| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамын Мягмаржав |
| Хэргийн индекс | 188/2019/0288/Э |
| Дугаар | 554 |
| Огноо | 2019-06-04 |
| Зүйл хэсэг | 20.16.1., |
| Улсын яллагч | Ц.Гансүлд |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 554
Ч.Т, Д.Ж, З.Б,
Н.А нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Гансүлд,
шүүгдэгч Ч.Тын өмгөөлөгч Б.Оюунгэрэл,
шүүгдэгч Д.Жийн өмгөөлөгч Ц.Амар,
шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн,
шүүгдэгч З.Бгийн өмгөөлөгч Н.Жавзандолгор,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 328 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Т, Д.Ж, З.Б, Н.А, шүүгдэгч З.Бгийн өмгөөлөгч Н.Жавзандолгор нарын гаргасан давж заалдах гомдлоор Ч.Т, Д.Ж, З.Б, Н.А нарт холбогдох эрүүгийн 1808055111535 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. ................, 2000 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчин 9 дүгээр гудамжны 14 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.................../;
2. ........................, 1999 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Төв аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Монгол тогоруу трейд” ХХК-ний үйлдвэрт засварчин ажилтай, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянгол 60 дугаар гудамжны 6 тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчиний 9-22 тоотод түр оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:......................./;
3. ......................., 1999 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “ММК” ХХК-д туслах засварчин ажилтай, ам бүл 8, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 47 дугаар гудамжны 3 тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуут 5 дугаар гудамжны 40 тоотод түр оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:У......................../;
4. ...................., 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчиний 9-13 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:........................../,
Булган аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн;
Ч.Т, Д.Ж, З.Б, Н.А нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 03-ны орой Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр байрны арын зам дээр нийтийн хэв журмыг зөрчиж, улмаар тус зам дээр 4375 УБО улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашинтай зорчиж явсан иргэн Г.Болорсайхан, Г.Болор-Эрдэнэ, Б.Бямбаням нарын халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчин хүч хэрэглэн зодож, эд хөрөнгийг нь гэмтээж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,
Ч.Т, Д.Ж, З.Б, Н.А нар нь бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчин олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдэх явцдаа хохирогч Г.Болорсайхан, Г.Болор-Эрдэнэ, Б.Бямбаням нарыг бүлэглэн зодож, тэдний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ч.Т, Д.Ж, З.Б, Н.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч.Т, Д.Ж, З.Б, Н.А нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдыг хүч хэрэглэн зодож, халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчин, эд хөрөнгө гэмтээж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэн, 2 түүнээс олон хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Ч.Т, Д.Ж, З.Б, Н.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дүгаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зуйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Н.А, Ч.Т, Д.Ж, З.Б нарт тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих яп дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрт оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон нийт 60 хоногийн ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч нарын тус бүрийн биечлэн эдлэх хорих ялын нийт хугацааг шүүгдэгч Н.Ад 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, Ч.Тд 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, Д.Жид 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, З.Бд 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А, Ч.Т, Д.Ж, З.Б нарын тус бүр биечлэн эдлэх 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын тус бүр баривчлагдсан 2 хоногийг тэдний эдлэх ялд тус тус оруулан тооцож, шүүгдэгч нар нь хохирогч нарт төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ч.Т, Д.Ж, З.Б, Н.А нарыг тус бүр цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ч.Т гаргасан давж заалдах гомдолдоо: “Би хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд хийсэн хэргээ бүрэн ойлгож, гэм буруугаа хүлээж, ямар нэгэн хохирол гомдолгүй билээ. Миний бие ам бүл 2 буюу өрх толгойлсон ээжтэйгээ амьдардаг. Ээж маань 2015 онд автын осолд орж, тархины хүнд гэмтэлтэй, аарцаг нугасны хүнд хагалгаанд орж одоогоор эрүүл мэндийн группэд байдаг. Одоо ээж минь улсын цэцэрлэгт туслах тогооч хийдэг ч бие нь байнгын эмчийн хяналтанд байдаг. Манайх амьдралын бололцоо үнэхээр хүнд айл. Ээж минь цалингийн зээлтэй болохоор хэцүү байдаг. Би цаашдаа суралцаж, мэргэжилтэй болох гэхээр төлбөрийн мөнгөгүй байсан. Тэгээд ажил хийж, ээждээ амьдралдаа тус болдог. Тиймээс надаас өөр ажил хийж туслаж дэмжих хүнгүй юм. Шүүгдэгч миний бие өөрийн ухаангүй буруутай үйлдлээс болж гэмт хэрэгт холбогдож бусдыг хохироож ар гэрээ зовоосондоо гэмшиж, харамсаж байна. Мөн гэмт хэрэг хийвэл ямар хүнд хариуцлага хүлээдгийг өөрийн биеэр мэдэрч ойлгож байна. Миний ар гэрийн хүнд хэцүүг харгалзан үзэж, надад оногдуулсан шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгч Д.Ж гаргасан давж заалдах гомдолдоо: “Би мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн хохирогчоос уучлал гуйсан ба ямар нэгэн хохирол төлбөргүй билээ. Миний бие ам бүл зургуулаа, эцэг, эх, гурван дүүгийн хамт амьдардаг. Том дүү 10 жилийн төгсөх ангийн сурагч, дунд дүү цэцэрлэгт, бага дүү 2 настай. Аав хөдөлмөрийн чадваргүй учраас ажил эрхлэх боломжгүй ба бага насны 2 дүүг ээж минь асарч гэртээ байдаг. Манай гэр бүл амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой нэн ядуу өрхөд багтдаг тул улсаас халамжаар олгодог хүнсний талоноор амьжиргаагаа залгуулдаг ч сарын хэрэглээнд хүрдэггүй. Ээж минь аав болон 2 дүүг асардаг учраас ажил хийх боломжгүй бөгөөд ажил хийж гэр бүлээ, дүү нараа хооллож, хувцаслаж авч явдаг ганц боломжтой хүн нь би юм. Би өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, харамсаж байгаа ба өнгөрсөн хугацаанд маш их зүйл ойлголоо. Цаашдаа ажил хөдөлмөр эрхэлж, гэр бүлдээ санаа тавих, бусдын эрх чөлөөнд халдахгүй, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж зөв шударгаар амьдрахаа амлаж байна. Миний ар гэрийн хүнд хэцүү байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг минь харгалзан үзэж, тэнсэж өгөхийг хүсэж байна.” гэжээ.
Шүүгдэгч З.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “Би хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд хийсэн хэргээ бүрэн ойлгож, гэм буруугаа хүлээж, ямар нэгэн хохирол төлбөргүй билээ. Миний бие ам бүл тавуулаа буюу ээж болон эгч, 2 эмэгтэй дүүгийн хамт амьдардаг. Бага дүү минь оюутан, 1 дүү, эгч минь ажилгүй. Эгч минь нойр булчирхайн хүнд өвчтэй, ойр ойрхон бие нь муудаж эмнэлгийн хяналтанд байдаг. Ээж минь ганцаараа ажил хийж эгч, дүү бид дөрвийг тэжээдэг. Харин би багаасаа айлын мал маллаж, ажил хийж ээждээ тус нэмэр болдог. Би багадаа нүдээ гэмтээж, 3 настайгаасаа эхлэн маш олон удаа бүтэн наркозтой хүнд хагалгаанд орсон. 2 жилийн өмнө группэд орсон хэдий боловч ажил хийж ээждээ тус нэмэр болдог. Энэ гэрийн ганцхан эрэгтэй нь юм. Миний зүүн талын нүд огт юм хардаггүй. Манайх амьдралын бололцоо үнэхээр хүнд айл, ээж минь 2021 он хүртэл цалингийн зээлтэй. Манайх хүнсний талонд байдаг болохоор нүд муу ч гэсэн энэ айлд надаас өөр хүн ажил хийж туслах дэмжих хүнгүй. Би өөрийнхөө хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, дахин ийм буруу зүйлийг өчүүхэн ч гэсэн хийж болохгүй гэдгийг маш сайн ойлгосон. Залуу насандаа алдсан алдааг дахин давтаж алдаж эндэхгүй ажил хөдөлмөр хийж, зөв амьдарч чадахаа амлаж байна. Миний биеийн байдал, ар гэрийн минь хүнд хэцүүг харгалзан үзэж, надад оноосон шийтгэлийг бага ч гэсэн хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгч Н.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би ам бүл есүүлээ аав, ээж, дүү, эхнэр Мөнхзулын хамт амьдардаг. Ээж Наранцэцэгийн нэг чих нь сонсголгүй учраас ажил хийлгүй 2 бага дүүг харж гэртээ байдаг. 3 дүү нар минь дунд сургуульд явдаг. Эхнэр Мөнхзул нь 6 сартай жирэмсэн бөгөөд биеийн жин дутуу учраас ойр ойрхон өвдөж байнгын эмчийн хяналтанд байдаг. Миний бие аав Мэндбаярын хамт ажил хөдөлмөр эрхэлж, өөрийн гэр бүлээ асран хамгаалж, тэжээдэг байсан. Би гэр бүлийнхээ өмнө тавьсан үүрэг хариуцлагаа ухамсарлаж өөрийн буруутай үйлдлээс болж гэмт хэрэг зөрчилд холбогдож, ар гэр болон эхнэрээ хүнд нөхцөл байдалд оруулсандаа чин санаанаасаа гэмшин харамсаж, ухаарч ойлгож байна. Би гэмт хэрэг хийвэл ямар хүнд хариуцлага хүлээдгийг өөрийн биеэр мэдэрч байна. Би дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй ажил, хөдөлмөр эрхэлж дүү болон хүүхэддээ үлгэр жишээ сайн ах, сайн эцэг, сайн хүү болж амьдрахаа амлаж байна. Иймд миний ар гэр болон өөрийн хувийн байдал, хүсэл зорилго, залуу насныг минь харгалзан үзэж, өөрт оногдуулсан хорих ялыг минь хөнгөрүүлж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч З.Бгийн өмгөөлөгч Н.Жавзандолгор давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мөрдөн байцаалтын явцад 3 хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давхар зүйлчилсэн байдаг. Шүүгдэгч нарын хувьд анхнаасаа хэргээ үнэн зөвөөр мэдүүлж, хохирогч нарт учирсан хохирол, автомашинд учирсан хохирол зэргийг баримтын хүрээнд төлж, хохирогч нартай эвлэрсэн байдаг. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар зүйлчлэл болон гэм буруугийн хувьд маргаагүй. Анхан шатны шүүх хуралд хуульд заасан үндэслэл журмын дагуу хамгийн доод ялыг оногдуулж өгнө үү гэх саналыг гаргасан боловч анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан байдаг. Прокурорын зүгээс 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан боловч шүүх нэмж ял оногдуулсан. Иймд давж заалдах шатны шүүхээс 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял болгон хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. Шүүгдэгч З.Б нь 21 настай, бусад шүүгдэгч нар надаас татгалзсан ч гэсэн хэлье. Шүүгдэгч Н.А, Д.Ж, Ч.Т нар гурвуулаа 18-20 настай. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 18-21 насны этгээдийг өсвөр насны хүн гэж тооцох боломжтой байдаг. Энэ боломжийг эдлүүлж, шүүгдэгч нарыг өсвөр насны хүн гэж тооцож, ял шийтгэлийг биеэр эдлүүлэхгүйгээр хойшлуулж өгнө үү. Хойшлуулах үндэслэлийг анхан шатны шүүх хэрэглээгүй тул давж заалдах шатны шүүх хэрэглэж өгнө үү. Гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаан байхгүй.” гэв.
Шүүгдэгч Д.Жийн өмгөөлөгч Ц.Амар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Д.Жийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж, дараах тайлбарыг гаргаж байна. Шүүгдэгч Д.Ж нь хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх саналыг гаргасан байдаг. Хууль зүйн мэдлэггүй тул ийм гомдол гаргасан байна. Үүнийг нь тайлбарлахад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хязгаарлалт бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэх тохиолдолд энэ хязгаарлалт үйлчилж байгаа гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар тэнсэхэд энэхүү хязгаарлалт үйлчлэхгүй буюу хуулийг хэрэглэхэд эргэлзээ төрвөл сэжигтэн, яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэх зарчим байдаг. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг хэрэглэх боломжтой гэж харж байна. Гэмт хэргийн шинжийн хувьд дараах саналтай байна. Шүүгдэгч нарыг бүлэглэн 3 хохирогч нарт хөнгөн хохирол учруулсан гэж зүйлчилсэн байдаг. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Д.Жийн хувьд хохирогч Бямбанямын эрх чөлөөнд халдсан үйлдэл хийгээгүй байдаг. Энэ нь хохирогч Бямбанямын мэдүүлэг болон бусад шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүх хавтгайруулж бусад этгээдүүдийн үйлдсэн хэргийг бүлэглэн үйлдсэн байна гэж үздэг. Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт яллагдагч Д.Ж нь Болорсайхан болон Болор-Эрдэнийн биед хөнгөн хохирол учруулсан гэж дурдсан байдаг боловч шүүхийн шийтгэх тогтоолд бүгдийг нь хамааруулсан байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Болор-Эрдэнийн биед тархи доргилт, нуруунд хатгагдаж, зүсэгдсэн шарх тогтоогдсон байдаг. Нуруунд хатгагдаж, зүсэгдсэн шарх нь Бадамрагчаагийн үйлдлийн улмаас буюу хоорондоо ноцолдож байх явцад унаснаас үүссэн байдаг. Тархи доргилт болон нуруунд үүссэн шарх хоёрын аль нь хөнгөн гэмтэл юм бэ гэдгийг тухайн үед шинжээчээс асууж тодруулаагүй байдаг. Мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэж заасан байдаг. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахдаа ямар нэгэн ялгамжгүйгээр ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч нарын үйлдэл оролцоо, шүүгдэгч Д.Жийн хохирогч нарт хүч хэрэглэсэн үйлдлүүдийг харгалзаж ялыг ялгамжтай оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хамгийн хөнгөн ял шийтгэлийг оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Ч.Тын өмгөөлөгч Б.Оюунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Ч.Түшинжаргалын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж дараах тайлбарыг гаргаж байна. Шүүгдэгч Ч.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хувийн байдлыг нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Шүүгдэгч Ч.Т нь 18 нас хүрээд анх удаа архи ууж үзсэний улмаас энэ хэрэгт холбогдсон. Эх, эмээгээсээ уучлалт гуйж, дахиж архи уухгүй гэдгээ хэлж, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, сэтгэл санааны цочиролд орсон байдалтай байгаа. Одоо 18 настай гэхэд даралт нь 200 хүрсэн, цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэж байгаа. Эрүүл мэндийн байдал маш хүнд байгаа. Анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон. 2002 оны Эрүүгийн хуулиар уг хэрэг нь тэнсэж хянан харгалзах боломжтой зүйл байсан. Гэтэл Шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулиар бүх боломжууд нь хязгаарлагдсан, эрх зүйн байдал маш хүндрэлтэй, гарц гаргалгаанууд харагдахгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар тэнсэх боломжтой гэж харж байна.” гэв.
Шүүгдэгч Н.Агийн өмгөөлөгч Г.Хандсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Н.Агийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагыг тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж тодорхой заасан байдаг. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Ад ял шийтгэл оногдуулахдаа энэ зарчмыг баримтлаагүй байна. Шүүгдэгч Н.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэсэн заалт зөрчигдсөн байна. Шүүгдэгч нарт анхан шатны шүүхээс хорих ял оногдуулахдаа хохирогч нарын мэдүүлэг, шинжээч нарын дүгнэлтүүдийг гол нотлох баримт болгосон атлаа хохирогч нарт учирсан хөнгөн гэмтлийг хэн нь учруулсан бэ гэдэг дээр харьцуулсан дүгнэлт хийлгүйгээр ял оногдуулсан байдаг. Иймд шүүгдэгч Н.Агийн эрх зүйн байдал зөрчигдөж байна. Мөрдөн байцаалтын шатанд хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа дутуу хийгдсэн байдаг. Мөн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлзээний зарчим алдагдсан байдаг. Учир нь 4 шүүгдэгч нэг өмгөөлөгчтэй оролцож байгаа нь шүүгдэгч нарын эрх зүйн байдал дордсон гэж үзэж байна. Шүүгдэгч Н.Агийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг оролцсон уу, үгүй юу гэдгийг шүүх хуралдаанаар мэтгэлзэх боломжгүй байсан. Шүүгдэгч Ч.Т, Д.Ж, З.Б нар нь хэн гэдэг хохирогчид гэмтэл учруулснаа өөрсдөө тодорхой мэдүүлсэн байдаг. Мөн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч нарт ямар гэмтлүүд учирсан талаар тодорхой тусгагдсан. Хохирогч нар тодорхой мэдүүлэг өгсөн. Шүүгдэгч Н.Агийн үйлдлийн улмаас 3 хохирогчийн хэнд нь ч гэмтэл учраагүй. Гэмтэл учраагүй гэдэг нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр нотлогддог. Хохирогч нар, мөн Н.А гэмтэл учруулаагүй гэж мэдүүлдэг. Иймд шүүгдэгч Н.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, ял халдаасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүгдэгч Н.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулсныг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оролцсон оролцоо, хувийн байдлыг харгалзаж ялгамжтай ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Прокурор Ц.Гансүлд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч нарт ял хойшлуулах үндэслэл тогтоогддоггүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж заасан. Эдгээр шүүгдэгч нар 21 насанд хүрээгүй субъектүүд мөн. Гэхдээ бие махбодийн болон сэтгэцийн хөгжлийн хоцрогдолтой тохиолдолд тусгай шинжээчийн дүгнэлт гаргуулсны үндсэн дээр уг заалтыг хэрэглэх боломжтой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн, эсхүл хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн гэмт хэрэг үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэж заасан. Шүүдэгч нарын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэргийг санаатай үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн тэнсэх зохицуулалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан байдаг. Харин гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хорих ял оногдуулахыг хөнгөрүүлэхээр заасан зохицуулалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан байдаг. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэхгүйгээр шүүгдэгч нарыг тэнсэх асуудал яригдахгүй. Хохирогч Болор-Эрдэнэд шүүгдэгч Д.Ж нь гэмтэл учруулсан болох нь нотлогддог. Шүүгдэгч нар болон хохирогч Болор-Эрдэнэ тодорхой мэдүүлдэг. Өмгөөлөгч нарын зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар ялыг ялгамжтай оногдуулаагүй гэж байна. Прокурорын зүгээс анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Ч.Тд арай дээгүүр ял оногдуулах санал тавьсан. Шүүгдэгч Д.Ж, Н.А, З.Б нарын үйлдэл оролцоо болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзээд ялыг ялгамжтай оногдуулах санал гаргасан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Т, Д.Ж, Н.А, З.Б нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж хохирогч нарт гэмтэл учруулсан байх тул ялыг ялгамжтай оногдуулахгүйгээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ, хувийн байдлуудыг харгалзан үзэж, бүгдэд нь 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй болсон. Шүүгдэгч Ч.Тд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дүгаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зуйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд 4 шүүгдэгчээс 1 өмгөөлөгчтэй шүүх хуралд оролцоход татгалзах зүйл байна уу гэхэд татгалзах зүйл байхгүй гэсэн байдаг. Иймд хууль зөрчсөн асуудал байхгүй. Мэтгэлзээний зарчим дээр анхан шатны шүүх хурал явагдсан. Хохирогч Бямбаням, Болор-Эрдэнэ, Болорсайхан нараас мөрдөн байцаалтын шатанд 2 удаа мэдүүлэг авахдаа шүүгдэгч нарын үйлдэл оролцоог нарийн асууж байцаалт авсан. Уг мэдүүлгээр шүүгдэгч Н.А нь хохирогч нарт хөнгөн гэмтэл учруулсан болох нь нотлогдож байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Хавтас хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Ч.Т, Д.Ж, З.Б, Н.А нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 03-ны орой Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр байрны арын зам дээр нийтийн хэв журмыг зөрчиж, улмаар тус зам дээр 4375 УБО улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашинтай зорчиж явсан иргэн Г.Болорсайхан, Г.Болор-Эрдэнэ, Б.Бямбаням нарын халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчин хүч хэрэглэн зодож, эд хөрөнгийг нь гэмтээж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,
Ч.Т, Д.Ж, З.Б, Н.А нар нь бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчин олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдэх явцдаа хохирогч Г.Болорсайхан, Г.Болор-Эрдэнэ, Б.Бямбаням нарыг бүлэглэн зодож, тэдний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Б.Бямбанямын “...миний сууж явсан машиныг өшиглөсөн. Тэр үед манай дүү Болор-Эрдэнэ яаж байна та нар гээд хаалга онгойлгоод буусан чинь тэр хэдэн залуучууд бүгд барьж аваад газар унагаад нүдээд эхэлсэн. Манай дүү Болор-Эрдэнэ газар унахаасаа өмнө нэг залууг нь цохиод авсан. Тэгээд Болорсайхан бид 2 машинаасаа буугаад очоод салгах гэтэл салахгүй өөдөөс дайраад шар куртиктэй залуу зүүн нүдний хэсэгт 1 удаа цохисон. Хамт явж байсан залуучууд миний цээж рүү, зүүн хөлийн шилбэ хэсэгт өшиглөсөн. Хэдэн удаа өшиглөснийг санахгүй байна. Болорсайханыг тэр залуучууд тал талаас нь дайраад цохиод байсан. Болорсайхан тэр залуучуудыг дайрах үед нэг залууг нь барьж аваад газар унасан. Нөгөө залуучууд нь цохиод байсан. ...” /1хх 25-26/,
хохирогч Г.Болорсайханы “...миний машины жолоочийн талын хаалга, баруун хойд талын хаалга руу өшиглөсөн. Тэгтэл манай дүү Болор-Эрдэнэ яагаад байгаа юм бэ та нар гэж хэлээд машинаас буугаад тэр залуучуудтай барилцаад авсан. Би ослын гэрлээ анивчуулаад машинаас буугаад дүү дээрээ очоод салгах гэтэл миний өөдөөс нэг залуу нь ирээд барилцаж аваад хамт газар унасан. Тэр үед нөгөө залуучууд тал талаас ирээд цохиод өшиглөөд байсан. Би газар хэвтэж байхдаа дүү рүүгээ харсан чинь зам дээр хэвтэж байсан. Яг тэгээд харж байхад нэг залуу нь очоод өшиглөж байгаа харагдсан. ...” /1хх 33-34/,
хохирогч Г.Болор-Эрдэний “...машин өшиглөсөн, би машинаас буугаад “яаж байгаа юм бэ та нар” гэтэл буржгар үстэй, улаан куртиктэй залуу нь “залуу хүмүүс доргихоороо яадгыг харах уу” гэж хэлээд өөдөөс ирээд үгийн зөрөөгүй цохиод газар унасан. Тэгтэл дээрээс тал талаас дэвсээд өшиглөөд байсан. Нэг мэдэхэд би ухаан алдсан байсан. Ухаан ороход нэг залуу замаас чирч гаргаж байсан. Тэр үед намайг зодсон залуучууд нилээд зайтай Болорсайхан ахыг зодож байсан. 3-4 залуучууд тойроод зогсчихсон өшиглөөд байсан. Бямбаням ах ирээд намайг аваад машинд суулгасан. ...” /1хх 43-44/,
гэрч Э.Энхзулын “...2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. 23 цагийн үед хэлтсийн жижүүрээс зодоон болоод байна гэсэн дуудлага өгсний дагуу дэд ахлагч Б.Лхам-Осорын хамт уг дуудлаганд очсон. Бид хоёрыг очиход 7 хүн хоорондоо зодолдоод бие биенээ хөөгөөд байсан. Ер нь бол зодуулсан 3 залуу нь явуулахгүй гээд нөгөөдүүлээ зуураад бие биенээ цохиод байсан. Тэр үед зодоон эхлүүлсэн гээд байгаа хэдэн банди нар зугтаасан бөгөөд араас нь хөөгөөд барьж авч чадахгүй гудамж угтаж барьж авсан. Тэгээд хэлтсийн байранд авчирсан. Тэр үед Түвшинжаргал гэх улаан куртиктэй залуу нь бид нарын өөдөөс эсэргүүцээд “пизда минь, новш минь та нар намайг чадахгүй шүү” гээд заналхийлээд байсан. Мөн “би 1 дүгээр хорооллынх, та нарыг дараа нь зодноо, манай ах том албан тушаалтай, та хоёрыг амьтан болгоно” гээд байсан. ...” /1хх 16-17/,
гэрч Б.Лхам-Осорын “...бид хоёрыг очиход 7 хүн хоорондоо зодолдоод бие биенээ хөөгөөд байсан. Зодуулсан 3 залуу нь явуулахгүй гээд нөгөөдүүлээ зуураад бие биенээ цохиод байсан. Тэр үед зодоон эхлүүлсэн гээд байгаа хэдэн банди нар зугтаасан бөгөөд араас нь хөөгөөд барьж авч чадахгүй тул гудамж угтаж барьж авсан. Тэгээд хэлтсийн байранд авчирсан. ...” /1хх 19-20/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шилжилгээний үндэсний хүрээлэнгийн 14360, 14361, 14362 дугаартай дүгнэлтүүд /1хх 62-64/, автомашины техникийн үнэлгээний тайлан /1хх 74/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-8/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-52-53/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Ч.Т, Д.Ж, З.Б, Н.А нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн зодож, халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчин, эд хөрөнгө гэмтээж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэн 2 түүнээс олон хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Ч.Т, Д.Ж, З.Б, Н.А нарыг бүлэглэн иргэн Г.Болорсайхан, Г.Болор-Эрдэнэ, Б.Бямбаням нарын халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчин хүч хэрэглэн зодож, эд хөрөнгийг нь гэмтээж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, мөн дээрх гэмт хэрэг үйлдэх явцдаа Г.Болорсайхан, Г.Болор-Эрдэнэ, Б.Бямбаням нарыг бүлэглэн зодож, тэдний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Шүүхээс Ч.Т, Д.Ж, З.Б, Н.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар ялуудыг нэмж нэгтгэн тус бүр биечлэн эдлэх ялыг 1 жил 2 сарын хугацаагаар тогтоосон нь уг гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, тэдний хувийн байдал, гэмт хэргийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул “оногдуулсан ялыг хөнгөрүүлж, багасгаж өгнө үү” гэсэн шүүгдэгч Ч.Т, Д.Ж, З.Б, Н.А, шүүгдэгч З.Бгийн өмгөөлөгч Н.Жавзандолгор нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Т, Д.Ж, З.Б, Н.А нар нь бүлэглэн хохирогч нарыг нийтийн тээврийн зам дээр автомашинтай замын хөдөлгөөнд оролцон явахад нь онцлох шалтгаангүйгээр өдөөн хоргоож, халдашгүй чөлөөтэй байх эрхийг нь зөрчиж, улмаар хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн, ингэхдээ хүмүүсийн хөл хөдөлгөөн ихтэй зам талбай, тухайн газраар явж буй иргэдийг илтэд үл хүндэтгэн, догшин авирлах замаар олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулжээ. Мөн дээрх байдлаар олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулахдаа бусдад хүч хэрэглэн халдаж, хохирогч Г.Болорсайхан, Г.Болор-Эрдэнэ, Б.Бямбаням нарын биед хөнгөн гэмтэл учруулсныг бүлэглэн 2 ба түүнээс дээш хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 328 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Т, Д.Ж, З.Б, Н.А, шүүгдэгч З.Бгийн өмгөөлөгч Н.Жавзандолгор нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 328 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Т, Д.Ж, З.Б, Н.А, шүүгдэгч З.Бгийн өмгөөлөгч Н.Жавзандолгор нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ