Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 553

 

 Ж.Уад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Э.Намуун,

            шүүгдэгч Ж.У, түүний өмгөөлөгч Ё.Энхбулган,

            хохирогч Д.Гандалай, түүний өмгөөлөгч Э.Үнэнсайхан,

            нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 469 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.У, түүний өмгөөлөгч Ё.Энхбулган, хохирогч Д.Гандалай нарын гаргасан давж заалдах гомдлоор Ж.Уад холбогдох эрүүгийн 1806085460131 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

            ............, 1969 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хорооллын 30-47 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:....................../;

            Ж.У нь 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цагаан шонхор” оёдлын үйлдвэрт Д.Гандалайтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар баруун далан тус газар цохиж, түлхэн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ж.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “.....................ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Уыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ж.У нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсаргаж, Ж.У нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хохирол төлбөрт 434.000 төгрөгийг төлсөн болохыг, хохирогч Д.Гандалай нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Уад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч Ж.У давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн үед хохирогчид ажлын шаардлага тавихад хүлээж авахгүй намайг хэл амаар доромжлохоор нь тэсэлгүй цохиж суулгасан. Лабрумын урагдал, шөрмөс тасарсан нь MNS597942009 стандартаар мөрний мултралаас үүсэх гэмтэл гэж заасан. Мөр мултарснаас лабрум буюу далны сэлтрэл үүсэж байгаа. Уг гэмтлийг нэг удаагийн цохилтоор үүсээгүй гэж үзэж байна. Уг гэмтлийг авсан тохиолдолд мөр мултарч, баруун гар мэдээгүй болно. Гэтэл хохирогч гэмтэл авсан мөртөө гар ажиллагаагаар хийх боломжтой зүйлийг маш сайн хийж байсан. Тэгэхээр хохирогчийг ийм гэмтэл авсан гэж үзэхгүй байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр баруун гарын шөрмөс тасрахад баруун мөр хөдөлгөөнгүй болно. Мөр мултрах гэмтэл нь автын осол, эсхүл гарыг хөшиж дарж унасан тохиолдолд, мөн гарыг мушгих, өчих үед үүсдэг гэмтэл. Хавтас хэргийн 12 дугаар хуудсанд хохирогчийн мэдүүлэгт лабрумын урагдал, шөрмөс тасрал, баруун гарын эрхийн хурууны тулалт нь тухайн өдөр үүссэн гэж мэдүүлэг өгсөн. Гэтэл гэрчийн мэдүүлэгт гар нь өвдөөд явж байсан гэж мэдүүлсэн байдаг. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр зүүн хөлийн уланд няцрал гэмтэл тогтоогдсон. Уг гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэж заасан байхад хохирогч баруун гар руу цохисноос болж зүүн хөлөнд няцрал гэмтэл үүссэн гэх мэдүүлэг өгсөн. Мөрдөн шалгах ажиллагаа хэт нэг талыг барьж явагдсан. Учир нь, тухайн хэргийг харсан гэх гэрч нар байхгүй байхад сургаар сонссон хүмүүсээр гэрчлүүлж намайг буруутай гэж дүгнэсэн. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж, мэргэжлийн шинжээч нарыг томилж дахин дүгнэлт гаргуулах саналтай байна.” гэв.

            Шүүгдэгч Ж.Уын өмгөөлөгч Ё.Энхбулган  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрэг учрал 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр болсон. Гэтэл хохирогч Д.Гандалай нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шүүх эмнэлэгт үзүүлсэн. 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд “баруун мөрний зөөлөн эдийн гэмтэл”, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн мэдрэлийн эмчийн үзлэгт “баруун бугалганы мэдрэлийн эмгэшил”, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Люксмед эмнэлгийн МРИ-ны шинжилгээний хариуд “хоёр толгойт шөрмөсний дээд хэсэгт баруун бугалганы толгой дахь ховил хэсэгт бүрэн урагдалтай, урд дээд лабрумд эрчим ихэссэн урагдалтай, үений гадна шөрмөсний эргэн тойрон уутлагдсан бохир шингэнтэй” гэсэн нь хоорондоо зөрүүтэй. Хэрэгт хохирогчийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн өвчтний түүх, өвчтөний карт, ямар эм тариа хэрхэн хэрэглэх эмчийн заалт зэрэг нотлох баримт авагдаагүй, мөн хохирогчийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 25-ны өдөр хүртэл хугацаанд хаагуур явсан, өөр хэн нэгэнд зодуулсан эсэх болон маршрутыг тогтоогоогүй. Хэргийн 34-36 дугаар хуудаст авагдсан хохирогчийн гаргаж өгсөн эмчилгээний зардлын баримт гэх баримтуудаас 35 дугаар хуудас дахь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны огноотой “Тооцооны хуудас” /160.000 төгрөг/ дахь үйлчлэгч хэсэгт Д.Гандалай гэж бичмэлээр, гараар бичсэн нь хавтас хэргийн 21 дүгээр хуудас /2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр/ шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол дахь Д.Гандалай гэсэн гарын үсэг, хавтас хэргийн 53 дугаар хуудас /2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр/ дахь хавтас хэргийн материалтай танилцсан тухай тэмдэглэл дэх Д.Гандалай гэсэн гарын үсэг нь энгийн нүдээр харахад нэг хүн бичсэн нь тодорхой харагдана. Хохирогч нь эдгээр баримтуудад ямар ч зовиургүйгээр, яг адилханаар гарын үсгээ зурсан байх бөгөөд хохирлын баримтыг хуурамчаар бүрдүүлжээ. Хохирогч Д.Гандалай нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Цагдаагийн байгууллагад гаргасан гомдлын бичвэр, гарын үсэг, 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хохирогчоор тогтоох тогтоолд зурсан түүний гарын үсэг, мөн өдөр иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай тогтоолд зурсан гарын үсэг, мөн өдөр хохирогчоос авсан мэдүүлэгт зурсан гарын үсэг, мөн өдөр шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлд зурсан гарын үсэг зэрэг нь бичиж чадахгүй гэх шалтгаантай, зовиуртай байдлаар гарын үсэг зурснаас үзэхэд түүний биед шинжээчийн дүгнэлтэд заагдсан хүндэвтэр гэмтэл учраагүй бөгөөд шүүгдэгчийг цаашилбал хуулийн байгууллагыг хуурч мэхэлж байна гэж үзэхээс өөр аргагүй. Иймд шүүхэд дараах хүсэлтийг гаргасан боловч шүүх хүлээн авалгүй хэргийг шийдвэрлэсэн. Шүүгдэгч Ж.У нь хохирогч Д.Гандалайгийн биед гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдсон Шүүхийн шинжилгээний 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 12976 тоот дүгнэлт бодит байдалтай нийцэхгүй байх тул зөвшөөрөхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.5 дугаар зүйлд зааснаар шинжээчдийн баг буюу тусгай мэргэжил эзэмшсэн нарийн мэргэжлийн эмч оролцуулан, өөрөөр хэлбэл Эрүүл мэндийн яамны Гэмтлийн ерөнхий зөвлөх оролцуулсан шинжээчдийн баг томилуулж дүгнэлт гаргуулах, учир нь дүгнэлтийн 1-д “...баруун бугалганы шөрмөс, баруун лабрумын урагдал, баруун гарын эрхий хуруу...” гэснийг зөвшөөрөхгүй, энэ нь маш хүчтэй унах, хавчигдах, эвгүй мушгих зэргээс үүсдэг, мөн баруун мөрөнд цохигдсоноос зүүн хөлний тавхайд няцрал үүсдэггүй байна. Хохирогч Д.Гандалай нь хэрэг явдал болсон гэх 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш ажлаа хийж байсан. Ингэхдээ бүр гар ажиллагаа шаардсан эсгүүрийн хайчтай харьцан ажиллаж цагдаа хантаазны арын бэлдэцийг цэвэрлэн бэлдэж ажиллаж байсан. Тэрээр 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр гэмтэл авсан гэх боловч мөн сарын 25-ны өдөр эмчид үзүүлж эмнэлэгт хэвтсэн гэх бөгөөд шүүх эмнэлэгт 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр үзүүлснээс харахад өөр бусад байдлаар гэмтэл авсан байж болзошгүй. Мөн тухайн үед шүүгдэгч Ж.Уын өөрийнх нь баруун гар хугарсан гэмтэлтэй байсан тул дээрх гэмтлийг учруулах боломжгүй. Хүсэлтийн 1-д дурьдсаныг нотлох чанар шалгагч “Бүртгэлийн дэвтэр” болон гар ажиллагааны хайч, хантаазны арын бэлдэц зэргийг байгууллагаас гаргуулж хэрэгт хавсаргах. Хэрэг гарсан гэх 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс хойшхи өдрүүдэд Б.Гандалай жижүүрийн ажлаас гадна хэрхэн ажилласныг мэдэх, өөрөөр хэлбэл түүнд ажил хүлээлгэн өгч, хүлээн авсан технологич инженер Ц.Энхцэцэг, нябо Э.Солонго, эсгүүрчин Бямбадулам нарыг гэрчээр асуулгах, шүүгдэгч Ж.Уын өөрийнх нь баруун гарын хугарлыг нотлох өвчний картыг хэрэгт хавсаргах зэрэг дээр дурдсан ажиллагаануудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Ж.Уад холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаалгах хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн авалгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой. Шүүх хэргийн 25-27 дугаар хуудас дахь гэрч Д.Дарамбазар /шууд гэрч биш, үйл явдлыг хараагүй/, 28-30 дугаар хуудас дахь гэрч Ө.Туяа /тэрээр гарч ирээд салгасан нь үнэн боловч тэд барьцалдаж заамдалцсан явдал байхгүй тул худал мэдүүлсэн/-гийн мэдүүлгийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь буруу болсон. Түүнчлэн хэргийн 24, 37, 44, 48, 54 дүгээр хуудсуудад яллагдагч, хохирогчийн нэр, гарын үсгийг сольж зуруулсан, мөн мөрдөгч нь иргэн Я.Хангал, А.Содбаяр нарт Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах санал хяналтын прокурорт хүргүүлсэн гэх мэтээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдаг. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

            Хохирогч Д.Гандалай давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мөрдөн шалгах ажиллагааны үед хавтас хэрэгт 639.300 төгрөгийн эмчилгээний баримт гаргаж өгсөн, мөн эмчилгээний зардалд 1.500.000 төгрөгийг нэхэмжилнэ гэж мэдүүлсэн. 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Цагдаагийн ерөнхий газрын “Цагаан шонхор” ТӨУҮГ-ын 45 дугаартай даргын тушаалаар 450.000 төгрөг тооцон жижүүрээр томилогдон ажиллаж байсан. Ж.Уын үйлдлийн улмаас миний эрүүл мэндэд хохирол учран 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл өвчтэй байж байгаад 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдан хувь тэнцүүлсэн группэд гарсан. Энэ хугацааны 4 сарын цалинтай тэнцэх хэмжээний 1.800.000 төгрөгөөс байгууллагын зүгээс өвчтэй байсан хугацааны листний мөнгө 511.090 төгрөгийг хасаад зөрүү болох 1.288.910 төгрөг нэхэмжилж байна. Мөн өмгөөллийн хөлсөнд төлсөн 500.000 төгрөгийг нэхэмжилж байна. Цаашид гарах эмчилгээ болон эмчилгээтэй холбоотой бусад зардлыг нэхэмжилнэ. Иймд шийтгэх тогтоолын 4 дэх заалтад өөрчлөлт оруулан 1.788.910 төгрөгийн өр төлбөртэй гэж дурдаж өгнө үү. Миний бие дээрх эмчилгээтэй холбоотойгоор 14 хуудас баримтуудыг эрүүгийн хариуцлагын хурал дээр гаргаж өгсөн. Та хурлын ирцэд орохгүй, гэм буруугийн хуралд оролцоогүй учир ажиглагчаар сууж болно гээд миний өгсөн баримтуудыг аваагүй. Мөрдөн байцаалтын шатанд миний утасны дугаар өөрчлөгдсөнийг мөрдөгчид хэлж тэмдэглүүлсэн бөгөөд миний бие түрээсийн байранд амьдарч байсан. Ж.Уад зодуулаад эмнэлэгт хэвтэж байхад түрээсийн төлбөр төлөгдөөгүй учир амьдарч байсан байрнаасаа гарсан юм. Мөрдөн байцаалтын шатанд 639.300 төгрөгийн эмчилгээ хийлгэснийг баримтаар гаргаж өгсөн бөгөөд 434.000 төгрөг болгон хасаж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Мөрдөн байцаалтын шатанд хэргийн материалтай танилцаад 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр гарын үсгээ зурахдаа санал хүсэлтээ илэрхийлсэн. Тэгээд өөрчлөгдсөн дугаар 80884100 бичсэн. Гэтэл энэ дугаар руу ганц удаа залгаагүй байснаас болж миний бие анхан шатны шүүх хуралд суух боломжоо алдаж, нэмж өгөх материалууд болон ял дээр саналаа хэлэх боломжоо алдсан. Давж заалдах шатны хуралд нэмж өгөх материалуудаа авч ирсэн. Гэм бурууг анхан шатны шүүх зөв дүгнэсэн, цаг хугацааны хувьд хэргийг хурдан шийдвэрлүүлж Ж.Уаас хурдан мөнгөө авч эмчилгээндээ зарцуулах хүсэлтэй байна. Өдөр ирэх тусам миний өвчин зовиур илт нэмэгдэж яаралтай хагалгаанд орох хэрэгтэй байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

            Хохирогч Д.Гандалайгийн өмгөөлөгч Э.Үнэнсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Гандалайгийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүх хурлын үед гаргаж өгөх ёстой баримтыг өнөөдөр гаргаж өгч байна. Үүнд, нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар, хөдөлмөрийн чадвараа алдсан группын дэвтэрийн хуулбар, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлгийн хөдөлмөр магадлалын комиссын шийдвэр, Хаан бакны дансны хуулга, “Цагаан шонхор” ТӨУҮГ-ын тушаал, өмгөөлөгчийн хөлс зэрэг баримтуудыг шинээр гаргаж өгч байна.” гэв.

            Прокурор Э.Намуун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: “Шүүгдэгч Ж.У нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Гандалайгийн биед учруулсан гэмтлийг хүлээн зөвшөөрдөг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдож байна. Ж.У нь хохирогчийг цохихдоо хүндэвтэр гэмтэл учруулахаар цохиогүй гэж байна. Хохирогчид учирсан гэмтлийг хүндэвтэр эсэхийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн мэргэжлийн эмч дүгнэдэг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдсон гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй учир бүрэлдэхүүнтэй шинжээч томилох шаардлагагүй. Анхан шатны шүүх хуралдаанд шинжээч эмч Чулуунсүх мэдүүлэхдээ “хохирогчийг мөрний хэсэгтээ гэмтэл авсан тохиолдолд сарвууны хөдөлгөөнөөр юм хийж болно” гэж мэдүүлсэн. Уг хэрэг нь 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр болсон учир дээрх гэмтлийг авах боломжтой гэж дүгнэж байна. Хавтас хэрэгт авагдсан гэрч Туяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт “хэрэг болсноос хохирогч Д.Гандалай  баруун гараа сойсон, зодуулаад гар өвдөөд” гэж ярьсан байдаг. Хохирол төлбөрийн хувьд анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд хохирогчийн хавтас хэрэгт гаргаж өгсөн баримтыг үнэлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Ж.У нь 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цагаан шонхор” оёдлын үйлдвэрт Д.Гандалайтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар баруун далан тус газар цохиж, түлхэн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Гандалайгийн “...миний баруун мөрөн тус газар гараа атгаж байгаад чанга нэг удаа цохисон. Тухайн үед намайг арай цохичихно гэж бодоогүй. Тэгсэн манай ажлын мастер Лхагважав, оёдолчин Туяа, чанар шалгагч Галбадрах нар гарч ирээд “юу болоод байгаа юм, болиоч” гэхэд Ундрах “тэгээд яадаг юм, би гэртээ асуудалтай явж байна” гэж орилоод цааш явсан. Тэрний дараа миний баруун талын мөрнөөс доош бөөр рүүгээ цанх татсан юм шиг өвдөөд байхаар нь өрөөнд орсон. ...” /хх 10-11/,

гэрч Д.Дарамбазарын “...юу болоод байна гэж хэлтэл манай ажилчид Ундрах, Гандалай 2 зодолдож байх шиг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэрэгт дурлаад очиж үзээгүй. Ямар ч байсан дуу, шуугиан болоод л явсан. Хэрэг болсон өдөр болон тэрнээс хойш баруун гараа сойсон, зодуулаад гар өвдөөд байна гээд ажилдаа яваад л байсан. Нэг мэдсэн эмнэлэгт хэвтсэн гээд ажилдаа ирэхээ больсон. ...” /хх 26-27/,

гэрч Ө.Туяагийн “...ажлын үүдэнд Ж.У, Д.Гандалай нар хэрэлдээд байсан. Тухайн үед оёдолын цехэд юм оёж сууж байгаад гараад харсан Ж.У, Д.Гандалай нар барьцалдаж авсан зогсож байхаар нь салгасан. Тэгсэн Д.Гандалай намайг ирэхээс өмнө Ж.У баруун гаран тус газар нь гараараа нэг удаа цохисон гэж байсан. Хэрэг болсноос хойш баруун гар нь өвдөөд даагдахгүй, өргөж чадахгүй байна гээд ажил дээр сууж байгаад бие нь муудаад гар нь өвдөөд байна гээд эмнэлэгт хэвтсэн гэж ярьж байгаад тэрнээс хойш ажилдаа ирээгүй. ...” /хх 29-30/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12976 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-22/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-48/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.Уыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ж.Уын хохирогч Д.Гандалайгийн биед “баруун бугалганы шөрмөс, баруун лабрумын урагдал, баруун гарын эрхий хуруу, зүүн тавхайн зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Ж.У, түүний өмгөөлөгч Ё.Энхбулган нар “...Мөрдөн шалгах ажиллагаа хэт нэг талыг барьж явагдсан. Учир нь, тухайн хэргийг харсан гэх гэрч нар байхгүй байхад сургаар сонссон хүмүүсээр гэрчлүүлж намайг буруутай гэж дүгнэсэн. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж мэргэжлийн шинжээч нарыг томилж дахин дүгнэлт гаргуулах саналтай байна. ...” гэсэн давж заалдах гомдлууд гаргажээ.

 

Хохирогч Д.Гандалайгийн биед учирсан гэмтэл нь шүүгдэгч Ж.Уын үйлдэлтэй шууд шалтгаантай болох нь шинжээч эмч С.Чулуунсүхийн “...Д.Гандалайд  учирсан гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. ...” гэх мэдүүлэг /хх-55/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-48/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон, хэрэгт нэмж шалгах зүйлгүй, анхан шатны шүүх шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд эцэслэн шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Ж.Уад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь түүний гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Хохирогч Д.Гандалай “...Мөрдөн байцаалтын шатанд 639.300 төгрөгийн баримтыг эмчилгээ хийлгэсэн баримтаар гаргаж өгсөн бөгөөд 434.000 төгрөг болгож хасаж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. ...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх хохирогчийн хавтас хэрэгт гаргаж өгсөн баримтын хүрээнд хохирлын асуудлыг шийдвэрлэсэн байх бөгөөд гаргаагүй хохирол төлбөрийг болон цаашид хийгдэх эмчилгээтэй холбогдон гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хохирогч Д.Гандалайд шүүх хуралдааны товыг мэдэгдэлгүй шүүх хуралдааныг явуулсан зөрчил гарсан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2-т зааснаар хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй ба шүүх хуралдаанд оролцсон прокурор төрийг төлөөлж хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, түүнийг зөрчигдөхөөс сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авах үүргээ биелүүлж хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тул хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол учраагүй гэж үзэхээр байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 469 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.У, түүний өмгөөлөгч Ё.Энхбулган, хохирогч Д.Гандалай нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 469 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.У, түүний өмгөөлөгч Ё.Энхбулган, хохирогч Д.Гандалай нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Т.ӨСӨХБАЯР

 

                                 ШҮҮГЧ                                                   Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                                 ШҮҮГЧ                                                  Д.МЯГМАРЖАВ