Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 350

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулган,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Буян-Арвижих

иргэний нэхэмжлэгч С.Гаанжуур,

шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,

            шүүгдэгч С.Баатарбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар 

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сэрвэдийн Баатарбилэгт холбогдох эрүүгийн 201619000457 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шүүн хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын харьяат, 1995 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, ам бүл 3, эх, ах нарын хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 13-22 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Түнгэг тамга овогт Сэрвэдийн Баатарбилэг /РД:ПЮ95010231/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Баатарбилэг нь 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 08 цаг 30 минутын орчим Төв аймгийн Аргалант сумын нутаг Жирмийн цагаан нуур гэх газрын урд талд орших хатуу хучилттай замд иргэн С.Гаанжуурын эзэмшлийн 62-02 УБН улсын дугаартай Kia sedan K5 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 дэх хэсэгт заасан /жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна/ гэсэн, 9 дүгээр бүлгийн 9.2 дах хэсэгт заасан /жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна/ гэсэн заалтуудыг тус тус зөрчсний улмаас зам тээврийн осол гарган онхолдож улмаар зорчин явсан 68 настай эрэгтэй  Ж.Сэрвэдийн амь насыг хохироож, иргэний нэхэмжлэгч С.Гаанжуурт 5.030.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Баатарбилэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр юу болсон талаар би сайн санахгүй байгаа. Улаанбаатар хотоос гараад аавын дүүгийнхаар орсноо санаад байгаа юм. Тэрнээс цааш юу болсонг санахгүй байгаа гэв.

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Буян-Арвижих шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ослын улмаас аав минь нас барсан. Дүү минь энэ хэргийн улмаас ой санамжаа алдсан тухайн үед юу болсныг санахгүй байгаа тул дүүд минь хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөн үү гэв.

 

            Иргэний нэхэмжлэгч С.Гаанжуур шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад д санал нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

            Шинжээч Э.Болдмандах мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр эрүүгийн 20161900457 дугаартай хэрэгт дэслэгч Ш.Анхбаяр, дэслэгч Н.Лхагвадорж нарын хамт 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтийг гаргасан. Хавтаст хэргийн материалыг судалж үзэхэд зам орчны байдал асфальтан шулуун тэгш, нойтон, суурингийн гаднах үзэгдэх орчин чөлөөтэй тогтуун эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээтэй явган хүний замгүй, хашлагагүй, хайсгүй зам байсан. Хэргийн газрын схем зургийг харахад тээврийн хэрэгсэл замаас гарч хөрвөөхдөө нийт 9 удаа газарт цохигдсон мөр үүссэн байсан. Талийгаачийн цогцос тээврийн хэрэгслийн дугуйн тэнхлэгээс 21.30 метрийн зайд шидэгдсэн байсан. Зам тээврийн осол болсон тухайн өдөр зам нойтон байсан байна. Энэ бүгдээс харахад жолооч цаг агаар, замын нөхцөл байдалд хурдаа тохируулан явах хэрэгтэй байсан байна гэдэг нь харагдаж байна. Үүнийг үндэслэж МУ замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2 гэх заалтуудыг тавьж өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-132 тал/,

 

-гэмт хэргийн талаархи, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/,

-хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-03-07 тал/,

-осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-08 тал/,

-зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-09 тал/,

-Төв аймгийн Аргалант сумын Уушгийн хөтөл гэх газарт 67 км-ийн заалтын орчимд К-5 маркийн 62-02 УБН  улсын дугаартай автомашин онхолдож 68 нас/эр Ж.Сэрвэд нас барсан гэх зам тээврийн ослын хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-27 тал/,

-цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хх-28-29 тал/,

- Төв аймгийн Аргалант сумын Уушгийн хөтөл гэх газарт 67 км-ийн заалтын орчимд К-5 маркийн 62-02 УБН  улсын дугаартай автомашин онхолдож 68 нас/эр Ж.Сэрвэд нас барсан гэх зам тээврийн ослын хэргийн цогцост хийгдсэн ШЭЗШ-ийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-30-34 тал/,

-бичиг баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-35 тал/,

-“Арвижих-эстимейт” ХХК-ны авто машины техникийн үнэлгээний тайлан /хх-43 тал/,

-Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №118 дугаар шинжээчийн дүгнэлтэд

1. С.Баатарбилэгийн цусанд элитийн спирт илрээгүй.

2. С.Баатарбилэг нь АВО системээр АВ II  бүлгийн цустай байна гэжээ /хх-54 тал/,

-Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн №122 дугаар шинжээчийн дүгнэлтэд

1. Ж.Сэрвидийн цусанд элитийн спирт илрээгүй.

2. Ж.Сэрвид нь АВО системээр АВ II  бүлгийн цустай байна гэжээ /хх-59 тал/,

 

-Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн №82 актад

1. Талийгаач Ж.Сэрвэдийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр зүүн зулай, чамархай, суурь ясанд олон тооны хугарал, хатуу хальсны урагдал, зүүн тал бөмбөлөгийн эдэд няцрал, зөөлөн бүрхүүлийн урагдал, үнхэлцэг хальсны урагдал, зүрхний булчинд шарх, гол судсанд урагдал, элэг, дэлүүнд задарсан шарх, уушигны дэлбэнд шарх, өвчүү яс, цээжний хоёр талын олон хавирганд хоёр шугамаар хугарсан хугарал, нугаламын хугарал, нугас тасарсан гэмтэл, зүүн чамархай яс, хацар яс, эрүү, баруун шуу, богтос ясанд хугарал, баруун шилбэнд зулгаралт, цээж, зулайн хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Талийгаачид учирсан дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх нэг цаг хугацаанд үүссэн гэмтэл.

3. Талийгаачид учирсан гэмтэл нь Зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой гэмтэл.

4. Талийгаач нь амьдрах боломжгүй гэмтлийн улмаас нас баржээ.

5. Талийгаачийн биед учирсан гэмтэл нь учирсан даруйд үхэлд хүргэх гэмтэл.

6. Хохирогч нь АВ 2 дугаар бүлгийн цустай байжээ.

7. Талийгаачийн цусанд этилийн спирт илрээгүй байна гэжээ /хх-60-61 тал/,

 

-Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №383 актад

1. С.Баатарбилэгийн биед тархи доргилт, зүүн зулайн чамархайгаас доош хөхлөг сэртэн чихний суваг дайрсан турк эмээл офинойд синус хүрсэн шугаман хугарал, суурийн хөндий болон зүүн хөхлөг сэртэнгийн хөндийд цустай, цээжний зүүн талд 3,4,5,6,7,8,9-р хавирганд хугарал, зүүн баруун уушигны эдэд няцрал, зүүн баруун уушигны шалчийлт, цээжний хөндийд цус хуралдалт, арьсан дорхи хий хуралдалт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд шарх гэмтэл тогтоогдлоо.

2.3.4. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

5. Дээрх гэмтэл нь шүүр эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэжээ /хх-66-67 тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №4597 тоот шинжээчийн дүгнэлт /хх-72-75 тал/,

- шинжилгээний 4597 тоот дүгнэлтэнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-76-86 тал/,

 

-2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №25 дугаар шинжээчийн дүгнэлтэд

1. Киа К-5 маркийн 62-02 УБН улсын дугаартай автомашины жолооч С.Баатарбилэг нь МУ-ын ЗХД зөрчсөн байна. Жолооч С.Баатарбилэг нь МУ-ын ЗХД-ийн 9 дүгээр зүйлийн 9.2-д заасан “ жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг  мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байна.

2. Тухайн автомашины хурдыг тогтоох боломжгүй

3. Жолооч С.Баатарбилэгийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс уг осол гарсан.

4. Шинээр илэрсэн нөхцөл байдал байхйгү байна гэжээ /хх-88 тал/,

 

-шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа /хх-93 тал/,

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-125 тал/,

- хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-126 тал/,

- гэрэл зургийн үзүүлэлт /хх-127 тал/,

 

-2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №00000094 тоот шинжээчийн дүгнэлт

Хариулт 1. Төв аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Л.Мөнх-Эрдэнэ 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гаргасан дүгнэлт нь үндэслэлтэй боловч дутуу тавигдсан байна.

Хариулт 2. Цагаан өнгийн “KIA SEDAN K5” маркийн 62-02 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан С.Баатарбилэг нь Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, мөн  9.2-д “ жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг  мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

Хариулт 3. Шинжилгээний явцад асуултанд тусгагдаагүй нөхцөл байдал байхгүй гэжээ /хх-129 тал/,

 

            -шүүгдэгч С.Баатарбилэгийн ял шийтгэлийн хуудсыг шалгахад “ял шийтгэлгүй” гэх лавлагаа /хх- 106 тал/,

 

- шүүгдэгч С.Баатарбилэгийг 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр сэжигтнээр /хх-102-103 тал/, 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр яллагдагчаар /хх-105 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонгох замаар шинжлэн судлав.

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Баатарбилэг нь 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 08 цаг 30 минутын орчим Төв аймгийн Аргалант сумын нутагг Жирмийн цагаан нуур гэх газрын урд талд орших хатуу хучилттай замд иргэн С.Гаанжуурын эзэмшлийн 62-02 УБН улсын дугаартай Kia sedan K5 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 дэх хэсэгт заасан /жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна/ гэсэн, 9 дүгээр бүлгийн 9.2 дах хэсэгт заасан /жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна/ гэсэн заалтуудыг тус тус зөрчсний улмаас зам тээврийн осол гарган онхолдож улмаар зорчин явсан 68 настай эрэгтэй Ж.Сэрвэдийн амь насыг хохироож, иргэний нэхэмжлэгч С.Гаанжуурт 5.030.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаархи, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-03-07 тал/, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-08 тал/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-09 тал/, Төв аймгийн Аргалант сумын Уушгийн хөтөл гэх газарт 67 км-ийн заалтын орчимд К-5 маркийн 62-02 УБН  улсын дугаартай автомашин онхолдож 68 нас/эр Ж.Сэрвэд нас барсан гэх зам тээврийн ослын хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-27 тал/, цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хх-28-29 тал/, Төв аймгийн Аргалант сумын Уушгийн хөтөл гэх газарт 67 км-ийн заалтын орчимд К-5 маркийн 62-02 УБН  улсын дугаартай автомашин онхолдож 68 нас/эр Ж.Сэрвэд нас барсан гэх зам тээврийн ослын хэргийн цогцост хийгдсэн ШЭЗШ-ийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-30-34 тал/, “Арвижих-эстимейт” ХХК-ны авто машины техникийн үнэлгээний тайлан /хх-43 тал/, Төв аймаг засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн №82 акт /хх-60-61 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №4597 тоот шинжээчийн дүгнэлт /хх-72-75 тал/, 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №25 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-88 тал/, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №00000094 тоот шинжээчийн дүгнэлт /хх-129 тал/, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Буян-Арвижих, иргэний нэхэмжлэгч С.Ганжуур нарын мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч С.Баатарбилэгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт холбогдсон хэргийнхээ талаар өгсөн мэдүүлгүүд мөн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч С.Баатарбилэгийг Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

                                               

Шүүгдэгч С.Баатарбилэгт ял шийтгэл оногдуулахдаа “анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн”, “үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн” зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9 дэх хэсэгт тус тус зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял шийтгэл оногдуулсан болно.

             

Шүүгдэгч С.Баатарбилэг нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт хорих ял шийтгүүлсэн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй, тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв.

.

Хохирлын талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Буян-Арвижих болон иргэний нэхэмжлэгч С.Гаанжуур нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын хохирлын асуудал байхгүй байна.

 

Хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлийн талаар

2016 оны 09 сарын 29-ний өдрийн Самсунг маркийн хар өнгийн зурагтыг битүүмжлсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагийн тогтоолыг хүчингүй болгож,  хэрэгт хураагдан ирсэн 62-02 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн №00977749 дугаар бүхий гэрчилгээ, №0820510 дугаар бүхий автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ зэргийг С.Гаанжуурт буцаан олгож, №840929 дугаартай жолоочийн үнэмлэхийг харъяа шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч С.Баатарбилэг нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Түнгэт тамга овогт Сэрвэдийн Баатарбилэгийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар С.Баатарбилэгийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч,  3  /гурав/  жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан С.Баатарбилэгт оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар ялтан С.Баатарбилэгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хасах нэмэгдэл ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Самсунг маркийн зурагт битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дэх хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн 62-02 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн №0820510 дугаар бүхий автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ, №00977749 дугаар бүхий тээврийн хэрэгслийн гэрчилгээг С.Гаанжуурт буцаан олгож, №840929 дугаартай жолоочийн үнэмлэхийг харъяа шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Ариунтуяад даалгасугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, ялтан С.Баатарбилэг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдасугай.

8.Монгол улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан С.Баатарбилэгт оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1  жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

 

9. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дах хэсэгт тус тус зааснаар ялтан С.Баатарбилэг нь тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст үүрэг болгож, тэнсэгдсэн ялтан С.Баатарбилэг нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг С.Баатарбилэгт танилцуулсугай.

 

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан С.Баатарбилэгт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ц.ОТГОНЖАРГАЛ