Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/82

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Б.Түвшинтөр,

Нарийн бичгийн дарга: Д.Дуламсүрэн, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Түвшинтөрийн шүүгдэгч ******* холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай, 146/2022/*****/Э индекстэй хэргийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                                               Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ний өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 34 настай, ****, яс үндэс халх, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, ************ мэргэжилтэн ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт, Өвөрхангай аймгийн Хархорин сумын ******** баг, ********** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* /РД: *************/

 

                                                  Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Боломж худалдааны төвийн үүдэн хэсгээс олсон “Real me” загварын гар утсыг гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл эзэмшил гэж мэдсээр байж завшиж хохирогч ******* 1,519,905 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ********* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Би гар утсыг олоод дэлгэцийн кодыг гаргуулсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэв.

Хохирогч ******* ...Би 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр real me  маркийн гар утсаа яг хаана гэдгийг мэдэхгүй хаясан байсан. Цагдаагийн байгууллагад хандсан. ...Би гар утсаа бүрэн бүтэн хүлээж авлаа... гэх мэдүүлэг /хх-ийн 4-5, 24-25 дугаар хуудас/, Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гаргасан *********** дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, Хархорин сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч ******* 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн эд зүйлс хураан авсан тэмдэглэл /хх-ийн 45 дугаар хуудас/, Хархорин сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч ******* 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 26 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 51-52 дугаар хуудас/ зэрэг болно.

                                                      Гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Боломж худалдааны төвийн үүдэн хэсгээс олсон “Real me” загварын гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэж мэдсээр байж завшсаны улмаас хохирогч ******* 1,519,905 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан

Хохирогч ******* ...2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ...Боломж худалдааны төвөөс гарч ирэхэд миний утас байсан. 17 цагийн үед *** сум **** баг хүнс барааны захын хойд талд машинаа тавиад алхаж зах руу орсон. Захын павильон дотор хүнсний бараа худалдаж аваад бэлэн мөнгө нь хүрэхгүй байсан тул мөнгө шилжүүлэх гээд утсаа санатал байхгүй байсан. Би 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өөрийн эзэмшлийн “Реаl me” загварын гар утсаа яг хаана гэдгийг нь мэдэхгүй хаячихсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Миний утасны загвар, өнгө, гэр, дэлгэцийн наалт болон арын таган дээр наалттай байгаа зүйлээр нь таньж байна. Мөн сериал дугаарыг нь тулгаж үзэхэд таарч байна. Миний утсанд ямар нэгэн гэмтэл болон ажиллагаанд нь өөрчлөлт орсон зүйл байхгүй байна. Яг хаяхад ямар байсан тиймээрээ л байна. Би тухайн үед утсаа яг яаснаа санахгүй байсан. Би гар утсаа бүрэн бүтэн олж авсан. Надад одоо ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Би шүүх хуралдаанд суухгүй хурдан шийдүүлмээр байна... гэх мэдүүлэг /хх-ийн 4-5, 24-25 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гаргасан “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 01 дүгээр сарын 31-ний зах зээлийн үнэлгээгээр нийт 1,519,905 төгрөгөөр үнэлэгдэв... гэх ************ дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

Хархорин сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч ******* 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “... ****** дугаартай хэрэгт ач холбогдолтой дараах эд мөрийн баримтыг хураан авах ажиллагааг цагдаагийн хэлтсийн 212 тоот өрөөнд 19 цаг 50 минутад эхлүүлэв. 1. Ягаан өнгийн “Real mе” маркийн гар утсыг хураан авав. 2. Ажиллагааны явцыг Самсунг-А72 загварын гар утсаар 2 кадр зураг авав. Хураалгасан ******** гээд гарын үсэг зурсан, хөндлөнгийн гэрчээр ********* нарыг оролцуулсан...” гэх эд зүйлс хураан авсан тэмдэглэл /хх-ийн 45 дугаар хуудас/,

Хархорин сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч ******* 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “... **** дугаартай хэрэгт **** гаргаж өгсөн “Real me” загварын нэг ширхэг ягаан өнгийн гар утсыг 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 17 цаг 08 минутад хүлээлгэн өгөв. Хүлээн авсан ***** гээд гарын үсэг зурсан...” эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 26 дугаар хуудас/,

       эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 51-52 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд зааснаар цуглуулж, бэхжүүлсэн байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч *******г гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд ...би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би гэм буруутай... гэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол буюу 1,519,905 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т зааснаар бага хэмжээний хохирол нь 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300,000 төгрөг түүнээс доош хэмжээг хэлнэ.

Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүсэлтийг хангаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоол гаргаж, шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасантай нийцэж байна.

Шүүгдэгчийн бусдын гээгдэл эд хөрөнгийг мэдсээр байж авч завшсан идэвхитэй, шууд санаатай үйлдэл хохирогчид учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байна.

 Иймд шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч *******г гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.    

Хохирогч ******* гар утсыг нь буцаан олгож, хохирогч шүүх хуралд суухгүй, гомдолгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

                                                 Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан ялаас чөлөөлөх санал, дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргаж байна.

Шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх учруулсан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлсөн, хор уршиг арилсан зэргийг харгалзан прокурорын ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар оногдуулсан ялаас шүүгдэгчийг чөлөөлөх дүгнэлтийг прокурор, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан байх ба Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд заавал хэрэглэх зохицуулалт биш юм.

Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийг санаатай үйлдсэн зэргийг харгалзан мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг шүүгдэгчид хэрэглэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

                                                          Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх нь зүйтэй.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                               ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******г гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг хуулиар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.ДУЛМАА