Шүүх | Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрийн Балжинням |
Хэргийн индекс | 140/2018/00082/И |
Дугаар | 562 |
Огноо | 2018-07-26 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 562
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Ч.*******, нэхэмжлэгч Д.Бя-, хариуцагч С.Да- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийж, Д.Бя-гийн нэхэмжлэлтэй С.Да-ид холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Бя- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1999 онд С.Да-той гэр бүл болон 16 жил хамт амьдарч энэ хугацаанд 2 хүүхэд төрүүлж өсгөсөн. 2016 оны 01-р сарын 02-ны өдрөөс хойш гэр бүл салан 2 хүүхдийнхээ хамт тусдаа амьдарч байгаа юм. С.Да-той хамт амьдарч байх хугацаандаа нөхөр С.Да- нь архи ууж, агсам тавьж, зарим үед зоддог байсан. Айлган дарамталж сэтгэл санааны тайван бус байдалтай хүнд байдалд амьдарч байгаад аргагүй эрхэнд салж 2 хүүхэдтэйгээ хамт тусдаа амьдарч 2 жил болсон ба цаашид хамт амьдрах боломжгүй юм. Бя- би хүү *******, охин ******* нараа өөрийн асрамжид авахаар танайд хандаж байна. Би хөрөнгийн маргаан үүсгэхгүй, хүүхдүүдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй зөвхөн 2 хүүхдээ өөрийн асрамжиндаа хүмүүжүүлж, бие сэтгэл санааны хувьд дарамтгүй, амар тайван амьдрахыг хүсч байгаа тул миний хүсэлтийг шийдвэрлэж С.Да-той гэр бүл цуцалж өгнө үү хэмээн хүсэлт гаргаж байна. Би гэр бүл болсноос хойш Да-ийн дарамтанд амгалан тайван бус байдалд амьдарч цаашид хамтран амьдарч чадахгүй нь гэсэн бодол 10 гаруй жилийн өмнө байсан боловч Да- нь намайг өөрөөс нь салвал өөрийн амь насыг хорлоно гэж айлган сүрдүүлдэг байсан. Сүүлийн 5 жилийн турш чамайг надаас салвал чамайг ална мөн ээжийг чинь чамтай хамт гүжирдэн гүтгэж Завханд амьдрах аргагүй нүүр хийх газаргүй болтол гүжирдэн гүтгэж нэр төрийг чинь гутаан доромжилно гэж сүрдүүлдэг байсан. Цаашид энэ хүнтэй хамтран амьдрах ямар ч боломжгүй болсон би салж энэ хүнтэй ямар ч хамааралгүй тусдаа 2 хүүхэдтэйгээ амьдарч 2 жил болсон юм. Мөн цаашид Да- нь иргэн Бя- миний эрүүл мэнд, амь нас, нэр төрд халдаж ална гэж заналхийлдэг тул надад аливаа гэнэтийн эрсдэл, амь насны эрсдэл тохиолдвол энэ хүнтэй шууд хамааралтай байх болно. Энэ хүн албан газар ажил дээр хүртэл намайг хэрцгийгээр зодож байсан нь үнэн болно. Иймд хоёр хүүхдээ өөрийн асрамждаа авч, Да-оос гэр бүл цуцалж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Да- шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Д.Бя-гийн танай шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Бя- бид хоёр гэр бүл болоод 17 жил амьдарч хүү, охин хоёр төрүүлэн өсгөсөн. Энэ хугацаанд би эхнэрээ элдвээр дарамтлаж зодож нүдэж байсан гэдэг худлаа. Манайтай ээжийнх нь мөн, 2 ах нь айл байдаг байсан учир би *******г тэгж зодон дарамтлах ямар ч боломжгүй. Харин ч би хүүхдүүдээ эхнэрээ халамжлан амьдарч байсан. ******* 2003 онд аваарт орж үүнээс хойшхи хугацаанд би байнга хоол цайг нь хийж асарч байсан. Өглөө босон цай хоолыг нь бэлтгэн ажилд нь явуулж, орой ажил тараад ирэхэд нь халуун хоол цайг нь байлгадаг байсан. Хүү, охин бид 3 *******г уурлуулбал татаж унана гээд уурлуулахгүй байх бүхий л боломжоор ханган амьдарч байсан. Харин ч ******* намайг элдвээр хэлж дарамтлаж байсан. 2007 оноос хойш зан ааш нь хувирч орой ажлаасаа тараад гэртээ ирдэггүй, хоол ундыг нь бэлтгээд хүлээгээд байхад утсаа унтраагаад алга болчихдог болсон. 2012 оноос хойш өөр хүнтэй гэр бүлийн харилцаа тогтоосон байсан. 2 удаа энэ явдлыг барьсан. ******* надад харгис хандахаас гадна 2 хүүхэддээ ч хатуу ширүүн ханддаг. Гэхдээ би гэр бүл цуцлуулахыг зөвшөөрөхгүй. Надад *******гаас салж 2 хүүхдээ өнчрүүлэх шалтгаан байхгүй. Иймд Бя-гийн гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж байна гэжээ.
Нэхэмжлэгч Д.Бя- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Да-той 1999 онд гэр бүл болсон. 2000 онд анхныхаа хүүхдийг гаргасан. 1999 онд гэр бүл болсон үеэсээ эхлээд Да- нь хэрцгий ширүүн авир гаргадаг байсан учраас би сэтгэлзүйн дарамтанд амьдардаг байсан. 2000 онд хүүгээ 6 сартай байхад Да-оос салах тухай анхны бодол надад төрж байсан. Тухайн үед би өөрөө бага залуу хүүхдээрээ байсан. Ээждээ хэлье гэтэл би өөрөө айлын ганц охин ээжийнхээ санааг зовоочих байх гээд хэлээгүй, хүү маань ч нялх, 6 сартай байсан болохоор би тэвчээд өнгөрсөн. Тэрнээс хойш, Да- намайг байнгын сэтгэлзүйн дарамтанд байлгадаг байсан. Да- их хэрцгий догшин авиртай, амгалан тайван бус хүн учраас гэр бүлийн халуун дулаан уур амьсгал ер нь байдаггүй байсан. Ингэж би тэвчиж явсаар 2007 онд охиноо ээжийндээ байхдаа гаргаж байсан. Яагаад ээжийндээ төрсөн гэхээр намайг төрөхөөс 14 хоногийн өмнө Да- хэрцгий догшин авирлаж, намайг зодож цочролд оруулсан. Түүнээс болоод би ээжийндээ байж байгаад өөрөөрөө төрж чадахгүй хийсвэрээр хүүхдээ төрүүлж байсан. Тухайн үед тэр чигтээ салчих юмсан гэж бодсон. Гэвч эх баригчийн алдааны улмаас манай хүүхдийн биеийн байдал хүндхэн, зовиурлаж их уйлдаг байсан. Мөн уушиг нь усжилттай байж магадгүй гэсэн оноштой байсан учраас хүүхэддээ санаа зовж явсаар тухайн үед тэгэсхийгээд өнгөрсөн. Анхны салъя гэсэн бодол бол маш эрт надад төрсөн. Гэхдээ 2 хүүхдээ өнчрүүлэхгүй юмсан гэсэн бодлоор өдий хүрсэн. Одоогоос 2 жил 7 сарын өмнө миний ээж хүндээр өвдөөд байж байхад Да- миний ажил дээр ирж намайг зодож, дарамталж, манай ажлын байрыг түйвээсэн. Эмэгтэй хүн их тэсдэг, 2 хүүхдийнхээ төлөө, 2 хүүхдээ өнчрүүлэхгүйн төлөө их тэвчсэн, сүүлдээ цөхрөөд салахаар шийдсэн. Тэр цагаас хойш бид 2 тусдаа амьдарсан. Да- маш их худлаа ярьдаг. Архины шалтгаанаар ч юм уу юунаас болж худлаа ярьдгийг нь би мэдэхгүй. Гэхдээ Да- 5 минутын дотор хүнийг юу бол юу гэж хэлдэг. Удаа ч үгүй 5 минутын дараа шал өөр юм яриад би тэгж хэлээгүй л гэдэг тийм л хүн. Тэрийгээ ч гэсэн бичсэн байна лээ. Би Да-оос салъя гэсэн бодол байгаагүй, миний ээжийг хүндээр өвдсөн хэцүү үед тэр хүн намайг зодож дарамталсан. Би Да-ийн зан араншинг удаан хугацаанд, олон жил тэвчиж явсан. Бид тэр айлаас өмссөн хувцастайгаа гарсан. Гэсэн хэдий ч би 2 ажил давхар хийгээд 2 хүүхдээ тэжээгээд амьдарч байгаа. Би ******* компанийн *******, *******ын байрны борлуулалт хариуцсан захирлын ажлыг хийгээд явж байна. *******ын байрыг би өөрөө авсан. Тэндээ амьдарч байгаа. Зөвхөн нэг байр зарагдлаа гэхэд би дундаас нь 1.000.000 төгрөгийн урамшуулал авдаг. Тэгээд би урамшууллын мөнгө, дээрээс нь зээл авч байж байраа авсан. Цаашдаа би Да-той яагаад ч амьдарч чадахгүй. Хүүхдүүдийнхээ төлөө, хүүхдүүдээ өнчрүүлэхгүй юмсан гээд тэвчиж явсаар өдийг хүрсэн. Эцсийн эцэст миний, үр хүүхдүүдийн минь эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, хөгжих эрх нь энэ хүнээс болж үнэхээр их зөрчигдөж байсан. Манай нөхөр бид 2 тусдаа амьдраад 2 жил 7 сар болж байна. Энэ хүнээс салаад 2 хүүхэд бид 3 одоо л амгалан тайван орчинд амьдарч чадаж байна. Цаашдаа Да-той эвлэрэх, хамт амьдрах ямар ч боломж байхгүй. Миний болон миний хүүхдүүдийн амь нас, эрүүл мэнд, амгалан тайван амьдрах эрх нь ноцтойгоор зөрчигдөж байсан. Тийм учраас шүүхэд гэрлэлтээ цуцлуулахаар нэхэмжлэл гаргасан. Хүү маань ч гэсэн шүүхэд гаргасан тайлбартаа ... аав хэрцгийгээр зодож дарамталдаг... гэж хэлсэн байна лээ.
Бид 16 жил амьдарсан. 16 жилийн турш дандаа хэцүү байгаагүй мэдээж хэрэг сайхан үе байсан. Гэхдээ сайхан байсан гэхээсээ илүү үнэхээр их сэтгэлийн дарамтанд амьдарч байсан. Намайг зовоогоод дарамтлаад болохгүй болохоор нь би чамаас саллаа гэхэд Да-: ...тэгвэл би амиа хорлоно... гэж хэлдэг байсан. Би залуу байсан учраас нээрээ л амиа хорлочих юм болов уу гээд айдаг байсан. Энэ талаар ээжээсээ нууж би олон жил явсан. Сүүлдээ би ээждээ энэ тухай нь хэлсэн. Да- миний ээжийг хүртэл согтуугаар зодож гэмтээж байсан. Ээжийг зодчихлоо гээд 2 ахдаа хэлэхээр эрэгтэй хүмүүс сэтгэлийн хөөрлөөр Да-ийг зодож нүдээд ямар нэг асуудал гарах болов уу гээд ах нартаа хэлээгүй. Маш олон жил намайг иймэрхүү байдлаар сэтгэлзүйн дарамтанд байлгасан. Сүүлдээ надад маш хэцүү байсан учраас би ээждээ ...Да-той сууснаасаа хойш сэтгэлзүйн ийм дарамттай байдаг, тэгээд Да-оос салъя гэхээр амиа хорлоно гэж хэлдэг, олон жил би энэ талаар танд хэлэлгүй нууж ирлээ... гэж хэлэхэд ээж: ...амиа хорловол хорло гээд хэлээд үз, тэгж чадахгүй... гэхээр нь Да-ид хэлсэн чинь Да- ...чи надаас салдаг юм бол танай ээж та 2-ыг Завхан аймагт гишгэх газаргүй болтол чинь гүтгэж гүжирдэж, нэр төрийг чинь гутаана... гэж ярьдаг байсан. Одоо тэр яриагаа ярьж байгаа юм байна лээ. Тэглээ гээд би тэр яриаг нь тоодоггүй. Бид одоо эрүүл, аюулгүй, амгалан тайван орчинд амьдрах л чухал, хуульд заасан энэ эрхээ бид 3 эдлэхийг хүсч байна. Миний 2 хүүхэд ааваасаа жигшчихсэн. Гэртээ бид аавынх нь тухай ярих дургүй. Хааяа нэг аавтай нь холбоотой юм цухуйлгаад ярихаар том хүү ...ээжээ боль л доо, сайхан байж байтал энэ нэг юмаа дурсаад байх юм... гэж хэлдэг. Тийм болохоор би хүүхдүүдийнхээ хажууд эцгийг нь нэг их дурсдаггүй. Хүн бахархах бахдалтай, өөрийн удам судраа мэдэж омогшиж явах ёстой. Да-ийн төрлүүд, ах, дүү нар нь их мундаг оюунлаг хүмүүс байдаг учраас хүүхдүүддээ би ...миний хүүхдүүдийн аав ийм сайхан удамтай шүү. Аав нь ийм сайхан удамтай болохоор миний хүүхдүүд мундаг оюунлаг хүүхдүүд шүү... гэж хэлдэг. Гэсэн хэдий ч миний хүүхдүүд аавдаа дургүй, яагаад гэдэг нь тодорхой байдаг юм.
Бид үнэхээр хэцүү амьдарч байсан. Да- архи уудаг, архи уух болгондоо агсам согтуу тавьдаг, өнгөрсөн хугацаанд би цагдаад олон удаа дуудлага өгч байсан. Иймд миний эцсийн хүсэл гэр бүлээ цуцлуулах хүсэлтэй байна. Да-ийг миний 2 үр болон надад гай болохгүйгээр өөрөө сайн яваасай л гэж хүсэж байна. Хөрөнгийн маргаан, хүүхдийн тэтгэлэг гаргуулах гэсэн асуудал гаргахгүй, 2 хүүхдээ асрамжлах эрхээ өөрөө авмаар байна. Том хүү маань энэ жил 18 нас хүрсэн. Охин маань энэ жил 10 нас хүрч байгаа. Одоо л миний 2 хүүхэд амгалан тайван орчинд сайхан амьдарч байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуралдааны товыг хариуцагч С.Да-ид мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Д.Бя- нь С.Да-ид холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай маргаан шийдвэрлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.
Д.Бя-, С.Да- нар нь 2010 оны 08-р сарын 27-ны өдөр гэр бүл болж, 1999 оны 08-р сарын 14-ний өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан 0027 дугаарын гэрлэлтийн гэрчилгээгээр нотлогдож байна.
Гэрлэгчид нь 2000 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүү Д.*******г, 2008 оны 7-р сарын 07-ны өдөр охин Д.******* нарыг төрүүлсэн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээнүүдээр тогтоогджээ.
Нэхэмжлэгч Д.Бя-, хариуцагч С.Да- нар нь 2016 оны 01-р сарын 2-ноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд энэ хугацаанд хэн аль нь хамтын амьдралаа үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй, улмаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2018 оны 04-р сарын 23-ны өдөр 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэн гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авахаар тогтоосон байна.
Гэтэл нэхэмжлэгч Д.Бя-, хариуцагч С.Да- нарын аль нэг нь энэ хугацаанд хамтын амьдралаа үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй, шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үр дүнд эвлэрээгүй байх тул тэдний гэрлэлтийг цуцлахаас өөр боломжгүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь хүүхдийн асрамжийн талаар тохиролцоогүй, энэ талаар маргаагүй бөгөөд хүүхдүүдийн насны байдал болон хүү Д.*******, охин Д.******* нар нь гэрлэгчдийг тусдаа амьдарч байх хугацаанд эхийн асрамжид байсан зэргийг харгалзан түүнийг эх Д.Бя-гийн асрамжинд үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Гэрлэгчид нь хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн гэрлэгчид нь гэрлэлтээ цуцлуулсан ч гэсэн хүүхдүүдээ хамтран асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэг нь Гэр бүлийн тухай хуулийн 26-р зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээсэн хэвээр үлдэнэ.
Нэхэмжлэгч Д.Бя- нь нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118, 132 ДУГААР ЗҮЙЛИЙН 132.4-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН
ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт зааснаар овогт Да-ны Бя-, овогт Са-ийн Да- нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2000 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Д.*******, 2008 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Д.******* нарыг эх Д.Бя-гийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэрлэгчид эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлэгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Да-оос тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бя-д олгосугай.
5. Шийдвэрийн хувийг гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.
6. Нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ