Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2019/ШЦТ/746

 

 

 

 

 

 

    2019          09         02                                      2019/ШЦТ/746

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Энхтуул,  

Улсын яллагч: А.Баясгалан,

Шүүгдэгч: Б- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905017840518 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б-, .... тоот регистртэй,

Шүүгдэгч Б- нь 2019 оны 4 дүгээр сарын 12-ны оройн 22 цагийн үед Баянгол дүүргийн 01 дүгээр хороо, Богд Ар хорооллын 9/а байрны 13 дугаар давхарт Г-ийг өшиглөж зүүн нүдний алимны салстад цус хуралт, өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...миний мэдэж байгаагаар би ямар нэгэн хүнд хөөгдөөд байгаа юм шиг, ямар нэгэн хүнд зодуулаад байгаа юм шиг санагдаад байгаа бөгөөд манай байрны орцны жижүүр эгч намайг шатан дээр явж байхад гэртээ орооч гэж загнаад байгааг санаад байгаа юм. Тэгээд би 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр гэртээ сэрсэн бөгөөд миний зүүн нүд улайчихсан, хоёр хөлийн шилбэ шалбарчихсан байсан. ...2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр ...манай байрны орцны жижүүр надтай таараад ...цэргийн хувцастай хүнтэй маргалдаад зодолдоод байсан. Тэгээд би гарч та хоёрыг салгасан, чамтай маргасан залуу танай давхарт амьдардаг залуу гээд ...дугаарыг нь өгсөн. ...миний биед ямар нэгэн гэмтэл бэртэл байгаагүй боловч сүүлд нөгөө эрээн хувцастай залуутай маргалдан зууралдаад газар унан зодолдсоноос хойш миний нүд улайчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 9-10/,

Гэрч О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...тэр үед би орцны камер хараад байж байтал хохирогч залуу 12 давхраас 13 давхар руу гарсан хойно манай байрны 173 тоотод суудаг нэг залуу ажлынхаа хувцастай орсон бөгөөд тэр залуу өөрийн амьдардаг 13 давхарт гараад шатны хажууд нэг юм өшиглөөд байх шиг болохоор нь би гараад очтол нөгөө 171 тоотын залууг 173 тоотын цэргийн хувцастай залуу өшиглөөд зогсож байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 11-12/,

Шинжээчийн 4736 тоот дүгнэлтэд: “...Г-ийн биед зүүн нүдний алимны салстад цус хуралт, өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтох журмын 2.4.1-т заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэсэн дүгнэлт /хх-н 14/,

Шинжээч эмч Т-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Хохирогчийн биед учирсан зүүн нүдний салстад цус хуралт гэмтэл, зүүн өвдөгний шилбэний цус хуралт гэмтэл нь дан дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлэг /хх-н 17/,

 Яллагдагчаар Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна....Гансүхийн зүүн шилбэнд баруун хөлөөрөө 3 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 53-54/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Хохирогчийн өргөдөл /хх-н 3/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 4-6/, хохирлын баримтууд /хх-н 26-27/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 22-47, 62/, хохирогчийн хүсэлт /хх-н 60/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б- нь 2019 оны 4 дүгээр сарын 12-ны оройн 22 цагийн үед Баянгол дүүргийн 01 дүгээр хороо, Богд Ар хорооллын 9/а байрны 13 дугаар давхарт иргэн Г-ийг орцонд согтуу ориллоо гэх шалтгаанаар өшиглөж зүүн нүдний алимны салстад цус хуралт, өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Г-ийн: “...2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр ...манай байрны орцны жижүүр надтай таараад ...цэргийн хувцастай хүнтэй маргалдаад зодолдоод байсан. Тэгээд би гарч та хоёрыг салгасан, чамтай маргасан залуу танай давхарт амьдардаг залуу гээд ...дугаарыг нь өгсөн. ...миний биед ямар нэгэн гэмтэл бэртэл байгаагүй боловч сүүлд нөгөө эрээн хувцастай залуутай маргалдан зууралдаад газар унан зодолдсоноос хойш миний нүд улайчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 9-10/, гэрч О-ийн: “...манай байрны 173 тоотод суудаг нэг залуу ажлынхаа хувцастай орсон бөгөөд тэр залуу өөрийн амьдардаг 13 давхарт гараад шатны хажууд нэг юм өшиглөөд байх шиг болохоор нь би гараад очтол нөгөө 171 тоотын залууг 173 тоотын цэргийн хувцастай залуу өшиглөөд зогсож байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 11-12/, шинжээчийн 4736 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б- нь хохирогч Г-ийг орцон дотор ориллоо гэх шалтгаанаар нүд рүү цохиж, зүүн шилбэ рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г-ийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, хохирлыг барагдуулсан гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 60/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь Б- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгч Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирогч гомдол саналгүй, хохирол барагдуулсан, эрхэлсэн тодорхой ажилтай зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээж авах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ын 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР