Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/88

 

 

         Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн  шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

          Улсын яллагч: П.Нарантуяа

          Хохирогч: Т.Дарханбат, Б.Баярсайхан

          Шүүгдэгч: Т.Дарханбат, Б.Баярсайхан

          Нарийн бичгийн дарга А.Батцог нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овгийн Тарвын Дарханбат, Орхит овгийн Баатарын Баярсайхан нарт холбогдох эрүүгийн 2227000000110 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, малчин,  ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сум 4 дүгээр баг 3 дугаар тасаг гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Боржигон овгийн Тарвын Дарханбат /РД:АЖ88012018/.

          Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Завхан аймгийн  Идэр суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй,  ам бүл 3, эцэг, эхийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум Их залуу баг баруун задгай 3-8 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Орхит овгийн Баатарын Баярсайхан /РД:ИЖ85121410/.

Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч Т.Дарханбат, Б.Баярсайхан нар нь 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын 4 дүгээр багийн нутаг 3 дугаар тасаг гэх газарт тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар харилцан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүгдэгч Т.Дарханбат шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “....Би тухайн өдөр гэртээ цайгаа чанаад сууж байсан. Б.Баярсайхан гэдэг хүн өмнө нь манай эхнэртэй сууж байсан хүн байгаа. Б.Баярсайхан өглөө манайд Гомбосүрэн гэж хүнтэй хамт ирсэн. Тухайн өдөр бид хоёрын дунд яагаад маргаан үүссэн бэ гэвэл Б.Баярсайхан өмнө нь манайд хүүхэдтэйгээ уулзах гэж ирж байсан. Тэрийг мэдсэн манай голын хүмүүс намайг арчаагүй мэтээр яриад байдаг. Тэрэнд миний уур их хүрдэг байсан. Тэр өдөр гэнэт уур хүрээд би Б.Баярсайхантай маргалдаж зодолдсон....” гэв.

Шүүгдэгч Б.Баярсайхан шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “....Би тухайн өдөр Гомбосүрэн гэх найзтайгаа хамт Т.Дарханбатынд хүүхэдтэйгээ уулзахаар очсон. Би Хархорин суманд баярын амралтаар ирсэн байсан. Тухайн өдрийн маргааш нь ажил руугаа явах гэж байсан. Т.Дарханбатын гэрт очтол гэнэт маргаан үүсээд бид хоёр гэрийнх нь гадаа зодоон хийсэн. Миний уур сэтэрсэн байсан....” гэв.

          Хохирогч Т.Дарханбатын мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 15-ны 19 цагийн үед гэртээ цай чанаад сууж байсан. Гадаа цэнхэр өнгийн машин ирээд зогссон тэгээд тэр машинаас манай эхнэрийн эгчийнх нь хүүхэд бууж байгаа харагдсан. Би цайгаа уудлаад сууж байхад эхлээд Гомбо гэх хүн орж ирсэн, тэгээд эхнэрийн эгчийнх нь хүүхэд орж ирсэн. Араас нь Баярсайхан орж ирсэн Би тэгэхээр нь чи өөр газар уулзаж болддоггүй юм уу заавал хүний нэр хүнд унагааж энд ирж уулзах шаардлага байсан юм уу. Урьд нь чи хоёр, гурван удаа ирж нутгийнханд нэр хүнд унагааж байсан биз дээ гэж хэлсэн. Баярсайхан өөдөөс чи утсаа авахгүй яасан юм бэ би охинтойгоо уулзах гэж ирсэн гэж хэлээд бас бус өөр зөндөө юм яриад байхаар нь би уурлаад жарын саван дээр байсан заазуурыг шүүрч аваад алгадсан. Гэтэл бид хоёрын дундуур Гомбоо ороод салгасан. Баярсайхан гэр тойрч гүйж байгаад гараад явсан. Би араас нь гараад заазуураа хаячхаад бид хоёр хоорондоо барилцаж аваад зодоон хийсэн. Тэгээд удалгүй тэр ирсэн хүмүүс машиндаа суугаад яваад өгсөн. Зодоон болох үед манай эхнэр болон Баярсайхантай ирсэн хоёр хүн тэгээд хоёр жоохон хүүхэд байсан. Миний зүүн гарын эрхий хуруу гэмтсэн мөн чээж хэсгээр урсан шарх үүссэн. Би тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглээгүй. байсан. Миний нэр хүндийг гутаасан тул би гомдолтой байна. Миний биед гэмтэл шарх үүссэн...”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,

          Хохирогч Б.Баярсайханы мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 07 сарын 15-ны орой 18 цагийн үед Хархорин сум руу ороод буцаад сумын хойд талын гүүрээр гараад явсан. Явсаар байгаад тэр айлдаа очсон. Айлдаа очтол айлын хүн нь цай хийж өгсөн. Цайгаа уугаад байж байсан заазуур бариад намайг ална гэж хэлсэн тэгэхээр нь манай жолооч гэр дотор барьж салгасан тэгээд би гадаа гараад заазуураа хаячих гэсэн чинь заазуураа шидсэн. Тэгээд намайг заамдаж барьж аваад гараа ам руу оруулаад татчих шиг болсон. Тэгэхээр нь би босож ирээд яаж байгаа юм бэ гэж хэлээд бариад авчсан чинь манай найз Гомбоо боль гээд салгасан тэгээд би машиндаа суугаад байж байсан. Гэр рүүгээ гүйж ороод хутга барьж гарч ирээд манай найзын машины буруу талын хаалганаас тэр залуу хальт барьж аваад алдсан тэгээд Хархорин рүү орж ирсэн. Тэр айлын эмэгтэй нь миний хуучин эхнэр байгаа юм би охинтойгоо уулзах гэж очсон. Намайг доромжлоод өөр газар уулзаж болохгүй байсан юм уу гэж надад хэлсэн тэгээд би өөдөөс нь Цэрэндолгор утсаа авахгүй байхаар нь би яваад ирсэн гэж хэлсэн. Манай жолооч Гомбоо, Төгөлдөр хүүхэд эхнэр нь байсан. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй. Миний гоо сайханд халдсан тул би гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

         Гэрч Э.Гомбосүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2022 оны 07 сарын 15-ны өдөр 16 цагийн үед Баярсайхан намайг хойшоо хөдөө охин дээрээ оччихоод ирье. Би чиний машинд бензин хийгээд өгье гэж хэлэхээр нь зөвшөөрч явсан. Охин дээр нь хүргэж өгөөд дагаад тэр айл руу орсон. Охин нь миний өвөр дээр сууж байсан гэрт байсан хүмүүс бүгдээрээ цай уугаад байж байсан чинь гэнэт заазуур бариад дайраад гар зайл гэж хэлэхээр нь би Баярсайханыг аваад гарсан. Гараад ирэх үед араас хутга бариад гараад ирсэн тэгээд тэр хоёр хоорондоо зодоон хийгээд эхэлсэн тэгээд тэр айлын залуу Баярсайханы нүүр рүү нь гараараа цохисон тэгээд гутлаараа өшиглөөд дээр нь гараад хоёр гурав цохиод авсан. Тэгэхээр нь би хойноос нь татаад салгаж авсан. Тэгээд алчих гээд байхаар нь Баярсайханыг аваад сумын төв рүү явсан. Сумын төвд айлд ирээд харсан чинь цус гараад байсан. Тэгсэн уруул нь сэтэрсэн байхаар нь эмнэлэг дуудаад эмнэлэг рүү явсан. Зодоон болох үед хоёр жоохон охин байсан тэгээд Баярсайхан тэр айлын хүн мөн эхнэр нь байсан өөр хүн байгаагүй. Баярсайхан архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан цаад зодоон хийсэн хүн нь ч эрүүл байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/.

          Гэрч Ц.Цэрэндолгорын мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 20 цагийн үед намайг гэртээ байхад Баярсайхан хүүхэдтэйгээ уулзана гэж ирсэн тэгээд цай ууж байхад нь би яах гэж ирсэн юм гэж хэлсэн чинь өөдөөс би хүүхэдтэйгээ уулзах гэж ирсэн гэж хэлсэн. Би утсаар ярьж байгаад төвд уулзахгүй яасан юм бэ? гэж хэлэхэд өөдөөс шууд би хүүхэд дээрээ ирэх ёстой биз дээ гэж уурлаад миний өөдөөс хэрүүл өдөөд байсан. Манай нөхөр Дарханбат чи манайд хэд хэдэн удаа ирж байна яах гээд гэр бүл үймүүлээд байгаа юм гэж хэлсэн чинь би үр хүүхэд дээрээ ирж болдоггүй юм уу гэж уурлаад байсан. Тэгсэн чинь манай нөхөр Дарханбат чи утсаар яриад төв дээр ирж уулзаж болдоггүй юм уу гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр зодолдоод эхэлсэн удалгүй тэр хоёр бие биеийгээ цохиж аваад байсан. Би Баярсайханыг танина, миний хуучин нөхөр байгаа юм бид хоёр салаад 4,5 жил болж байна. Баярсайхан манайд ирэхдээ хоёр хүнтэй явж байсан. Тэр зодоон гэрийн гадаа болсон, намайг харахад манай гэрийн хаалга онгорхой байсан тэгээд тэр хоёрыг харсан чинь бие биеийгээ цохиж аваад байгаа харагдсан. Тэр хоёр архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,

         Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №459 дугаар дүгнэлтэд “...1.Т.Дарханбатын зүүн гарын 1-р хурууны 3-р үений зөөлөн эдийн гэмтэл, үений хөдөлгөөн хязгаарлагдсан гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт” /хх 31-32-р хуудас/,

         Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №460 дугаар дүгнэлтэд “...1.Б.Баярсайханы дээд уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалт, гоо сайханд нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамраана...” гэсэн дүгнэлт /хх-ийн 35-36-р хуудас/,

          Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 5-7, 9-11-р хуудас/,

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65, 76-р хуудас/,

       Шүүгдэгч, хохирогч Т.Дарханбат, Б.Баярсайхан нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хохирол төлсөн баримт /хх-ийн 82-85-р хуудас/ зэрэг болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Дарханбат, Б.Баярсайхан нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч Т.Дарханбат, Б.Баярсайхан нар нь 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын 4 дүгээр багийн нутаг 3 дугаар тасаг гэх газарт тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар харилцан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Т.Дарханбат /хх-ийн 16-р хуу/, хохирогч Б.Баярсайхан /хх-ийн 20-р хуу/, гэрч Э.Гомбосүрэн /хх-ийн 22-р хуу/, гэрч Ц.Цэрэндолгор /хх-ийн 24-25-р хуу/ нарын мэдүүлэг, шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гаргасан №459, 460 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 31-32, 35-36-р хуу/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 5-7, 9-11-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65, 76-р хуудас/, шүүгдэгч, хохирогч Т.Дарханбат, Б.Баярсайхан нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хохирол төлсөн баримт /хх-ийн 82-85-р хуудас/  зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн үйл баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг  яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримтууд гэж үнэллээ.

          Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.

          Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч Т.Дарханбат, Б.Баярсайхан нарын үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан үйл баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ. 

          Иймд шүүгдэгч Т.Дарханбат, Б.Баярсайхан нарт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, шүүхээс шүүгдэгч Т.Дарханбат, Б.Баярсайхан нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          Шүүгдэгч Т.Дарханбат, Б.Баярсайхан нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн ял шийтгэлийг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.

         Шүүгдэгч Т.Дарханбат, Б.Баярсайхан нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид торгуулийн ял оногдуулах нь зүйтэй байна. 

          Шүүгдэгч Т.Дарханбат, Б.Баярсайхан нарт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Шүүгдэгч Т.Дарханбат, Б.Баярсайхан нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдаж,

          шүүгдэгч Т.Дарханбат, Б.Баярсайхан нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хохирол төлбөргүй, шүүгдэгч нарын баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдаж,

            шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Дарханбат, Б.Баярсайхан нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

          шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

          давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Дарханбат, Б.Баярсайхан нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Боржигон овгийн Тарвын Дарханбат, шүүгдэгч Орхит овгийн Баатарын Баярсайхан нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Шүүгдэгч Боржигон овгийн Тарвын Дарханбат, шүүгдэгч Орхит овгийн Баатарын Баярсайхан нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дарханбат, Б.Баярсайхан нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.

          4. Шүүгдэгч Т.Дарханбат, Б.Баярсайхан нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Дарханбат, Б.Баярсайхан нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Дарханбат, Б.Баярсайхан нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ЭНХ-АМГАЛАН