Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/00595

 

З.О-ын нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2020/01007 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар  сарын 08-ны өдрийн 1015 дугаар магадлалтай,

З.О-ын нэхэмжлэлтэй,

“Б э” ХХК-д холбогдох

Мөнгөн тэтгэмж 48,422,509 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц, хариуцагчийн төлөөлөгч Ө.Т, нарийн бичгийн дарга Х.Б нар оролцов.

Нэхэмжлэгч З.О-ын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: З.О миний бие Анагаах ухааны дээд сургуулийг 1982 онд төгссөн бөгөөд 1982.7.26-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотын эрүүлийг хамгаалах газрын харьяа Найрамдлын районы нэгдсэн эмнэлгийн захиргааны даргын №86 тоот тушаалаар тус эмнэлэгт “Хүүхдийн эрчимт эмчилгээний тасаг”-т их эмчээр томилогдон ажиллах болсон. Tуc тасагт тасралтгүй 17 жил хүүхдийн их эмчээр ажиллаж байгаад 1997.07.01-ний өдрийн “Б э” ХХК-ийн захирлын №11 тоот тушаалаар мөн их эмчээр үргэлжлүүлэн ажиллах болсон. Би Найрамдал районы эмнэлгээс Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг улмаар “Б э” ХХК болох хүртэл нийт 34 жил тасралтгүй эмнэлгийн байгууллагад ажиллаж байгаад 2016 оны 02 дугаар сард өндөр насны тэтгэвэртээ гарсан. Ингээд “Б э” ХХК-ийн удирдлагуудын зүгээс үргэлжлүүлэн гэрээгээр ажиллаач гэсэн саналыг тавьсны дагуу тухайн саналыг хүлээн авч 2019 оныг хүртэл эмнэлгийн салбарт нийт 36 жил 6 cap 4 хоног тасралтгүй ажиллаж ирсэн. 2007 онд эмнэлгийн удирдлагуудын зүгээс надад өндөр насны тэтгэвэртээ гарахаа түр азнаад эмнэлэгтээ дахин үргэлжлүүлэн ажиллаач гэдэг саналыг тавьж байсан бөгөөд эмнэлгийн удирдлагуудын зүгээс нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг тэтгэвэрт гарах үед чинь гаргаж өгнө гэж хэлдэг байсан. 2016 оны 02 дугаар сард өндөр насны тэтгэвэртээ гарсан бөгөөд та дахин гэрээгээр үргэлжлүүлэн ажиллаач гэсэн санал гаргасны үндсэн дээр би гэрээгээр ажиллах болсон. Ингээд 2019 онуудад ажлаасаа гарах үе хүртлээ Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан үндэслэл журмын дагуу” нэг удаагийн мөнгөн тэтгэмжээ авахаар хэд хэдэн удаа хүссэн боловч нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг өгөх боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн. Төрөөс ялгамжтай хандан хуульд заасан эрх ашгийг ноцтой зөрчиж нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг авах эрхийг минь хангаж өгөхгүй байгаад гомдолтой байгаа бөгөөд 2019.06.13-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч талаас 2013 оныг хүртэл Нийслэлийн эрүүл мэндийн газраас тэтгэвэрт гарсан хүмүүст нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг олгож байсан. Харин 2013 оноос хойш аудитын шалгалт ороод хувийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүст нэг удаагийн тэтгэмж олгохгүй байх тухай баримт бичиг гарсан хэмээн хариуцагч тал шүүхийн хэлэлцүүлгийн үед тайлбар хэлсэн бөгөөд шүүхээс нэхэмжлэгч болон хариуцагч нар нь Нийслэлийн эрүүл мэндийн газраас хариу авсан үйл баримт тогтоогдоогүй, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн хэмээн үзэж 2019 оны 101/ШЗ2019/14271 дугаар бүхий хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гарсан. Ингээд Нийслэлийн Эрүүл мэндийн газарт өөрийн өмгөөлөгчөөрөө дамжуулан хэд хэдэн удаа албан бичгийг хүргүүлж 2019.11.28-ны өдөр 2/1131 тоог албан бичгийн хариуг хүлээн авсан бөгөөд тус албан бичигт Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Б э” ХХК-д аудит хийж нэг удаагийн тэтгэмжийн талаар санал дүгнэлт өгөөгүй тухайгаа ирүүлсэн тул “Б э” ХХК-аас нэг удаагийн тэтгэмж болох 48,422,509 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Нийгмийн даатгал төлсөн хүн бүхэн тэтгэвэрт гарах үедээ тэтгэмж авна гэсэн ямар ч хууль байхгүй. “Б э” ХХК нь 1997 онд байгуулагдсан хувийн хэвшлийн байгууллага энэ нь ажилчдынхаа цалин болон бусад зардлыг өөрөө өөрийнхөө орлогоор санхүүжүүлдэг системтэй. 3.О нь “Б э” ХХК-д 1997.07.01-ний өдрөөс их эмчээр ажиллаж байгаад 2016.02.01-ний өдрөөс ерөнхий захирлын Б/19 тушаалаар өндөр настны тэтгэвэрт гарсан нь үнэн бөгөөд ажлаас чөлөөлөгдөх үед байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын дагуу гурван сарын үндсэн цалинтай тэнцэх нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг байгууллагын зүгээс олгосон. Тухайн үед их эмч 3.О нь дээрх нэхэмжлэлд дурдсан мөнгөн тэтгэмжийн талаар ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй бөгөөд байгууллагаас олгосон 2,261,619 төгрөгийн мөнгөн тэтгэмжийг авч, үргэлжлүүлэн гэрээгээр ажиллаж байгаад 2019 оны 02 дугаар сараас ажиллахгүй болсон. 3.О-ын 2019.12.09-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл нь хоёр дахь удаагийн үйлдэл бөгөөд энэ нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй. Төрийн өмчийн эрүүл мэндийн болон бусад салбарын байгууллагад 25 ба түүнээс дээш жил ажилласан байж нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг авах эрх үүснэ, гэтэл компанийн зүгээс төрийн албанд ажилласан гэдгийг тодорхойлох үндэслэл байхгүй. Хувь хүн өөрөө өөрийгөө төрийн албанд ажилласан, тэтгэмж авна гэж ярих хууль зүйн үндэслэл юм. Төрийн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход шаардагдах хөрөнгийг тухайн байгууллага жил бүр төсөвтөө тусган сангийн яамнаас олгоно гэсэн байдаг гэтэл хувийн компани татварын газар санхүүгийн тайлангаа гаргаж өгдөг. Төрийн албан хаагчийн сарын дундаж цалин хөлсийг буруу тодорхойлох, хуурамч баримт бичиг бүрдүүлэх зэргээр нэг удаагийн буцалтгүй тусламжийн хэмжээг буруу олгосон албан тушаалтанд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан байдал нь З.О нь өөрөө дээрх мөнгөн дүнг авах тухай шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг тодорхойлж байна. Мөн нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно /Төрийн албаны хуулийн 60.1/. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасан байна. Их эмч З.О нь 2016.02.01-ний өдрөөс тэтгэвэрт гарсан учир маргаан үүсгэх үндэслэлгүй хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.9.17-ны өдрийн 101/Ш32019/14271 дүгээр захирамж байгаа учраас нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж, хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье  гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2020/01007 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-д заасныг баримтлан нэхэмжлэгч З.О-ын хариуцагч “Б э” ХХК-д холбогдуулан гаргасан “Мөнгөн тэтгэмж 48,422,509 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар  сарын 08-ны өдрийн 1015 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2020/01007 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч З.О-ын хяналтын журмаар гаргасан гомдолд:  Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний бие Эрүүл мэндийн салбарт, Найрамдлын районы эмнэлэгт хүүхдийн их эмчээр тасралтгүй 36 гаруй жил ажилласан. Баянзүрх дүүргийн эмнэлгийн үйл ажиллагааг Б.Д-Я ахлагчтай менежментийн баг нь цаашид хариуцан ажиллахдаа ажиллагсадтай холбогдох хууль, эрх зүйн актуудыг мөрдөж ажиллахаар тэр дундаа ажиллагсдад үзүүлэх нийгмийн халамжийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн мөрдөхөөр Баянзүрх эмнэлгийн Үйлдвэрчний эвлэлтэй 3 талт хэлэлцээр байгуулсан. Мөн зөвхөн удирдлагын багт удирдах эрхийг олгож үйл ажиллагааг нь эхлүүлэхдээ эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд олгох тэтгэмжийг шийдвэрлэх үүргээ хүлээн зөвшөөрч менежментийн гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд цаашид эмч, ажилчдад тэтгэмж олгохтой холбоотой эрх, үүргийг шилжүүлэн авсан. Тэтгэмжийн асуудлаар тухайн үед эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд олгохгүй гэж Үйлдвэрчний эвлэлтэй тохиролцсон бол бид өөр байгууллагад шилжих бүрэн боломжтой байсан ба тухайн үед тэтгэмж олгох талаар зөвшилцөлд хүрсэн учир цаашид ажилласан. Эмч, эмнэлгийн ажилчдын цаг наргүй ажиллаж ирсний гол баталгаа нь эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас нь тооцож олгох юм. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд З.О намайг өндөр насны тэтгэвэрт гарсан талаар дүгнэлт хийсэн байх боловч шүүхээс шийдвэрлүүлэх нэхэмжлэлийн шаардлага нь юу болох, нэхэмжлэгчийн ямар эрх ашиг хөндөгдсөн, түүнчлэн нэхэмжлэлийн агуулга нь төрийн албанд ажилласан хугацааны тэтгэмж үү, эсхүл гэрээт ажилтны гэрээгээр тохиролцсон тэтгэмж үү гэдэгт дүгнэлт хийлгүйгээр буюу нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад тодруулах үүрэг өгөлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой. Мөн Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Төрийн өмчийн эрүүл мэндийн болон бусад салбарын байгууллагад 25 ба түүнээс дээш жил, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд болон анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас нь тооцож олгох бөгөөд нэг удаагийн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээ, тэтгэмж олгох шалгуур нөхцөлийг Төрийн албаны тухай хуульд заасан журмыг баримтлан тогтооно” гэж заасны эрүүл мэндийн болон бусад салбарт гэсэн зохицуулалт нь нэхэмжлэгч надад хамааралтай гэж үзэж байна. Түүнчлэн анхан шатны шүүх 48,422,509 төгрөгийг ямар тооцооллыг үндэслэн нэхэмжлэл гаргаж байгаа талаар тодруулаагүй, дүгнээгүйд гомдолтой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч З.О “Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан үндэслэлийн дагуу төрийн албанд ажилласан нэг удаагийн мөнгөн тэтгэмж болох 48,422,509 төгрөгийг хариуцагч “Б э” ХХК-аас гаргуулах” гэж нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ тодорхой заасан, уг шаардлагын хүрээнд шүүхүүд хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт “Төрийн өмчийн эрүүл мэндийн болон бусад салбарын байгууллагад 25 ба түүнээс дээш жил, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд болон анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас нь тооцож олгох бөгөөд нэг удаагийн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээ, тэтгэмж олгох шалгуур нөхцөлийг Төрийн албаны тухай хуульд заасан журмыг баримтлан тогтооно” гэсэн нь төрийн өмчийн эрүүл мэндийн болон бусад /төрийн/ салбарын байгууллагад 25 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд буюу төрийн үйлчилгээний албан хаагчид ажил олгогч /төрийн/ байгууллагын төсвөөс олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж гэж ойлгоно /29 дүгээр зүйлийн 29.3/.

Өөрөөр хэлбэл, энэ нь төрийн албан хаагчдад төрд ажилласных нь төлөө өндөр насны тэтгэвэрт гарахад нь өгч буй мөнгөн тусламжийн нэг хэлбэр тул хувийн хэвшлийн байгууллагад ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад уг зохицуулалт хамаарахгүй юм

Шүүхүүдийн дүгнэсэнчлэн, З.О нь Улаанбаатар хотын эрүүлийг хамгаалах газрын харьяа Найрамдлын районы нэгдсэн эмнэлэгт 1982.08.05-ны өдрөөс их эмчээр ажиллаж эхэлсэн, тус эмнэлэг нь 2006.03.20-ны өдөр ХХК болж өөрчлөгдсөн /улсын бүртгэлээр/, нэхэмжлэгч тухайн эмнэлэгтээ үргэлжлүүлэн ажилласаар 2016.02.01-нд өндөр насны тэтгэвэрт гарсан,  энэ үедээ эмнэлгийн дотоод журмын дагуу 3 сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмжийг авсан, үүнээс хойш талууд харилцан зөвшилцсөнийн үндсэн дээр 2019 оны 02 сар хүртэл ажилласан үйл баримт тогтоогджээ.

Дээрхээс үзвэл, хариуцагч байгууллага нь 2006 онд өмчийн хэлбэрээ сольсноор “төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллага” байхаа больж, тус байгууллагад ажиллагсад нь “төрийн үйлчилгээний албан хаагч”-д хамаарахаа больсон гэж үзнэ. Мөн нэхэмжлэгчийн хувьд ч “төрийн өмчийн байгууллагад 25 ба түүнээс дээш жил ажилласан...” гэсэн хуулийн шалгуурыг хангаагүй байна.

Иймд, нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасан тэтгэмжийг авах эрхгүй талаарх шүүхүүдийн дүгнэлт үндэслэлтэй тул “...шүүх З.О намайг өндөр насны тэтгэвэрт гарсан талаар дүгнэлт хийсэн байх боловч шүүхээс шийдвэрлүүлэх нэхэмжлэлийн шаардлага нь юу болох, нэхэмжлэгчийн ямар эрх ашиг хөндөгдсөн, нэхэмжлэлийн агуулга нь төрийн албанд ажилласан хугацааны тэтгэмж үү, эсхүл гэрээт ажилтны гэрээгээр тохиролцсон тэтгэмж үү гэдэгт дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн, Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь зохицуулалт надад хамааралтай...” гэсэн нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй, түүнчлэн шүүх нэхэмжлэлийг нэгэнт хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул “...48,422,509 төгрөгийг ямар тооцооллыг үндэслэн нэхэмжлэл гаргаж байгаа талаар тодруулаагүй, дүгнээгүй...” гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй.

Харин нэхэмжлэгчээс хяналтын гомдолдоо дурдсан “...Баянзүрх дүүргийн эмнэлгийг хувьчилж авсан менежментийн баг нь цаашид хариуцан ажиллахдаа ажиллагсдын нийгмийн халамжийн хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр эмнэлгийн Үйлдвэрчний эвлэлтэй 3 талт хэлэлцээр хийсэн...” гэх үндэслэлээр маргахад, өөрөөр хэлбэл төрийн албан хаагчийн баталгаа гэдэг утгаар бус харин ажил олгогч, ажилчид, Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын хооронд байгуулагдсан гэрээний дагуу шаардах эрхээ хэрэгжүүлэхэд энэхүү тогтоол саад болохгүй гэдгийг дурдах нь зүйтэй.  

Иймээс шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2020/01007 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар  сарын 08-ны өдрийн 1015 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т заасан үндэслэлээр нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.   

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Х.СОНИНБАЯР

                                ШҮҮГЧИД                                                      Г.БАНЗРАГЧ

                                                                                                       П.ЗОЛЗАЯА   

                                                                                                                                                                Д.ЦОЛМОН                                

                                                                                                       Х.ЭРДЭНЭСУВД