| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2018/02364/И |
| Дугаар | 102/ШШ2018/02805 |
| Огноо | 2018-09-18 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2018/02805
| 2018 оны 09 сарын 18 өдөр | Дугаар 102/ШШ2018/02805 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Саруулмандахыг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цагаан даваа, 23-521 тоотод байрлах байрлах, хуулийн этгээдийн 5119367 регистртэй М ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Гурвалжингийн гүүрний баруун талд өөрийн байранд байрлах, хуулийн этгээдийн 5845424 регистртэй Н ТӨХК-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 20,000,000 /хорин сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэтогтох оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэтогтох шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
М ХХК нь Н ТӨХК-д 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 06/15 дугаар гэрээний дагуу Улаанбаатар-Чойрын чиглэлийн ПК 30-125 км замын хэвтээ тэнхлэгийн цагаан шугам будах ажлыг 30,000,000 төгрөгөөр тооцож хийхээр гэрээ байгуулсан байна. Гэрээний үүргийн дагуу нэхэмжлэгч нь 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр үүрэгт ажлаа дуусгаж, 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Тэнхлэгийн цагаан шугам хийж дууссан акт үйлдсэн байна. 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр талууд тооцоо нийлсэн акт үйлдэж, 17,500,000 төгрөгийн үлдэгдлийг талууд хүлээн зөвшөөрсөн байна. 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар уг үлдэгдэл 17,500,000 төгрөгийг Н ХХК төлж барагдуулаагүй тул гэрээний дагуу үлдэгдэл төлбөр дээр гэрээний заалтын дагуу алданги 2,500,000 төгрөгийг тооцон, бүгд 20,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Харицуагч Н ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Наранцэцэг шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
Тус Н ТӨХК нь М ХХК-иар Налайх-Чойр чиглэлийн авто замын тэнхлэгийн цагаан шугамны ажлыг гүйцэтгүүлэхээр 2015 онд 30,000,000 төгрөгийн гэрээ байгуулсан бөгөөд, үүнээс 12,500,000 төгрөгийг төлж, 17,500,000 төгрөгийн үлдэгдэл тооцоо байсан. Гэвч манай Н ТӨХК-ийг Ө ХХК, Нийслэлийн Налайх дүүрэгт хороолол доторхи зам засварын ажлыг 189,880,000 төгрөгийн ажлаас 54,812,604 төгрөгийн ажлыг манай компани хийж гүйцэтгэсэн юм. Энэ ажлын үлдэгдэл төлбөр болох 12,408,000 төгрөгийг н.Болд-Эрдэнийн өрийг шилжүүлж хаахаар тохиролцсон. Тухайн үед Н ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.Л, М ХХК-ийн захирал н.Б, “Ө” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ц нар харилцан тохиролцсон билээ. Ө ХХК-ийн гүйцэтгэх захирал нь М ХХК-ийн захирлын өрийг шилжүүлсэн тухай албан тоот өгье, н.Болд-Эрдэнээс танайд өр төлбөр шилжүүлэх тухай акт, албан бичиг өгүүлье гэсэн боловч өнөөдрийг хүртэл манайд ирүүлээгүй байна. Иймд уг тооцоог манай компани Ө ХХК-иас 12,408,000 төгрөгийг төлөхөөр авч М ХХК-д төлж барагдуулна гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч Н ТӨХК-д холбогдуулан, ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн үлдэгдэлд 17,500,000 төгрөг, алданги 2,500,000 төгрөг, нийт 20,000,000 /хорин сая/ төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний дагуу 17,500,000 төгрөгийн үлдэгдэл тооцоо байсныг хүлээн зөвшөөрөх боловч уг төлбөрөөс 12,408,000 төгрөгийг гэрээний талууд болон Ө ХХК-тай хийсэн гэх тохиролцооны дагуу тус компаниас хүлээн авснаар 12,408,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий хариу тайлбарыг гаргасан байна. /хх 18/
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Наранцэцэгт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр М ХХК нь Н ТӨХК-ийн захиалгаар Улаанбаатар-Чойрын чиглэлийн ПК 30-125 км замын хэвтээ тэнхлэгийн цагаан шугам будах ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож 06/15 тоот “Замын хэвтээ тэнхлэгийн цагаан шугам будах гэрээ” байгуулсан байна. /хх 6/
Уг гэрээгээр гүйцэтгэгч нь Налайх-Чойрын чиглэлд замын хэвтээ тэнхлэгийн цагаан шугам будах ажлыг 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн хийж гүйцэтгэн хүлээлгэж өгөх, ажлын хөлс 30,000,000 төгрөг байхаар тохиролцож, хөлсийг 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 50 хувийг төлж, гүйцэтгэсэн ажлын хөлсийг нэхэмжлэлээр төлөх, төлбөрийн хугацаа хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцон, хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлэн баталгаажуулжээ. /хх 5, 6/
Талуудын байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан хэлбэрийн болон хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээ байна.
Нэхэмжлэгч М ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Тэнхлэгийн цагаан шугам хийж дууссан акт” үйлдэн, захиалагч байгууллагад ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн болох нь баримтаар тогтоогдсон ба, хариуцагч Н ТӨХК нь төлбөр төлөх үүргээс 12,500,000 төгрөгийг төлж, үлдэх 17,500,000 төгрөгийг төлөөгүй болох нь талуудын хооронд үйлдэгдсэн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Тооцоо нийлсэн акт”-аар нотлогдох тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас уг төлбөрийг шаардах эрхтэй. /хх 8/
Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гэрээний дагуу төлвөл зохих төлбөрийг Ө ХХК-иас төлөхөөр байгууллагуудын удирдлагууд харилцан тохиролцсон гэх агуулга бүхий тайлбар гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргасан тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Ажил гүйцэтгэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д “Төлбөрийн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцно” гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцэж байх тул гүйцэтгэгч М ХХК нь захиалагч Н ТӨХК-иас алданги шаардах эрхтэй байна.
Дээрх байдлаар талуудын байгуулсан гэрээнд болон хуульд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцвол алдангийн хэмжээ нь нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэх бөгөөд, нэхэмжлэгчийн зүгээс анзын төлбөрт 2,500,000 төгрөг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцсэн учир хариуцагч Н ТӨХК-иас 2,500,000 төгрөгийн алдангийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н ТӨХК-иас 20,000,000 /хорин сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 257,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах шатны журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА