Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 02729

 

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2018/02729

Улаанбаатар хот

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, шүүгч З.Доржнамжин, Ж.Кульдана нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар  

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, дугаар байр, тоотод оршин суух, Х овогт С.Ц /РД: /-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, дүгээр хороо, горькийн гудамж, тоотод  оршин суух, Б овогт Ц.Г /РД: /-т холбогдох,

 

гэм хорын хохиролд 740,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Ц, хариуцагч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Ц миний бие 2018 оны 6 дугаар сарын 22-ны орой өөрийн эзэмшлийн 00-00 УНЧ улсын дугаартай “Тоёота харриер” маркын автомашинтайгаа Баянгол дүүргийн  дугаар хороо, гэмтлийн эмнэлэгийн урд баруунаас зүүн зүгт явж байхад “Тоёота раум” маркын 00-00 УНН улсын дугаартай машиныг жолоодож байсан Ц.Г  замын хөдөлгөөний дүрэм зөрчиж миний машиныг мөргөсөн. Тухайн үед замын цагдаагийн газраас ирж хэмжилт хийсэн бөгөөд Ц.Г уг осолд буруутай талаар дүгнэлт хийсэн. Ослоос шалтгаалж миний автомашины радиатор гэмтсэн байсан тул би автомашинаа ачилтын компаниар зөөлгөхөөс өөр аргагүй болсон. Ц.Г надад “...ахад нь ямар ч мөнгө алга, чи төлчих, дараа нь би өгнө” гэсэн тул өөрөөсөө мөнгө гаргаад машинаа ачуулсан. Ингээд автомашинаа ачуулах, компьютер оношилгоонд оруулах, радиаторт тос нэмж хийлгэх зэргээр 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 26-ны өдрүүдэд надаас нийтдээ 250,000 төгрөгийн зардал гарсан. Ингээд 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр “В” ХХК-иар үнэлгээ хийлгэхэд автомашинд учирсан хохирлын үнэлгээ нь 1,592,400 төгрөг болсон. Уг үнэлгээг хийлгэхэд би ахин 58,000 төгрөг төлсөн. Ингээд нийтдээ надад 1,900,400 төгрөгийн хохирол учирснаас хариуцагч Ц.Г 1,160,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл болох 740,400 төгрөгийг түүнээс нэхэмжилж шүүхэд хандаж байна. Бодит байдал дээр надад 1,900,400 төгрөгөөс илүү хэмжээний хохирол учирсан. Гэвч би бичгийн нотлох баримтын хэмжээнд л өөрт учирсан хохирлоо нэхэмжилж байхад хариуцагч “...би бүх хохирлоо барагдуулсан” гэж шүүх дээр хэлээд зогсож байгаад гомдолтой байна.  Би харин ч 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр шинжээчийн тогтоосон үнэлгээнээс илүү буюу нийт 450,000 төгрөгөөр автомашиндаа усны радиатор авсан, үүнийхээ зөрүү мөнгө зэргийг нэхэмжлээгүй байгааг анхаарч үзэхийг шүүхээс хүсч байна. Иймд хариуцагч Ц.Г аас гэм хорын хохиролд 740,400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.    

 

Хариуцагч Ц.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 6 дугаар сарын 22-ны орой өөрийн өмчлөлийн “Тоёота раум” маркын 00-00 УНН улсын дугаартай машиныг жолоодон явж байхдаа зам тээврийн осол гаргасан болон ослын улмаас С.Ц гийн автомашинд эвдрэл, гэмтэл учруулсан тал дээр маргахгүй. Гэхдээ би нэхэмжлэгч С.Ц гаас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би С.Ц д нийтдээ 1,160,000 төгрөгийг төлсөн. Энэ мөнгө нь нэхэмжлэгчийн автомашинд учирсан хохирол буюу эвдрэл, гэмтлийг засуулахад хангалттай хүрэлцэнэ гэж үзэж байна. Учир нь С.Ц  надад осол болсны дараа “...автомашин засуулахад 700,000 орчим төгрөг болно” гэж хэлж байсан. Би түүнд учруулсан хохирлоо бүрэн төлсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ. 

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

 

Ц.Г нь 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүрэг, дугаар хороо, Гэмтлийн эмнэлгийн урд замд 00-00 УНН улсын дугаартай, Т.Раум маркийн автомашиныг жолоодон явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7, 7.7 дахь заалтуудыг зөрчсөний улмаас нэхэмжлэгч С.Ц гийн  00-00 УНЧ улсын дугаартай, “Тоёота харриер” /Toyota harrier/ маркын автомашиныг мөргөн зам тээврийн осол гаргасан байна /хх10-16 хуудас/.

 

Хариуцагч Ц.Г нь өөрийн өмчлөлийн 00-00 УНН улсын дугаартай, Т.Раум маркийн автомашиныг жолоодон явахдаа дээрх зам тээврийн ослыг гаргасан буюу түүний буруутай үйлдлийн улмаас шалтгаалан уг осол гарсан тал дээр маргаагүй.  

 

Нэхэмжлэгч С.Ц нь хариуцагч Ц.Г-т холбогдуулж 740,400 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан. Тэрээр өөрийн шаардлагын үндэслэлээ “...осол болсноос шалтгаалж миний автомашинд нийт 1,900,400 төгрөгийн хохирол учирсан ба үүнээс хариуцагч 1,116,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл мөнгөө би нэхэмжилж байна” гэж тайлбарлаж байна. 

 

Тодруулбал, осол болсны дараа автомашиныг ачуулах, компьютер оношилгоо хийлгэх, тос хийлгэхэд зарцуулсан нийт 250,000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн “Вендо” ХХК-ийн “Авто машины үнэлгээний тайлан”-гийн дагуу 00-00 УНЧ улсын дугаартай “Тоёота харриер” /Toyota harrier/ маркын автомашинд учирсан хохирлын үнэлгээ болох 1,592,400 төгрөг, уг үнэлгээг хийлгэхэд төлсөн 58,000 төгрөг, нийтдээ 1,900,400 төгрөгийг хариуцагч Ц.Г аас нэхэмжилж байсан боловч тэрээр 1,160,000 төгрөгийг л төлсөн гэх тайлбарыг нэхэмжлэгч шүүхэд гаргасан.

 

Хэдийгээр хариуцагчийн зүгээс өөрийн гэм буруугийн талаар маргаагүй хэдий ч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Тэрээр өөрийн татгалзлаа “...би нийтдээ 1,160,000 төгрөгийг буцаан төлсөн. Энэ мөнгө нь нэхэмжлэгчийн автомашинд учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулахад хангалттай” гэж тайлбарлав.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 497.2.-т зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолсон л тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө. Дээр дурдсанчлан хариуцагч зам тээврийн осол түүний буруутай үйлдлийн улмаас болсон эсэх тал дээр маргаагүй учир нэхэмжлэгч өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлыг буруутай этгээдээс буюу хариуцагчаас шаардах эрхтэй. 

 

Харин гэм хорыг арилгахад хариуцагчийн гэм буруугаас гадна түүний гэм буруутай үйлдлээс учирсан гэм хорын хэмжээ нотлогдсон байх ёстой. Нэхэмжлэгч “...ослын улмаас надад нийт 1,900,400 төгрөгийн хохирол учирсан” гэх өөрийн тайлбараа нотлох үүднээс хэрэгт осол болсны дараа автомашиныг ачуулах, компьютер оношилгоонд оруулах, тос хийлгэхэд зарцуулсан нийт 250,000 төгрөгийн “Ино марк мастер” ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримтууд, 00-00 УНЧ улсын дугаартай “Тоёота харриер” /Toyota harrier/ маркын автомашинд 1,592,400 төгрөгийн хэмжээний хохирол учирсан талаарх 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн “Вендо” ХХК-ийн “Авто машины үнэлгээний тайлан”, уг үнэлгээг хийлгэхэд төлсөн 58,000 төгрөгийн бичгийн баримтуудыг хэрэгт хавсарган өгсөн /хх5-9, 18-23 хуудас/.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч өөрийн шаардаж буй зүйл болон татгалзлаа нотлох үүрэгтэйгээр оролцох ба хариуцагч Ц.Г-ийн “...би хохирлыг бүрэн барагдуулсан” гэх тайлбарыг нотлох болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн дээрх бичгийн баримтуудыг үгүйсгэх баримтууд хэрэгт авагдаагүй байна.

 

Иймд хариуцагч Ц.Г-аас 740,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Ц-д олгох нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Ц.Г-аас 740,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Ц-д олгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 22,120 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Г-аас 22,120 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Ц-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.  

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.ХАНГАЛ

 

                             ШҮҮГЧ                                          З.ДОРЖНАМЖИН

                                                                       

                                                                                  Ж.КУЛЬДАНА