Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/00115

 

 

 

Ж.Ганболдын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/01471 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 1418 дугаар магадлалтай,

Ж.Ганболдын нэхэмжлэлтэй,

Д.Саруулням, Д.Отгонням нарт холбогдох,

Гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, 2.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Ганболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батзаяа, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Ганболдын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие 2018 оны 01 сарын 17-ны өдөр найз Г.Соёлмөнхийн хамт Баянгол дүүргийн 9-р хороонд байрлах, Хаш рестораны 1 давхарыг автомат тоглоомын зориулалтаар түрээслэхээр Д.Отгоннямтай түрээсийн гэрээ байгуулж, 2.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Гэрээ байгуулах үед би бичиг баримтгүй байсан тул найз Г.Соёлмөнх гэрээ хийсэн. Байрыг хүлээн авахад өмнө нь ажиллуулж байсан автомат тоглоомуудыг аваагүй байсан. Миний бие байранд тоглоом суурилуулсан ч цагдаагийн байгууллагаас үйл ажиллагаа явуулахыг хориглосон учраас үйл ажиллагаа явуулж чадаагүй. Ингээд 2018 оны 01 сарын 20-ны өдөр Д.Саруулнямд үйл ажиллагаа явуулах боломжгүй талаар мэдэгдэхэд байрны түлхүүрийг жижүүр н.Баярцэцэгт өг гэсэн. Гэрээнд байрны эзэн Д.Отгонням нь Д.Саруулнямд түрээсийн гэрээ байгуулж, төлбөр авах зөвшөөрөл өгсөн учраас Д.Саруулням гэрээнд гарын үсэг зурсан гэх тайлбарыг цагдаагийн байгууллагад өгсөн бөгөөд цагдаагийн байгууллагаас маргааныг иргэний журмаар шалгуул гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. 2018 оны 01 сарын 17-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Түрээсийн гэрээнд автомат тоглоомын газар ажиллуулах гэж тодорхой бичсэн байдаг. Өмнө нь уг байранд автомат тоглоом тоглуулахаар түрээсэлж, цагдаагийн байгууллагаас тусгай зөвшөөрөл хураасан байсан. Түрээсийн гэрээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт зааснаар бүртгэл хийгдээгүй. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт зааснаар 2.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анхбаярын шүүхэд гаргасан тайлбарт: ...2018 оны 1 сарын 17-ны өдөр талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч байранд тоглоом байрлуулж үйл ажиллагаа явуулсан. 2018 оны 2 дугаар сарын эхээр хариуцагч байгууллагад ажиллаж байсан н.Баярцэцэгт түлхүүр үлдээсэн байсан. Нэхэмжлэгч тодорхой хугацаанд байранд түрээсийн үйл ажиллагаа явуулчихаад байр түрээслээгүй гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан. Түрээсийн гэрээний гол шинж түрээслүүлэгч үл хөдлөх хөрөнгийг тухайн зориулалтаар тохижуулсан байхыг шаарддаг. Гэтэл талуудын түрээслэсэн гэх обьект хоосон заал байсан. Нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгийг автомат тоглоомын үйл ажиллагаа явуулахаар тохижуулаагүй тул талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна. Хэрэв талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан бол улсын бүртгэлийн газар бүртгүүлэх ёстой. Гэтэл эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан учраас бүртгэлийн газар бүртгүүлэх шаардлагагүй. Автомат тоглоомын үйл ажиллагаа явуулах хүсэл зориг нэхэмжлэгчид байсан. Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулах тохиолдолд Аж ахуйн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.8 дах хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл авдаг. Нэхэмжлэгч тал автомат тоглоом тоглуулах тусгай зөвшөөрлийг холбогдох газраас хөөцөлдөж авах ёстой. Гэтэл нэхэмжлэгч тусгай зөвшөөрөл аваагүйгээс түрээсийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон гэж тайлбарласан. Хариуцагчаас шалтгаалсан буруутай үйл ажиллагаа харагдахгүй байна. Нэхэмжлэгч түрээсийн гэрээний үүрэг шаардсан мөртлөө гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасан нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/01471 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дах хэсэгт заасныг баримтлан талуудын хооронд 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан Ажлын байрны түрээсийн гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагч Д.Саруулням, Д.Отгонням нараас 2 500 000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Ж.Ганболдод олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Саруулням, Д.Отгонням нараас улсын тэмдэгтийн хураамжид 149 900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Ганболдод олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 1418 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/01471 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анхбаярын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ж.Ганболд болон түүний найз Г.Соёлмөнх, хариуцагч Д.Саруулням, Д.Отгонням нарын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэн, уг гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4, 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэн гэрээний дагуу нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн 2.500.000 төгрөгийг нэхэмжлэгчид буцааж олгохоор шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй гэж үзэж байна. Тодруулбал, талуудын хөөрөнд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан боловч анхан шатны шүүх түрээсийн гэрээ гэж үзсэн. Түрээсийн гэрээний гол шинж нь түрээслүүлэгч тухайн хөрөнгийг түрээслэгчийн үйл ажиллагаа явуулах зориулалтаар тохижуулсан, мөн тухайн хөрөнгөөс ашиг олох байдлаар түрээслүүлэгчид төлбөр төлөхийг шаарддаг. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Ж.Ганболдод автомат тоглоом явуулахаар тохижуулсан байр бус хоосон заал түрээслүүлсэн. Нэхэмжлэгч Ж.Ганболд нь түрээсийн байранд автомат тоглоом байршуулан үйл ажиллагаа явуулах хүсэл зоригтой байсан нь шүүх хуралдаанд гаргасан түүний тайлбар гэрч Г.Соёлмөнхийн мэдүүлэг зэргээс харагддаг. Өөрөөр хэлбэл түрээслэгч нь түрээслүүлэгчийн түрээслүүлсэн эд хөрөнгөөс бус өөрсдийн байршуулсан автомат тоглоомоос ашиг олох хүсэл зоригтой байсан. Гэвч нэхэмжлэгч нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу төлбөрт таавар, бооцоот тоглоомын тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулаагүй, тодорхой хугацаанд түрээсийн байрыг ашиглан түрээслүүлэгчээс шалтгаалаагүй үндэслэлээр гэрээгээ цуцалсан. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний объект болох үл хөдлөх эд хөрөнгөд нэхэмжлэгч нь тодорхой хугацаанд байсан эсэх дээр шүүх дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Ж.Ганболдын шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, холбогдох тайлбар, гэрч Г.Соёлмөнх, Н.Баярцэцэг нарын мэдүүлэг зэргээс Ж.Ганболд түүний найз Г.Соёлмөнх нар нь түрээсийн байранд тодорхой хугацаанд байсан гэдэг нь харагддаг. Гэтэл шүүх талуудын хүсэл зориг юу байсан эсэх, түрээсийн байранд нэхэмжлэгч нь байсан эсэх дээр дүгнэлт хийгээгүйгээр гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож 2.500.000 төгрөгийг гаргуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Ж.Ганболд хариуцагч Д.Саруулням, Д.Отгонням нарт холбогдуулан гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, 2.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан, хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагч нарын төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Гэрээний талууд, гэрээний төрөл, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл, шаардлага гаргах эрхийн талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Хэргийн баримтад авагдсан 2018.01.17-ны өдрийн Ажлын байрны түрээсийн гэрээ-нд түрээслэгч Г.Соёлмөнх, түрээслүүлэгч Д.Отгонням гэж бичигдэж, гарын үсэг зурагдсан боловч нэг талаас Ж.Ганболд, Г.Соёлмөнх, нөгөө талаас Д.Отгонням, Д.Саруулням нар гэрээг байгуулах хүсэл зоригоо илэрхийлсэн нь тогтоогдсон, тэдгээрийн хооронд гэрээ байгуулагдсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасныг зөрчөөгүй байна. 

Гэрээгээр Ж.Ганболд, Г.Соёлмөнх нар хамтран Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, 35/2 тоот, 1 дүгээр давхарт байрлах үл хөдлөх хөрөнгийг автомат тоглоомын газрын зориулалтаар түрээслэж, түрээсийн төлбөрт сард 2.500.000 төгрөг төлөхөөр Д.Отгонням, Д.Саруулням нартай тохиролцсон нь тогтоогджээ.

Гэрээний дагуу эхний сарын түрээсийн төлбөр 2.500.000 төгрөгийг төлсөн талаар зохигч маргаагүй юм.

Байгуулагдсан гэрээ нь түрээсийн эсхүл эд хөрөнгө хөлслөх аль нь болох нь зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл болсон ба шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь үндэслэл бүхий болжээ.

  Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Харин түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг байна.

Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний зүйл нь ердийн ашиглах байр талбай бус, тухайн байранд өмнө нь өөр этгээд тусгай тоног төхөөрөмж байрлуулж автомат тоглоомын газар-ын үйл ажиллагаа явуулж, уг үйл ажиллагаанаас ашиг олж байсан, хариуцагч нар энэ төрлийн үйл ажиллагаа явуулахыг нэхэмжлэгчид зөвшөөрч байрыг шилжүүлсэн байх тул гэрээ нь түрээсийн харилцааны агуулгатай гэж үзнэ.

Талууд гэрээг бичгээр байгуулсан боловч гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх хуульд заасан шаардлага хангаагүйгээс гадна гэрээ нь агуулгын хувьд хууль зөрчсөний улмаас гэрээ хүчин төгөлдөр бус байгааг хоёр шатны шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4, 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасантай нийцүүлэн дүгнэжээ.

Учир нь гэрээний дагуу автомат тоглоомын газар-г түрээслүүлэх буюу тухайн байранд тоног төхөөрөмж байрлуулж үр дүнг урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршсан тоглоом тоглуулах үйл ажиллагааг хуулиар зөвшөөрөөгүй хориглосон байна.

Иймд зохигчийн хооронд байгуулагдсан хэлцэл хүчин төгөлдөр бус учир хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасантай нийцнэ.

Хариуцагч өөрийн байранд ийм төрлийн үйл ажиллагаа явагддагийг мэддэг, өмнөх түрээслэгчтэй гэрээг дуусгавар болгосны дараа дахин энэ төрлийн үйл ажиллагааг явуулахыг зөвшөөрч нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан нь тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч гэрээ байгуулсан даруйд түрээсийн зүйлийг буцаахыг Д.Саруулнямд мэдэгдсэнийг хариуцагч үгүйсгээгүй байна.

Дээрх үндэслэлээр гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөө нэхэмжлэгч шаардах эрхтэй, шүүх нэхэмжлэлийг хангахдаа Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/01471 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 1418 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч Д.Саруулням, Д.Отгонням нар нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 54.950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               П.ЗОЛЗАЯА

      ШҮҮГЧ                                              Г.АЛТАНЧИМЭГ