Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2019/ШЦТ/772

 

 

 

 

 

 

   2019          09         11                                      2019/ШЦТ/772

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

         Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэжаргал,  

Улсын яллагч: Н.Энхболд,

Шүүгдэгч: З- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт З-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905030030857 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, З-, .....тоот регистртэй,

Шүүгдэгч З- нь 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэлин хийдийн” ойролцоо байрлах автобусны буудал дээр иргэн Н-ыг машины түлхүүр авсан гэх шалтгаанаар зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч З-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед гэртээ хүргүүлэх гээд Б-тэй явсан. Нэг мэдэхэд Б- микроны жолоочтой муудалцсан. Би буугаад салгасан. Тэгээд машины түлхүүр байхгүй болчихсон байсан. Б-гээс нэхэхэд өгөхгүй байхаар нь маргалдсан. Би тэгээд нүүрэн тус газар нь мөргөсөн...” гэв.

Хохирогч Н-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 16-ны оройн 19-20 цагийн орчим Гандангийн төв хаалганы нарийн туслах замаар албаны 16-68 УБЕ улсын дугаартай цагаан өнгийн бенз маркийн машинтай гэмтэл явах зорилгоор гадангийн автобусны буудлын төв зам руу орох гэсэн чинь туслах зам хаагаад микро автобус, жижиг саарал өнгийн япон машин араас нь зогсчихсон жолооч нь бололтой 2-3 залуу машинаасаа буусан хоорондоо маргалдаад зогсож байсан. Би замаа чөлөөл гэж шаардсан боловч, зам чөлөөлөхгүй болохоор нь маргалдаад байгаа хүмүүс дээр очиж хажууд нь 10 орчим минут зогссон. Тэгтэл микроны жолоочийг үйлчлүүлэгч нар нь шаардсаны эцэст машиндаа суугаад хөдөлсөн. Харин жижиг машин явахгүй болохоор нь шагайсан чинь 2-3 согтуу залуу байхаар нь машиных нь түлхүүрийг нууцаар авч халаасандаа хийгээд 102 дугаарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүмүүс машин жолоодож байх магадлалтай байна гэсэн дуудлага өгсөн. Би цагдаа хүлээж байсан чинь тухайн жижиг машинаасаа дээгүүрээ сорочкон цамцтай /З-/ залуу гарч ирээд намайг мөргөж газар унагаасны дараа гуталтай хөлөөрөө дээрээс өшиглөсөн. Энэ үед манай эхнэр Эрдэнэцэцэг машинаасаа гүйж гарч ирсэн. Тэгтэл З- манай эхнэр рүү гартаа чулуу барин дайрсан. Удалгүй цагдаагийн хоёр алба хаагч ирсэн чинь З- зугтсан. Харин жолоо барьж байсан залуу баригдсан. Би цагдаагийн алба хаагч нарт түлхүүрийг нь хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 16-17/,

Гэрч Г-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...З-ыг утсаар хүнтэй ярьж байхыг сонссон. Учир нь З- нь би хүн толгойгоороо мөргөж унагасныхаа дараа зугтчихсан. Мөн цагдаагийн хошууч Эрдэнэчулуун гэх хүн шалгаж байгаа түүнийг таньдаг хүнийг олж байгаад аргалуулах хэрэг байна гэж утсаар ярьж байхыг сонссон...” гэсэн мэдүүлэг /хх-н 27-28/,

Гэрч Э.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 18 цагийн орчим би найз болох Золжаргалын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн дүү Нармандахаар машинаа бариулчихсан Гандангийн автобусны буудал орчим найз Золжаргалыг хүргэж өгөхөөр явж байсан. Золжаргалын гэр нь 6 буудалд байдаг болохоор замаараа 3 хүн 7 буудал руу явна гэж хэлэн авчих санаатай Гандангийн автобусны буудал дээр зогсоод 7 буудал гэж хэлэн Золжаргал хашхирсан. Түүнээс болж 7 буудал руу хүн ачиж байсан Микро автобусны жолоочтой маргалдсан. Маргалдах үед дүү Нармандах, Золжаргал бид 3 машинаасаа буусан байсан. Ямар нэгэн зодоон болоогүй маргаан дуусаад машиндаа суух гэсэн чинь машины түлхүүр байхгүй байсан. Золжаргал машинаас буугаад автобусны буудал дээр зогсож байсан нэг эрэгтэйгээс машины түлхүүр нэхээд байхаар нь би машинаас буусан чинь Золжаргал нөгөө ахын нүүрэн тус газар руу гараараа хэд хэдэн удаа цохиод харилцан бие биенийгээ заамдсан байсан. Хэн нь дуудсан эсэхийг мэдэхгүй нэг мэдсэн чинь цагдаагийн 2 алба хаагч хүрч ирсэн чинь Золжаргал зугтаад явчихсан. Харин нөгөө эрэгтэйгийн нүд нь хавдсан намайг Золжаргалтай хамт явсан болохоор бариад эрүүлжүүлэх байранд хонуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 33-34/,

Гэрч Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би нөхөр Н-ын хамт 2019 оны 7 дугаар сарын 16-ны оройн 18-19 цагийн орчим ажлынх нь цагаан өнгийн бенз машинтай шарил ачаад Гандангийн нарийн гудамжнаас гараад төв зам руу орох гэсэн чинь зам хаагаад жижиг машин зогсчихсон байсан. Машин дотроосоо Н- зам чөлөөлөөд өгөөч гэж хэлсэн чинь ерөөсөө машинаа хөдөлгөөгүй. Нэг харсан чинь манай нөхөр Н-ыг улаан саравчтай малгай, цэнхэр өнгийн сорочикон цамцтай /цагдаагийн байгууллага дээр ирэхэд тухайн хүний найз нь манай нөхрийг зодсон хүнийг З- гэж хэлж байсан/ залуу газар унагаачихсан, нүүр хэсэг рүү нь цохиж байх шиг байхаар нь би машинаасаа буугаад гүйж очин З-ын цамцны ар хэсгээс татаж болиулсан. Манай нөхөр Н-ын зүүн талын хөмсөгний дээд хэсэгт язарсан цус гарч нүд нь хавдсан. Намайг харахад Н- газар дээш хараад уначихсан харин дээр нь З- хагас бөхийсөн байдалтай цохих гээд зогсож байсан. Н-, З-ыг цохиж зодсон эсэхийг мэдэхгүй байна, ямар ч байсан З-ыг харахад ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 36-37/,

Шинжээчийн 8769 тоот дүгнэлтэд: “...Н-ын биед зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, дээд, доод зовхи, зүүн хөмсөгний дотор хэсэг, цох, хамрын угийн зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхины зурвас явсан цус хуралт, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 39/,

Яллагдагчаар З-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...манай машины түлхүүрийг Н- авчихаад өгөхгүй байсан. Би явах гээд очсон чинь миний нүүрэн тус газар руу гараараа цохьсон. Түүнээс болж би нүүрэн тус газар нь толгой хэсгээрээ мөргөж газар унагасан. ...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 57-59/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хохирогчийн өргөдөл /хх-н 3/, илтгэх хуудас /хх-н 10/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 66-77/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч З- нь согтуурсан үедээ 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэлин хийдийн” ойролцоо байрлах автобусны буудал дээр иргэн Н-ыг машины түлхүүр авсан гэх шалтгаанаар зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Н-ын: “...цагдаа хүлээж байсан чинь тухайн жижиг машинаасаа дээгүүрээ сорочкон цамцтай /З-/ залуу намайг мөргөж газар унагаасны дараа гуталтай хөлөөрөө дээрээс өшиглөсөн. Энэ үед манай эхнэр Эрдэнэцэцэг машинаасаа гүйж гарч ирсэн. Тэгтэл З- манай эхнэр рүү гартаа чулуу барин дайрсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 16-17/, гэрч Г-гийн: “...З-ыг утсаар хүнтэй ярьж байхыг сонссон. Учир нь З- нь би хүн толгойгоороо мөргөж унагасныхаа дараа зугтчихсан. Мөн цагдаагийн хошууч Эрдэнэчулуун гэх хүн шалгаж байгаа түүнийг таньдаг хүнийг олж байгаад аргалуулах хэрэг байна гэж утсаар ярьж байхыг сонссон...” гэсэн мэдүүлэг /хх-н 27-28/, гэрч Э.Б-гийн: “...Золжаргал машинаас буугаад автобусны буудал дээр зогсож байсан нэг эрэгтэйгээс машины түлхүүр нэхээд байхаар нь би машинаас буусан чинь Золжаргал нөгөө ахын нүүрэн тус газар руу гараараа хэд хэдэн удаа цохиод харилцан бие биенийгээ заамдсан байсан. Хэн нь дуудсан эсэх нь мэдэхгүй нэг мэдсэн чинь цагдаагийн 2 алба хаагч хүрч ирсэн чинь Золжаргал зугтаад явчихсан. Харин нөгөө эрэгтэйгийн нүд нь хавдсан намайг Золжаргалтай хамт явсан болохоор бариад эрүүлжүүлэх байранд хонуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 33-34/, гэрч Э-ийн: “...Нэг харсан чинь манай нөхөр Н-ыг улаан саравчтай малгай, цэнхэр өнгийн сорочикон цамцтай /цагдаагийн байгууллага дээр ирэхэд тухайн хүний найз нь манай нөхрийг зодсон хүнийг З- гэж хэлж байсан/ залуу газар унагаачихсан, нүүр хэсэг рүү нь цохиж байх шиг байхаар нь би машинаасаа буугаад гүйж очин З-ын цамцны ар хэсгээс татаж болиулсан. Манай нөхөр Н-ын зүүн талын дээд хэсэгт язарсан цус гарч нүд нь хавдсан. Намайг харахад Н- газар дээш хараад уначихсан харин дээр нь З- хагас бөхийсөн байдалтай цохих гээд зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 36-37/, шинжээчийн 8769 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч З-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч З- нь согтуурсан үедээ хохирогч Н-тай машины түлхүүр авлаа гэх шалтгаанаар маргалдан түүнийг мөргөж, цохиж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь хохирогч намайг түрүүлж цохисон гэж мэдүүлж байх боловч шинжээчийн 9443 тоот дүгнэлтээр З-т гэмтэл учраагүй нь тогтоогдсон болно.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н-ын биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд баримтаар ямар нэг хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Хохирогч нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч З-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч З-т ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгч З-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал буюу удаа дараа ял шийтгүүлж байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээж авах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч З-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З-ыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З- нь шүүхээс оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Хохирогч Н- нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР