Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 123

 

Иргэн А.Отгонбаатар, Ж.Баярсайхан

Э.Бүрэнтөгс нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч А.Отгонбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цагаанбаяр, өмгөөлөгч Ж.Тэгшмандал, нэхэмжлэгч  Ж.Баярсайхан, Э.Бүрэнтөгс нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагиймаа, өмгөөлөгч Т.Баясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчулуун, түүний өмгөөлөгч О.Баясгалан нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1035 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2017/0088 дугаар магадлалтай, А.Отгонбаатар, Ж.Баярсайхан, Э.Бүрэнтөгс нарын нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1035 дугаар шийдвэрээр Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 27 дугаар зүйлийн 27.2, 103 дугаар зүйлийн 103.1, 103.5, 161 дүгээр зүйлийн 161.1, 161.3, 161.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Отгонбаатар, Ж.Баярсайхан, Э.Бүрэнтөгс нарын “Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 12 дугаар хорооны 34 дүгээр хэсэг, 13 дугаар хорооны 35 дугаар хэсгийн санал хураалтыг хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 20 дугаар тогтоолын 12, 13 дугаар тойрогт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, эдгээр тойрогт дахин сонгууль явуулахыг Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороонд даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2017/0088 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

Хариуцагч Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчулуун хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Ж.Баярсайхан, Э.Бүрэнтөгс нараас “дүүргийн Сонгуулийн хорооны 12, 13 дугаар хэсэгт явуулсан санал хураалтыг...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон байх ба ...Сонгуулийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.11 дэх хэсэг зөрчигдсөн гэсэнтэй холбоотой үйл баримтыг тодруулаагүй, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн эсэх талаарх нэхэмжлэлийн үндэслэлийг гүйцэд тодруулаагүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэжээ. Гэтэл давж заалдах шатны шүүхийн тодорхойлоод байгаа нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэл болон анхан шатны шүүхийн шийдвэрт туссан байдлаараа Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 20 дугаар “Сонгуулийн дүнг гаргах тухай” тогтоолын 12, 13 дугаар тойрогт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, эдгээр тойрогт дахин сонгууль явуулахыг Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороонд даалгах гэж тодорхойлсон. Давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тусгалгүй, таслан авч дүгнэлт хийж нэхэмжлэлийн үндэслэл тодруулаагүй гэж дүгнэлээ. Нэхэмжлэлийн шаардлагыг харвал Хан-Уул дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 20 дугаар “Сонгуулийн дүнг гаргах тухай” тогтоолын 12, 13 дугаар тойрогт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, эдгээр тойрогт дахин сонгууль явуулахыг даалгах” гэсэн байх бөгөөд энэхүү тогтоол нь Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо сонгуулийн дүнг тав хоногт багтаан хуралдаанаараа хэлэлцэж, орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөл боловсруулж шинээр сонгогдсон аймаг, нийслэл, сум, дүүргийн хуралд өргөн мэдүүлж, энэ тухай Сонгуулийн ерөнхий хороо болон нийтэд долоо хоногийн дотор тус тус мэдээлнэ” гэсэн үүргээ биелүүлж дүүргийн сонгуулийн хорооноос гаргасан шийдвэр юм. Энэ шийдвэрээр нэхэмжлэгч нарын маргаад буй цэргийн ангийн алба хаагчдыг сонгууль өгүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэр биш юм. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэлийг бүрэн гүйцэд  тодруулж хэргээ шийдвэрлэсэн болно. Хан-Уул дүүргийн сонгуулийн маргаан бүхий хэсгүүдэд ямар байгууллага, албан тушаалтны шийдвэрийн дагуу сонгогчдын нэрийн жагсаалтад зэвсэгт хүчний 120, 326 дугаар цэргийн ангийн албан хаагчдыг оролцуулах болсон, дүүргийн Сонгуулийн хорооноос ямар шалтгааны улмаас дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд хандаж дээрх цэргийн ангиудыг сонгуульд оролцуулахаар хүсэлт гаргаж байсантай холбоотой үйл баримтуудыг тодруулах ... гэжээ. Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороонд Сонгуулийн тухай хуулийн 34, 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтаар сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, түүнд засвар оруулах эрх олгогдоогүй юм. Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэр, төвийг зарлах эрхтэй ч тэдэнд өөрийн нутаг дэвсгэрээс цэргийн ангийг хасах эрх хэмжээ хуулиар олгогдоогүй юм. Сонгуулийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэн үйлдэхээр заасан бөгөөд улсын бүртгэлийн байгууллагаас ирсэн сонгогчийн нэрийн жагсаалтын дагуу сонгогчийн саналыг өгүүлсэн. Сонгуулийн санал хураалт явагдсан 2016 оны 10 сарын 19-ний өдөр сонгогчийн нэрийн жагсаалттай холбоотой гомдол гараагүй. Нэхэмжлэгч нар анхан шатны шүүхэд хэрэг нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж улсын бүртгэлийн байгууллагыг хариуцагчаар татсан нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд түүнд гомдол гаргаагүй болно. Дээрх байдлаас Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороо сонгогчийн нэрийн жагсаалт үйлдсэн, түүнд өөрчлөлт оруулсан ямар нэгэн шийдвэр гаргаагүй бөгөөд энэ талаарч нэхэмжлэгч нар маргаагүй юм. Нэхэмжлэгч нар Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолыг биелүүлэхгүй зэвсэгт хүчний 120, 326 дугаар цэргийн ангийн албан хаагчдын саналыг нэмж өгүүлсэн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ гаргадаг. Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороонд сонгогчийн санал авах, тоолох ажлыг эрхлэн явуулах эрхийг Сонгуулийн тухай хуулиар олгоогүй. Энэ эрх Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар хэсэгт санал авах, тоолох ажлыг зохион байгуулах нэгжид байдаг. Хан-Уул дүүргийн сонгуулийн 12, 13 дугаар хэсгийн санал авах байранд санал хураалт явагдсан 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр сонгогчийн нэрийн жагсаалттай холбоотой гомдол гараагүй бөгөөд санал авах ажиллагаа Сонгуулийн тухай хуулийн 89 дүгээр зүйлд заасны дагуу явагдсан. Маргаж буй дугаар ангийн цэргийн алба хаагч нар сонгогчийн нэрийн жагсаалтад нэр бичигдсэн байсны дагуу саналын хуудсаа авч саналаа өгсөн. Сонгуулийн байгууллагад сонгогчийн нэрийн жагсаалтад багтсан хэнийг ч санал өгүүлэх үүрэгтэй бөгөөд санал өгүүлэхээс татгалзах эрх хуулиар олгогдоогүй болно. Нэхэмжлэгч нарын маргаад эрх, хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчсөн шийдвэр, үйлдлийг сонгуулийн аль ч шатны байгууллагаас гаргаагүй, хариуцагчийг сонгогчийн нэрийн жагсаалт үйлдсэн, өөрчлөлт оруулсан гэж маргаагүй учраас нэрийн жагсаалтыг хэн үйлдсэн болохыг тодруулах шаардлагагүй болно. Нэхэмжлэгч нараас маргаж буй үндэслэлээс өөр үндэслэлээр дүгнэлт хийсэн гэжээ. Нэхэмжлэгч нар Хан-Уул дүүргийн Сонгуулийн 12 дугаар хорооны 33, 34 дүгээр хэсгүүдэд цэргийн ангийг нэмж санал өгүүлснээс эрх, хууль ёсны ашиг нь зөрчигдсөн гэж тайлбарласан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд анхан шатны шүүх сонгогчдын нэрийн жагсаалтад орсон цэргийн алба хаагчид санал өгсөн, сонгогч хөндлөнгийн нөлөөгүйгээр хүсэл зоригоо илэрхийлж, саналаа нууцаар гаргасан нь сонгуулийн дүнд нөлөөлөөгүй гэж шүүхийн үндэслэх хэсэгтээ дүгнэсэн. Дээрх нөхцөл байдлаас харвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан “...ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах” үүргээ хангалттай биелүүлээгүй байна гэж хуулийг буруу тайлбарлан дүгнэлт хийсэн нь харагдана. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг бүрэн цуглуулсан байхад давж заалдах шатны шүүхээс нэмэлт баримт цуглуулах шаардлагатай гэж хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-т заасантай нийцээгүй байна.

Нэхэмжлэгч А.Отгонбаатар, Ж.Баярсайхан, Э.Бүрэнтөгс нар нэхэмжлэлийн үндэслэлээ “Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрладаг Зэвсэгт хүчний 120, 326 дугаар ангийг тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэрт хамааруулаагүй байхад түр хугацаагаар оршин сууж байгаа  цэргүүдийг сонгуульд оролцуулан, сонгуулийн дүнд ноцтой нөлөөлсөн” гэж тайлбарлан, 12, 13 дугаар тойргийн хэсэгт явуулсан санал хураалтыг хүчингүй болгуулах, дахин санал хураалт явуулахыг даалгах, нэр дэвшигчдэд төлөөлөгчийн түр үнэмлэх олгосон Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 20 дугаар тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн сонгуулийн хороонд холбогдуулан гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид Сонгуулийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг үндэслэн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/49 дүгээр тогтоолоор сонгуулийн 46 хэсгийг байгуулж, сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэр, төвийг баталсан байх бөгөөд үүнд Зэвсэгт хүчний 120, 326 дугаар анги тусгагдаагүй байна.

Сонгуулийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.11, 61.12.3 дахь заалтаас үзэхэд цэргийн алба хааж байгаа сонгогч тухайн цэргийн анги, нэгтгэл хамаарч байгаа хэсэгт санал өгөх хууль зүйн боломжтой, эдгээр сонгогчийг улсын бүртгэлийн байгууллага “Сонгогчдын нэрийн жагсаалт”-д нэмж бүртгэн хуульд заасан хугацаанд сонгуулийн хороонд хүргүүлэх үүрэгтэй боловч 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр буюу хугацааг хэтрүүлэн хүргүүлсэн нь баримтаар нотлогджээ.

Ийнхүү улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага цэргийн алба хааж байгаа сонгогчдыг нэмж бүртгэсэн “Сонгогчдын нэрийн жагсаалт”-ыг хуульд заасан хугацаанд хүргүүлээгүй нь Үндсэн хуульд заасан “сонгогчдын сонгуульд оролцох, санал өгөх эрх”-ийг хязгаарлах үндэслэл болохгүй тул Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороо тухайн сонгогчдыг сонгуульд оролцуулан, санал хураалтыг явуулсан нь Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.4-т заасан “...иргэний сонгох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглох, сонгуульд ялгаварлагдахгүйгээр оролцох, ...” зарчимд нийцсэн байна.

Мөн Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдыг Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 12, 13 дугаар тойргийн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтад нэмж бүртгэн, сонгуульд оролцох эрхийг хангасны улмаас нэхэмжлэгч нарын “сонгогдох эрх” зөрчигдсөн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд хамааралтай нотлох баримтыг бүрэн цуглуулж, маргааны үйл баримтад Сонгуулийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, “Улсын бүртгэлийн байгууллагаас 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүргүүлсэн сонгогчдын нэрийн жагсаалт ямар байдлаар үйлдэгдсэн, үүнээс 10 дугаар сарын 17-ны өдрийн нэрийн жагсаалт өөрчлөгдсөн эсэх” баримт хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байх тул магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2017/0088 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1035 дугаар шийдвэр хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                       ШҮҮГЧ                                                                    Х.БАТСҮРЭН