| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2018/00355/И |
| Дугаар | 531 |
| Огноо | 2018-07-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 531
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Ч.*******, нэхэмжлэгч Л.Эн-, хариуцагч, Ч.Тү-, нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Л.Эн-ийн нэхэмжлэлтэй Ч.Тү-т холбогдох 1.800.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Эн- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ч.Тү-т 2013 оны зун Герман улсад үйлдвэрлэсэн Волгес вагно Polo маркийн суудлын жижиг машин өгсөн юм. Чи янзалж унаж байгаад явцын дунд хоёулаа мөнгө төгрөгөө болох байлгүй гэсэн. Би тухайн машиныг ******* сумын ******* байсан Б.*******ээс авч унаж байсан юм. Тэгсэн Б.******* надаас тэр машиныхаа мөнгө гээд 1.800.00 /нэг сая найман зуу мянга/ төгрөг нэхсээр байгаад авсан.
Иймд би Ч.Тү-ээс 1.800.000 төгрөгийг нэхэмжилж байна. Одоо тэр машин Ч.Тү-ийн хашаанд байгаа болно гэжээ.
Хариуцагч Ч.Тү- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Л.Эн-өөс 2013 оны зун Герман улсад үйлдвэрлэсэн Polo маркын суудлын тэрэг янзлаад унаж бай гэхээр нь найз Эрдэнэцогтой очоод Эн-өөр өөрөөр нь чирүүлж найзынхаа гадаа аваачиж найзаараа янзлуулж асаагаад хөдөө 2 яваад хашаандаа тавьсан. Одоо хүртэл манай хашаанд байгаа. Тухайн машиныг авах үед доод хэсгийг нь задалсан байсан. Зөндөө юм тавьсан. Би тэр тэргийг худалдаж авах талаар ердөө яриагүй. Тэр тэргийг худалдаж авч чадахгүй. Би өөрөө ажилгүй, 2 оюутантай мөнгө байхгүй. Машиныг нь аваачиж өгөх гэсэн боловч өөрсдөө хөдөө байдаг болохоор өгч чадахгүй өдий хүрсэн.
Нэхэмжлэгч Л.Эн- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ******* сумд *******өөр ажиллаж байхдаа Завхан аймагт ороод ирсэн байж байтал Тү- манайд орж ирээд чиний алаг тэрэг байгаа юм уу гэж асуусан. Би байгаа, кольц нь муудсан юм шиг байна лээ, масло идээд цэнхэр утаа хаяад байгаа гэж хэлсэн. Тэгсэн Тү- би нэг үзээдхэе, болвол би унаад явъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгэхгүй юу, тэгээд 2-лаа явцын дунд болох байлгүй гэж хэлсэн. Тухайн үед Тү- нэг найзтайгаа явж байсан. Би Тү-тэй бол машин тэрэг худалдах талаар яриагүй, мөнгө төгрөгөө тохироогүй. Үүнээс өмнө би *******тэй бас яг ингэж ярилцаж байсан. ******* намайг чи энэ алаг тэргийг унаж бай, 2-лаа яваандаа болох байлгүй гэж ярилцаж байсан. Тэгсэн дараа нь ******* би чамд машинаа өгсөн гэсээр байгаад надаас 1.800.000 төгрөг авсан ийм л юм болсон. Тэгээд дараа нь би Тү-тэй тааралдаад чи бид 2 нэг учраатай болох нь дээ л гэж хэлж байсан. Бид 2 гэмгүй сайхан найзууд. Тэгж байтал манай эхнэр чи хүний өмнөөс машины мөнгө төлчихөөд мөнгөө олж ав гээд байхаар нь нээрээ ч тийм дээ гэж бодоод миний найз энийгээ янзлахгүй юм уу гэж Тү-т хэлсэн, би төлж чадахгүй гэхээр нь тэгвэл би шүүхэд хандлаа шүү гээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тэгээд намайг ******* сумд байхад Тү- нэг удаа машиныг чинь яах уу гээд залгасан. Тэгэхээр нь би манай хашаанд оруулаад өгчих гэсэн тэгтэл эзэнгүй байна гээд яваад өгсөн байсан ийм л зүйл болсон. Хэрэв тухайн үед машиныг хашаанд оруулаад орхичихсон бол би ямар ч байсан буцаагаад өгчихсөн эсвэл зараад мөнгийг нь төлчихсөн байх байсан гэв.
Хариуцагч Ч.Тү- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эн- бид 2 зүгээр сайхан найзууд явдаг байсан. Нэг хавар Эн- миний ******* сумд байхдаа унаж байсан алаг тэрэг байгаа чи янзалж унахгүй юу явган явж байхаар гэсэн. Тэгэхээр нь би машин мэддэг нэг найзтайгаа Эн-ийн очиход доод кашчерийг нь авчихсан, 4 дугуйг нь аваад юм ивээд тавьчихсан алаг тэрэг байж байсан. Тэгээд би чиний тэрэг болохгүй байгаа юм бол найз нь янзлаад унаж байя гээд Эн-өөр өөрөөр нь чирүүлээд найзынхаа хашаанд аваачсан. Тэгээд би тэр машинд 150-аад мянган төгрөгийн засвар хийсэн. Тэгээд асаагаад 2 удаа ******* сум руу хоолонд явсан. Ингээд нэг удаа Эн-ийн алаг тэрэгтэй явж байтал жиптэй хүмүүс давхиж ирээд чи яагаад *******гийн машин унадаг юм гэхээр нь за болий, угаасаа л *******гийн эмблэймтэй машин болохоор унахаа больж, хашаандаа авчраад тавьсан. Тэр машин ямар ч бичиг баримтгүй, *******гийн эмблемтэйгээ байсан. Машиныг нь өгөх гэхээр Эн- ******* сумд *******өөр ажиллаж байгаад сүүлдээ Эрдэнэхайрхан сумд очиж ажиллаад дараа нь *******т ажилласан болохоор эднийх аймагт ерөөсөө байдаггүй. Энэ хугацаанд нь эзгүй хашаанд байлгаж байхаар гээд хашаанд нь орхиогүй. Өөрийнхөө хашаанд байлгаж, 4 дугуйг нь авч далд хийсэн тэр чигээрээ л байгаа. Эн- бид хоёр эхнээсээ машин худалдах, худалдан авах талаар наймаа хийе гэж ярилцаагүй. Би авъя ч гэж бодоогүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Эн- нь Ч.Тү-т холбогдуулан автомашин үнэ 1.800.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д ...худалдагч нь биед байдлын доголдолгүй хөрөнгө худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө авах үүргийг тус тус хүлээнэ... гэж заасан.
Иймд нэхэмжлэгч Л.Эн-, хариуцагч Ч.Тү- нарын хооронд автомашин худалдах, худалдан авах гэрээ бичгээр болон амаар байгуулагдаагүй, мөн худалдах талаар эд хөрөнгийн үнийг тохироогүй гэж шүүх үзлээ.
Учир нь гэрээний талууд худалдах, худалдан авах эд хөрөнгийн үнийг тохироогүй бол тэдгээрийн хооронд гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ.
Талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй болох нь нэхэмжлэгч Л.Эн-ийн шүүхэд гаргасан таайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...миний бие Ч.Тү-т 2013 оны зун герман улсад үлйдвэрлэсэн волвес вагно поло маркийн суудлын жижиг машин өгсөн юм. Чи янзлаж унаж байгаад явцын дунд хоёулаа мөнгө төгрөгөө болох байлгүй гэж хэлсэн. ... Би Тү-тэй бол машин тэрэг худалдах талаар яриагүй, мөнгө төгрөгөө тохироогүй... гэсэн мэдүүлэг болон хариуцагч Ч.Тү-ийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Эн- бид 2 зүгээр сайхан найзууд явдаг байсан. Нэг хавар Эн- миний ******* сумд байхдаа унаж байсан алаг тэрэг байгаа чи янзалж унахгүй юу явган явж байхаар гэсэн. ... Эн- бид хоёр эхнээсээ машин худалдах, худалдан авах талаар наймаа хийе гэж ярилцаагүй. Би авъя ч гэжбодоогүй... гэсэн мэдүүлгүүдээр нотлогдож байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.
Нөгөө талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулж, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43750 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.3, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Л.Эн-ийн нэхэмжлэлтэй Ч.Тү-т холбогдох 1.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 57-р зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Эн-ийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зохигчид нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ