Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2019/ШЦТ/794

 

 

 

 

 

 

     2019          09         23                                      2019/ШЦТ/794

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэжаргал,

Улсын яллагч: Т.Оюунжаргал,

Шүүгдэгч: Б- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б-д холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1905034690939  дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б..... тоот регистртэй,

Шүүгдэгч Б- нь 2019 оны 8 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын 26 дугаар байрны 27 тоот гэртээ эхнэр А-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч А-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 26-ны орой ...гэртээ амарч байсан чинь нөхөр Батсайхан орж ирсэнээ ...архи үнэртүүлсэн босоод ирээч ярих зүйл байна гэж хэлэхээр нь би босоод гал тогооны өрөө рүү орсон ...тэгтэл нөхөр Батсайхан чиний ажил цалин багатай, ажлаасаа гар гэсэн шаардлага тавихаар нь би ажлаасаа гарч чадахгүй тухайгаа хэлсэн. Тэгтэл Батсайхан уурлаад би энэ гэрийг чинь тэжээж байна, чи тус болохгүй чиний цалин бага байна гэж хэлэн миний толгойн тус газар гараараа 2 удаа цохьсон. Би Батсайханы өөдөөс хувцаснаас нь бариад авсан чинь намайг үсдэж доош нь дарж байгаад нүүр хэсэг рүү нэг удаа цохьсон. Би зүтгэсээр байгаад хүүхдийнхээ унтаж байсан өрөө рүү орон гэрлийг нь асаасан чинь Батсайхан араас орж ирэн хашгираад байсан. Энэ үед 17 настай Энхжин босож ирэн болиоч аав гэж хэлсний улмаас Батсайхан намайг зодохоо больсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 11-16/,

Насанд хүрээгүй гэрч Э-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...аав Батсайхан, ээж Амартүвшин нар хэрүүл маргаан хийж байсан. Тухайн үед манай ээж Амартүвшингийн нүд нь хөхөрчихсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 49-50/,

Шинжээчийн 10382 тоот дүгнэлтэд: “...А-гийн биед дух, баруун зовхи, баруун хөмсөгний дээр цус хуралт, баруун нүдний алимны цус харвалт, зүүн зовхи, сээрний баруун хэсэг, баруун гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 24/,

Яллагдагчаар Б-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...би эхнэр Амартүвшинд хүүхдүүдийнхэээ боловсролд анхаарсангүй гэж хэлсэн чинь сууж байсан сандлаасаа босож ирэн намайг заамдаж аван хашгираад байхаар нь гарыг нь тавиулах гэсэн боловч тавихгүй болохоор нь нүүрэн тус газар руу нь нэг удаа алгадсан. ...ямар ч байсан нэг түлхсэн чинь юм мөргөөд унах шиг болсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 45-46/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, хохирогчийн өргөдөл /хх-н 4/, гэрлэлтийн лавлагаа /хх-н 29/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 30-37/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-н 38-39/, хохирогчийн хүсэлт /хх-н 54/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б- нь 2019 оны 8 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын 26 дугаар байрны 27 тоот гэртээ эхнэр А-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч А-гийн: “...Батсайхан уурлаад би энэ гэрийг чинь тэжээж байна, чи тус болохгүй чиний цалин бага байна гэж хэлэн миний толгойн тус газар гараараа 2 удаа цохьсон. Би Батсайханы өөдөөс хувцаснаас нь бариад авсан чинь намайг үсдэж доош нь дарж байгаад нүүр хэсэг рүү нэг удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 11-16/, насанд хүрээгүй гэрч Э-гийн: “...аав Батсайхан, ээж Амартүвшин нар хэрүүл маргаан хийж байсан. Тухайн үед манай ээж Амартүвшингийн нүд нь хөхөрчихсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 49-50/, шинжээчийн 10382 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б- нь эхнэр А-тэй маргалдаж түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн бичгээр хүсэлт /хх-н 54/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Б-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгж буюу 480.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.   

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ы 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.ОТГОНБАЯР