Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2016/0527

 

 

 

 

 

 

2016 оны 8 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2016/0527

Улаанбаатар хот

 

 

 “Дайчин сүх” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч “Дайчин сүх” ХХК-ийн захирал Б.Нацагдорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одонтунгалаг, Ш.Нямдулам, гуравдагч этгээд “Хараацайн жигүүр” ХХК-ийн өмгөөлөгч Л.Мөнхсайхан нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 298 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Зам, тээврийн яам, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Нямдулам, Э.Одонтунгалаг, П.Наранцэцэг, гуравдагч этгээд “Хараацайн жигүүр” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одонбаяр нарын гаргасан давж заалдах гомдлоор “Дайчин сүх” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Зам, тээврийн яам, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-т холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “Дайчин сүх” ХХК-ийн захирал Б.Нацагдорж 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“...Зам, тээврийн сайдын 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 01/1689 тоот актын өөрт холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх”-ийг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 298 дугаар шийдвэрээр:

“Автотээврийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Дайчинсүх” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, Монгол Улсын Зам, тээврийн сайдын 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 01/1689 дүгээр албан бичгийн “Дайчин сүх” ХХК-д холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрсүгэй” гэж шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагч Зам, тээврийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Нямдулам, Э.Оюунтунгалаг, П.Наранцэцэг нар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 298 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “...“Дайчин сүх” ХХК болон “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ хоёрын хооронд байгуулсан гэрээ цуцлагдаагүй, дуусгавар болоогүй, хүчин төгөлдөр байхад Зам, тээврийн сайд 2015 оны 19 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 1/1689 дүгээр “Чиглэл өгөх тухай” захиргааны актыг “Дайчин сүх” ХХК-д мэдэгдэлгүйгээр гаргаж, цагийн давтамжийг 50:50 хувийн харьцаагаар 3 сарын хугацаанд гуравдагч этгээд 2 аж ахуйн нэгжүүдэд хувиарлан олгож байгаа нь “Дайчин сүх” ХХК-ийг гэрээгээр тохирсон чиглэлд зорчигч тээврийн автобус явуулах боломжгүй болгож компанийн хууль ёсны эрх ашгийг зөрчихөд хүргэжээ” гэжээ.

2014 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаас Улаанбаатар чиглэлд хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд явж байсан “Дайчин сүх” ХХК-ийн СҮ0522 улсын дугаартай “Аэро сити” маркийн том оврын автобус зам тээврийн ноцтой осол гаргаж 7 хүний амь насыг хохироосон. Ослын дараа авах шуурхай арга хэмжээний хүрээнд “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь 2014 оны 6 дугаар сарын 23-ний өдрийн 1/795 дугаарын албан бичгээр холбогдох хууль хяналтын байгууллагын эцсийн дүгнэлт гарах хүртэл үйл ажиллагааг түр зогсоох мэдэгдэл өгсөн байдаг.

Түр түдгэлзүүлсэн хугацаанд “Хараацайн жигүүр” ХХК тээвэрлэлтийг дангаараа гүйцэтгэж байсан бөгөөд “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас “Дайчин сүх” ХХК-ийн үйл ажиллагааг 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлүүлэх шийдвэрийг 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1/1536 тоот албан бичгээр шийдсэн байсан боловч, Зам, тээврийн сайдын 2015 оны 19 дүгээр тушаалаар байгуулагдсан “Ажлын хэсэг” ажиллах үеэр “Дайчин сүх” ХХК нь тээвэрлэлтийн үйл ажиллагааг огт эрхлээгүй байсан.

Энэ талаар “...“Дайчин сүх” ХХК-иас тодруулга авалгүй тухайн компанийн тээвэрлэлтийг тухайн ажлын хэсгийн шийдвэрээр зогсоосон” гэж анхан шатны шүүхээс үзэж, хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Зам, тээврийн сайдын 2015 оны 19 дүгээр тушаалаар байгуулагдсан “Ажлын хэсэг” нь тээвэрлэлт гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж “Дүгнэлт” гаргасан бөгөөд уг ажлын хэсгийн дарга нь яамны удирдлагуудад биечлэн танилцуулж, сайдаас 2015 оны 01/1689 дүгээр албан бичгээр “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т зорчигч тээвэрлэлтийн зохицуулалт, зохион байгуулалтын талаар үйл ажиллагааны чиглэл өгсөн.

Энэ нь Зам, тээврийн сайдаас Автотээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4-д “тээвэрлэлтийн үйл ажиллагаа, тээврийн хэрэгслийн техник ашиглалтын талаар нийтлэг мөрдөх дүрэм, журам, норм, нормативыг батлах, тэдгээрийн биелэлтийг хангуулах”, 6.1.10-д “улс хоорондын зорчигч болон ачаа тээвэр, нийтийн тээвэр, шуудан, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээ болон автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх ажлыг зохион байгуулах” гэж хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд 2015 оны 1/1689 дүгээр албан бичгээр “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-т чиглэл өгсөн юм.

Ийнхүү уг албан бичигт “Дайчин сүх” ХХК-ийн гэрээ цуцлах тухай огт дурдаагүй байхад анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...“Дайчин сүх” ХХК-ийг гэрээгээр тохирсон чиглэлд зорчигч тээврийн автобус явуулах боломжгүй болгож компанийн хууль ёсны эрх ашгийг зөрчихөд хүргэжээ” мөн “...Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5-д “хууль бус үйлдэл, эс үйлдэхүй үйлдэхийг шаардсан...” гэж тус тус дүгнэсэн нь хуулийн үндэслэлгүй, ойлгомжгүй байна.

Нөгөө талаар Зам, тээврийн сайдын 2014 оны 4 дүгээр сарын 24-ний 01/1689 дүгээр албан бичгийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн бөгөөд уг албан тоотыг “Дайчин сүх” ХХК-д хүргүүлээгүй ч Зам, тээврийн яамнаас тухайн компанийн тээвэрлэлтийг эхлүүлэх боломжтой талаар “Дайчин сүх” ХХК-д тусгайлан хандаж 2015 оны 5 дугаар сарын 13-ний өдрийн 06/2024 дүгээр албан бичиг хүргүүлсэн.

Энэхүү Зам, тээврийн яамны 2015 оны 5 дугаар сарын 13-ний өдрийн 06/2024 дүгээр албан бичигт “Дайчин сүх” ХХК-ийн үйл ажиллагааны зөрчил дутагдлыг 4 заалтаар тодорхой дурдаж Зам, тээврийн сайдын 2015 оны 19 дүгээр тушаалаар байгуулагдсан “Ажлын хэсэг”-ийн дүгнэлтийн хамт хүргүүлсэн ба зөрчил дутагдлыг арилгаж, тээвэрлэлт гүйцэтгэх хүсэлт ирүүлбэл асуудлыг эргэн авч үзэх боломжтой тухай дурдсан болно.

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас “Дайчин сүх” ХХК-д ЗТГ/023-2014 тоот “Хот хоорондын зорчигч тээвэрлэлт гүйцэтгүүлэх гэрээ”-г дүгнэх талаар албан бичиг хүргүүлсэн боловч уг компани гэрээний хүчин төгөлдөр байх хугацаанд /2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх/ зөрчил дутагдлаа арилгах чиглэлээр хийсэн ажлын тайлан гаргаж ирүүлээгүй буюу тээвэрлэлтийн гэрээг хамтран дүгнэх талаар ажиллаагүй болохыг шүүх бүрэлдэхүүн ач холбогдол болгон авч үзээгүй буюу хэрэг маргааныг хэргийн материалд авагдсан нотлох баримт бичигт тулгуурлан бүрэн гүйцэд шийдвэрлээгүй гэж үзэж байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 298 дугаар шийдвэрт “...Автотээврийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Дайчин сүх” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, Монгол Улсын Зам, тээврийн сайдын 2015 оны 01/1689 дүгээр албан бичгийн “Дайчин сүх” ХХК-д холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрсүгэй” гэжээ.

Автотээврийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д “Хот хоорондын ачаа, нийтийн тээвэрлэлтийн чиглэлийг тогтоох, өөрчлөх шийдвэрийг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох аймгийн Засаг даргатай хамтран гаргаж хэрэгжүүлнэ” гэж заасан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх энэхүү заалтыг баримтлан нэхэмжлэгч “Дайчин сүх” ХХК-ийн нэхэмжлэлийг хангасан гэж үзээд Зам, тээврийн сайдын 2015 оны 01/1689 дүгээр албан бичгийн “Дайчин сүх” ХХК-д холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрөх талаар шийдвэрлэсэн нь туйлын ойлгомжгүй буюу хуулийг буруу хэрэглэсэн байна.

Учир нь Автотээврийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэг нь хот, аймгуудын нутаг дэвсгэрийг дамжин хийх тээвэрлэлт буюу тухайн аймгийн орон нутгаас Улаанбаатар хот, Улаанбаатар хотоос тухайн аймгийн орон нутаг хүртэлх тээвэрлэлтийн чиглэлийг тогтоох, өөрчлөхдөө орон нутгийн Засаг даргатай зөвшилцөн Зам, тээврийн сайдаас тушаал, шийдвэр гаргах зохицуулалт юм.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 298 дугаар шийдвэрийг хүчингүй болгон, “Дайчин Сүх” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Дөрөв. Гуравдагч этгээд “Хараацайн жигүүр” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одонбаяр дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Нэхэмжлэгч нь үйл ажиллагаандаа Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-тай “Хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлт гүйцэтгүүлэх гэрээ” байгуулан ажиллаж байх хугацаандаа Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16-д “авто тээврийн хэрэгслийн ашиглалт”, 10 дугаар зүйлийн 10.2.6-д “автотээврийн хэрэгслийн хэрэглээний стандартын, шаардлагыг хангах”, Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ, ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага МNG 5012:2011 улсын стандартын 6 дугаар зүйлийн 6.2-т “өөрийн өмчлөлийн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтын барилга, байгууламжтай байна” гэж зааныг мөрдөж ажиллаагүй. Энэ нь Зам, тээврийн яамны 2015 оны 19 дүгээр тушаалаар байгуулагдсан “Ажлын хэсэг”-ийн дүгнэлтээр ч батлагдсан байна. Нэхэмжлэгч ийнхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй явдал нь олон хүний амь насыг хохироосон ноцтой хохирол учруулсан ноцтой хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлсэн бөгөөд нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулсан “Хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлт гүйцэтгүүлэх гэрээ”-г цуцлах үндэслэл болсон байгаа.

Нэхэмжлэгч Зам, тээврийн сайдын 2015 оны 19 дүгээр тушаалаар батлагдсан “Ажлын хэсэг”-ийн дүгнэлтэд заагдсан зөрчлийг бүрэн арилгаж хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд мөрдөгдөх стандарт, шаардлагыг хангах нөхцөлийг бүрдүүлсэн, энэ чиглэлээр үйлчилгээ явуулах бүрэн биелүүлэх бололцоотой болсон гэдгээ нотолж чадаагүй байтал Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан шийдвэр гаргасан нь үндэслэлгүй тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар нэхэмжлэлийг хангасан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 298 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг буюу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Зам, тээврийн сайдын 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн “Чиглэл өгөх тухай” 01/1689 тоот албан бичгийг илт хүчин төгөлдөр бусад тооцох боломжгүй, Сайдыг эрх хэмжээгээ хэтрүүлж, захиргааны акт гаргасан гэж дүгнэх үндэслэлгүй, тэр тусмаа “...учирсан хохирлоо яамнаас иргэний журмаар нэхэмжлэхийн тулд энэхүү шаардлагыг гаргасан...” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-тай байгуулсан 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн “Хот хоорондын зорчигч тээвэрлэлт гүйцэтгүүлэх тухай” ЗТГ/023-2014 тоот гэрээний дагуу “Дайчин сүх” ХХК нь 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Улаанбаатар-Сүхбаатар аймгийн чиглэлд зорчигч тээвэрлэлт хийх эрхтэй байсан ч мөн оны 6 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаас Улаанбаатарын чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд явж байсан тус компанийн СҮ 0522 улсын дугаартай “Аэро сити” маркийн том оврын автобус зам тээврийн ноцтой осол гаргаж 7 хүний амь нас хохирсноос шалтгаалан “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас 6 дугаар сарын 23-ны өдрийн 1/795 дугаар албан бичгээр ослын шалтгаан нөхцөлийг хууль хяналтын байгууллагаас эцэслэн тогтоох хүртэл хугацаагаар нэхэмжлэгчийн үйл ажиллагааг түр зогсоожээ.

Ийнхүү зогсоосноос хойш тухайн чиглэлд зорчигч тээвэрлэлтийг “Хараацайн жигүүр” ХХК дангаар гүйцэтгэж байсан, харин “Дайчин сүх” ХХК-ийн удаа дараа гаргасан хүсэлтийг харгалзан “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1/1536 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн тээвэрлэлтийн үйл ажиллагааг түр сэргээхээр болж, дээрх компанийн тээвэрлэлтийг 11 дүгээр сарын 16-ны өдрөөр тасалбар болгохоор шийдвэрлэсэн ч 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр буюу маргаан бүхий захиргааны акт гарах хүртэлх хугацаанд зорчигч тээвэрлэлтийг “Хараацайн жигүүр” ХХК дангаар үргэлжлүүлэн гүйцэтгэж байсныг нэхэмжлэгч үгүйсгээгүй, иймд Сайдын албан бичгээс шалтгаалж нэхэмжлэгчийн тээвэрлэлт хийх эрхийг хууль бусаар хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй, түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсанчлан “...“Дайчин сүх” ХХК-ийн “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-тай байгуулсан гэрээ цуцлагдаагүй байхад... тус компанид мэдэгдэлгүйгээр захиргааны акт гаргаснаар нэхэмжлэгчийн гэрээгээр тохирсон чиглэлд зорчигч тээвэрлэлт явуулах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдөхөд хүргэжээ...” гэж дүгнэх боломжгүй.

Авто тээврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “автотээврийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангах”, 5.1.3-т “автотээврийн тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих захиргааны хяналтыг хэрэгжүүлэх, ...” гэж тус тус заасан нь Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрхэд хамаарах бөгөөд салбарын сайдын хувьд Зам, тээврийн яамны харъяа ТӨҮГ-т дээрх байдлаар чиглэл өгснийг буруутгах үндэслэлгүй, үндсэндээ “Чиглэл өгөх тухай” албан бичгийг “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-т хүргүүлснээр нэхэмжлэгчийн тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоогоогүй, харин ч дангаараа гүйцэтгэж байсан “Хараацайн жигүүр” ХХК-ийн зорчигч тээвэрлэлтийг 50/50 хувийн давтамжтайгаар “Дарьганга өртөө хоршоо” ХХК-тай эхний ээлжинд 3 сарын хугацаагаар хамтран гүйцэтгүүлэхээр, цаашид тээвэрлэлтийн үр дүнг тооцон холбогдох арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосон нь хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гарчээ.

Зам, тээврийн яамнаас “Дайчин сүх” ХХК-д хүргүүлсэн 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Дүгнэлт хүргүүлэх тухай” 06/2024 тоот, мөн оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн “Тээвэрлэлт гүйцэтгэх эрхийн талаар” 03/4953 албан бичиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан аман болон бичгийн тайлбар зэргээс үзэхэд Зам, тээврийн сайдын 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 19 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтэд заасан зөрчлүүдийг арилгасны дараа тээвэрлэлтийг үргэлжлүүлэн гүйцэтгэх хүсэлт гаргах тохиолдолд асуудлыг эргэн авч үзэх боломжтой гэдгийг нэхэмжлэгчид удаа дараа мэдэгдэж байсан байх бөгөөд хэрэгт авагдсан бусад баримтууд, зам тээврийн ослын улмаас олон хүний амь нас хохирсон бодит нөхцөл байдал, маргаан бүхий захиргааны актын агуулга зэргээс үзэхэд “Чиглэл өгөх тухай” албан бичиг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. 

Энэхүү албан бичгээр хууль бус үйлдэл, эс үйлдэхүй хийхийг хэнээс ч шаардсан шинжгүй, мөн Автотээврийн тухай хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гаргасан байхад “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж анхан шатны шүүхээс маргааны үйл баримт, хууль хэрэглээний талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн, мөн маргааныг шийдвэрлэх үед гэрээний хугацаа дуусгавар болсон байгааг, гэрээ чухам ямар шалтгаанаар түр зогссон болох, албан бичиг гарах үед нэхэмжлэгч тээвэрлэлтийн үйл ажиллагаагаа явуулж байсан эсэх зэргийг шийдвэр гаргахдаа анхаарч үзээгүйгээс гадна Автотээврийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт “Хот хоорондын ачаа, нийтийн тээвэрлэлтийн чиглэлийг тогтоох, өөрчлөх шийдвэрийг авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох аймгийн Засаг даргатай хамтран гаргаж хэрэгжүүлнэ” гэсэн тухайн маргаанд хамааралгүй зохицуулалтыг чухам ямар үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ баримталсан нь ойлгомжгүй болжээ.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Автотээврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.3-т заасныг баримтлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 298 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “Дайчин сүх” ХХК-ийн гаргасан “Зам, тээврийн сайдын 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн “Чиглэл өгөх тухай” 01/1689 тоот албан бичгийн өөрт холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН