Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2024/0299

 

    “Ю” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Г

Нэхэмжлэлийн шаардлага: тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 8 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ДҮ-112-12/931 дугаартай албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зарласан “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/2022071008 дугаартай тендер шалгаруулалтын үнэлгээг зохих журмын дагуу дахин хийхийг даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 14 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Г, Л.Н

Хариуцагч нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц

Хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, Б.Б, И.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин

Хэргийн индекс: 119/2023/0013/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 14 дүгээр шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.5, 11 дүгээр зүйлийн 11.1.1, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 12.3, 27 дугаар зүйлийн 27.3, 27.4, 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

2.1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Монгол Улсын Сангийн яаманд хандан тодруулга авахаар хандсан бөгөөд Монгол Улсын Сангийн яамнаас 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 03/1699 дугаар албан бичгээр “...Монгол Улсын Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах жагсаал”-д “Ю” ХХК-ийг бүртгэсэн байна” гэсэн хариуг ирүүлжээ.

Мөн уг албан бичигтээ Монгол Улсын Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б-ийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 79 дугаартай “Хяналт шалгалтын тухай” дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн байсан.

2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Сангийн сайд Б.Ж, Монгол Улсын Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б нарт холбогдуулан “Монгол Улсын Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаартай “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай” тушаалын хавсралтын 29-д заасан нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Монгол Улсын Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б-ийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 79 дугаартай улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах”-аар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар шүүхэд тайлбарлаж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасны дагуу уг маргааныг хянан шийдвэрлэгдэж дуустал хугацаанд түдгэлзүүлэх хүсэлтийг гаргасан.

            Дээрх хүсэлтэд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 222 дугаар “Захиргааны хэрэг үүсгэх тухай” шүүгчийн захирамжийг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хавсаргаж шүүхэд өгсөн.

            Харин анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргасан “Ю” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, тендерийн Үнэлгээний хороо нарт холбогдох захиргааны хэргийг “Ю” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Сангийн сайд Б.Ж, Монгол Улсын Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б нарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэн, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.

            Гэтэл Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрээ гаргасны дараа буюу 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Ю” ХХК-ийн зүгээс гаргасан 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Сангийн сайд Б.Ж, Монгол Улсын Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б нарт холбогдуулан “Монгол Улсын Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаартай “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай” тушаалын хавсралтын 29-д заасан нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Монгол Улсын Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б-ийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 79 дугаартай улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах”нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хараахан албажиж гараагүй байна.

            Өөрөөр хэлбэл, “Ю” ХХК-ийг хар жагсаалтад оруулсан нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн.

            Нэхэмжлэгч талаас Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг түдгэлзүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасныг зөрчсөн гэж үзэж байна. Шүүх өөрийн санаачилгаар нэхэмжлэгч “Ю” ХХК-ийг хар жагсаалтад оруулсан эсэх талаар тодруулга авч, холбогдох баримтыг нотлох баримтаар хэрэгт хавсаргасан хирнээ түдгэлзүүлэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

            Уг нэхэмжлэгчийн хар жагсаалтад орсон тодруулга шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахад нөлөөлсөн гэж үзэж байна.

            2.2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “... 3.6. Тодруулбал, тендерийн Үнэлгээний хороо нь Монгол Улсын Сангийн яамны 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 03/1049 дугаартай албан бичгийг Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2-т “Энэ хуулийн 98.1-д заасан захиргааны актыг холбогдох захиргааны байгууллага заавал биелүүлнэ” гэж зааснаар хүлээн авч, захиалагчийн тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.6.8-ын 4, техникийн тодорхойлолтод заасан “...хөдөлгүүрийн хүчин чадал 1750-1900 rpm, 1082-1180 kw, 1400-1598 морины хүчтэй 4 тактын усан хөргөлттэй, турбинтэй, хурдны хайрцагтай, урагш 6-аас багагүй, ухрах 2-оос ихгүй шатлалтай, эсхүл түүнтэй дүйцэхүйц байна” гэсэн шаардлагад нийцэхгүй гэж үзсэн нь үндэслэлтэй болох нь нэхэмжлэгчийн тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолт, техникийн шинжээчийн дүгнэлт, хариуцагчийн тайлбар, “Ю” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичиг зэргээр тогтоогдож байна. 3.7. Мөн техникийн шинжээчид “Ю” ХХК-ийн тендерийг захиалагчийн техникийн тодорхойлолтод заагдсан шалгуур үзүүлэлтэд нийцэхгүй болохыг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 06/160 дугаартай дүгнэлтээр тогтоосон болно. Тодруулбал, Техникийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 06/160 тоот дүгнэлтэд “...Захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын техникийн тодорхойлолтод заагдсан хурдны хайрцагтай үзүүлэлт нийцэхгүй байна гэж үзэж байна. Автомат хурдны хайрцагтай, урагш 6-аас багагүй, ухрах 2-оос ихгүй шатлалтай байна, эсхүл түүнтэй дүйцэхүйц байна” гэсэн шаардлага тавьсан. Харин нийлүүлэгч “Ю” ХХК-ийн тендерт ирүүлсэн техникийн тодорхойлолтод хувьсах тогтмол гүйдлийн цахилгаан хөтлөгчтэй, хүчний генератортой, 2 цахилгаан хөдөлгүүртэй, дугуйн цахилгаан моторын редуктор, тохируулгын аппарат, бичил удирдлагын системтэй хяналтын төхөөрөмжтэй...” гэсэн нь тендерийн баримт бичигт заасан техникийн тодорхойлолтод нийцэхгүй гэж дүгнэсэн. 3.8. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ийн “...манайх тендерийн баримт бичигт урагш 6-аас багагүй, ухрах 2–оос ихгүй шатлалтай гэж заасан нь уулын ажлын нөхцөл, их доороос шороо зөөх нөхцөл шаардлагадаа нийцүүлэн техникийн тодорхойлолтоо гаргасан, энэ нөхцөлд шатлалгүй цахилгаан мотор бүхий техник шаардлага хангахгүй юм” гэх тайлбар үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн техникийн шинжээчийн дүгнэлтэд “...Харин нийлүүлэгч “Ю” ХХК-ийн тендерт ирүүлсэн техникийн тодорхойлолтод хувьсах тогтмол гүйдлийн цахилгаан хөтлөгчтэй, хүчний генератортой, 2 цахилгаан хөдөлгүүртэй, дугуйн цахилгаан моторын редуктор, тохируулгын аппарат, бичил удирдлагын системтэй, хяналтын төхөөрөмжтэй гэж авагджээ. Нийлүүлэгч тал дотоод шаталтын хөдөлгүүрээс хөтлөх дугуй хооронд мушгих момент, эргэлт дамжуулдаг хүч дамжуулах анги нь бүрэн цахилгаан байх саналыг ирүүлсэн байна. Ийм төрлийн хүч дамжуулах анги нь ашигт үйлдлийн коффициент өндөртэй хамгийн орчин үеийн шийдэл болно” гэж дүгнэсэн.

Мөн анхан шатны шүүх хуралдаанд техникийн шинжээч И.Б цахимаар оролцсон бөгөөд шүүх хуралдаанд “Ю” ХХК-ийн санал болгосон хүнд даацын өөрөө буулгагч автомашин нь хамгийн орчин үеийн техник болохыг тодорхой мэдүүлсэн байдаг.

Анхан шатны шүүхээс хариуцагчийн төлөөлөгч Д.Б-ийн тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэсэн. Талуудын тайлбар баримтаар нотлогдох ёстой. Гэтэл баталсан, нотолсон ямар нэг нотлох баримтын шаардлага хангасан баримт байхгүй байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзсан нь үндэслэлгүй байна.

Захиалагчийн техникийн тодорхойлолтын шаардлага буюу Хөдөлгүүрийн хүчин чадал 1750-1900 rpm, 1082-1180 kw, 1400-1598 морины хүчтэй байх шаардлагаа тавьсан. Манай компанийн санал болгосон техник нь 1194 kw, 1600 морины хүчтэй ба энэ нь техникийн шаардлагыг хангах төдийгүй илүү хүчтэй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл 1598 морины хүчтэй байхаас 2 морины хүчээр илүү буюу 1600 морины хүчтэй, 1180 kw чадалтай байхаас 14 kw-аар илүү буюу 1194 kw. Санал болгосон техникийн хүчин чадал нь техникийн шаардлагаас илүү өндөр буюу илүү хүчтэй байгаа нь давуу тал болохоос татгалзах шалтгаан болохгүй юм. Илүү чадалтай хүчтэй хөдөлгүүртэй байснаар ажлын бүтээмж үр ашигтай ажиллах нөхцөл бүрдэж байгаа юм.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын технологийн тээврийн автомашины 100 хувь буюу 40 ширхэг БЕЛАЗ маркийн автосамосвалууд байдаг ба техник хадгалах граж, засварын тоног төхөөрөмжүүд бүгд Белазын техникүүдэд зориулагдсан. “Т М” ХХК нь тендерт санал болгосон Komatsu HD 1500-8 маркийн автосамосвалыг Монгол Улсад нийлүүлж байсан туршлага байхгүй. Гидр-механик төрлийн хурдны хайрцагтай тул ашиглалтын зардал өндөр буюу тосны хэрэглээ нь нэг удаа 782 литр байх ба жилд дунджаар 3 удаа солих шаардлагатай. Нэг литр тос нь дунджаар 17400 төгрөг ба жилд нийт дунджаар 40 820 400 төгрөгийн тосны нэмэлт зардал нэг Komatsu HD 1500-8 маркийн автосамосвалын хурдны хайрцагт зарцуулахаар тооцоолол гарч байна.

Белаз 7513D автосамосвал нь цахилгаан хөтлөгчтэй тул цахилгаан моторын редуктор, генератор гэсэн хоёр үндсэн эд ангиас бүрддэг. Өөрөөр хэлбэл Белаз 7513D автосамосвалын бүрдэл эд анги бага учир эвдрэлгүй, ашиглалтын зардал хамгийн бага, тос тослох бүтээгдэхүүний ашиглалт Komatsu HD 1500-8 маркийн автосамосвалтэй харьцуулахад 50 хувиар бага, тусгай засвар үйлчилгээ хийгдэхгүй зэрэг олон давуу талтай орчин үеийн технологи билээ. Белаз 7513D автосамосвалын техник үйлчилгээний нэмэлт нь 38 хувь, ижил даацтай механик автосамосвалуудтай харьцуулахад түлш зарцуулалтын хэмнэлт 15 хувь байна. Үүнээс дүгнэхэд Komatsu HD 1500-8 маркийн автосамосвал нь цахилгаан хөтлөгчтэй Белаз 7513D маркийн автосамосвалоос үнийн хувьд өндөр төдийгүй эдийн засгийн үр ашиг бага ашиглалтын зардал хэт өндөр байгаа юм.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “...Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Г-ийн хүсэлтээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн СЭ-112-12/3752, “Б х” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №575-41/207 дугаартай албан бичгүүдийг нотлох баримтаар гарган ирүүлсэн бөгөөд тухайн албан бичгүүд нь маргаан бүхий тендерээс цаг хугацааны хувьд хойш, “Хүнд даацын өөрөө буулгагч” 6 ширхэг автомашин худалдан авах /өөр/ тендерт тодруулга авсан баримтууд болох нь хэргийн оролцогчдын тайлбар болон хэргийн үйл баримтаар тогтоогдож байх тул шүүхийн шийдвэр гарахад үнэлээгүй” гэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь хариуцагч талын зүгээс нэхэмжлэгчээс санал болгосон “Хүнд даацын өөрөө буулгагч” Белаз 7513D маркийн автосамосвалыг даацын хувьд 140 тонн биш 90 тонн даацтай гэж маргадаг. Үндэслэл болоод байгаа гэрчилгээ дээр 90 тонн гэж харагдаж байгаа гэх дүгнэлт нь үндэслэлгүй. 90 тонн гэсэн хэсгээс 160 тонн хүртэлх даацын машинуудын загварын дугаарууд авагдсан байхад дараагийн хэсэг нь 160 тонн гэж эхэлж байгаа, нэхэмжлэгчийн санал болгож байгаа машин нь өмнөх 90 тонн гэсэн үзүүлэлтэд хамаарна” гэж үзсэн нь үндэслэлгүй.

“Б х” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №575-41/207 дугаартай албан бичигт “... Энэхүү ажлуудын хүрээнд бид Белаз-7513 цувралын хүнд даацын өөрөө буулгагч автосамосвалуудад 136-аас 140 тонн хүртэл даацын нэмэгдүүлэх хөнгөвчилсөн тэвш, платформа өөрсдийн үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн. Даацыг 140 тонн хүртэл нэмэгдүүлсэн Белаз-7513 хүнд даацын өөрөө буулгагч автосамосвалуудын дээрх өөрчлөлтүүд нь техникийн баримт бичигт болон манай албан ёсны вебсайт болох www.belaz.by-т оруулсан болно. Иймд Белаз-7513D хүнд даацын өөрөө буулгагч автосамосволын даац нь түүнийг хөнгөвчилсөн тэвш, платформагаар тоноглосноор 140 тонн болохыг “Б” ХК үүгээр баталж байна” гэх албан бичгийг ирүүлсэн.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 460 дугаар магадлалд “... 2.9. Гэтэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад www.belaz.by гэх гадаад хэл дээрх сайт руу нэвтэрч үзлэг хийж, нотлох баримтаар шинжлэн судалсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэл, хэргийн оролцогчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ нь дээрх хуулийн шаардлагад нийцэхгүй, мөн баримтыг баталгаажуулан хэрэгт хавсаргаагүй атлаа дүгнэсэн байх тул “...шүүн таслах ажиллагааг монгол хэлээр явуулсан гэж үзэх үндэслэлтэй...” гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй ба ямар баримтыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй, нөхцөл байдлыг бий болгосон байна” гэж дүгнэсэн.

Анхан шатны шүүх хэргийг дахин шийдвэрлэхдээ уг сайтад үзлэг хийсэн баримтыг хавсаргаагүй боловч гадаад хэл дээрх сайтад орчуулагч оролцуулан үзлэг хийн маргаан бүхий автосамосволын даацыг харах боломжтой байсан боловч уг ажиллагааг хийгээгүй, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Б” ХК-иас ирүүлсэн албан бичгийг үнэлээгүй хирнээ хэрхэн даацын тухайд техникийн тодорхойлолтод нийцэхгүй гэж дүгнээд байгаа нь ойлгомжгүй байна.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас манай “Ю” ХХК-д 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ДҮ-112-12/496 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “...Уг ажлыг гүйцэтгэхээр танай ирүүлсэн тендер дараах шаардлагыг хангахгүй байна ...” гэх шийдвэрийг ирүүлсэн. Уг шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан. Уг гомдлын дагуу Монгол Улсын Сангийн яамнаас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 03/1049 дугаар “Гомдол хянасан тухай” албан бичигтээ “... “Ю” ХХК тендерт “хөдөлгүүрийн хүчин чадал 1194 квт, 1600 морины хүчтэй буюу 14 квт болон 2 морины хүчээр илүү, хурдны хайрцаг нь хувьсах тогттол гүйдлийн цахилгаан хөтлөгчтэй, хүчний генератортой, 2 цахилгаан хөдөлгүүртэй, дугуйн цахилгаан моторын редуктор, тохируулгын аппарат, бичил удирдлагын системтэй, хяналтын төхөөрөмжтэй” автосамосвал санал болгосон бөгөөд тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.4-т заасны дагуу тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтоос зөрүүтэй талаар тайлбар, мөн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2301-74 тоот албан бичиг ирүүлсэн байх тул тус компанийн санал болгосон автосамосвалын техникийн үзүүлэлтийг тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан шаардлагад нийцэх эсэхийг хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянан үзэх нь зүйтэй байна. 2. Гомдолд дурдсаны дагуу захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон “Т М” ХХК-ийн хүргүүлсэн тендерийг хянан үзлээ. Захиалагч тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.6.4-т “Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний мэдээлэл: “Шаардлагатай”. Үүнд: 2020, 2021 оны аль нэг жилд хүнд даацын өөрөө буулгагч автомашин нийлүүлж байсныг ойлгоно. Ижил төстэй бараа нийлүүлж байсан туршлагыг дараах байдлаар нотолно. Үүнд: Бараа нийлүүлсэн гэрээ ба гэрээ дүгнэсэн акт (протокол эсхүл дүгнэлтийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг ирүүлнэ) гэж заасан байна. “Т М” ХХК тендерт “Э М” ХХК, “Б” ХК-тай 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан ЭМГЛ-53/ХХАГ-14/20200823 дугаартай худалдах, худалдах авах гэрээ, 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 4 дугаартай техникийн комиссын акт ирүүлсэн боловч тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.6.4-т заасан “...гэрээ дүгнэсэн акт (протокол эсхүл дүгнэлт)-ыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар” ирүүлээгүй байх тул дээрх шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна. Иймд тус тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан захиалагчийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ДҮ-112/12/495, ДУ-112-12/496 тоот шийдвэрүүдийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтын дагуу хүчингүй болгож байна. Тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад үндэслэн мэдэгдье” гэж тодорхой дурдсан.

Өөрөөр хэлбэл, “Ю” ХХК-ийн ирүүлсэн материал тендерийн шаардлага хангахгүй байгаа гэх үндэслэл нь үндэслэлгүй талаар тодорхой дүгнэлт хийж хүргүүлсээр байхад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь дахин яг ижил үндэслэлээр тендерт шалгаруулаагүй нь үндэслэлгүй юм.

Иймд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 14 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч “Ю” ХХК-иас “тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 8 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ДҮ-112-12/931 дугаартай албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зарласан “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/2022071008 дугаартай тендер шалгаруулалтын үнэлгээг зохих журмын дагуу дахин хийхийг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Захиалагчийн техникийн тодорхойлолтын шаардлага буюу Хөдөлгүүрийн хүчин чадал 1750-1900 rpm, 1082-1180 kw, 1400-1598 морины хүчтэй байх шаардлагаа тавьсан. Манай компанийн санал болгосон техник нь 1194 kw, 1600 морины хүчтэй ба энэ нь техникийн шаардлагыг хангах төдийгүй илүү хүчтэй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл 1598 морины хүчтэй байхаас 2 морины хүчээр илүү буюу 1600 морины хүчтэй, 1180 kw чадалтай байхаас 14 kw-аар илүү буюу 1194 kw. Санал болгосон техникийн хүчин чадал нь техникийн шаардлагаас илүү өндөр буюу илүү хүчтэй байгаа нь давуу тал болохоос татгалзах шалтгаан болохгүй” гэж тайлбарлан маргажээ.

2.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ЭҮТӨГ/2022071008 дугаартай “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах цахим тендер зарласан бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тендер нээхэд “Ю” ХХК, “Т м” ХХК, “Б в м” ХХК-иуд үнийн санал ирүүлсэн байна.

2.3. Ийнхүү “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/459 дүгээр тушаалаар байгуулагдсан тендерийн үнэлгээний хороо 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хуралдаж, тендерт оролцогч “Б в м” ХХК “ТШЗ 2.1 төсөвт өртгийг хэтрүүлэн ирүүлсэн, ТШЗ 17.1 тендер нээсэн өдрийн байдлаар 18 593 658 төгрөгийн татварын өртэй нь шаардлагад нийцэхгүй” гэж, тендерт оролцогч “Ю” ХХК-ийн ирүүлсэн техникийн тодорхойлолтын хөдөлгүүрийн хүчин чадал 1194 квт, 1600 морины хүчинтэй хурдны хайрцаг хувьсах тогтмол гүйдлийн цахилгаан хөтлөгчтэй, хүчний генератортой, 2 цахилгаан хөдөлгүүртэй, дугуйн цахилгаан моторын редуктор, тохируулгын аппарат, бичил удирдлагын системтэй хяналтын төхөөрөмжтэй гэж ирүүлсэн нь шаардлагад нийцэхгүй гэж үзэж, дээрх компаниудын ирүүлсэн тендерээс татгалзаж, тендерт оролцогч “Т м” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзжээ.

2.4. Улмаар захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ДҮ-112-12/495 дугаар албан бичгээр “хамгийн сайн” үнэлэгдсэн “Т м” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүргүүлсэн байна.

2.5. Нэхэмжлэгч “Ю” ХХК-иас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмын дагуу уг тендер сонгон шалгаруулалттай холбоотой гомдлыг Монгол Улсын Сангийн яаманд гаргасан байх бөгөөд Монгол Улсын Сангийн яам гомдлыг хянаад 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 03/1049 дүгээр албан бичгээр “...захиалагчийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ДҮ-112-1/495, ДҮ-112-12/496 тоот шийдвэрүүдийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтын дагуу хүчингүй болгож, ... тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг...” “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т мэдэгджээ.

2.6. Дээрх Сангийн яамны шийдвэрийн дагуу тендерийн Үнэлгээний хороо 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр дахин хуралдаж тус тендерт шаардлагад нийцэх нэг ч тендерт оролцогч байхгүй учир бүх тендерээс татгалзаж дахин зарлахаар шийдвэрлэж, маргаан бүхий 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ДҮ-112-12/931 дүгээр албан бичгээр “... “Ю” ХХК-ийн ирүүлсэн тендер Хөдөлгүүрийн хүчин чадал: 1194 квт, 1600 морины хүчинтэй гэж ирүүлсэн нь шаардлагад нийцэхгүй, Хурдны хайрцаг хувьсах тогтмол гүйдлийн цахилгаан хөтлөгчтэй, хүчний генератортай, 2 цахилгаан хөдөлгүүртэй, дугуйн цахилгаан моторын редуктор, тохируулгын аппарат, бичил удирдлагын системтэй, хяналтын төхөөрөмжтэй гэж ирүүлсэн нь техникийн тодорхойлолттой дүйцэхгүй байна. Иймд танай компанийн тендерийг шалгаруулаагүй гэж үнэлгээний хороо дүгнэснийг...” нэхэмжлэгчид мэдэгдсэн үйл баримтууд тогтоогдож байна.

2.7. Хэдийгээр нэхэмжлэгч компаниас ““Ю” ХХК-ийн ирүүлсэн материал тендерийн шаардлага хангахгүй байгаа гэх үндэслэл нь үндэслэлгүй талаар тодорхой дүгнэлт хийж хүргүүлсээр байхад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь дахин яг ижил үндэслэлээр тендерт шалгаруулаагүй нь үндэслэлгүй” гэж тайлбарлах боловч нэхэмжлэгч компанийн санал болгож буй “Белаз 7513D маркийн автосомосвалын техникийн үзүүлэлтүүд нь тендерийн баримт бичгийн тодорхойлолтод заасантай нийцэхгүй байгаа энэ тохиолдолд техникийн хүчин чадал болоод хурдны хайрцгийг илүү орчин үеийн эсхүл илүү хүчин чадалтай гэх үндэслэлээр нэхэмжлэгч компанийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн гэж үзэх боломжгүй. Учир нь захиалагч нь өөрт шаардлагатай, тухайн техникийг ашиглах газар орон, үйл ажиллагааны онцлог, ашиглах зориулалт зэргийг харгалзан үзэж, техникийн үзүүлэлтүүдийг хуульд заасан эрхийн хүрээнд тодорхойлон тендерийн баримт бичгийг боловсруулж, нийтэд зарласан байх бөгөөд үүнд нь нийцэхгүй үзүүлэлт бүхий техник хэрэгслийг санал болгосон гэж үзэж, тендерт оролцогчдын тендерээс бүгдээс нь татгалзсан хариуцагчийн үйл ажиллагаа хууль зөрчөөгүй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлтийг хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

2.9. Түүнчлэн нэхэмжлэгч компанийн ирүүлсэн тендер нь шаардлагад нийцсэн гэж үзэх боломжгүй нь нэгэнт хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдож буй энэ тохиолдолд анхан шатны шүүхийг “www.belaz.by сайтад үзлэг хийсэн баримтыг хавсаргаагүй боловч гадаад хэл дээрх сайтад орчуулагч оролцуулан үзлэг хийн маргаан бүхий автосамосволын даацыг харах боломжтой байсан боловч уг ажиллагааг хийгээгүй” буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй гэх агуулгатай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

2.10. Нөгөөтээгүүр өмнө нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 460 дугаар магадлалаар уг хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэхдээ “Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 57 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т нэхэмжлэлийн хувийг гардуулж, хариу тайлбарыг авсан атлаа хариуцагч тендерийн үнэлгээний хороонд буюу тус хорооны дарга Д.Б-т нэхэмжлэлийн хувийг гардуулж, бичгээр хариу тайлбарыг аваагүй байна” гэсэн үндэслэлийг дурдсан бөгөөд анхан шатны шүүх 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тендерийн Үнэлгээний хорооны дарга Д.Б-т нэхэмжлэлийн хувийг гардуулж, 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн дотор хариу тайлбар ирүүлэхээр хугацаа тогтоосон байх боловч хариуцагчаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д заасан шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн талаар бичгээр тайлбар гаргах үүргээ хэрэгжүүлээгүй байгаа энэ тохиолдолд давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй гэж анхан шатны шүүхийг буруутгах үндэслэлгүй.

2.11. Мөн нэхэмжлэгчээс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2022 онд зарласан тендер сонгон шалгаруулалттай маргаж буй энэ тохиолдолд уг хэрэгтэй хамааралгүй асуудлаар гарсан Монгол Улсын Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б-ийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 79 дүгээр дүгнэлт болон Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай” 213 дугаартай тушаалын нэхэмжлэгч компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан шийдвэрлэхээс өмнө энэ хэргийг шийдвэрлэж болохгүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасан үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, ийнхүү хэргийг шийдвэрлэснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан гэж үзэхгүй.

2.12. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 оны/-ийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “Тендерт оролцогч өөрийн тендерийн хүчинтэй байх хугацааг 30-аас доошгүй хоног байхаар тендерт заана”, 29 дүгээр зүйлийн 29.4-д “Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон бол захиалагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гарган, зөвшөөрөл авсны үндсэн дээр уг хугацааг нэг удаа 15 хоногоор сунгаж болно” гэж тус тус хуульчилжээ.

Маргаан бүхий тендерийн хувьд тендерийн хүчинтэй байх хугацааг Монгол Улсын Сангийн яам нэг удаа 15 хоногоор сунгаж шийдвэрлэсэн бөгөөд уг хугацаа дуусжээ.

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн байх боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн “106.3.14...” гэхийг “... 106.3.1.14 ...” гэж техникийн шинжтэй алдаа гаргасан байсныг дурдах нь зүйтэй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                      ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

 

                                 ШҮҮГЧ                                                           Н.ДОЛГОРСҮРЭН

 

 

                      ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН