бөгөөд уг зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 451.2, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан шаардлагад нийцжээ.

 

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч СББСБ ХХК нь 2015.05.20-ны өдөр хариуцагч Ц-д2,000,000 төгрөгийг олгосон байх бөгөөд хариуцагч Цнь зээлийн гэрээний хугацаанд зээлийн эргэн төлөлтийн графикийн дагуу үндсэн зээлд 2,000,000 төгрөг, хүүд 497,996 төгрөг, нийт 2,497,997 төгрөг төлөх байжээ.

 

Гэтэл хариуцагч Цнь гэрээний хугацаанд эргэн төлөлтийн график зөрчин зээлийн хүүд 2015.07.23-ны өдөр 80,000 төгрөг, 2015.10.13-ны өдөр 100,000 төгрөг, 2015.11.25-ны өдөр 100,000 төгрөг, 2016.05.19-ний өдөр 500,000 төгрөг, нийт 780,000 төгрөгийн төлөлт хийснээс өөр төлөлт хийгээгүй, зээлээ төлөхийг нэхэмжлэгч СББСБ ХХК-иас удаа дараа шаардаж байсан байна.

 

Дурдсан үйл баримтууд нэхэмжлэгч талын тайлбар, нэхэмжлэгч байгууллагын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, цалин барьцаалсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн график, кассын орлогын ордер, зээлдэгчийн дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудаар тогтоогдов.

 

          Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 2,800,000 төгрөгөө үндсэн зээл 2,000,000 төгрөг, 1 сарын хүү 3,55%-иар бодоход 71,000 төгрөг, хүүг зээлийн гэрээний хугацаа дууссан 2016.05.20-ны өдрөөс 2017.05.20-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаатай тооцож 800,000 төгрөг болсон, нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэхгүй, зөвхөн зээл, хүүг л шаардаж байна гэж тайлбарлав.

 

          Харин дээрх тооцооллыг шүүх хууль болон гэрээнд заасны дагуу нягталж үзвэл: хариуцагч Цнь үндсэн зээлд 2,000,000 төгрөг, хүүд 852,000 /2,000,000 төг * 3,55% * 12 сар/ төгрөг, нийт 2,852,000 төгрөг төлөх үүрэгтэй байх боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу 2,800,000 төгрөгийн хэмжээнд маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”,

 

453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”,

    

Цалин барьцаалсан зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д “зээлдэг нь дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, 4.1.1-д “зээлийн үндсэн төлбөр, хүүг эргэн төлөлтийн графикийн дагуу төлөх үүрэгтэй”, 4 дүгээр зүйлийн 4.2-т “ББСБ нь дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, 4.2.3-т “зээлийн эргэн төлөлтөд хяналт тавих, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг зээлдэгчээс шаардах эрхтэй” гэж тус тус заажээ.

 

Иймд нэхэмжлэгч СББСБ-д Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, цалин барьцаалсан зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.3-т зааснаар зээл, хүүг шаардах эрх үүссэн байх бөгөөд хариуцагч Цнь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, цалин барьцаалсан зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар зээл, хүүг буцаан төлөх үүрэгтэй байна.

 

Шүүхээс хариуцагч Ц-днэхэмжлэлийг 2018.06.06-ны өдөр гардуулж, зохигчийн эрх, үүргийг, мөн 2018.06.20-ны дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай тайлбар болон холбогдох нотлох баримтаа бүрдүүлж ирүүлэх үүрэгтэйг танилцуулсан байх боловч хариуцагч талаас тайлбар болон нотлох баримтыг шүүхэд огт ирүүлээгүй болно.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч Цнь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3‑т зааснаар баримтаар нотлоогүй төдийгүй хэргийн материал танилцах, шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх зэрэг эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, энэ эрх, үүргээ хэрэгжүүлэхэд шүүхээс ямар нэгэн байдлаар саад болоогүй, эрхийг шүүх албадан эдлүүлэх боломжгүй юм. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4‑т “нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно”, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т заасны дагуу хариуцагч Л.Цэцэгбаярыг нэхэмжлэгч СББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Ц-ээс2,800,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч СББСБ ХХК-нд олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхээс хариуцагч Ц-дтүүний 99126301 дугаарын утсаар хурлын тов мэдэгдэхээр залгахад утсаа аваагүй, оршин суугаа хаягаар нь хурлын тов хүргэхэд хаяг дээрээ бүртгэлтэй боловч, оршин суудаггүй гэсэн хорооны засаг даргын тодорхойлолт иржээ.

 

Өөрөөр хэлбэл шүүх хариуцагч Ц-дшүүх хуралдааны тов хүргэх талаар хуульд заасан ажиллагааг явуулсан байх бөгөөд түүнийг шүүх хуралдааны тов мэдсэн гэж үзнэ.

 

Иймд хариуцагч Цнь шүүх хуралдааны тов мэдсэн байх боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгч нарын гаргасан хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3‑т зааснаар нэхэмжлэгч талын гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Мөн хариуцагч Ц-днэхэмжлэлийн хувийг гардуулах үед Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар шүүх хуралдааны товыг лавлах, мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д зааснаар өөрчлөгдсөн хаягаа шүүхэд мэдэгдэх үүрэгтэйг танилцуулсныг тэмдэглэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Ц-ээс2,800,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч СББСБ ХХК-д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч СББСБ ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц-ээс59,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч СББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Т.ЭНХТУЯА