Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 349

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат, 

шүүгдэгч Б.Батхуяг, Д.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Доржсүрэнгийн Бат-Эрдэнэ, Бат-Эрдэнийн Батхуяг нарт холбогдох эрүүгийн 201619000781 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1972 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Төв аймгийн Архуст сумын Нарст 2 дугаар баг Ухаагийн 2-08 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Хиад овогт Доржсүрэнгийн Бат-Эрдэнэ /РД:НД72062971/ гэв.

           

            Монгол улсын иргэн, 1998 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Төв  аймгийн Зуунмод суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар хот Барилгын плотехникийн коллежийн Сантехникийн ангийн 1 дүгээр курсын оюутан, ам бүл 3, аав, ээжийн хамт Төв аймгийн Архуст сумын Нарст 2 дугаар баг Ухаагийн 2-08 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Хиад овогт Бат-Эрдэнийн Батхуяг /РД:НД98060518/ гэв.

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Батхуяг нь 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Архуст сумын Нарст 2 дугаар багийн төвд өөрийн гэрт иргэн Уранчимэг овогтой Дашдоржийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ нь 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Архуст сумын Нарст 2 дугаар багийн төвд И.Янжинлхамыг зодож бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирогчтой сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.Батхуяг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Хохирогч У.Дашдорж хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр би хөдөө гэрээс сумын төвд айлд хонох гээд ирсэн. Тэгээд шөнийн 01 цагийн орчимд би сумын төвд Бадмаа эгчийнд унтах гээд хэвтэж байтал Батхуяг Ганаа ах руу байн байн залгаж мөнгө асуугаад байсан тэгээд Ганаа ах намайг энэ мөнгийг аваачаад өгчих гээд надаар 5000 төгрөг өгч явуулсан. Би тэр мөнгийг нь Батхуягийн гэрт аваачиж өгтөл тэднийд Хуланхүү, Доржпүрэв, Одбаатар, Болдхуяг нар 3 ширхэг 2,5 литрийн хүрэн савтай Нийслэл пиво уучихсан сүүлийнхийг нь уугаад сууж байсан. Тэгээд Батхуяг Болдхуяг бид гурав хамт дэлгүүр орж тамхи авах гээд дэлгүүр онгойлгож чадалгүй буцаж ирсэн. Тэгээд Батхуягийн гэрийн үүдэнд ирээд зогстол Батхуяг шууд машины түлхүүр сугалж авахаар нь би орохоос өөр аргагүй болоод хамт ороод байж байтал Болдхуяг над руу “чи ер нь дандаа л хөгшөөн гэж ярих юм аа чи ер нь хэдэн оных юм” гэхээр нь би “би 1994 оных ингэж сурчихсан юм өө” гэчихээд би орон дээр сууж байтал тэд нар хоорондоо морь мал ярьцгаагаад байж байгаад Батхуяг гэнэт босч ирсэнээ “чи их даам юм аа, чи адуу маланд яваад их том байна лээ чи хэнд адуу мал хариулахыг заагаад байгаа юм бэ” гээд миний толгой хэсэг рүү нэг цохиход нь би ор луу хэвтчихсэн гэтэл ахиад толгой хэсэг рүү цохихоор нь би нүүрээ дараад хэвтээд байсан дараагаар нь намайг үсдэж босгож ирээд миний цээж рүү нэг удаа хэвлий хэсэг рүү 2 удаа цохиж мөн гараараа хамар луу цохиж миний хамраас цус гаргасан. Тэгээд би төд удалгүй тэднийхээс гараад Бадмаа эгчийнд очоод амарсан. Батхуяг намайг хүнтэй илбээгүй. Батхуягаас өөр хүн намайг цохиж зодоогүй. Үгүй би нэг ч удаа цохиогүй. Батхуягийнд тэд нар хоорондоо морь мал ярьцгааж байгаад гэнэт Батхуяг над руу “чи муу адуу малд яваад их том байна лээ, их даам байна лээ. Чи ер нь хэнд адуу мал хариулахыг заагаад байгаа юм” гээд над руу томроод намайг зодсон. Эхлээд миний толгой хэсэг рүү гурваас дөрвөн удаа цохихоор нь би орон дээр хэвттэл миний үснээс зулгаан намайг босгож миний цээжин хэсэг рүү 1 удаа хэвлий хэсэг рүү 2 удаа өшиглөсөн харин сүүлд нь миний хамар луу гараараа нэг удаа цохиж цус гаргасан. Өөр ямар нэгэн зүйлээр цохиж зодоогүй. ..Батхуяг найзуудтайгаа пиво ууж согтсон байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. .. Би гомдолтой байна. Батхуяг надад 3 хоногийн тарианы мөнгө, толгойны зураг авахуулахад нийт 210 000 /хоёр зуун арван мянга/-н төгрөг өгсөн.  Одоогоор миний бодит хохирол эмчилгээний зардал 250 000 /хоёр зуун тавь/ орчим мянган төгрөг болж байна. Цаашид би эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэсэн учир би 3000 000 /гурван сая/ төгрөг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг \хх-25 тал\

           

Хохирогч И.Янжинлхам хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр манайд Улаанбаатар хотоос манай хамаатны 4 хүн ирээд манайх олуулаа болсон тэгэхээр нь орой 20 цагийн орчимд манай хөдөө гэрээс манай дүү Дашдорж, Батхуяг, Ганбаяр нар сумын төв рүү орж хонох гээд ярьцгаасан. Тэгтэл маргааш өглөө нь 09 цагийн орчимд Дашдорж, Ганбаяр хоёр сумын төвөөс ирцгээсэн тухайн үед Дашдоржийн хамар хавдаж нүд нь хөхөрчихсөн байхаар нь асуутал “Батхуягт зодуулсан” гэж байсан тэгээд Дашдорж хэвтэж байгаад 14 цагийн орчимд гадаа гарч шар ногоон өнгийн зүйлээр бөөлжөөд босохдоо газар оочихоор нь би түшин босгоод гэртт оруулан за ямар ч байсан сумын төвийн эмнэлэг орж үзүүлье гэж бодоод өөрийнхөө 6 настай хүүтэйгээ Дашдоржийг аваад сум ороод хадам аавынд хүүхдээ үлдээгээд эмнэлэг орох санаатай хадам аавын гэрт ортол Батхуяг болон түүний найз Одбаатар хадам ах Бат-Эрдэнэ, хадам аав Доржсүрэн, хадам ээж Нямхүү нар байхаар нь би Батхуяг руу “чи ер нь яасан гэж хүүхэд зодож байгаа юм бэ? чамд манай дүү ямар гэм хийсэн юм бэ? манайд чамаас илүү Дашдорж тусалдаг юм” гээд хэдэн үг хэлээд Батхуягийг загнатал түүний аав Бат-Эрдэнэ “чи муу юу гээд байгаа юм бэ” гээд миний зүүн талы гарын булчин хэсэг рүү цохихоор нь  хадам ээж маань Бат-Эрдэнэ ахыг хорьсон тэгээд би гүйн гарах гэтэл хадам ээж намайг налж зогсож байгаад миний эрчинд газар унахаар нь би түүнийг босгох  гэтэл Бат-Эрдэнэ ах “чи ээжийг түлхэж унагаалаа” гээд модон сандлаар дахин миний толгой хэсэг рүү цохиж мөн миний зүүн талын шилбэ, гуя хэсэг рүү нэг, нэг удаа өшиглөсөн. Тэгээд тэр өдөр Дашдорж, хадам ах Бат-Эрдэнэ бид 3 Улаанбаатар хот руу явж Гэмтлийн эмнэлэгт очин Дашдоржийг үзүүлэхэд түүнийг хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэж үзэн Гавал тархины гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн. .. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй хадам ах Бат-Эрдэнэ миний биеийг байнга асууж надаас чин сэтгэлээсээ уучлалт гуйж надад санаа тавьж байсан мөн надад эм аваарай гээд 20000 төгрөг өгч байсан. Би гомдолгүй” гэсэн мэдүүлэг /хх-27-28 тал/,  

           

            - И.Янжинлхамын Төв аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-08 тал/,

 

            - Төв аймгийн Засаг даргын дэргэдэх Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №538 дугаар шүүх эмнэлгийн үзлэг хийсэн актанд:

            1. У.Дашдоржийн биед тархины доргилт, хоёр зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сарниулахгүй гэжээ. /хх-30 тал/,

 

- Төв аймгийн Засаг даргын дэргэдэх Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №528 дугаар шүүх эмнэлгийн үзлэг хийсэн актанд:

1. И.Янжинлхамын биед тархи доргилт, зүүн бугалга, зүүн шилбэ, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сарниулахгүй гэжээ /хх-37 тал/,

           

- шүүгдэгч Б.Батхуягийг 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр сэжигтнээр /хх-50-51 тал/, 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр яллагдагчаар /хх-53 тал/ байцаасан тэмдэглэл,

 

- шүүгдэгч Д.Бат-Эрдэнийг 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр сэжигтнээр /хх-55 тал/, 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр яллагдагчаар /хх-57 тал/ байцаасан тэмдэглэл,

 

- шүүгдэгч Б.Батхуягийн ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад “ял шийтгэл үгүй” гэх лавлагаа /хх-62 тал/,

 

- шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад “ял шийтгэл үгүй” гэх лавлагаа /хх-66 тал/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Шүүгдэгч Шүүгдэгч Б.Батхуяг нь 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Архуст сумын Нарст 2 дугаар багийн төвд өөрийн гэрт иргэн Уранчимэг овогтой Дашдоржийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ нь 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Архуст сумын Нарст 2 дугаар багийн төвд И.Янжинлхамыг зодож бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь: хохирогч И.Янжинлхам, У.Дашдорж нарын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэг, Төв аймгийн Засаг даргын дэргэдэх Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №538 дугаар шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №528 дугаар шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт, шүүгдэгч Б.Батхуяг, Д.Бат-Эрдэнэ нарын хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хэм хэмжээний хүрээнд цуглуулж бэхжүүлж авсан хууль ёсны нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Батхуяг, Д.Бат-Эрдэнэ нарыг Монгол улсын Эрүүгийн хуулийн 99 дугаар зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нар сайн дураараа эвлэрсэн тухайгаа бичгээр илэрхийлж шүүхэд өгсөн байна.

 

            Шүүгдэгч Б.Батхуяг, Д.Бат-Эрдэнэ нарт холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар  хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт  хэргийг  хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Хохирогч, шүүгдэгч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар эвлэрч байх тул хэргийг “хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн” гэх үндэслэлээр шүүгдэгч Б.Батхуяг, Д.Бат-Эрдэнэ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

           

            Хохирлын талаар:

            Хохирогч И.Янжинлхам, У.Дашдорж нар нь  “хохирлоо бүрэн барагдуулж авсан, одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй” гэх 4 хуудас эвлэрлийн гэрээг шүүх хуралдаанд бичгээр ирүүлсэн байх тул шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна.

 

            Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 289, 293, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Хиад овогт Бат-Эрдэнийн Батхуяг, Хиад овогт Доржсүрэнгийн Бат-Эрдэнэ нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар Б.Батхуяг, Д.Бат-Эрдэнэ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Г Б.Батхуяг, Д.Бат-Эрдэнэ нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Д.Бат-Эрдэнэд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ, Б.Батхуягт авсан оршин суугаа газраас гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

 

 5.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд­ гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Бат-Эрдэнэд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ, Б.Батхуягт оршин суугаа газраас гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ц.ОТГОНЖАРГАЛ