Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2024/0277

 

“И” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Мөнхтулга

Илтгэгч: Шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц

Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч компанийн Ү-220105**** дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгосон үйлдлийг хүчингүй болгох, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол /18072/ Москвагийн гудамж, 21 дүгээр байр, *** тоот хаягт, 58.76 м.кв 2 өрөө орон сууцыг Н.Н-ын өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 166 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Номуунаа

Хэргийн индекс: 128/2024/0028/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “И” ХХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Нэхэмжлэгч компанийн Ү-220105**** дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгосон үйлдлийг хүчингүй болгох, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол /18072/ Москвагийн гудамж, 21 дүгээр байр, *** тоот хаягт, 58.76 м.кв 2 өрөө орон сууцыг Н.Н-ын өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 166 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4.1, 4.1.4, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “И” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч компани нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гаргуулан авч, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол, 21 дүгээр байр, *** тоот хаягт орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон.

Гэтэл яг энэ байран дээр Н.Н гэгч хүн, “Х” ХХК-тай орон сууц захиалгын эрээг байгуулж, энэхүү гэрээний дагуу орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гарган шүүхийн холбогдох шийдвэрээр Н.Н-ыг орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн.

Уг иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг нэхэмжлэгч огт мэдээгүй буюу хожим шүүхийн шийдвэр гарсны дараа мэдсэн байдаг.

Н.Н-ыг өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр 2016 онд гарсан ч нэхэмжлэгчийн өмчлөлд тухайн үл хөдлөх хэвээрээ байсан бөгөөд бидний үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгосон ямар ч үйл баримт болоогүй тул бид Н.Н-ын шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дээр нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн тогтоолтой маргаж, тухайн үед гомдол хүсэлт гаргаж байсан болно.

Ингээд 2023 оны 05 дугаар сард нэхэмжлэгчийн зүгээс Н.Н-ын өмчлөх эрх олж авах үндэслэл болсон “Х” ХХК-тай байгуулсан гэрээтэй маргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлж явах хооронд 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Ү-220105**** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ Н.Н-ын нэр дээр гарсан байна.

Холбогдох хуулийн зохицуулалтыг авч үзэхэд, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6.2-т “Иргэний хуулийн 183.2-т заасны дагуу бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг шаардсаныг уг этгээд хүлээн зөвшөөрсөн бол энэ тухай баримт, улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн улсын бүртгэгч эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж болно”, 6.3-д “Энэ хуулийн 6.2-т заасан шаардлагыг эрхийн улсын бүртгэлд нэр нь байгаа этгээд зөвшөөрөөгүй бол шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа эрхийн бүртгэлд өөрчлөлт оруулна”, 6.6-д “Энэ хуулийн 6.2, 6.4-т зааснаас бусад тохиолдолд эрхийн улсын бүртгэлийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно” гэж тус тус заасан байна. Гэтэл маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийг өөрчилж, өмчлөгчөөр бүртгэгдсэн байсан нэхэмжлэгч компанийг бүртгэлээс хасаж, Н.Н-ын нэр дээр бүртгэхдээ өөрчлөлт оруулахыг шаардсаныг уг этгээд хүлээн зөвшөөрсөн бол энэ тухай баримт, улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэхгүйгээр өөрчлөлт оруулсан.

Хуулийн энэ заалтыг анхан шатны шүүхээс хэрэглэхдээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3-т заасны дагуу “И” ХХК-иас улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг зөвшөөрөх эсэхийг тодруулаагүй байхдаа улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан нь хуульд нийцээгүй байна гэж дүгнэсэн атлаа энэ нь “И” ХХК нь Н.Н-ын тухайн орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгааг 2018 онд мэдсэн, өөрийгөө өмчлөгч болохоор маргасан нэхэмжлэл үгүй тул эдгээр үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ гэж үгүйсгэжээ.

Хэн нэгэн этгээдийн өмчлөлд байсан хөрөнгийн бүртгэлд өөрчлөлт оруулах тохиолдолд ямар баримт, дүгнэлтийг үндэслэх талаар дээрх хуульд тусгайлан заасан байхад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг мэдсэн гэдэг шалтгаанаар хуулийн зохицуулалтыг үгүйсгэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Нөгөө талаасаа анхан шатны шүүхийн шийдвэрт, Н.Н гэгч хүнийг өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр гарсныг 2018 онд мэдэж байсан учраас хэзээ нэгэн өдөр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг мэдэж байсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Учир нь нэхэмжлэгчийн нэр дээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл хэвээр хадгалагдсаар байсан, манай нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгосон зэрэг эрх зүйн үр дагавар үүсгэсэн эрх бүхий байгууллагын шийдвэр хаана ч гараагүй. Улсын бүртгэл үнэн зөв байх зарчмын хүрээнд нэхэмжлэгчид үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хэвээр хүчин төгөлдөр хадгалагдаж байхад гэнэт бүтэн 6 жилийн дараа улсын бүртгэлд өөрчлөлт орж байхад үүнийг биднийг улсын бүртгэлд өөрчлөлт орно гэдгийг аль хэдийн хүлээн зөвшөөрсөн мэтээр анхан шатны шүүх үзэж байгаад гомдолтой байна.

3.2. 2017 оноос өмчлөгч байсан нэхэмжлэгчийн хөрөнгийг өөр бусад этгээдэд шилжүүлэн бүртгэж байгаагаа хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгчид огт мэдэгдээгүй бөгөөд бид ямар үндэслэлээр “И” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгосон талаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээлэл хүсэж байж мэдсэн болно.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 6/9785 дугаар албан бичгээр “Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2017/***** дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 02-136/15903 дугаар албан бичгийг үндэслэн иргэн Н.Н-ын өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн” гэсэн хариу албан бичгийг ирүүлсэн.

Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж тус тус заасан.

Уг зохицуулалтын зорилго нь эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээд шийдвэр гарахаас өмнө тайлбар, баримт өгөх, үүний үндсэн дээр захиргааны байгууллагаас шийдвэр гарснаар бодит нөхцөл байдалд тохирсон, үндэслэл бүхий шийдвэр гаргахад чиглэгддэг.

Гэтэл эрх зүйн үр дагавар үүсгэх захиргааны акт гаргаж байж энэхүү шийдвэрийнхээ талаар мэдэгдээгүй, нэхэмжлэгч өөрөө юу болсон талаар тодруулсны үндсэн дээр шийдвэрийг олж мэдсэн.

Яагаад шийдвэр гаргахаасаа өмнө бидэнд мэдэгдээгүй талаар шүүх мэтгэлцээний явцад хариуцагч захиргааны байгууллагаас тодруулан асуухад “Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т зааснаар гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах” шаардлагагүй гэж үзсэн хэмээн тайлбарладаг. Уг үндэслэлээр сонсох ажиллагааг хийгээгүй шалтгаанаа захиргааны байгууллага нотлох үүргийг Захиргааны ерөнхий хуулийн 28.2-т зааснаар хүлээдэг.

Гэвч хариуцагч захиргааны байгууллагаас гарцаагүй байдлын улмаас гэдэгтээ юуг ойлгосон талаараа тайлбарлаагүй, энэ талаарх үндэслэлээ нотлоогүй байхад анхан шатны шүүх сонсох ажиллагаа хийснээр “И” ХХК-д шинээр хууль зүйн үр дагавар үүсгэхгүй гэж дүгнэсэн нь шүүх Захиргааны ерөнхий хуулийн 26, 27, 43 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж байна.

Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдэд үр дагавар үүсгэх тохиолдолд л захиргааны байгууллагыг сонсох ажиллагаа хийх юм шиг Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актыг мэдэгдэх, сонсох ажиллагааны зохицуулалтыг шүүх хэрэглэж байгаад гомдолтой байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 166 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч “И” ХХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Нэхэмжлэгч компанийн Ү-220105**** дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгосон үйлдлийг хүчингүй болгох, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол /18072/ Москвагийн гудамж, 21 дүгээр байр, *** тоот хаягт, 58.76 м.кв 2 өрөө орон сууцыг Н.Н-ын өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... нэхэмжлэгч “И” ХХК нь “Р” ХК-иас авах ажлын төлбөртөө Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд байрлах Эрхэс хотхоны 14 дүгээр давхрын *** тоот, 58.76 м.кв 2 өрөө орон сууцыг шилжүүлэн авч, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон, Гэтэл “Х” “ХХК нэхэмжлэгчийн өмчилж буй Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд байрлах Эрхэс хотхоны *** тоот орон сууцыг захиалан бариулах гэрээг 2014 оны 01 дүгээр сард Н.Н-тай хууль бусаар, үндэслэлгүйгээр байгуулсан, ... Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ***** дугаар шийдвэрээр Н.Н-ыг Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Эрхэс 126 айлын орон сууцны *** тоот 50.77 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоосон, ... Н.Н-ыг *** тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоохдоо тус орон сууцны хууль ёсны өмчлөгч “И” ХХК-д мэдэгдэлгүйгээр, тус орон сууцны өмчлөгчөөр тогтоолгосон шийдвэрийг гаргуулж, нэхэмжлэгч компанийн өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн...” гэж тайлбарлан маргажээ.

2.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, анх 2014 оны 01 дүгээр сард гуравдагч этгээд Н.Н “Х” ХХК-тай Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн хойно Эрхэс 126 айлын орон сууцны 14 давхрын *** тоот 50.77 м.кв орон сууцыг захиалан “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх” 12/02/14 дугаартай гэрээг байгуулсан байх бөгөөд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2017/***** дугаар шийдвэрээр гуравдагч этгээд Н.Н-ыг уг орон сууцны өмчлөгч этгээдээр тогтоож шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байна.

2.3. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгч “И” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдэхээс өмнө уг орон сууцыг өмчлөх эрхтэй этгээд нь Н.Н болохыг тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа энэ тохиолдолд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн хууль ёсны шаардлагыг хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2-136/553 дугаар албан бичгийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Эрхэс 126 айлын орон сууцны *** тоот хаягт байрлах 50.77 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Н.Н-ын нэр дээр шилжүүлэн бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон хариуцагчийг буруутгах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хэдийгээр анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх боловч шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг баримтлахдаа утга найруулгын алдаа гаргасан байсныг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 166 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                            Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

 

ШҮҮГЧ                                                            Г.МӨНХТУЛГА

 

 

ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН