| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2018/02878/и |
| Дугаар | 02739 |
| Огноо | 2018-09-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 02739
| 2018 оны 09 сарын 10 өдөр | Дугаар 102/ШШ2018/02739 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, дүгээр хороо, 40, 50 мянгат, Энхтайваны өргөн чөлөө гудамж, байр, тоотод оршин байх, “А.Ү” хадгаламж зээлийн хоршоо /ХЗХ/, /РД: /-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, дугаар байр, тоотод оршин суух, Б овогт Г.Э /РД: /-д холбогдох,
орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, хариуцагч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид анх хариуцагч Г.Э аас зээлийн гэрээний үүргийг шаардаж шүүхэд хандсан. Ингээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.Э тай бид харилцан тохирч эвлэрсэн. Тодруулбал, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2017/02309 тоот шийдвэрээр хариуцагч Г.Э-с зээлийн гэрээний дагуу 57,300,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 543,770 төгрөг, нийт 57,843,770 төгрөгийг гаргуулахаар, шийдвэрийг сайн дураараа биелүүлэхгүй бол уг үүргийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай бидний эвлэрлийг баталсан. Гэвч хариуцагч Г.Э шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэхгүй байсан учир нэхэмжлэгч тал шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх хүсэлт гаргасан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 102/Ш32018/00903 дугаар захирамжаар хариуцагч Г.Э нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүпцэтгээгүй гэж үзэн албадан гүйцэтгэх захирамж гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад бид хариуцагч Г.Э тай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохоор дахин харилцан тохирсон. Тэрээр өөрийн барьцааны хөрөнгө болох 21 тоот орон сууцыг 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр бидний өмчлөлд шилжүүлэх, энэ өдрөөс хойш 2 сарын дотор 57,983,700 төгрөгийг бидэнд төлж дуусгах, ингэж төлж дууссан тохиолдолд бид орон сууцыг нь хариуцагчид буцаан шилжүүлж өгөхөөр болсон юм. Ингээд энэ талаараа нэхэмжлэгч болон хариуцагч нар хэн нэгний шахалтгүй, сайн дурын үндсэн дээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлт гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар бидний хүсэлтийг хянаад өмчлөлийг манай байгууллагад шилжүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Харамсалтай нь Г.Э нь 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс хойш 2 сарын хугацаанд төлбөрөө төлөөгүй. Ингээд барьцаа хөрөнгө болох орон сууц нь манай өмчлөлд үлдсэн. Одоо орон сууцанд хариуцагч өөрөө оршин сууж байгаа тул түүний хууль бус эзэмшлээс Баянгол дүүрэг, дугаар хороо, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, дугаар байрны тоот, улсын бүртгэлийн Ү-00000000 дугаартай 84 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг үл чөлөөлж өгнө үү. Бидэнд зээлийн мөнгө нь л хэрэгтэй байгаа. Хэрэв Г.Э зээлсэн мөнгөө буцаан төлсөн тохиолдолд орон сууцыг бид түүний өмчлөлд буцаан шилжүүлэх бүрэн боломжтой. Тэрээр нийт 57,983,700 төгрөгийг бидэнд төлөх ёстойгоос 31,600,000 төгрөгийг төлчихөөд байгаа. Бид орон сууцаа авч байгаа учраас түүний төлсөн мөнгийг нь буцаан төлнө. Шүүхийн шийдвэрээр Г.Э 57,300,000 төгрөг төлөх ёстой байсан ч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал, УТХ зэрэг нь ороод тэрээр 57,983,700 төгрөг төлөхөөр болсон, үүнийгээ ч зөвшөөрсөн гэжээ.
Хариуцагч Г.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийт 57,843,770 төгрөгийг “А.ү” ХЗХ-д төлөхөөр шүүхийн шийдвэр гарсан. Үүнээс 31,600,000 төгрөгийг төлсөн. Одоо 26,100,000 орчим төгрөг үлдсэн. Миний орон сууцыг зах зээлийн үнээс хэт хямд үнэлж авч байгаа учраас байраа чөлөөлж чадахгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан болон бусад болсон ажиллагааны тал дээр маргаад байх зүйл алга. Хамгийн гол нь надад төлбөрийг буцаан төлөхөд бага зэрэг хугацаа л хэрэгтэй байна. Одоо маргаан бүхий орон сууцанд миний бие амьдарч байгаа гэжээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2017/02309 дүгээр шийдвэрээр хариуцагч Г.Э “А.ү” хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлийн шаардлага болох 57,300,000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын сарын 30-ны өдөр бүрэн төлж барагдуулах бөгөөд тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ү-0000000000 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн дугаар хороо, ард Аюушийн өргөн чөлөө гудамж, дугаар байрны тоот хаягт байрлах 84 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ /хх105-107 хуудас/.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад буюу 2018 оны 02 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд ”А.ү” хадгаламж зээлийн хоршоог төлөөлж гүйцэтгэх захирал Ү.Халиун болон хариуцагч Г.Э нар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлт гаргажээ. Эдгээр хүсэлтүүдэд Г.Э нь Баянгол дүүргийн дугаар хороо, ард Аюушийн өргөн чөлөө гудамж, дугаар байрны тоот хаягт байрлах 84 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг ”А.ү” хадгаламж зээлийн хоршоонд шилжүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох талаар дурдагджээ /хх 110-112 хуудас/.
Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1/3629 тоот “өмчлөх эрх шилжүүлэх тухай” албан бичгийг үндэслэн Баянгол дүүргийн дугаар хороо, ард Аюушийн өргөн чөлөө гудамж, дугаар байрны тоот хаягт байрлах 84 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг ”А.ү” хадгаламж зээлийн хоршоонд шилжүүлсэн үйл баримт хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байна /хх 101, 102, 113 хуудас/.
Дээр дурдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд зохигч талууд ямар нэг гомдол гаргаагүйбайна.
2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр дээрх орон сууцыг хариуцагч Г.Э ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэгч ”А.ү” хадгаламж зээлийн хоршоо нь шүүхэд хандсан. Нэхэмжлэгч талаас шаардлагын үндэслэлээ “...Г.Э өөрийн өмчлөлийн орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үүднээс сайн дурын үндсэн дээр манай байгууллага руу шилжүүлсэн. Тэрээр 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр гэхэд 57,983,700 төгрөгийг манайд төлж дуусгахгүй тохиолдолд орон сууцныхаа өмчлөлийг бидэнд үлдээхээр өөрөө баталгаа өгсөн. Хариуцагч төлөх ёстой төлбөрөөс 31,600,000 төгрөг л төлсөн. Үлдэх төлбөрөө төлөөгүй учир бид өөрийн өмчлөлийн орон сууцаа чөлөөлүүлнэ” гэж тайлбарлаж байна /хх/.
Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшил болон өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэйг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсгүүдэд заасан.
Хариуцагч Г.Э нь 57,983,700 төгрөгийг бүрэн төлөөгүй буюу нийт 31,600,000 төгрөгийг буцаан төлсөн байгаа талаар маргаагүйгээс гадна хэрэгт цугларсан баримтуудаар нэхэмжлэгч “А.ү” хадгаламж зээлийн хоршоог Баянгол дүүргийн дугаар хороо, ард Аюушийн өргөн чөлөө гудамж, дугаар байрны тоот хаягт байрлах 84 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч биш гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгч талд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан шаардах эрх үүссэн гэж үзнэ.
Дээр дурдсан орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө хариуцагч Г.Э-ын эзэмшилд байгаа талаар зохигчид маргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсгүүдэд нийцнэ гэж шүүхээс үзлээ.
Энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тохиолдолд хариуцагч Г.Э нь ”А.ү” хадгаламж зээлийн хоршоонд төлсөн 31,600,000 төгрөгөө буцаан шаардах эрхтэйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн дугаар хороо, ард Аюушийн өргөн чөлөө гудамж, дугаар байрны тоот хаягт байрлах 84 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хариуцагч Г.Э ын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Э-с 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ