| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2022/0088/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/89 |
| Огноо | 2022-08-30 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Түвшинтөр |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/89
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Улсын яллагч: Б.Түвшинтөр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ариунжаргал,
Шүүгдэгч М.Энхболор,
Нарийн бичгийн дарга: А.Батцог нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ганин овгийн Мөнхчулууны Энхболорт холбогдох эрүүгийн 2227000000107 тоот хэргийг 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, нөхөр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр баг Бөхөн шарын-Ам гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ганин овгийн Мөнхчулууны Энхболор /РД: ЙБ88071407/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Энхболор нь 2022 оны 07 дугаар сарын 18-наас 2022 оны 07 дугаар сарын 19-нд шилжих шөнө гэх газар Д.Ганчимэгийг үл ялих зүйлээр шалтаглан түлхэн унагаж зүүн гарын шуу ясны хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдснаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Энхболор шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч Д.Ганчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Бат-Өлзий сумын 4-р баг Бөхөн шар гэх газар байдаг өөрийн дунд хүү болох Амарцогтын гэрт Дүүриймаагийн хамт 22 цагийн үед очсон. Манай хүү Амарцогтын гэрт түүний хадам аав, хадам ээж Жаргал, манай хүүгийн эхнэр Энхболор надтай хамт явсан Дүүриймаа гэх хүмүүс байсан. Бид хоёр тэнд очоод мэнд усаа мэдэлцээд сонин яриад сууж байтал манай хүү Амарцогтын хадам ээж Жаргал гэх хүн зүв зүгээр сууж байгаад манай хүү Амарцогт руу чи намайг алаадах, чи намайг зодоодох гээд дайраад байсан. Амарцогт эрэгтэй хүн болохоор нэг уурлаж босож ирээд суугаад байсан. Миний бэр болох Энхболор гэртээ газар хэвтэж байсан би унтаж байгаа юм байх гэж бодсон. Гэнэт босож ирээд би гэрийн зүүн орон дээр сууж байсан чинь миний зүүн гараас чирээд гарч зайл гээд байх шиг байсан намайг гэрийн хаалгаар чирч гаргасан. Гадаа гараад шороон дээр хоёр, гурван удаа чирч өнхрүүлсэн би яаж байгаа юм болоо гэж бодоод босоод ирэхэд миний зүүн гар хөдөлгөхөд эвгүй байгаад байсан. Тэнд намайг тоож байгаа хүн байхгүй Дүүриймаа гэх хамт явсан дүү охин хамт сумын төвийн эмнэлэг орж үзүүлье гээд 05 цагийн орчимд эмнэлэг дээр Дүүриймаа, Энхболор бид 3 ирсэн. Долгормаа эмч таны гар хугаралтай байна би зүүн гарын нэг талын шуу хэсгээр гипс тавиад өгье та эмнэлгээс үзүүлэх маягт аваад яваарай гэж хэлсэн. Би тэндээс эмнэлэгт үзүүлэх 13А маягтаа аваад аймаг явах гэхэд манай бэр Энхболор хувцсаа солино гэхээр нь Амарцогтынд эргэж очсон. Энхболор гэртээ орсон гэтэл түүний ээж Жаргал гэх хүн гарч ирээд та зүгээр аймаг явж яах гээд байгаа юм гар хуруу чинь зүгээр ч юм уу зүгээргүй ч юм уу гээд хэрүүл хийгээд охиноо явуулахгүй шинжтэй байхаар нь би өөрийнхөө гурав дахь хүү Аравдандорж, Дүүриймаа түүний жоохон охин бид хэд 2022 оны 07 дугаар сарын 19-ний 12 цагийн орчимд Өвөрхангай аймгийн төв рүү гараад явсан. Аймаг ороод Бүсийн оношилгооны төв дээр яаралтайгаар очоод дурангийн хагалгаанд ороод гипс хийлгээд ирсэн. Энхболор зан харилцааны хувьд хүнтэй харилцахдаа муу хүүхэд байгаа юм, нэлээн эрт хэдэн жилийн өмнө нөхөртэйгөө хоорондоо хэрэлдээд намайг нэг зодож байсан. Миний зүүн гарын шуу хэсгээр хугарсан баруун хөлийн шагайны дээд хэсэгт хөхөрсөн байсан намайг чирээд хоёр тийшээ сэгсчээд байсан. Би Энхболортой дахиж уулзаагүй 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гар утсаараа залгаад таны бие зүгээр үү танд үлдэгдэл будах ажил байгаа бол би тэрийг чинь будаад өгье гэж хэлсэн. Намайг дахин дахин орж ирж дарамтлаад байхаар хэцүү байна. Миний хувьд гомдол саналтай хуулийн дагуу арга хэмжээ авхуулмаар байна. Хүнтэй зөв харилцах, настай хүмүүсийг хүндэлж харьцах ухаантай байгаасай л гэж бодох юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13, 15-р хуу/,
Гэрч Б.Дүүриймаагийн мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр би Амарцогт гэж айлаас айраг авах гээд түүний ээж Ганчимэгийн хамтаар 23 цагийн орчимд очсон. Бид хоёрыг очиход тэднийд хадам ээж нь болох Жаргал гэх хүн нөхөртэйгөө байсан. Амарцогтын гэр бүлийн хүмүүс Эрдээ эгч гээд хүмүүс байсан очоод ойр зуур сонин хөөрч байгаад Энхболор унтах гээд хэвтэж байсан. Түүний ээж Жаргал гэх хүн Амарцогт руу нэлээн халамцаж орилоод байсан. Тэгээд ширээн дээр байсан юмнуудыг нь татаад унгаачихсан Амарцогт ээж болилдоо гээд мөр хэсэгт нь нэг түлхэх шиг болсон. Тэгтэл Энхболор унтаж байх шиг байсан гэнэт босож ирээд Ганчимэг эгчийн баруун гараас нь татаад орноос шууд суга татаад шидэхэд Ганчимэг эгч хаалгаар гараад унаад өгсөн тэгээд бид нар манай эгчийг аваад эмнэлэг явсан. Энхболор нь Ганчимэгийг орноос татаж унагааж байхыг л харсан өөр зодож цохисон зүйл хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуу/,
Гэрч Д.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн “...Тухайн өдөр манай хүүхдүүд хотоос ирсэн байсан бөгөөд намайг хамт Амарцогт ахынд очно гээд би хамт очсон. Бид хэд очоод удалгүй манай хүүхдүүд яваад би үлдсэн. Жаргал эгч нөхөртэй Амарцогтын гэр бүлийн хүмүүс байсан тэгээд Ганчимэг эгч Дүүриймаа гэх хүний хамтаар айраг авах гээд 22 цагийн орчимд ирсэн. Ирээд ойр зуур сонин хөөрч сууж байгаад би бие засах гээд гараад явсан жоохон байж байгаад ирэхэд манай төрсөн эгч Ганчимэг Амарцогтын гэрийн гадаа зүүн гараа бариад зогсож байсан. Юу болсон талаар асуухад Энхболор ийм болгочихлоо гээд зогсож байсан. Тэгээд бид нар цуваад сумын төвийн эмнэлэг явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-р хуу/,
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №468 дугаартай дүгнэлтэд “...1. Д.Ганчимэгийн биед зүүн гарын шуу ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. 4. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. б.Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчний 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. б.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамраана...” гэсэн дүгнэлт /хх-ийн 33-34-р хуу/,
2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 193 дугаартай АМ-13А маягт /хх-ийн 44, 45-р хуу/,
2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн эмчийн тодорхойлолт /хх-ийн 46-р хуу/,
2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “...Дулмаа овогтой Ганчимэг 60 настай эм 2022 оны 07 сарын 19-нд Зовуурь: Зүүн гарын бугуйгаар хавдсан өвдөнө гэнэ. Үзэхэд Биеийн ерөнхий байдал дунд зэрэг биед ил харагдах шархгүй. Зүүн гарын шуу яс хугаралтай. Хугаралд боолт хийсэн. Зүүн гарын шуу яс хугарал...”. Эмч Долгормаа гэж гарын үсэг зурсан эмчийн тодорхойлолт /хх-ийн 46-р хуу/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримт /хх-ийн 52-58-р хуу/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60-р хуу/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч М.Энхболорт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч М.Энхболор нь 2022 оны 07 дугаар сарын 18-наас 2022 оны 07 дугаар сарын 19-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр баг Бөхөн шар гэх газар Д.Ганчимэгийг үл ялих зүйлээр шалтаглан түлхэн унагаж зүүн гарын шуу ясны хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Ганчимэгийн /хх 12-13, 15-р хуу/, гэрч Б.Дүүриймаа, Д.Эрдэнэчимэг нарын мэдүүлэг /хх-ийн 20-21, 23-р хуу/, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн гаргасан №468 дугаартай дүгнэлт /хх-ийн 33-34-р хуу/, 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 193 дугаартай АМ-13А маягт /хх-ийн 44-45-р хуу/, 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн эмчийн тодорхойлолт /хх-ийн 46-р хуу/, 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “...Дулмаа овогтой Ганчимэг 60 настай эм 2022 оны 07 сарын 19-нд Зовуурь: Зүүн гарын бугуйгаар хавдсан өвдөнө гэнэ. Үзэхэд Биеийн ерөнхий байдал дунд зэрэг биед ил харагдах шархгүй. Зүүн гарын шуу яс хугаралтай. Хугаралд боолт хийсэн. Зүүн гарын шуу яс хугарал...”. Эмч Долгормаа гэж гарын үсэг зурсан эмчийн тодорхойлолт /хх-ийн 46-р хуу/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримт /хх-ийн 52-58-р хуу/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60-р хуу/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Энхболорын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Шүүгдэгч М.Энхболор нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй,
Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзлээ.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна. Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Ганчимэгийн биед хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос шүүгдэгч М.Энхболорт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч М.Энхболорыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч М.Энхболор нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Ганчимэгт 350,000 төгрөгийн хохирол төлсөн бөгөөд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд хохиролгүй гэсэн байх тул шүүгдэгч М.Энхболорыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж шүүх үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч М.Энхболорт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгч М.Энхболорт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд шийдвэрлэж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч М.Энхболорыг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид торгуулийн ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Энхболорт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.Энхболор нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдаж,
шүүгдэгч М.Энхболор нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүйг тус тус дурдаж,
шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Энхболорт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг тус шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна гэж үзээд шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэсэн болно.
давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Энхболорт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ганин овгийн Мөнхчулууны Энхболорыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ганин овгийн Мөнхчулууны Энхболорыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Энхболор нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.
4. Шүүгдэгч М.Энхболор нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүйг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Энхболорт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Энхболорт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН