Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2580

 

 

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2017/02580

 

 

Ш.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2017/02835 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ш.Бийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Б, Г.Г нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 34 120 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагч Г.Г болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Н.Бэрхсайхан

Хариуцагч: Г.Г

Хариуцагч Г.Гын өмгөөлөгч: Г.Тунгалаг

Хариуцагч: Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Хүслэн Жамц” ХХК-ийн барьцаат зээлийн үйлчилгээ ажиллуулдаг.  Г.Г, Б.Б нар нь 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ирж 21 000 000 төгрөгийг зээлж авсан.

Г.Г, Б.Б нар нь надаас зээлсэн 21 000 000 төгрөгийг 56 000 000 төгрөг болгон буцааж өгнө гэж амаар тохирсон тул 56 000 000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан, гэхдээ анх өгсөн 21 000 000 төгрөгийг нэхэмжилж байна.

Үүнээс 5 000 000 төгрөгийг нь хариуцагч Б.Б надад буцаан төлсөн. Иймд хариуцагч нараас 21 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Мөн хариуцагч Б.Б нь манай “Хүслэн Жамц” ХХК-ийн барьцаат зээлийн газраас 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 10 хоногийн хугацаатай 1 000 000 төгрөгийг 80 000 төгрөгийн хүүтэй, 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 17 хоногийн хугацаатай 500 000 төгрөгийг 80 000 төгрөгийн хүүтэй тус тус зээлж авсан. Уг үндсэн зээл болон хүү төлөөгүй байгаа тул үндсэн зээл 1 500 000 төгрөг, хүү 160 000 төгрөг, алданги 10 920 000 төгрөг, нийт 12 580 000 төгрөгийг хариуцагч Б.Боос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Г бид хоёр 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Ш.Бөөс 21 000 000 төгрөгөөс  20 700 000 төгрөгийг 56 000 000 төгрөг болгож өгөхөөр зээлж авсан нь үнэн.

Учир нь уг мөнгөөр тендерийн ажил авч, уг ажлаас 100 000 000 төгрөгийн цэвэр ашиг олох боломжтой байсан. Уг 120 000 000 төгрөгийн 56 000 000 төгрөгийг Ш.Б, үлдсэн 44 000 000 төгрөгийг Г.Г бид 2 хувааж авах байсан. Мөн миний бие 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 10 хоногийн хугацаатай 1 000 000 төгрөгийг 80 000 төгрөгийн хүүтэй, 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 17 хоногийн хугацаатай 500 000 төгрөгийг 80 000 төгрөгийн хүүтэй түүний “Хүслэн Жамц” ХХК-иас зээлж авсан нь үнэн.

Гэвч бид 2 Б.Боос авсан мөнгийг тендер олж өгөх Жон гэдэг хүнд бэлнээр өгсөн боловч тэрээр Украйн улсын иргэн байсан тул мөнгийг аваад нутаг буцсан. Миний бие 5 000 000 төгрөгийг Ш.Бөд буцааж өгсөн. Миний бие 16 500 000 төгрөгийг төлөх боломжтой, үлдэх төлбөрийг төлөх үндэслэлгүй гэжээ.

 

Хариуцагч Г.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Б.Бтой уулзахад “ажил авсан, урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна” гэсэн тул бид Ш.Бтэй уулзаж, зээлийн гэрээнд бид гурав гарын үсэг зурж, бэлнээр 20 700 000 төгрөгийг авсан боловч энэ мөнгөнөөс миний бие нэг ч төгрөгийг авч хэрэглээгүй.

Уг мөнгийг Б.Бийн танил гэх нэг хүнд аваачиж өгсөн. Б.Б, Ш.Б нарын хооронд өгч, авалцсан 1 500 000 төгрөгийн асуудлыг би мэдэхгүй. Миний бие нэхэмжлэлийн шаардлагаас 300 000 төгрөгийг төлөх боломжтой гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Г.Гаас 10 350 000 төгрөг, хариуцагч Б.Боос 5 350 000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ш.Бөд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17 880 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2,  57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 332 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Гаас улсын тэмдэгтийн хураамжинд 180 550 төгрөг, хариуцагч Б.Боос улсын тэмдэгтийн хураамжинд 100 550 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Г.Г болон түүний өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх шийдвэр гаргахдаа хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлж чадааагүй учраас үндэслэл бүхий дүгнэлт хийж чадсангүй гэж үзэж гомдолтой байна.

Хариуцагчаар татагдсан иргэн Г.Г би хууль эрх зүйн мэдлэг дулимаг улмаас өөрийн тайлбараа нотлох бичгэн баримтыг цуглуулж шүүхэд гаргаж өгч чадаагүй, мөн мэргэжлийн хуульчид хандах эрхээ эдлээгүй, хууль зүйн зөвлөлгөө авч чадалгүй мэтгэлцээнд оролцсон буруутай тал байгааг үгүйсгэхгүй.

Шүүх нь нэхэмжлэгчээс хамтран хариуцагч нараас хэнээс нь хэдэн төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгааг тодруулалгүйгээр асуудлыг шийдвэрлэсэн.

Хэрэв тийнхүү тодруулсан бол, нэхэмжлэгч Ш.Б нь энэ 21 000 000 төгрөгийн авлагын асуудлаар 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр цагдаагийн хэлтэст хандан, иргэн Б.Бт залилуулж хохирлоо гэх асуудлаар хэрэг үүсгүүлэн шалгуулж, улмаар яллагдагч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Ш.Бөд итгэл төрүүлэн мэхэлж 21 000 000 төгрөгийг авч үлэмж хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоогоод, харин учруулсан хохирлоо барагдуулна гэснийг тэмдэглэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бөгөөд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Золзаяагийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2813 тоот тогтоол гарсан тухай асуудал болон мөн энэ хэрэгт Г.Г нь гэрчээр оролцсон тухай асуудал тодрох боломжтой байсан болно.

Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч Б.Боос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах бус харин эрүүгийн хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нэхэмжлэх ёстой үйл баримтаа нууж, шүүхэд шударга мэдүүлэг, тайлбар гаргах үүргээ зөрчсөн. Энэ нөхцөл байдал шүүхэд дүгнэгдэж чадсангүй, учир дутагдалтай боллоо.

Хариуцагч Б.Б нь “...20 700 000 төгрөгийг авсан, 5 000 000 төгрөгийг буцааж төлсөн. Тиймээс 16 500 000 төгрөгийг төлөх боломжтой..." гэж өөрийн хүлээх үүргийн хэмжээг тодорхойлж байгааг шүүх анхааран үзсэнгүй. Хариуцагч нар хэн нь хэдийг хариуцан төлөхөө тохиролцон тогтоож буй шинж чанартай энэ тайлбарыг шүүх үнэлэлгүй орхигдууллаа.

Миний бие Ш.Бөөс Б.Бтой хамт гарын үсэг зурж авсан 21 000 000 төгрөгөөс 300 000 төгрөгийг авч хэрэглэсэн ба энэ мөнгийг төлөх боломжтой гэж тайлбарласныг нэхэмжлэгч болон хамтран хариуцагч нар ямар нэгэн байдлаар үгүйсгээгүй, маргаагүй байхад шүүх биднийг төлбөрийн хэмжээний талаар тохиролцоогүй гэж үзэж өрийг тэнцүү хувааж шийдвэрлэсэн нь буруу боллоо.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, бидний тохиролцсон хэмжээгээр буюу 300 000 төгрөгийн хэмжээнд төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч Б.Б, Г.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 34 120 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

            2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч нараас 21 000 000 төгрөг, хариуцагч Б.Боос 12 580 000 төгрөг, үлдэх мөнгийг Г.Гаас гаргуулах гэж тодорхойлж, шүүхэд гаргасан 34 120 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 33 580 000 төгрөг болгожээ.

 

            Хариуцагч Б.Б нь 20 700 000 төгрөг төлөхөөс 5 000 000 төгрөгийг төлсөн гэж, хариуцагч Г.Г нь уг мөнгөн хөрөнгөөс хэрэглэсэн 300 000 төгрөг төлөхийг зөвшөөрч үлдэх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргажээ.

 

            Нэхэмжлэгч нь хариуцагч нартай 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 56 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, хүүгүй зээлэх тухай зээлийн гэрээ байгуулсан ба хариуцагч нарт 20 700 000 төгрөгийг бодитоор шилжүүлэн өгсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, талуудын хооронд 20 700 000 төгрөгийн хэмжээнд зээлийн гэрээний харилцаа үүссэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж зөв дүгнэжээ. 

 

            Мөнгөн хөрөнгийг хариуцагч Б.Б хүлээн авсан ба энэ нь хамтран үүрэг гүйцэтгэгч болох Г.Гын зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

Гэрээгээр хамтран хариуцагч нарын үүргийн хэмжээ тодорхойгүй байгаа тохиолдолд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч нарын үүрэг тэнцүү гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй болно.

 

            Иймд хариуцагч Г.Гаас 10 350 000 төгрөг, хариуцагч Б.Боос гэрээний үүрэгт төлсөн 5 000 000 төгрөгийг хасч тооцон 5 350 000 төгрөг /10 350 000- 5 000 000/-ийг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв байна.

 

            Харин Б.Боос зээлийн үүргийг шаардсан шаардлагын үндэслэл болон 2015 оны 05 дугаар сарын 08, 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний зээлдэгч тал нь “Хүслэн жамц” ХХК байх тул нэхэмжлэгч Ш.Б нь шаардах эрхгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцжээ.

 

            Хариуцагч Г.Гад анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарласан, тэрээр эрх зүйн туслалцаа авах боломжтой байсан боловч эрхээ эдлээгүйг хууль мэдэхгүй гэх үндэслэлээр зөвтгөх боломжгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг анхан шатны шүүх зөрчөөгүй байна.

 

            Иймд хариуцагч Г.Г болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

   1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2017/02835 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г.Гын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Г давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 180 550 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД                                                   Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА