| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2018/03128/и |
| Дугаар | 02726 |
| Огноо | 2018-09-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 02726
| 2018 оны 09 сарын 06 өдөр | Дугаар 102/ШШ2018/02726 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, дугаар хороо, Рокмон бюлдинг тоотод оршин байх, “С.ш.и ББСБ” ХХК /РД: /-ийн
Хариуцагч: Баянгол дүүрэг, дүгээр хороо, нарны зам гупамж тоотод оршин суух, С овогт Ш.Э /РД: /-т холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 1,695,103 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Э нь 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр манай байгууллагатай ЗГ0000000000 дүгээр цалин барьцаалсан гэрээ байгуулж 2,500,000 төгрөгийн цалингийн зээлийг 12 сарын хугацаатай эхний 6 сард бодогдох сарын хүү 3.7 хувийн хүүтэй, дараагийн 5 сард бодогдох сарын хүү 4.7 хувийн хүүтэй, сүүлийн нэг сард бодогдох хүү 8.5 хүүтэй байх нөхцөлтэйгөөр зээлсэн. Зээлдэгч нь 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл үндсэн зээлийн төлбөрөөс 2,101,793 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрөөс 1,363,665 төгрөгийг төлж байсан ба үүнээс хойш гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин өнөөдрийг хүртэл ямар ч өр төлбөр төлөөгүй болно. Байгууллагын зүгээс өр төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх тухай мэдэгдэж удаа дараа шаардлага тавихад үл биелүүлж ирсэн. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар Ш.Э нь үндсэн зээлийн үлдэгдэл 398,207 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 1,080,567 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 216,329 төгрөг, нийт 1,695,103 төгрөг төлөөгүй болно. Дээрх дүнг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д аас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ж.Д миний гэр бүлийн хүн болох С.Э нь “С.ш.и” ББСБ-аас 2014 оны 3 дугаар сарын 27-нд машин барьцаалж зээл авах гэж очиход “хөдөөний хаягтай хүмүүст үйлчлэхгүй хотын хаягтай хүн олоод ир” гэж хэлснээр төрсөн дүү Ш.Э ийг гуйж иргэний үнэмлэхийг нь аваачиж өгөхөд цалин барьцаалсан зээл энэ хүнд олгож болох юм байна гэсний дагуу Ш.Э ийн нэр дээр цалин барьцаалсан ЗГ0000000000 тоот гэрээгээр 2,500,000 төгрөгийн зээл авсан. Зээлийг графикийн дагуу төлж байгаад 2014 оны 8 дугаар сараас манай гэр бүлийн хүн ажилгүй болж зээлийн төлөлтийг хугацаандаа хийж чадахгүй нөхцөл байдал үүсч зээл төлөлт удааширсан нь үнэн. Гэвч бидний зүгээс зээлийн төлбөрийг дуусгахаар 2015 оны 6 дугаар сарын 07-нд тус ББСБ-ын мэргэжилтэн Э , А нартай холбогдож зээлийн үлдэгдэл төлбөрт хэдэн төгрөг тушааж дуусгавар болгох вэ гэж утсаар асуухад үндсэн зээл 1,698,304 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 675,416 төгрөгийг тушаачих гэсэн. Үүний дагуу 2015 оны 6 дугаар сарын 08-нд ХААН банкны “Гурвалжин гүүр” бизнес тооцооны төвийн салбараас дээрх тооцоог хийж зээлийн үлдэгдлийг хааж дуусгасан. Гэтэл энэ оны 5 сард дүү Ш.Э над руу утасдаж “С.ш.и” ББСБ-аас намайг эрэн сурвалжилсан шүүхийн шийдвэр гаргуулсан байна. Та нар зээлийн төлбөр дуусгаагүй юмуу гэж ярьсан. Тийм учир байхгүй гээд би өөрийн биеэр 6 сарын эхээр “С.ш.и” ББСБ дээр ирж мэргэжилтэн н.Г-тэй уулзаж учир байдлаа хэлж тайлбарлахад манай мэргэжилтэнгүүдийн тооцооллын алдаатай үйлдэл байсан бололтой, та тохиролцоод төлж болно гэхэд нь бидний зүгээс боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Учир нь 2015 оны 6 дугаар сарын 08-наас хойш 3 жил болох хугацаанд бидэнд зээлийн үлдэгдэл тооцоо байгаа талаар нэг ч удаа утасдаж сануулж, дуудаж энэ тухай мэдэгдээгүй байж нэхэмжлэлдээ удаа дараа шаардлага тавьсан гэж бичсэнийг үнэхээр ойлгохгүй байна. Энэ байгууллагатай анх зээлийн харилцаа үүсгэхдээ тэмдэглүүлсэн утасны дугаар өөрчлөгдөөгүй бид ашиглаж байгаа. Уг нь тус банк бус санхүүгийн байгууллага өр авлагын асуудлаа цаг тухай бүрт ядаж жилийн эцэстээ дүгнэдэг байх ёстой. Гэтэл төлбөр тооцоо дууссанаас хойш 3 жилийн дараа гэнэт 1,695,103 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байх тул төлөх боломжгүйг илэрхийлж байна гэжээ.
Хэрэгт цугларсан баримтууд, зохигчийн тайлбарыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
Нэг талаас “С.ш.и ББСБ” ХХК, нөгөө талаас Ш.Э нар 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ЗГ0000000000 тоот “цалин барьцаалсан зээлийн гэрээ” байгуулжээ. Уг гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагаас 2,500,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, эхний 6 сард бодогдох сарын хүү 3.7 хувь, дараагийн 5 сард бодогдох сарын хүү 4.7 хувь, сүүлийн 1 сард бодогдох хүү 8.5 хувь байх нөхцөлтэйгөөр зээлж авснаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заагдсан гэрээний үүргийн харилцаа үүсчээ.
“С.ш.и ББСБ” ХХК нь хариуцагч Ш.Э т холбогдуулж 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ0000000000 тоот “цалин барьцаалсан зээлийн гэрээ”-ний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 398,207 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 1,080,567 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлд 216,329 төгрөг буюу нийт 1,695,103 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсаныг хариуцагчийн зүгээс бүхэлд нь эс зөвшөөрсөн ба өөрийн татгалзлыг “...гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, одоо төлөх үлдэгдэл төлбөр байхгүй” гэж тайлбарлаж байна.
Хариуцагч дээрх зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 2,101,793 төгрөг, үндсэн хүүд 1,363,665 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 71,000 төгрөг, нийтдээ 3,536,458 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн, энэ талаар зохигчид маргаагүй.
Шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Учир нь Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, хугацаа хэтрүүлсний хариуцлага нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Дээр дурдсанчлан зохигчид зээлийн гэрээгээр эхний 6 сард бодогдох сарын хүү 3.7 хувь, дараагийн 5 сард бодогдох сарын хүү 4.7 хувь, сүүлийн 1 сард бодогдох хүү 8.5 хувь байх нөхцөлтэйгөөр харилцан тохирсон нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт нийцээгүй байна.
Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд зээлийн үйл ажиллагаа эрхлэхдээ зээлийн хүүг нийтэд зарлах бөгөөд уг нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн зээлдэгч гэрээ байгуулж зээл авна. Гэтэл зээлийн гэрээнд хүүгийн хэмжээг гурван өөр янзаар тооцохоор тохиролцсон нь зээлдэгчид хүүг бага мэтээр ойлгуулах, эргэлзээ төрүүлэх нөхцөл байдлыг үүсгэсэн байна. Иймд үндсэн зээл 2,500,000 төгрөгөөс сарын 3.7 хувиар хүүг тооцох нь хуульд нийцнэ.
Ийнхүү тооцоход хариуцагчийн зүгээс 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ0000000000 тоот “цалин барьцаалсан зээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргээ биелүүлж дууссан буюу Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн гэж үзэхээр байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасан үндэслэлгүй тул хариуцагч Ш.Э ээс зээлийн гэрээний үүрэгт 1,695,103 төгрөг тухай “С.ш.и ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,071 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ