Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/86

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Б.Түвшинтөр,

Нарийн бичгийн дарга: А.Батцог, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: Л.Бямбацэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Түвшинтөрийн шүүгдэгч Өлзийт овогт Лхагвасүрэнгийн Бямбацэрэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай, 146/2022/****/Э индекстэй хэргийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                                     Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий төрсөн, *** настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, ах, дүүгийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын **** баг, ********** гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Өлзийт овогт Лхагвасүрэнгийн Бямбацэрэн /РД: ******/

                                       Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Бямбацэрэн нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын *****багийн нутагт ******** гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос 2022 оны 02 дугаар сарын 25-наас 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хооронд 2 метр 40 см урттай 63 ширхэг, 1 метр 50 см урттай 2 ширхэг нийт 65 ширхэг хуш төрлийн модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж ойн санд 625,797 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Бямбацэрэнгийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: Би гэм буруутай, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

иргэний нэхэмжлэгч Ш.Баасансүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 85-86 дугаар хуудас/, гэрч Д.Түвшинжаргалын мэдүүлэг /хх-ийн 96-97 дугаар хуудас/, гэрч О.Дэмбэрэлийн мэдүүлэг /хх-ийн 108-109 дүгээр хуудас/, гэрч А.Мягмардаваагийн мэдүүлэг /хх-ийн 112-113 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 119-120 дугаар хуудас/, А.Мягмардагвын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 71-72 дугаар хуудас/, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 06 дугаар сарын 15-ны **** дугаартай албан бичиг /хх-ийн 79 дүгээр хуудас/, Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн **** дугаартай модны зах зээлийн үнэлгээ /хх-ийн 146-147 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1-3 дугаар хуудас/ зэрэг болно.

                                           Гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан болно.

Шүүгдэгч Л.Бямбацэрэн нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ****р багийн нутагт ***** гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос 2022 оны 02 дугаар сарын 25-наас 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хооронд 2 метр 40 см урттай 63 ширхэг, 1 метр 50 см урттай 2 ширхэг нийт 65 ширхэг хуш төрлийн модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж ойн санд 625,797 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан

иргэний нэхэмжлэгч ***** ... **** надаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. ...Тухайн хүний хийсэн үйлдэл гэмт хэрэг болох нь тогтоогдвол тухайн хүн байгаль орчинд учруулсан хохирлоо бүрэн барагдуулах ёстой. Тус хүн нь байгаль орчны улсын байцаагчийн гаргасан актад тусгагдсан мөнгөн торгуулийг төлчихвөл өөр ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 85-86 дугаар хуудас/,

гэрч **** ...Манай аж ахуйн нэгж “Хурмаст хурх” ХХК нь 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн 3 дугаар баг Могойтын Бултгар гэх газарт ойн цэвэрлэгээнд гарсан. Нийт 3 бригад 60 хүн гарсан хүн ажиллаж байсан. 2022 оны 03 дугаар сарын 02-ны хавьд ирсэн байх он сар сайн санахгүй байна. Манай компани ойн цэвэрлэгээнд гараад 7 хонож байхад **** ирсэн түүнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Сум дундын ойн ангиас тусгаарлаж өгсөн талбайн гаднаас мод бэлтгэж болохгүй талаар өдөр тутам заавар зөвлөгөө өгч байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 96-97 дугаар хуудас/,

гэрч **** ...Би тухайн үед найз *** түүний ах болон **** нарын хамт 2 дугаар бригадад ажиллаж байсан. Би Бат-Өлзий сумын **** багт байх гэр рүүгээ явж гэрээ хаваржаанд буулгах гээд явсан байсан. Энэ талаар сүүлд мэдсэн. Нөхөрлөл буухаас 3 хоногийн өмнө байхаа 2022 оны 03 дугаар сарын 16-ны үед Л.Бямбацэрэнгээс энэ хэний “Нарс” вэ гэж асуухад миний “Нарс” талбайгаас бэлтгэсэн гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 108-109 дүгээр хуудас/,

гэрч А.Мягмардаваагийн ...Тус аж ахуйн нэгж нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний хавьд ойн цэвэрлэгээнд гарсан. Нийт 8 га талбай тусгаарлуулж авсан. Тус газрыг хариуцсан байгаль хамгаалагч буюу тус хамгаалалтын байгаль хамгаалагч ойн цэвэрлэгээнд хяналт тавьсан. Тухайн үед ойн ангийн дарга Д.Очирхуяг, Ш.Бумандолгор миний бие уг модыг тэмдэглэсэн. Тухайн модыг зөрчилтэй мод гэж мэдээгүй. Тэмдэглүүлж байсан модтойгоо эгнүүлж тавьсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 112-113 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “...иргэн **** зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 65 ширхэг хуш төрлийн модыг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргын тамгын газрын нярав *** хариуцуулан битүүмжилсэн...” гэх *** дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 119-120 дугаар хуудас/,

А.Мягмардагвын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “...Дээрх зөрчлийн улмаас бэлтгэсэн мод нь “Хуш” төрлийн хуурай 65 ширхэг, мод байна. ..Дээрх зөрчлийн улмаас бэлтгэсэн мод нь хэрэглээний зориулалтын шаардлагыг хангаж байгаа тул хэрэглээний бөөрөнхий мод гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. ..Дээрх зөрчлийн улмаас ойд учруулсан нийт хохирлын үнэлгээ нийт 625,797 төгрөг...” гэх 26 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 71-72 дугаар хуудас/,

Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 06 дугаар сарын 15-ны “...Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын *** багийн нутаг *** гэх газрын М46°46I23,0", Е102012I37.6II солбилцол нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдаж байна...” гэх *** дугаартай албан бичиг /хх-ийн 79 дүгээр хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “...тус үнэлэгдэж байгаа хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 03 сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 1,288,375 төгрөгөөр үнэлэв...” гэх **** дугаартай модны зах зээлийн үнэлгээ /хх-ийн 146-147 дугаар хуудас/,

эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1-3 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч *** нь улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдож байх тул гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *** улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан нь үндэслэлтэй.

Шүүгдэгч **** шүүх хуралдаанд ...Ойгоос зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.  Би хохирлоо төлсөн... гэв.

Шүүгдэгчийн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн мод нь түлшний мод биш, хэрэглээний зориулалтын мод болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн ой болох Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын *** багийн нутаг **** гэх газар нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдаж байх тул тус сум дундын прокурорын газраас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн нь хуульд нийцэж байна.

Иймд шүүгдэгч **** улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй. 

            Ойн санд учруулсан хохирол болох 65 ширхэг хуш модны экологи эдийн засгийн үнэлгээ 625,797 төгрөг /хх-ийн 71-72 дугаар хуудас/ байх ба улсын байцаагчийн актаар ойн санд учруулсан хохирлын ойн экологи эдийн засгийн үнэлгээгээр нөхөн төлбөрт 1,877,391 төгрөгийн ногдуулсан байна /хх-ийн 58 дугаар хуудас/,

Шүүгдэгч байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрт 1,877,391 төгрөгийг 100900013040 дансанд тушаасан байх тул /хх-ийн 170 дугаар хуудас/ шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

                                      Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, байгаль орчинд учруулсан хохирлыг төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас шүүх хуралдаанд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жил 05 сарын хугацаагаар тэнсэх дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч шүүх хуралдаанд хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч *** шүүх хуралдаанд улсын яллагчийн ялын саналыг зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, байгаль орчинд учруулсан хохирлын хир хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Өлзийт овогт Лхагвасүрэнгийн Бямбацэрэнд хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 05 /таван/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэв. 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг хязгаарлаагүйг тус тус дурдах нь зүйтэй.

Гэмт хэрэг үйлдэж олсон, ойн санд учруулсан хохирол болох 65 ширхэг хуш модыг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргын тамгын газрын хашаанд хадгалуулж, няравт хариуцуулж битүүмжилсэн байна. /хх-ийн 119,120 дугаар хуудас/,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүйд тооцож, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргын тамгын газрын хашаанд хадгалуулж, няравт хариуцуулсан, 1,288,375 төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй 2м 40 см урттай 63 ширхэг, 1м 50 см урттай 2 ширхэг нийт 65 ширхэг хуш төрлийн модыг хурааж, худалдан борлуулж үнийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.5-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн бариултай гар хөрөө 1 ширхэг, ягаан өнгийн их биетэй цахилгаан хөрөө 1 ширхгийг тус тус устгах нь зүйтэй.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Өлзийт овогт Лхагвасүрэнгийн Бямбацэрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Өлзийт овогт Лхагвасүрэнгийн Бямбацэрэнг хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 05 /таван/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч Өлзийт овогт Лхагвасүрэнгийн Бямбацэрэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Өлзийт овогт Лхагвасүрэнгийн Бямбацэрэн нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарласугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүйд тооцож, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргын тамгын газрын хашаанд хадгалуулж, няравт хариуцуулсан, 1,288,375 төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй 2м 40 см урттай 63 ширхэг, 1м 50 см урттай 2 ширхэг нийт 65 ширхэг хуш төрлийн модыг хурааж, худалдан борлуулж үнийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.5-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

6. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг хязгаарлаагүйг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн бариултай **** 1 ширхэг, ягаан өнгийн их биетэй **** 1 ширхгийг тус тус устгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шийтгэх тогтоолд  14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.

           

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ДУЛМАА