Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2021/0147

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Э.э.Ж к ХХК

Хариуцагч: НЗД

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 30-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулах тухай А/1155 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М, Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө нарийн бичгийн дарга С.Энхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа, урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны тухайд: Дээрх захирамж гарсан талаар НЗДас мэдэгдээгүй бөгөөд Ulaanbaatar.mn сайтаас 2020 оны 10 сарын 26 ний өдөр олж мэдлээ. Олж мэдсэн даруйдаа Нийслэлийн газрын албанаас тодруулахад танай газрыг хүчингүй болгосон гэж сонссон, захирамж нь ирээгүй байна. Газрын албанаас танай газрыг цуцлуулах ямар ч үндэслэлгүй учир биднээр дамжилгүй Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хууль эрх зүйн газрын хүсэлтийн дагуу цуцалсан гэж сонссон. Тиймээс хуулийн хэлтэст ханд бид мэдэхгүй гэдэг хариултыг өгсөн.

2020 оны 10 сарын 27-нд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хууль эрх зүйн газраас тодруулахад эх хувь байхгүй байна хуулбар үнэн дараад өгье хэмээн хуулбар хувийг гардуулсан болно. Мэдсэн хугацаанаас буюу 2020 оны 10-р сарын 27-ны өдрөөс 1 хоногийн дотор энэхүү нэхэмжлэлээ гаргаж байгаа тул Захиргааны ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй болно.

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргах дээд шатны захиргааны байгууллага байхгүй тул шууд шүүхэд хандаж байна. Жич: Эх хувийг бидэнд одоо хүртэл өгөхгүй байх тул Нийслэлийн Засаг Даргын
Тамгын газрын Хууль, эрх зүйн газраас хувилж хуулбар үнэн тамга дарсан захирамжийн хувийг хавсаргав.

Нэхэмжлэлийн үндэслэл: Э.э.Ж к ХХК-ийн Хан-Уул дүүргийн 15-р хороонд орших 11.8 га газрыг хэрхэн эзэмшиж ирсэн тухай бодит байдал:

-     2008 оны 9 сарын 17-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын 442 тоот захирамжаар дээрх газрыг анх орон сууцны зориулалттайгаар дуудлага худалдааны анхны үнэ болох 380 орчим сая төгрөгийг төлснөөр Э.э.Ж к ХХК-д олгосон.

-     2009 оноос К******* банктай газартай холбоотой маргаан үүсэж НЗД 2011 оны 3 сарын 25-ны өдөр 256-р захирамжаар тухайн газрыг К******* банкинд олгосон.

-     2011 оны 4 сард Нийслэлийн Засаг даргын 2011 оны 3 сарын 25-ны өдрийн 256-р хууль бус захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

-     2012 оны 6 сарын 18-ны өдрийн Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шүүхийн 97-р тогтоолоор дээрх газрыг "Э" ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон.

-     2013 оны 10 сарын 18-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын А/951 дүгээр захирамжаар дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж "Э" ХХК-д уг газрыг эзэмшүүлэх шийдвэр гарсан. / шүүхийн шийдвэрийг 1 жил 4 сарын дараа биелүүлсэн. Ингэхдээ компанийн нэрийг Э ХХК хэмээн бичиж орон сууцны байсан зориулалтыг дур мэдэн ногоон байгууламж" болгон өөрчилсөн/

-     2013 оны 10 сарын 18-ны өдрөөс газар эзэмших эрхийн гэрчилгээг дахин авсны дараагаар Э" ХХК-ийн зүгээс өөрийн эзэмшлийн уг газар дээр Хүүхэд Залуучуудын Усан парк. Соёл амралтын хүрээлэн барихаар Английн В*******" группээр 890.000 орчим ам.доллар төлж ТЭЗҮ хийлгэсэн. Мөн "А" ХХК-аар 2.2 тэрбум төгрөгөөр ургийн ажил гүйцэтгүүлж. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраар экспертизийн зургаа батлуулсан.

-     2015 оны 4 сард гэхэд ТЭЗҮ, Архитекторын даалгавар. экспертиз зураг. Барилгын ажлын зураг бүгд бэлэн болж барилгын ажил эхлүүлэх гэхэд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас ажил эхлүүлэх зөвшөөрлийг өгөлгүй, саад учруулах болсон.

-     2014 онд Манай компанид мэдэгдэлгүйгээр Нийслэлээс газрыг эзэмшиж буй дундуур за.м тавьж нүхэн гарц хийсэн. Үүнээс улбаалж төслийн зурагт өөрчлөлт орж 2015 онд дахин зардал гаргаж. шинэ ТЭЗҮ хийлгэсэн.

-     2018 оны 3 сараас мөн л манай компанийн эзэмшлийн газрыг хуваан дундуур нь зам тавьсан.

-     Мөн 2018 онд компанийн эзэмшлийн газрын зүүн хэсгийг Замын цагдаагийн уулзвар дахь шинэ гүүр барьж буй Хятадын төмөр замын 20-р товчоонд ашиглуул үгүй бол газар цуцална гэх мэтээр Нийслэлийн засаг даргын зүгээс дарамталж газрыг өөрсдөө эзэмших боломжгүй болгосон.

-     Энэ мэтээр Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр компанийн эзэмшлийн газар дундуур зам тавьж манай эзэмшлийн газрыг 3 хэсэг болгон хувааж нэг хэсэг газрыг Замын цагдаагийн шинэ гүүр баригдаж дуустал замын ажил гүйцэтгэж буй компанид ашиглуулах Нийслэлийн Засаг даргын хүсэлт. мөн Нийслэлийн Газрын албанаас танай эзэмшлийн газар 3 хэсэг болсон тул нэг гэрчилгээтэй байх боломжгүй иймд 3 тусдаа гэрчилгээтэй байх ёстой гэх шаардлага тавьж 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын А/1111 тоот захирамжаар нэгж талбарын 17 дугаар бүхий 79.875 м.кв газар. нэгж талбарын 1 дугаар бүхий 29420 м.кв газар. нэгж талбарын 1 дугаар бүхий 2640 м.кв газар болгон 3 гэрчилгээг олгож. гэрээ байгуулан бидний зүгээс зориулалтын дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж эхэлсэн байдаг.

-     Өнөөдрийг хүртэл Э.э.Ж к ХХК уг газрын төлбөрт нийт 548.670.000 төгрөг цаг тухай бүрд төлсөн байна.

Гэтэл 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн Засаг даргын уургийг түр орлон гүйцэтгэгч Ж.Б******* Газрын тухай хуулийн 40.1.6-г үндэслэн манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн хууль зөрчсөн шийдвэр боллоо.

Дээрх захирамжийг гаргахдаа Нийслэлийн Засаг даргын зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 24, 25, 26, 27, 43 дугаар зүйлийн 43.1-д дугаар зүйлд тус тус заасан нөхцөл байдлыг тогтоох, бодит нөхцөлд тохирсон, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийн оролцоог хангах, тайлбар үндэслэл, баримтыг нь нягталж үзэх үүргээ биелүүлэлгүйгээр шийдвэр гаргах ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн.

Захирамжийн үндэслэлээ Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил газрыг ашиглаагүй гэж тодорхойлсон байх хэдий ч уг хуулийн заалтыг буруугаар хэрэгжүүлсэн.

Өөрөөр хэлбэл Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан бөгөөд Газрын тухай хуулийн 40.1.6 дугаар заалтыг ...газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, 3 болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно гэжээ.

Гэтэл манай эзэмшлийн нэгж талбарын 17 дугаар бүхий 79875 м.кв газар, нэгж талбарын 1 дугаар бүхий 29420 м.кв газар, нэгж талбарын 1 дугаар бүхий 2640 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 сарын 27-ны өдрийн захирамжаар эзэмшиж байгаа бөгөөд уг захирамж, газар эзэмших гэрээ зэргээс хойш 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байгаа нь дээрх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, гэрчилгээг хүчингүй болгосон нь нотлогдоно.

Мөн маргаан бүхий газрыг хуулийн дагуу эзэмшиж байгааг 2018 онд шинэчлэн захирамж гаргаж, гэрээ байгуулсан байдал болон үйл ажиллагаа явуулахтай холбогдуулан гаргасан ажлууд болох төсөл, техникийн нөхцөл, эхэлсэн ажил, эрх бүхий байгууллагуудаас авсан зөвшөөрөл зэрэг баримтуудаар тогтоогдох ба Нийслэлийн Засаг даргын зүгээс дээр дурдсан хуулийн дагуу сонсгох, нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийгээгүйгээс болж ийнхүү үндэслэлгүй буруу шийдвэр гаргах шалтгаан нь болсон.

Энэ байдал нь мөн Газрын албанаас энэ асуудлын талаар мэдээгүй байдал болон гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан үйл ажиллагаа явуулаагүй, ашиглаагүй гэх нөхцөл байдлуудыг шалгаж тогтоогоогүй гэх мэдэгдэж байгаагаар мөн тогтоогдож байна.

Товчхондоо манай компанийн зүгээс газраа ашиглахад шаардлагатай төсөл, хөтөлбөр, баримт бичгийг бэлдэн 2019, 2020 онуудад ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүссэний дагуу 2020 оны 8 сарын 05-нд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас Барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл-ийг олгосны дагуу 2020 оны 9 сараас Усан парк-ын барилгын ажил эхэлж ид бүтээн байгуулалтын ажил явагдаж байгаа байдлыг шалгаж тогтоолгүйгээр зориулалтын дагуу ашиглаагүй, газраа хэсэгчлэн худалдах зар өгсөн, 2 жил дараалан үйл ажиллагаа явуулаагүй зэрэг хэт төсөөллийн нотлох баримтгүй хууль бус үндэслэл зааж шийдвэр гарган газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг цуцалснаар компанид одоогийн байдлаар нийт 15 тэрбум төгрөгийн бодит хохирол учруулж, хуулийн этгээдийн эрхийг ноцтойгоор зөрчиж байна.

Усан парк-ыг бүтээн байгуулах төсөл нь Монгол Улсын хэмжээнд анх удаа хийгдэж байгаа томоохон төсөл бөгөөд энэ нь олон нийт, иргэдийн амралт чөлөөт цаг, эрүүл мэндийг дэмжих нийтийн эрх ашигт нийцсэн, улсын оронд маань хэрэгтэй, чухал ач холбогдол бүхий төсөл бөгөөд нэг даргын үзэмж, хууль бус үйл ажиллагааны улмаас олон жилийн хүч хөдөлмөр. цаг хугацаа зарцуулсан бүтээн байгуулалтын ажлыг зогсоохыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хуульд заасан эрх. хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах үүднээс энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд дээрх байдлаар Захиргааны ерөнхий хууль болон Газрын тухай хуулийг зөрчсөн Нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулах тухай А/1155 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй Э******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, НЗДд холбогдох Нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/1155 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.

Нийслэлийн Засаг даргын 2010 оны А/375 дугаар захирамжаар Э******* ХХК-д эзэмших эрх олгосон тухайд:

Нийслэлийн Засаг даргын 2010 оны А/375 дугаар захирамжаар Хан-Уул
дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Үндэсний усан парк байгуулах
зориулалтаар Э******* ХХК-д 11800 м.кв газарт эзэмших эрх олгосон байна.

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/256 дугаар захирамжаар Э******* ХХК-д эзэмших эрх олгосон тухайд:

Тус газрыг 2011 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлтийг үндэслэн К******* банк-д орон сууцны зориулалтаар эрх шилжүүлэн баталгаажуулсан байна.

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дүгээр сарын 18-ны өдрийн А/951 дугаар захирамжаар Э*******ХХК-д эзэмших эрх олгосон тухайд:

Тус захирамжаар Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 97 дугаар тогтоолыг үндэслэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11800 га газрыг Э******* ХХК-д ногоон байгууламжийн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/1111
дугаар захирамжаар Э*******ХХК-д эзэмших эрх олгосон тухайд:

Нийслэлийн Засаг даргын 2010 оны А/375 дугаар захирамжаар Хан-Уул
дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Үндэсний усан парк байгуулах
зориулалтаар Э******* ХХК-д 11800 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/1111 дугаар захирамжаар дараах байдлаар хэмжээгээр хуваагдсан байна. Үүнд:

1.  Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 7.9 га газрыг үйлчилгээ, усан парк, спорт цогцолбор барих зориулалтаар эзэмших;

2.  Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 0.26 га газрыг үйлчилгээ, усан парк, спорт цогцолбор барих зориулалтаар эзэмших;

3.  Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2.9 га газрыг үйлчилгээ, усан парк, спорт цогцолбор барих зориулалтаар эзэмших.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/1155 дугаар захирамжийн тухайд:

Усан парк, спорт цогцолбор барих зориулалтаар байгуулах зориулалтаар Э******* ХХК-д олгосон газраа зориулалтын дагуу ашиглаагүй, эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, тухайн газраас хэсэгчлэн худалдахаар нийтэд зарласан нь тогтоогдсон, нөгөө талаас Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 22.4, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 230/127 дугаартай тушаалаар хамгаалалтын бүсэд хамаарч байгаа тул хүчингүй болгох үндэслэл бүрдсэн байна.

Дээрх захирамжийг гаргахын өмнө 2020 оны 9 дүгээр сарын 14-ны өдрийн 07/5202 дугаартай албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн байна.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/1155 дугаар захирамж нь хуулийн үндэслэл бүхий байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Э.э.Ж к ХХК нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр орших 11.8 га газрыг эзэмшдэг. Уг газар дээр Улаанбаатар хот төдийгүй Төв азид хамгийн том битүү усан паркийг барихаар сүүлийн 7 жилийн хугацаанд ажиллаж ирсэн. Маргаан бүхий газрыг анх 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Нийслэлийн Засаг даргын 442 дугаар захирамжаар орон сууцны зориулалтаар дуудлага худалдааны анхны үнэ болох 207.680.000 төгрөгийг төлж газар эзэмших эрхтэй болсон.

2009 онд К******* банктай холбоотой маргаан үүсэж НЗД 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 256 дугаар захирамжаар тухайн газрыг К******* банканд шилжүүлсэн байдаг.

Манай компани 2011 оны 4 дүгээр сард Нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 256 дугаар хууль бус захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

2012 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Дээд шүүх буюу Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн 97 дугаар тогтоолоор манай компанид газрыг буцаан олгож хууль бус захирамжийг хүчингүй болгосон.

НЗД шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй явсаар жил гаруй хугацааны дараа буюу 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр А/951 дүгээр захирамжаар манай компанид газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон.

Газар эзэмших эрхийн гэрчилгээний зориулалтыг ногоон байгууламж болгож компанийн нэрийг өөрчилж олгосон.

2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхэлж уг газарт хүүхэд залуучуудын усан парк соёл амралтын хүрээлэнг барихаар төлөвлөж Английн В******* групптэй хамран ажиллаж нийт 800.000 долларын төлбөрийг төлж ТЭЗҮ хийлгэсэн байгаа.

ТЭЗҮ нь олон улсын стандартад нийцсэн том ажил болсон. Үүний дараа А ХХК-тай гэрээ байгуулж зураг төслийн ажлыг гүйцэтгүүлж 2.2 тэрбум төгрөгийг ажлын хөлсөнд төлсөн.

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраар экспертиз зургаа батлуулсан. 2015 оны 4 дүгээр сард архитектур төлөвлөлтийн даалгавар, экспертиз зураг, барилгын ажлын зураг бэлэн болсон учраас барилгын ажлаа эхлүүлэхийн тулд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас барилгын ажлаа эхлүүлэх зөвшөөрөл хүссэн.

Ажил эхлүүлэх зөвшөөрлийг авч байх үед манай компанид мэдэгдэлгүйгээр Нийслэлээс зам тавьж нүхэн гарц хийсэн байдаг. Үүнээс улбаалан төслийн ерөнхий төлөвлөлт, зураг төсөлд өөрчлөлт орохоос өөр аргагүй болж 2015 онд бид дахин зардал гаргаж шинээр ТЭЗҮ гаргасан байдаг.

Манай компанийг газар эзэмшиж байх явцад Замын цагдаагийн уулзвар дээр шинэ гүүр барихаар улсаас төсөвлөсөн. Үүний дагуу Замын цагдаагийн уулзвар дээр шинэ гүүр барьж буй Төмөр замын 2 дугаар товчоонд эзэмшил газрынхаа зүүн хэсгийг ашиглуул гэсэн шаардлага тавьсан.

Улсаас хэрэгжүүлж байгаа төсөлд газрын нэг хэсгийг гаргаж өгөх хүсэлт тавьсан. Уг асуудлыг хүчээр шийдвэрлэсэн гэж ойлгож болно. НЗД намайг дуудаж уулзаад газрыг чөлөөлөхгүй бол газар эзэмших эрхийг цуцална гэж хэлсэн учраас арга буюу газрынхаа зүүн хэсгийг гүүрний ажлын зориулалтаар чөлөөлж өгсөн.

Анх манай компани 11.8 га газрыг эзэмших эрхтэй байсан. 1 газар эзэмших эрхийн гэрчилгээтэй байсан. Гүүрийн ажилтай холбоотойгоор Замын цагдаагийн уулзварыг хаах болсон. Иймд түр зам гаргахад тусална уу. Улаанбаатар хотын оршин суугчдын түгжрэлийн асуудал үүсэж байна. Гүүр ашиглалтад орсны дараа түр замаа хуулж авна гэх саналыг бидэнд тавьсан.

Нийслэлийн авто замын газар болон холбогдох байгууллагуудтай гэрээ хийж түр зам байгуулсан. Ийнхүү манай газрыг гурван хэсэг хуваасан.

Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас манай компанийн газрыг 3 хуваасан учраас 3 газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон.

2018 онд газар ТЭЗҮ хийлгэж ТЭЗҮ-гийн дагуу архитектур төлөвлөлтийн даалгавар, экспертиз зураг, техникийн дүрэм гарсан учраас ажил эхлүүлэх зөвшөөрөл хүссэн.

Гэтэл Нийслэлээс ажил эхлүүлэх зөвшөөрөл өгөхгүй маш олон удаа бидний ажлыг үндэслэлгүйгээр гацаасан. Улмаар бид холбогдох байгууллагуудад хүсэлт гаргаж ажлыг гацааж байгаа эрх бүхий албан тушаалтнуудад хариуцлагын асуудал яригдаж эцэстээ бүх зүйл хуулийн дагуу байсан учраас Үндэсний бүтээн байгуулалтын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгоход татгалзах зүйлгүй байна гэсэн зөвшөөрөл өгч 2020 оны 8 дугаар сарын 5-ны өдөр зөвшөөрлөө авсан байдаг.

Ийнхүү бид бүтээн байгуулалтын ажилдаа бүрэн орсон. Гэтэл манай газар эзэмших эрхийг цуцлах талаар асуудал яригдаж эхэлсэн.

Манай газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлах талаар хэн ч албан ёсоор мэдэгдээгүй. Манай газар эзэмших эрхийг цуцалсан талаар өөрөө мэдээд Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас тодруулахад танай газар эзэмших эрхийг цуцалсан зүйл байхгүй гэсэн хариу өгсөн. Нийслэлийн Засаг даргын тамгын газраар дамжиж танай газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан байна гэж мэдэгдсэн.

Үүнийг сонсоод 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хууль эрх зүйн хэлтэс дээр очиход танай компанийн газар эзэмших эрхийг цуцалсан. Гэхдээ мэдэгдэл явуулж амжаагүй байгаа гэж хэлсэн.

Газар эзэмших эрхийг цуцалсан талаарх Засаг даргын захирамжийн хуулбарыг хуулбар үнэн дарж надад өгсөн. Газар эзэмших эрхийг цуцалсан талаарх Засаг даргын захирамжийг мэдсэнээс хойш 2 хоногийн дараа захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өрийн А/155 дугаар захирамжийн үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 буюу 2 жилийн хугацаанд газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзсэн.

2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн захирамжаар бид газрыг эзэмшсэн байдаг. Үүнээс хойш 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан. Бид 2 жилийн хугацаанд архитектур төлөвлөлтийн даалгавар, экспертиз зураг батлуулж ажил эхлүүлэх зөвшөөрөл авч ажлаа эхлүүлсэн байхад газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан.

Газар эзэмших эрхийг цуцалсан захирамжийн үндэслэл нь Хан уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үндэсний усан парк байгуулах зориулалтаар Э.э.Ж к ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/375 дугаар захирамжаар 11.8 га газрыг эзэмших эрх олгосон боловч тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, эзэмшил газрын зориулалтыг өөрчилж тухайн газраас хэсэгчлэн худалдахаар нийтэд зарласан нь цаашид уг газрыг зориулалтын дагуу эзэмшиж ашиглагдахгүй болох нь тогтоогдож байх тул доор дурдсан газруудыг цуцалсугай гэсэн байна.

Үүнээс үзэхэд хэд хэдэн хууль зөрчсөн асуудал байна. Манай компани 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/1111 захирамжаар газрыг эзэмших эрхтэй болсон . Гэтэл маргаан бүхий захирамжид 2010 оны А/375 дугаар захирамжаар эзэмшдэг газрыг гэж бичээд манай компанид хамааралгүй захирамж гаргасан.

Бид өөрсдөө газрын зориулалтыг өөрчлөөгүй, түүнчлэн маргаан бүхий захирамжид нийтэд худалдахаар зарласан нь гэж дурдсан байсан. Бидний зүгээс газраа худалдахаар нийтэд зарласан зүйл байхгүй. 8 жилийн турш усан парк барих ажлыг эхлүүлэхийн тулд гэрээ байгуулж зөвшөөрөл авч бүх ажлаа эхлүүлсэн учраас газраа зарна гэх асуудал үүсэх боломжгүй.

Маргаан бүхий захирамжийн 3 дахь хэсэгт Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Үндэсний их соёл амралтын хүрээлэнгийн урд байрлах 11.8 га газрыг Байгаль орчин ногоон хөгжлийн сайд, Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 230/127 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан усны эх үүсвэр онцгой хамгаалалтын дэглэмд заасан шаардлагыг хангаж цэцэрлэгт хүрээлэн ногоон байгууламжийн зориулалтаар зохицуулахыг даалгасугай гэжээ. Уг захирамж гарсантай холбогдуулж Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1111 дүгээр захирамжийн Э.э.Ж к ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай гэжээ.

Хууль бус захирамжийг үндэслэж шийдвэр гаргасан. Захирамж гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй. Захиргааны ерөнхий хуульд заасан зарчмуудыг зөрсөн. Захиргааны ерөнхий хуулийн 4.2-т захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмуудыг баримталж ажиллана гэсэн байдаг.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх оролцоог нь хангах буюу сонсох ажиллагаа явуулах гэж заасан байгаа. Сонсох ажиллагаа явуулах асуудлыг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т зохицуулж өгсөн.

Нийслэлийн Засаг даргын захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дугаар зүйлд заасан ажиллагааг бүрэн зөрчсөн.

Түүнчлэн маргаан бүхий захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчсөн. Бид улс орондоо хамгийн хэрэгтэй чухал зүйлийг хийх, аялал жуулчлалыг татсан манай улсын иргэд гадаадын улсууд шиг энтертаймэнт газруудаар үйлчлүүлэх хэрэгтэй гэсэн зорилгоор усан парк барихаар шийдсэн.

Усан парк руу ороход далайн эрэг дээр байгаа мэт мэдрэмж төрүүлэх ажлыг хийхийг зорьсон. Нэг зэрэг 3500 хүнийг хүлээн авах хүчин чадалтай элсэн дээр биеэ шарж хэвтэх, хиймэл давалгаа үүсэх гэх мэт ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Хятадын Х******* ХХК-тэй 10 сая долларын гэрээ байгуулж тоног төхөөрөмж, тоглоом авахаар тохиролцсон. Дотоод болон гадаадын хөрөнгө оруулах хүмүүстэй хамтран ажиллаж байгаа.

Төслөө хэрэгжүүлэхийн тулд үе үеийн хотын дарга нартай уулзаж, ерөнхий сайдын ажлын хэсэгт ажлаа танилцуулж байсан 50 сая долларын хөрөнгө оруулалттай маш том төсөл байгаа.

В******* групп-т 800.000 ам.доллар төлсөн. Үүнээс 537.000 ам.долларын баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Газрын төлбөрт нийт 589.706.000 төгрөг төлсөн. Барилгын үндсэн ажлыг 7 тэрбум 834 сая төгрөгийн гэрээ байгуулсан.

Бусад компаниудаас зээлж авсан 3.9 тэрбум төгрөг, зургийн 2.2 тэрбум төгрөг, зохиогчийн хяналт зэрэг нийт 16 тэрбум төгрөгийг төсөлд зарцуулсан байхад гэнэт газар эзэмших эрхийг цуцалж байгаа нь хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчиж байна. Газар эзэмших эрхтэй холбоотой асуудал байхгүй гэж үзээд их хэмжээний ажил хийсэн байхад төрд итгэх итгэлийг алдсан.

Авлига, ашиг сонирхлыг зөрчил явагдаж байгаа. Үе үеийн Засаг дарга нар санал, шаардлага тавьдаг би үндэсний бүтээн байгуулалт хийж байгаа учраас хэнд ч авлига өгөхгүй гэдгээ хэлдэг.

Бусдын тавьсан хууль бус шаардлагыг биелүүлээгүйн төлөө Газар эзэмших эрхээ хүчингүй болгуулсан.

Усны тухай хууль, Энгийн болон онцгой хамгаалалт, эрүүл ахуйн бүсийн дэглэм зөрчсөн гэх асуудал үүсэж магадгүй. Манай компанийн газар эзэмших эрхтэй холбоотой усны онцгой хамгаалалтын бүсэд байрлаж байгаа гэх асуудал урьд нь яригдаж байгаагүй. Учир нь Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны А230/127 дугаар хамтарсан тушаал 2.4-д заасан энгийн хамгаалалтын бүсийн хориглогдох зүйлд ороогүй.

Манай компанийн эзэмшил газрыг Онцгой хамгаалалтын бүс гэж үзэж байгаа бол Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны А230/127 дугаар хамтарсан тушаалын 2.4-д Улс ардын аж ахуйд онц а холбогдол бүхий мега төслийн барилга байгууламж барих, үерийн хамгаалалтын тохируулгын далан боомт, цэвэр усны газарт онцгой хамгаалалтын бүс тогтоохгүй гэж заасан.

Манай компанийн эзэмшил бүхий газарт Нийслэл далан барьсан. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2011 оны Далан барих тогтоол нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Үүнийг үндэслэж НЗД н.Б******* зураг төсөл гаргах тушаал гаргаж үерийн далан барьсан.

Тус далан нь дунд голыг хамгаалсан маш том далан байгаа. Иймд онцгой хамгаалалтын дэглэм зөрчсөн гэх асуудал яригдахгүй.

Сэлбэ гол урсаж ирээд чигээрээ Туул голтой параллель болдог хэсгийг дунд гол гэж нэрлэдэг. Манай компаниас бусад бүх компани үерийн далан бүхий газар, онцгой хамгаалалтын дэглэм үйлчлэхгүй учраас барилга байгууламж барьсан. Бид далангаас хол буюу 50 м газарт барилга байгууламж барьж байгаа. гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий захирамжийн эхний үндэслэл нь газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн байгаа. Захирамжийн эхний үндэслэл 3 дугаар үндэслэлийг хооронд нь харьцуулж үзэхэд нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн байна. Усны тухай хуулиар тус газрыг ашиглаж болохгүй гэх үндэслэлийг баримталсан атлаа ашиглах ёстой газрыг ашиглаагүй. Газар эзэмших эрхийн хугацаа газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.6-д заасан үндэслэлээр дууссан гэх агуулгыг илэрхийлж байна. Үүнээс үзэхэд Засаг даргын захирамж нь хуульд үндэслэх бодит нөхцөл байдлыг тодорхойлох гэх шаардлагыг хангахгүй байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хэлсэн тайлбаруудаас үзэхэд үе үеийн Засаг дарга нар төслийг дэмжиж хэрэгжүүлэх боломжтой гэх агуулгаар шийдвэрлэж ирсэн. Шүүхэд үүнийг дүгнэж байсан шийдвэрүүд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн гэрчилгээ авахдаа хууль зөрчөөгүй гэх үндсэн агуулга, үйл баримт байна.

Маргаан бүхий захирамжийн 2 дахь үндэслэл нь эзэмших газрын зориулалтын өөрчилж тухайн газраас нийтэд худалдахаар зарласан гэжээ. Уг үндэслэл нь газрын тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд байхгүй. Засаг захиргааны байгууллага хууль хэрэгжүүлэх байгууллага атлаа хуульд байхгүй зүйлийг үндэслэж эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан байна гэж үзэхээр байна.

Төрийн захиргааны байгууллага аливаа этгээдийн эрхийг зөрчихдөө хуульд заасан үндэслэлээр, өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргах нь Монгол Улсад үйлчилж байгаа хууль эрх зүйн үндсэн зарим юм.

Нэхэмжлэгч компанийн зөрчлийг илүүлсэн үйл баримт маргаан бүхий захиргааны актыг гаргасан хувийн хэрэгт байхгүй байна. Дам яриа болон төсөөлөлд автаж Засаг дарга шийдвэр гаргах нь хуульд нийцэхгүй юм.

Маргаан бүхий захирамжийн 3 дахь үндэслэл нь энгийн болон онцгой хамгаалалтын бүсэд хамаарч байна гэжээ. Захиргааны байгууллага анх 2009 онд нэхэмжлэгчид 11.8 га газрыг олгож байсан. Тухайн үед газар эзэмших эрх олгохдоо хуулийн дагуу эзэмшиж үйл ажиллагаа хэрэгжүүлэх боломжтой гэж эрх олгосон. Үүнээс хойш 9 жилийн дараа онцгой хамгаалалт тогтоосон байсан гэж газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн газар нь Усны энгийн болон онцгой хамгаалалтын бүсийг зөрчсөн эсэхийг судалж үзэхэд захирамж гаргахдаа үндэслэсэн журмын 2.4 дэх заалтад энгийн болон тусгай хамгаалалтын бүс тогтоогдохгүй байгаа.

2011 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас дунд голын хэсэг газрыг хамгаалалтад авч 2012 онд төсөл хөтөлбөр санхүүжилтийг шийдвэрлэж өгч далан барих ажил хийгдсэн.

2013 онд маргаантай асуудал шийдвэрлэгдэж захирамж гарах үед үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой байна гэх агуулгаар ойлгож байсан. Нэхэмжлэгчийн зүгээс газрын төлбөрийг хугацаанд нь төлж байсан.

Хариуцагчийн зүгээс шийдвэр гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй, хуульд үндэслээгүй. Засаг даргын орлогч шийдвэрээ яаравчлан гаргасан нь төслийн ажилд саад учруулах агуулга байна гэдгийг үгүйсгэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.э.Ж к ХХК-нь 3 захирамжаар тусдаа кадастрын зурагтай 3 тусдаа газар эзэмшиж байсан. Гурван газрын аль хэсэгт нь ямар зөрчил хамаарах юм бэ гэдгийг захирамжийн үндэслэлд зааж өгөөгүй байгаа нь захирамж хууль ёсны дагуу гарсан гэж үзэх үндэслэл болохгүй.

Монгол Улсын Дээд шүүхийн 15 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарласан бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг газар эзэмшүүлэх гэрээ хийгдсэнээс хойш 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл болзлын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй байхыг ойлгоно гэж заасан байдаг. Нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийн хугацаа дуусахад 4 сар дутуу байсан нь маргааны үйл баримтаас тодорхой харагдаж байна.

НЗД шийдвэр гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй. Сонсох ажиллагаа хийж хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргах боломжийг хуулиар олгосон боловч захиргааны байгууллага хууль бус шийдвэр гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд төрийн захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа нөхцөл байдал болон хуулийн заалтуудыг тодорхой, ойлгомжтой байдлаар акт гаргаж иргэн хуулийн этгээдийн эрхэд халдах зохицуулалтыг бий болгосон боловч маргаан бүхий акт нь тодорхой ойлгомжтой харагдахгүй байна.

Хариуцагчийн хариу тайлбараас үзэхэд тус газар нь усны хамгаалалтын газарт орж байгаа гэж тайлбарладаг боловч маргаан бүхий захиргааны актын үндэслэлд уг асуудлыг дурдаагүй.

Захиргааны байгууллага шийдвэр гаргасан бол шийдвэрээ мэдэгдэх үүрэгтэй боловч албан ёсоор мэдэгдээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс Байгаль орчин ногоон хөгжлийн сайд болон Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А-230/127 дугаар тушаалын хавсралтаар баталсан Усан сан бүхий газар усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмын 22.4-д хамаарахгүй гэж тайлбарлаж байна. Дээрх журмын 22.4-д зааснаар усны хамгаалалтын бүс хамаарч байгаа. Захиргааны акт гаргахдаа сонсох ажиллагаа хийсэн. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийг боломж гэх агуулгаар тайлбарладаг. Нэхэмжлэгчид боломж олгож сонсох ажиллагаа хийсэн боловч нэхэмжлэгч хариу тайлбараа ирүүлээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч Э.э.Ж к ХХК-ийн гаргасан нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 30-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулах тухай А/1155 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 11.8 га газрыг Э.э.Ж к ХХК-д нийслэлийн Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 23 дугаар захирамжаар ашиглах эрх анх олгож шийдвэрлэснийг нийслэлийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 442 дугаар захирамжаар баталгаажуулж, газар ашиглах эрхийн 0000684 тоот гэрчилгээг 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр олгосон байна.

Э.э.Ж к ХХК-ийн ашиглах эрхтэй газрын байрлал, газар ашиглалтын зориулалтыг нийслэлийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 375 дугаар захирамжаар өөрчилсөн, мөн 2010 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 618 дугаар захирамжаар Э.э.Ж к ХХК-д олгосон дээрх газраас 3.2 га газрыг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Морин хуур цогцолбор олон нийтийн үйлчилгээний төвийн барилгын зориулалтаар 2 хуваан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 256 дугаар Газар ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай захирамжаар 11.8 га газрын ашиглах эрхийг К******* банк ХХК-д шилжүүлсэн байх бөгөөд 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 461 дүгээр Захирамжийн холбогдох заалтыг хүчингүй болгох тухай захирамжаар дээрх 618 дугаар бүхий захирамжийн нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Э.э.Ж к ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Улмаар Э.э.Ж к ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 256 дугаар захирамжийг эс зөвшөөрч уг захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 86 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 256 дугаар захирамжийг шинээр акт гартал түдгэлзүүлж, 2 дахь заалтаар ... Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийн нөхцөл байдлыг дахин тодруулж, Э.Чимэгдагва нэхэмжлэгч компанийг төлөөлөх бүрэн эрхтэй байхдаа хүсэлт гаргасан, Им ******* нь 2010 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Эрх шилжүүлэх хүсэлтийг цуцлах тухай 26 дугаар албан бичиг өгөх үедээ тус компанийг төлөөлөх эрхтэй этгээд хэвээрээ байсан эсэх, тухайн маргаж байгаа газар битүүмжлэлээс чөлөөлөгдсөн эсэх, шилжилт хөдөлгөөн хийгдэж болох эсэхийг холбогдох газруудаас шалгаж тодруулсны үндсэн дээр талуудын гаргасан хүсэлтийг шийдвэрлэж шинэ акт гаргахыг НЗДд даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 143 дугаар магадлалаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтыг ... тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 256 дугаар захирамжийн Э.э.Ж к ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай гэж, 2 дахь заалтыг хасах зэрэг өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 97 дугаар тогтоолоор хэвээр үлдсэн байна.

Дээрх шүүхийн тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/951 дүгээр Газар эзэмших эрхийг баталгаажуулж, захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамж гарч, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах 11.8 га газрыг Э.э.Ж к ХХК-д ногоон байгууламжийн зориулалтаар эзэмшүүлж шийдвэрлэсэн байна.

Үүний дараа Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/1111 дүгээр Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай тухай захирамжаар талбайн хэмжээнд өөрчлөлт орж 29444 м2, 79875 м2, 2642м2 талбай бүхий 3 тусдаа нэгж талбарт хувааж, тус бүрд нь Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориултаар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж, газар эзэмших гэрээг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулжээ.

Хариуцагч НЗДас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 22.4, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 230/127 дугаар тушаалыг тус тус үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/1155 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулах тухай захирамжаар Э.э.Ж к ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг дахин хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгч Э.э.Ж к ХХК-тай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 01122-2019/00028, 01122-2019/00029, 01122-2019/00030 дугаар бүхий гэрээг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан байх бөгөөд уг гэрээний 5.3.е-д .... Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй. зэрэг тохиолдолд газар эзэмших гэрээг хүчингүй болгохоор харилцан тохиролцсон байна.

Мөн Э.э.Ж к ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 17 дугаар бүхий 79875 м.кв газар, нэгж талбарын 1 дугаар бүхий 29420 м.кв газар, нэгж талбарын 1 дугаар бүхий 2640 м.кв газрыг нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн захирамжаар эзэмшүүлж, 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр газар эзэмших эрхийн 00001723, 00001723, 00001723 дугаар гэрчилгээг тус тус бичиж нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг баталгаажуулсан байна.

Хариуцагч бусдын газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн хүчингүй болгохдоо уг зохицуулалт хэрэгжих урьдчилсан нөхцөл бүрдсэн эсэхийг тодруулах үүрэгтэй. Тухайлбал, газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх, гэрээ байгуулагдсанаас хойш 2 жил өнгөрсөн эсэх, , ашиглах явц нь ямар шалтгаанаар удааширсан, 2 жил ашиглаагүйд нь хүндэтгэн үзэх шалтгаан нөлөөлсөн эсэхийг тогтоох үүрэгтэй бөгөөд уг шийдвэр гарснаар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хөндөгдөж болзошгүй этгээдэд заавал мэдэгдэж санал тайлбараа гаргах бололцоог бүрдүүлэх, оролцоог нь хангах үүргийг Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу хүлээдэг.

Хариуцагч маргаан бүхий захиргааны акт гаргахаас өмнө мэдэгдэл хүргүүлсэн байна. Оролцогч буюу Э.э.Ж к ХХК өөрийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэх боломжоо ашиглаагүй тохиолдолд хариуцагч НЗД байгаа баримтуудад тулгуурлан шийдвэр гаргах эрхтэй.

Хэдий тийм боловч хариуцагчийг бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй гэж дүгнэлээ.

Учир нь нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн захирамж гарсан, газар эзэмших эрхийн гэрчилгээ бичигдсэн, газар эзэмших гэрээ байгуулсан зэрэг хугацаанаас хойш 2 жил өнгөрөөгүй байхад хариуцагчийн зүгээс маргаан бүхий акт болох 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/1155 дугаар захирамжийг гаргасан байна.

Мөн маргаан бүхий газрыг зориулалтын дагуу ашиглах хүрээнд нэхэмжлэгчийн зүгээс зураг төсөл хийлгүүлсэн, эрх бүхий байгууллагуудаас зөвшөөрөл авсан, барилгын ажил эхэлсэн зэрэг нь баримтуудаар тогтоогдох ба тухайн газраас хэсэгчлэн худалдахаар нийтэд зарласан гэх үйл баримт тогтоогдоогүй болно.

Түүнчлэн, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг Улсын дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолд /...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг ...газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг, газар эзэмшүүлэх гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга байгууламж, зам талбай бариагүй.../ байхыг ойлгохоор тайлбарлажээ.

Газар эзэмшүүлсэн гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дараа буюу 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 болон газар эзэмшүүлэх гэрээний 5.3.е дэх заалтуудын үйлчлэл эхлэхээр байх тул Захирамжийн үндэслэлээ Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил газрыг ашиглаагүй гэж тодорхойлсон нь уг хуулийн заалтыг буруугаар тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэргийн оролцогчид хариуцагчаас зүгээс маргаан бүхий газартай холбогдуулан гаргасан бусад захирамж шийдвэр тодруулбал газрын талбайн хэмжээ өөрчилсөн, мөн нэхэмжлэгчийг газар эзэмших эрхтэй субьект мөн эсэх талаар талууд маргаагүй учир энэ талаар дүгнээгүй болно.

Усны хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийн дэглэм зөрчсөн гэх үндэслэлийн тухайд:

Хариуцагч НЗДас Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 22.4, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 230/127 дугаартай тушаалыг тус тус үндэслэн маргаан бүхий захиргааны актын гаргасан байна.

Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно., 22.4-д Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг  байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно. гэж тус тус заажээ.

Маргаан бүхий газрын урд хэсгээр Дунд гол урсдаг, тус газар нь усны хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд зайн хэмжээний тухайд хамаарч байх боловч Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 8/69 дугаар тогтоолоор Сэлбэ гол, Дунд голын 2.6 км үерийн далангийн засвар шинэчлэлийн ажилд зориулан төсөв баталж, улмаар үерийн далан байгуулагдсан байна.

Далан байгуулагдсанаар газар ашиглалтын улмаас усны эх, ундарга, нөөц хомсдох, бохирдохоос хамгаалагдсан мөн үеэр усны гамшгаас хүн ам сэргийлэгдсэн байна.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 230/127 дугаартай тушаалаар баталсан Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам-ын 2 дугаар зүйлийн 2.4-д Улс ардын аж ахуйд онц ач холбогдолтой мега төслийн байгууламж барих, үерийн хамгаалалт, тохируулгын далан боомт, үерийн ус хуримтлуулах нөөцлүүр зэрэг усны барилга байгууламж болон зам, гүүр, усан зогсоол, ус цахилгаан, дулаан дамжуулах шугам сүлжээ зэрэг дэд бүтцийн байгууламж бүхий газарт онцгой хамгаалалтын бүс тогтоохгүй гэж заасан нь маргаан бүхий газарт үйлчлэхээр байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.

Мөн Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны эрх хэмжээг зааж өгсөн бөгөөд, уг хуулийн 23.3.3-д газрын кадастр эрхлэх, аймаг, нийслэлийн газрын мэдээллийн сан байгуулж, олон нийтэд мэдээллээр үйлчлэх;, 23.3.5-д нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хийгдэх газар зохион байгуулалтын ажлыг зохион байгуулах;, 23.3.7-д Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох; гэж тус тус зааснаар харьяалах нутаг дэвсгэртэй газар зохион байгуулалтын асуудлыг эрхлэн зохион байгуулахаар байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны саналыг аваагүй гэж тайлбарлан маргаж байгаа нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д заасан эрх хэмжээгээ Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны хэрэгжүүлээгүй, энэ боломжоор НЗД хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ нь хариуцагчийн шийдвэрийг зөвтгөх үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн, нэхэмжлэгч маргаан бүхий газарт төсөл хэрэгжүүлэх хүрээнд газрын төлбөр, зураг төсөл хийлгэх, болон барилгын ажилд нийт 16 тэрбум төгрөгийг одоогоор зарцуулсан байна.

Энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн төрийн үйл ажиллагаанд итгэх хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим мөн хангагдах учиртай.

Иймд нэхэмжлэгч Э.э.Ж к ХХК-ийн гаргасан нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 30-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулах тухай А/1155 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2, дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.э.Ж к ХХК-ийн гаргасан Нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 30-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулах тухай А/1155 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 30-ний өдрийн А/1155 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, хуульд заасан хугацаа өнгөрснөөс хойш тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

        

 

ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ