Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 02699

 

2018 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2018/02699

Улаанбаатар хот

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг,  дугаар хороо, ,  байр,  тоотод оршин байх, “З.г.б” сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, дугаар хороо, байр, тоотод оршин суух, З овогт Х.У /РД:/-т холбогдох,

 

1,147,369 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.О  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай “З.г.б” СӨХ нь Баянгол дүүргийн  дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээг хариуцан ажилладаг. Хариуцагч Х.У нь өөрийн амьдарч байгаа буюу Баянгол дүүрэг, дугаар хороо, байр, тоот орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ, цахилгаан лифт, цэвэрлэгээ, бусад зардалд зарцуулах төлбөрөө 2014 оны 01 дүгээр сараас эхлээд 2018 оны 4 дүгээр сарын хугацаанд төлөөгүй, төлөхөөс зайлсхийж байна. Иймд хариуцагчаас 2014 оны 01 дүгээр сараас 2018 оны 4 дүгээр сарын хугацааны СӨХ-ны төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.У  нь манай эхнэр бөгөөд бид анх 2015 оноос эхлээд Баянгол дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны  тоот орон сууцыг түрээслэж эхэлсэн. Улмаар 2016 онд банкны зээлээр худалдан авсан. СӨХ-ны төлбөрийг бид 2017 оноос эхэлж төлөх ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 2017-2018 оны СӨХ-ны төлбөрийг бүхэлд нь төлөхөд татгалзахгүй. Харин өмнөх төлбөрийг бол төлж чадахгүй гэжээ. 

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

         ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч “З.г.б” Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/ нь хариуцагч Х.У т холбогдуулан 2014 оны 01 дүгээр сараас 2018 оны 4 дүгээр сарын хугацааны СӨХ-ны төлбөрт нийт 1,147,369 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан ба шаардлагын үндэслэлээ “...хариуцагч Х.У нь иргэний үүргээ биелүүлж, СӨХ-ны төлбөрөө тогтоосон хугацаанд төлж барагдуулахгүй байгаа” гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрөх ба  татгалзлын үндэслэлээ “...бид орон сууцыг 2016 онд худалдан авсан тул 2017-2018 оны СӨХ-ны төлбөрийг л төлнө” гэж тайлбарлав.  

 

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т зааснаар “орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна” гэж, Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “орон сууц” гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг” хэлнэ гэж тус тус заасан байна. Эдгээр хуулийн заалтуудаас үзэхэд орон сууцны зориулалттай сууц өмчлөгч нь заавал Сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байхаар зохицуулжээ.

 

Баянгол дүүрэг дугаар хороо,  байр,  тоотын оршин суугч нь хариуцагч Х.У  мөн болох нь, түүнчлэн тухайн орон сууц нь “З.г.б” СӨХ-д харьяалагддаг болох нь Баянгол дүүргийн дугаар хорооны Засаг даргаас тус шүүхэд ирүүлсэн “Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр”, Төрийн банкнаас ирүүлсэн төлбөрийн мэдээллийн жагсаалт, “З.г.б” СӨХ-г 2009 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэсэн №149 тоот гэрчилгээ зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна. Иймд хариуцагч нь “З.г.б” СӨХ-ны гишүүн байна.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар гишүүн нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй ба мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд оролцох ёстой. Иймд хариуцагч Х.У аас СӨХ-ны төлбөрийг шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна.

 

Харин шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 423,720 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв. Учир нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч өөрийн шаардлага болон татгалзлыг нотлох үүрэгтэйгээр оролцох ба Баянгол дүүрэг  дугаар хороо,  байр,  тоотын оршин суугч буюу хариуцагч Х.У  2014 оны 01 дүгээр сараас 2018 оны 4 дүгээр сарын хугацааны СӨХ-ны төлбөрт нийт 1,147,369 төгрөгийг төлөөгүй байгаа талаарх баримт хэрэгт авагдаагүй.

 

Тодруулбал, Х.У  нь гагцхүү 2017 оны 01 дүгээр сараас 2018 оны 7 дугаар сарыг хүртэл хугацаанд нийт 423,720 төгрөгийг төлөөгүй байгаа болох нь  Төрийн банкнаас ирүүлсэн төлбөрийн мэдээллийн жагсаалтаар нотлогдож байна.

 

Хэдийгээр нэхэмжлэгч 2014 оны 01 дүгээр сараас 2018 оны 4 дүгээр сарын хугацааны СӨХ-ны төлбөрийг нэхэмжилсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...бид 2017-2018 оны СӨХ-ны төлбөрийг төлөхөд бэлэн, татгалзах зүйлгүй” гэсэн тайлбарыг гаргасан тул 2018 оны 5-7 дугаар сарын СӨХ-ны төлбөрийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх нь хуульд харшлахгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                               ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан хариуцагч Х.У аас 423,720 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “З.г.б” Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 723,649 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,087төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.У аас улсын тэмдэгтийн хураамжинд 13,362 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч”З.г.б” Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

              

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                      Н.ХАНГАЛ