Шүүх | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
Хэргийн индекс | 151/2016/0358/э |
Дугаар | 346 |
Огноо | 2016-11-15 |
Зүйл хэсэг | 215.1., |
Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 346
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,
улсын яллагчаар Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ,
шүүгдэгч О.Ууганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Оддоржийн Ууганцэцэгт холбогдох эрүүгийн 201619000659 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ОХУ-ын Киев хотод төрсөн, яс үндэс халх, эмэгтэй, 31 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр хоёр хүүхдийн хамт Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 29-а байрны 96 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Оддоржийн Ууганцэцэг /РД:ШД85030404/ гэв.
Холбогдсон хэргийн талаар: /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/
Шүүгдэгч О.Ууганцэцэг нь 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэр Бяцхан сүж гэх газарт Тоёото Кронв маркийн 6996 УНО улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1 жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг зөрчиж замын хажуу руу онхолдож дотор нь сууж явсан А.Золзаяагийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлагдсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Ууганцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирлыг барагдуулж, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хохирогч А.Золзаяа хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: .. Би 2016 оны 08 дугаар сарын 09-ний шөнө ОХУ-ын Улаан-Үүдээс Монголын хилээр орж ирээд Алтанбулаг дээр үүрээр шөнө 04 цагийн үед хоол идсэн. Би Монгол Улсын хил хүртэл өөр машинтай явж байгаад О.Ууганцэцэгийн машинд нь суугаад хамт ирсэн. Монголын хил хүрээд наашаа явж байхад Жавхлантөгс машин жолоодож явж байсан. Би замдаа арын суудал дээр нь унтаад явж байсан. Дархан-Уул аймаг дээр ирээд сэрэхэд Жавхлантөгс бас машин жолоодоод явж байсан. Би машин хаана явж байгаад яагаад замаас гарсан талаар би огт мэдэхгүй байгаа. Нэг мэдэхэд би ГССҮТ-д ухаан орсон. Би ухаангүй нэг хоносон байсан. Би 6996 УНО улсын дугаартай Тоёото Кровн маркийн автомашины арын суудалд хэвтээд явж байсан. Миний баруун түнх мултарсан, тархины гэмтэлтэй гэж гарч ирсэн. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Дүгнэлттэй холбоотойгоор гаргах санал хүсэлт байхгүй. Би гомдолтой байна. Би хэдэн төгрөг яаж нэхэмжлэхээ дараагийн байцаалтаар өгмөөр байна /хх-13-14 тал/, ..Би эмчилгээний зардалд 2 удаагийн рентген зурагны зардал 240000 төгрөгийг нэхэмжилнэ. Би цаашид 2-3 сар ажил хийх боломжгүй байгаа. Ийм учраас би өөрийнхөө 1-2 сарын цалинг нэхэмжилж авмаар байна. Миний цалин дунджаар 1 сая төгрөг байдаг. Манай байгууллагын дарга гадаад улсын иргэн байдаг. Одоохондоо байхгүй болохоор би тодорхойлолт бичүүлж авах боломжгүй байна гэсэн мэдүүлэг /хх-16 тал/,
Гэрч У.Жавхлантөгс хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: Би 2016 оны 08 дугаар сарын 09-ний өглөөний 09-өөс 10 цагийн хооронд ОХУ-ын Улаан-Үүдээс Улаанбаатар хот руу явж байсан. Би машинд явж байх үедээ унтаад явж байсан. Гэнэт хашигралдаад эхэлсэн намайг сэрэх үед машин засмал зам дээр жолоодлогоо алдсан байсан. Тэгээд машин замын баруун гар тал руугаа гарч яваад жалга руу ороод шороо мөргөсөн. Би Урьхан зоогийн газар өнгөрөөд явж байгаад миний нойр хүрээд байхаар нь замын хажууд гараад унтсан. Тэгээд унтаж байтал А.Золзаяа, О.Ууганцэцэг 2-ын ажлын газраас нь утасдаад байсан. Тэгээд манай эхнэр өөрөө бариад явъя гээд машин барьсан. Би машинд унтсан хэвээрээ жолоочийн хажуугийн суудал дээр явж байсан. Манай эхнэр жолооч болоод удаж байгаа 2005-2006 оны хооронд жолооч болсон санагдаад байна. Тоёото Кровн маркийн 6996 УНО улсын дугаартай автомашин манай эхнэрийн нэр дээр байдаг, банкны нэр дээр барьцаанд байсан. Тухайн үед зөөлөн эдийн гэмтэл учирсан Одоо бол зүгээр болсон. Ууганцэцэг намайг машин барьж байх үед унтаж явж байсан. Бид 2 Улаан-Үүдэд амарч байгаад ирсэн учраас ядарсан зүйл байгаагүй. Манай эхнэр огт согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Би унтаж байсан болохоор хурдыг нь сайн анзаараагүй гэсэн мэдүүлэг /хх-18 тал/,
-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-3 тал/,
-хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4 тал/,
-Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоогдсон байдал /хх-5 тал/,
-Осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-6 тал/,
-гэрэл зургийн үзүүлэлт /хх-07-08 тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Шүүх эмнэлгийн өвчний түүхээр гаргасан шинжилгээ, №12245 тоот шинжээчийн дүгнэлтэд
1.Золзаяагийн биед баруун талын түнхний үений мултрал, нүүр, зүүн шилбэнд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, шарх гэмтэл учирчээ.
2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.
5. Золзаяагийн биед архаг хууч өвчин тогтоогдсонгүй гэжээ /хх-21 тал/,
-2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №00000098 дугаар дүгнэлтэд
1. 6996 УНО улсын дугаартай Тоёото Кровн маркийн автомашины жолооч О.Ууганцэцэг нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалт зөрчсөн гэж үзэж байна.
2. Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал нөлөөлсөн байх боломжтой.
3. Уг зам тээврийн осол болох шалтгаан нь 6996 УНО улсын дугаартай Тоёото Кровн маркийн автомашины жолооч О.Ууганцэцэг нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 заалтыг зөрчсөн үйлдлээс болсон гэжээ /хх-26 тал/,
-“Бэст Эстимэйт” ХХК-ны 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн №201608120126 дугаар бүхий автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-53 тал/,
-автомашины эвдрэл, хохирлын үнэлгээ /хх-54 тал/,
-гэрэл зургийн үзүүлэлт /хх-55 тал/,
-эд мөрийн баримт хураан авч, хэрэгт хавсарган хадгалах тухай” прокурорын тогтоол /хх-63 тал/,
-О.Ууганцэцэгийг 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр сэжигтэнээр /хх-32-34 тал/, 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр яллагдагчаар /хх-35-36 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд,
-О.Ууганцэцэгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсыг шалгахад ял шийтгэл үгүй гэх лавлагаа /хх-40 тал/,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.Ууганцэцэг нь 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэр Бяцхан сүж гэх газарт Тоёото Кронв маркийн 6996 УНО улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1 жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг зөрчиж замын хажуу руу онхолдож дотор нь сууж явсан А.Золзаяагийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч А.Золзаяа, гэрч У.Жавхлантөгс нарын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн №12245 тоот шинжээчийн дүгнэлт, 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №00000098 дугаар дүгнэлт, шүүгдэгч О.Ууганцэцэгийн хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нар сайн дураараа эвлэрсэн тухайгаа бичгээр илэрхийлж шүүхэд өгсөн байна.
Шүүгдэгч О.Ууганцэцэгийн холбогдсон Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл, эсхүл үлэмж хэмжээний хохирол учирсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.
Хохирогч, шүүгдэгч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар эвлэрч байх тул хэргийг хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн гэх үндэслэлээр шүүгдэгч О.Ууганцэцэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хохирлын талаар
Хохирогч А.Золзаяа нь “хохирлын төлбөрөө бүрэн барагдуулж авсан” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх гэм хорын хохиролгүй байна.
Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Ууганцэцэг нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 323646 дугаартай жолоочийн үнэмлэхийг хууль ёсны эзэмшигч О.Ууганцэцэгт буцаан олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Оддоржийн Ууганцэцэгийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас 1 хүний бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар О.Ууганцэцэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Энэ хэрэгт бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, О.Ууганцэцэг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураан авсан 323646 дугаартай жолоочийн үнэмлэхийг хууль ёсны эзэмшигч О.Ууганцэцэгт буцаан олгосугай.
5.О.Ууганцэцэгт авсан оршин суугаа газраас гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж О.Ууганцэцэгт оршин суугаа газраас гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ