Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2019/ШЦТ/575

 

 

 

 

 

 

  2019          06           26                                           2019/ШЦТ/575

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Ууганзаяа,  

Улсын яллагч: А.Намдаг,

Хохирогчийн өмгөөлөгч: М.Болормаа,

Шүүгдэгч: Б-өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905020000567 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б-, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Б-нь 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М-тай маргалдан, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...тухайн өдөр бид нар гудамжинд юм яриад байж байсан. Тэгтэл манай найз охинтой нэг залуу уулзаад байж байгаад түүнийг цохьсон. Тэгэхээр нь би очоод хавирч унагаасан. Тэгтэл цаашаа зугтаахаар нь би араас нь хөөж очоод хавирч унагаасан. Тухайн үед найз охиныг цохьсон болохоор уур хүрээд ийм асуудал болсон...” гэв.

Хохирогч М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...би эхлээд маргалдаж байгаад эмэгтэйгийн нүүр рүү цохьсон. Тэгэхэд араас залуучууд ирээд намайг хөөгөөд газар унагаж байгаад толгой руу 3, 4 удаа өшиглөсөн. Тэгээд босоод цаашаа зугатаахад араас гүйж ирээд хавирч унагаагаад нуруу руу 1 удаа өшиглөсөн. ...дахиад зугтаахад араас ирээд унагаагаад хамар руу өшиглөхөд цус гарсан. Би эсэргүүцэж биеэ хамгаалж уг залууг цохих гэж үзсэн, сүүлд камерын бичлэг үзэхэд намайг Б- гэх залуу араас өшиглөж зодсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 21/,

Гэрч Х-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би дуудлагын жолоочтой М-ыг найзтай нь хамт Модны 2-ын дунд зам дээр байрлах байранд буулгачихаад нөгөө хэдийг нь хүргэж өгчихөөд ирэхэд зодуулсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 22/,

Гэрч Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...тухайн үед Б- тэр залуу хоёрын хооронд зодоон болсон. Тэр залууг Б- араас нь хөөж байгаад дэгээдэж унагаагаад тэр залуу босч ирэхдээ Б-ийн нүүр рүү нэг цохиод зугтаахад Б- араас нь дахиад хөөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 31/,

Гэрч Ү-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...тухайн үед тэр залуу эхэлж Хулангийн нүүр рүү цохиод хамраас нь цус гаргачихаад зугтаасан. Тэгээд араас нь Б- очоод дэгээдэж унагаагаад босч ирэхээр нь нүүр рүү нь 1 удаа цохиод хамраас нь цус гаргасан. Тэр залуу Б-ийн өөдөөс 2 удаа цохиж харагдсан, тэгээд зугтаж байхад Б- очоод дэгээдэж унагаагаад 2 удаа хөл рүү нь өшиглөж харагдсан. Өөр тэр залууд гар хүрсэн хүн байхгүй...” гэсэн мэдүүлэг хх-н 25/,

Шинжээчийн 5315 тоот дүгнэлтэд: “...М-ын биед тархи доргилт, хамар ясны хугарал, баруун гарын алга, өвдөг, баруун чихний дэлбэнд цус хуралт, зулгаралт зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт болно. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно...” гэсэн дүгнэлт /хх-н 48/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хулан зүүн гараа барьсан цаас мэт зүйлийг хохирогч М- руу шидэн баруун гараараа гэдэс хэсэг рүү 1 удаа цохиход хохирогч М- гэрч Хуланг баруун гараараа нүүрэн тус газар цохин арагшаа ухрахад хажууд нь зогсож байсан сэжигтэн Б-хохирогч М-ыг заамдан авч хавирч унагаана. ...машинуудын голоор хохирогч М- гүйж зам хөндлөн гарахад араас сэжигтэн Б- гүйж ирэн хөл рүү нь өшиглөн хохирогч М- газар унахад сэжигтэн Б- өөрөө унан босч ирэн хохирогч М-ын нуруу хэсэг рүү 1 удаа өшиглөхөд хохирогч М- босч явган хүний зам даган гүйхэд араас нь сэжигтэн Б- толгойн ар хэсэг рүү нь цохиход хохирогч М- газар унана. ...М-ыг газар унасан байхад сэжигтэн Б- 1-2 удаа өшиглөх ба араас нь гэрч Үнэнхүү очин сэжигтэн Б-ийг салгаж авна. ...М- босч зугтаахад араас нь сэжигтэн Б- хөөн дахин дэгээдэж газар унагаана. ...хохирогч М- машины урдуур тойрон гарч машины хаалга онгойлгон суух гэхэд сэжигтэн Б- араас нь татан газар унагаана...” гэжээ. /хх-н 11-17/,

Яллагдагчаар Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ...Тухайн үед би хохирогч М-ын биед учирсан гэмтлийг зодож учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 59-60/,

 Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Хохирогчийн өргөдөл /хх-н 3/, хохирлын баримтууд /хх-н 53/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 63-92/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б-нь 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М-ыг найз охиныг нь цохилоо гэсэн шалтгаанаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч М-ын: “...би эхлээд маргалдаж байгаад эмэгтэйгийн нүүр рүү цохьсон. Тэгэхэд араас залуучууд ирээд намайг хөөгөөд газар унагаж байгаад толгой руу 3, 4 удаа өшиглөсөн. Тэгээд босоод цаашаа зугатаахад араас гүйж ирээд хавирч унагаагаад нуруу руу 1 удаа өшиглөсөн. ...дахиад зугтаахад араас ирээд унагаагаад хамар руу өшиглөхөд цус гарсан. Би эсэргүүцэж биеэ хамгаалж уг залууг цохих гэж үзсэн, сүүд камерын бичлэг үзэхэд намайг Б- гэх залуу араас өшиглөж зодсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 21/, гэрч Х-гийн: “...би дуудлагын жолоочтой М-ыг найзтай нь хамт Модны 2-ын дунд зам дээр байрлах байранд буулгачихаад нөгөө хэдийг нь хүргэж өгчихөөд ирэхэд зодуулсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 22/, гэрч Б-ын: “...тухайн үед Б- тэр залуу хоёрын хооронд зодоон болсон. Тэр залууг Б- араас нь хөөж байгаад дэгээдэж унагаагаад тэр залуу босч ирэхдээ Б-ийн нүүр рүү нэг цохиод зугтаахад Б- араас нь дахиад хөөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 31/, гэрч Ү-гийн: “...тухайн үед тэр залуу эхэлж Хулангийн нүүр рүү цохиод хамраас нь цус гаргачихаад зугтаасан. Тэгээд араас нь Б- очоод дэгээдэж унагаагаад босч ирэхээр нь нүүр рүү нь 1 удаа цохиод хамраас нь цус гаргасан. Тэр залуу Б-ийн өөдөөс 2 удаа цохиж харагдсан, тэгээд зугтаж байхад Б- очоод дэгээдэж унагаагаад 2 удаа хөл рүү нь өшиглөж харагдсан. Өөр тэр залууд гар хүрсэн хүн байхгүй...” гэсэн мэдүүлэг хх-н 25/, шинжээчийн 5315 тоот дүгнэлт, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б-нь согтуурсан үедээ хохирогч Т.Мэнд-Амрыг гэрч Хуланг цохилоо гэх шалтгаанаар газар унагаан, цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч М-ын биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөг, рентгенд харуулсан 27.000 төгрөг, компьютер томогарфикийн зураг авахуулсан 120.000 төгрөг, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгчийн шинээр гаргаж өгсөн, хохирогчийн эмнэлэгт хэвтсэн 700.000 төгрөг, нийт  855.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч М-т олгохоор шийдвэрлэв.

Хохирогчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн “Хүслэн эмийн сан”-гаас  эм, тариа авсан гэх баримт нь зарлагын падаан байх ба уг эм, тариаг худалдан авч төлбөрийг төлсөн эсэх нь эргэлзээтэй байх тул шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Хохирогч нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б-ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь Б-ийн нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгч Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрхэлсэн тодорхой ажил, цалин орлогогүй, хохирлыг төлөөгүй зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б-нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-нь шүүхээс оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-өөс 855.000 төгрөг гаргуулж хохирогч М-т олгосугай.
  6. Хохирогч М- нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР